КИБЕР АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ОЛОН УЛСЫН ХАМТАРСАН СЕМИНАР БОЛЛОО

Огноо: 2026-08-14
КИБЕР АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ОЛОН УЛСЫН ХАМТАРСАН СЕМИНАР БОЛЛОО
КИБЕР АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ОЛОН УЛСЫН ХАМТАРСАН СЕМИНАР БОЛЛОО

✅ Монгол Улс болон БНСУ-ын кибер аюулгүй байдлын салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх, олон улсын хэмжээнд тулгамдаж буй цахим аюулгүй байдлын асуудлаар мэдлэг, туршлага солилцох зорилготой “Кибер аюулгүй байдлын олон улсын хамтарсан семинар 2026” /WGCP 2026/ өнөөдөр /2026.08.13/ Дотоод хэргийн их сургуульд боллоо.

✅ Тус семинарыг Дотоод хэргийн их сургууль, Цагдаагийн ерөнхий газар, БНСУ-ын Сүнчүнхян их сургууль болон “Хаан банк” хамтран тус семинарыг гурав дахь жилдээ зохион байгуулав.

✅ Семинарыг БНСУ-ын Сүнчүнхян их сургуулийн мэдээллийн аюулгүй байдлын доктор (Ph.D), профессор Им Ган Бин нээж, Дотоод хэргийн их сургуулийн Дэд бөгөөд Сургалтын газрын захирал, доктор (Ph.D), цагдаагийн хурандаа Ц.Азбаяр мэндчилгээ дэвшүүлэв.

✅ Дижитал технологи үйлдвэрлэл, үйлчилгээ, нийгмийн бүхий л салбарт эрчимтэй нэвтэрч буй энэ үед кибер халдлага улам нарийсаж, зөвхөн санхүүгийн хохирол төдийгүй үндэсний чухал дэд бүтэц, олон нийтийн аюулгүй байдалд эрсдэл учруулах болсон. Цахим халдлага, санхүүгийн залилан, мэдээлэл алдагдах, чухал дэд бүтцэд чиглэсэн халдлага зэрэг нь нэг байгууллага, нэг улсын хүрээнд шийдвэрлэх боломжгүй, хил дамнасан дэлхийн хэмжээний сорилт болж байна. Иймд олон улсын хамтын ажиллагаа, мэдээлэл солилцоо, бодлого болон технологийн нэгдсэн хариу арга хэмжээний тогтолцоог хөгжүүлэх шаардлага улам бүр нэмэгдэж байгааг семинарын үеэр онцоллоо.

✅ WGCP 2026 нь кибер аюулгүй байдлын стратегийг хэлэлцэхийн зэрэгцээ Монгол Улсад хэрэгжүүлэх боломжтой практик хамтын ажиллагааны загваруудыг тодорхойлоход чиглэжээ. Мөн хууль сахиулах байгууллага, санхүүгийн салбар, судалгаа шинжилгээний байгууллагуудын хамтын ажиллагааг бэхжүүлж, тогтвортой кибер аюулгүй байдлын экосистемийг бүрдүүлэхэд хувь нэмэр оруулах зорилготой.

✅ Энэхүү семинарын хүрээнд Монгол болон БНСУ-ын оюутнуудын дунд кибер аюулгүй байдлын мэдлэг, ур чадвар сорих "VeriTransit Challenge 2026" тэмцээнийг зохион байгууллаа. Тэмцээний эхний шатанд 33 багийн 90 гаруй оролцогч оюун ухаанаа уралдуулснаас эцсийн шатанд найман баг шалгарч аваргаа тодруулав.

✅ WGCP 2026 семинар нь Монгол, БНСУ-ын кибер аюулгүй байдлын салбарын байгууллага, мэргэжилтэн, судлаачдын харилцаа холбоог өргөжүүлэхээс гадна хамтын ажиллагааг бэхжүүлж, цаашдын хамтарсан төсөл, тогтвортой хамтын ажиллагааны шинэ боломжийг тодорхойлсон ач холбогдолтой үйл ажиллагаа боллоо.

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.142)
АНХААРУУЛГА: Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Facebook
Youtube
Instagram