“Эрдмийн далай” сонин “Миний ажлын ноу хау (know-how)” шинэ булангаа уншигч танд толилуулж байна. Тус буланд алба хаагчид өөрсдийн бодит туршлага, үр дүнтэй ажлын арга барил, амжилт ба сургамжаа хуваалцах юм. Өөрөөр хэлбэл, алба хаагчдын бүтээлч хөдөлмөрийн ард нуугдсан туршлага, хандлага, дадлыг нээн харуулж, уншигчдад бодит зөвлөгөө, шинэ санаа төрүүлэхийг зорьж байна.
Бид шинэ дугаарынхаа зочноор Хүний нөөцийн хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Л.Оюунтуяаг урьж ярилцлаа.
-Дотоод хэргийн их сургуультай ажил, амьдралаа холбосон түүхээ хуваалцана уу.
-Эрүүгийн цагдаагийн газрын Тамгын хэлтэст оператороор ажиллаж байх үедээ 2004 онд тухайн үеийн нэршлээр Цагдаагийн академийн 4,5 жилийн эчнээ хөтөлбөрт элсэн суралцаж, “Цагдаагийн ажил-эрх зүй” мэргэжил эзэмшин төгссөнөөр Их сургуультай амьдралаа холбох, бүх түвшний боловсрол, мэргэжил, мэргэшлээ энэ сайхан эрдмийн өргөөнөөсөө эзэмших эхлэл тавигдсан.
Миний хувьд тус Их сургуулиараа бахархах бас нэгэн шалтгаан нь миний аав Монгол Улсын Гавьяат хуульч, цагдаагийн хурандаа Пүрэвдоржийн Лувсандорж нь Цэргийн ерөнхий дээд сургуулийн хуулийн ангид 1968-1972 онд суралцаж, дээд боловсролтой хуульч мэргэжлээр төгссөн анхны төгсөгчдийн нэг юм. Цэргийн ерөнхий дээд сургуулийн Хуулийн анги нь 1968, 1969, 1970 онуудад тусгай дунд боловсролтой хуульч мэргэжлээр 3 удаагийн төгсөлт, 1972-1975 онуудад дээд боловсролтой хуульч мэргэжлээр 4 удаагийн төгсөлтийг хийж, Монголын Сэргийлэх байгууллагын үндсэн боловсон хүчний нөөцийг бүрдүүлж байсан тухай ааваасаа сонсож байлаа.
Мөн миний төрсөн эгч цагдаагийн хошууч Лувсандоржийн Оюунтунгалаг нь Цагдаагийн академид 1999-2003 онд суралцан эрх зүйч-цагдаагийн байгууллагын ажилтан мэргэжил эзэмшиж, цэргийн байнгын тэтгэвэрт гартлаа Цагдаагийн байгууллагад ажилласан. Миний хань Магсаржавын Батсайхан нь Хилийн цэргийн дээд сургуулийн төгсөгч гээд Их сургуулийн төгсөгч гэр бүл болсон сайхан түүхтэй, бид.
-Таны ажилдаа баримталдаг гол зарчим юу вэ?
-Аливаа ажлыг чин сэтгэлээсээ, ажлынхаа утга учрыг ойлгож, гүнд нь орж, хариуцлагатай хийх нь чухал гэж үздэг. Нэг зүйл хийхдээ заавал олон талаас нь бодож, өөрийгөө оронд нь тавьж үзэж, үнэнчээр ажиллахыг хичээдэг.
-Ачаалал их үед ажлаа хэрхэн эрэмбэлж, удирддаг вэ?
-Хэрэгцээ, шаардлага, хугацааны хувьд эхний ээлжинд гүйцэтгэх ёстой ажлаас эхэлдэг. Мөн тухайн ажлыг ямар хэлбэрээр, багаараа юм уу, эсвэл чиглэл хариуцсан хүн нь дангаараа хийж барахаар юм уу гэдгээс шалтгаалаад бусад хүмүүсийн оролцоо, хувилбаруудаа сонгоод явдаг.
-Шийдвэр гаргахдаа юуг чухалчилдаг вэ?
-Аливаа шийдвэр нь үнэнд нийцсэн байх нь л чухал гэж боддог. Шийдвэрийн хэлбэр эерэг, сөрөг, хүлээн зөвшөөрөх, зөвшөөрөгдөхгүй гэх мэт ямар ч нөхцөлд эцсийн дүндээ “голтой”, бодитой л байх ёстой.
-Багаар ажиллахад хамгийн чухал гэж үздэг зүйл юу вэ?
-Нэгэнтээ багаар буюу өөрөөсөө бусад хүмүүстэй нийлж ажиллах болсон гэдгээ багийн гишүүд ухамсарлаж, бусдыгаа хүндэтгэж, итгэлцэж, ойлголцож, нэгдэж ажиллах нь чухал гэж боддог. Ийм чадвар, ёс зүй, мэдрэмж, ухамсрыг бид сурах хэрэгтэй.
-Ядарсан үедээ эрч хүчээ хэрхэн сэргээдэг вэ?
-Ер нь эрч хүчийг гэр бүлээсээ авдаг гэхэд болно. Ядарсан үедээ сайхан унтдаг. Заримдаа ажлаасаа гэр рүүгээ ядраад, сэтгэл гонсойгоод, бухимдаад, шантраад очих ч үе байдаг. Гэртээ очоод нөхөр, хүүхдүүдтэйгээ даалуу, хөзөр, хөлөгт тоглоомууд их тоглодог. Шинэ тоглоом сураад л, түүнийгээ байнга тоглочихно. Заримдаа аав, ээж рүүгээ очиж тоглож өнжинө. Тэгээд л ядарснаа мартчихсан байдаг. Мөн би сагс, волейбол, ширээний теннис тоглох, буудлагын спортод дуртай, ажил дээр зохиогддог уралдаан тэмцээнүүдэд аль сонирхсон төрлөөрөө оролцоод өөрийгөө сатааруулчихна. Энэ бүхэн минь надад эрч хүч нэмж байдаг даа.
-Өөрийгөө хэрхэн хөгжүүлдэг вэ?
-Өөрийнхөө хөгжилд зориулаад цаг зав гаргаж чадахгүй л байна. Ер нь залуу, хөгшин, гэхгүй бусад хүмүүсээс их суралцдаг.
-Ажилдаа баримталдаг ёс зүйн зарчмуудаасаа онцлоод нэгийг дурдвал?
-Хэн ч бай хүнлэг энэрэнгүй, үнэнч шударга, хариуцлагатай, хамтач байх ёс зүйн зарчмыг баримтлах ёстой. Миний хувьд хүнлэг энэрэнгүй, үнэнч шударга байх зарчмыг ажилдаа ч, амьдралдаа ч баримталж явдаг.
-Ажил, амьдралаас авсан хамгийн том сургамж юу байсан бэ. Өөрийн туршлагаас бусдад дамжуулах нэг захиас хэлвэл?
-Өөрийн ур чадвар, мэдлэг, туршлага гэх мэт давуу талуудаа зоригтой нээж, хэрэгцээг нь зөв гаргах хэрэгтэй юм байна гэж боддог. Хөрвөх чадвартай, хангалттай мэдлэг, боловсрол, туршлагатай хэрнээ өөрийгөө дарж, голж, “даруу загнаснаас” болж олон боломжийг алдаж, өөрөө ч “зэврэх” шалтгаан болдог.
-Залууст заавал унших ном санал болговол?
-“Цагийн менежмент” гэж герман хэлнээс орчуулагдсан номыг санал болгомоор байна. Өдөр тутмын амьдралаа төлөвлөх, цагаа яаж хуваарилах, цаг зарцуулах зүйлсээ эрэмбэлж байж үр бүтээлтэй байх цагаа гаргах, хэрэггүй зүйлд цаг зарцуулахгүй болж сурах гэх мэт залуучуудад хэрэгтэй ойлголтыг өгөх ном гэж бодож байна.
-Таны бодлоор сайн ажилтан, сайн удирдагч гэж хэн бэ?
-“Сайн ажилтан” гэдэгт өөрийн хариуцсан ажлаа гаргаахгүй мэддэг, чаддаг байх ойлголт нэн тэргүүнд байна. Дээрээс нь хамт олон дундаа зөв байх ойлголт яригдах байх. “Сайн удирдагч” гэдэг нь миний хувьд нэн түрүүнд албан хаагчаа ар гэр, ахуй амьдрал, ажил алба аль аль талаас нь сайн мэддэг, ойлгодог, тэднийхээ төлөө зүтгэдэг, тэднийхээ чадал чансаа, зан төлөвийн онцлогийг хүртэл мэддэг хүн байх ёстой гэж боддог.
-Алдаа гаргасан үед та өөртөө болон бусдад хэрхэн ханддаг вэ?
-Алдаа гаргасан бол эхний ээлжинд өөрөө гаргасан алдаагаа хүлээн зөвшөөрч, буруугаа мэдрэх нь чухал. Дараа нь айх ичих зүйлгүйгээр түүнийгээ хэлж, засах залруулах арга хэмжээг хугацаа алдахгүй авах нь зөв. Хүмүүст муу хэлүүлж, загнуулсан ч хамаагүй алдаагаа засах нь зөв гэж боддог. Миний хувьд хүүхдүүддээ ч, албан хаагчдадаа ч “буруу зүйл хийж, алдаа дутагдал гаргасан бол нууж хаалгүй хэлж бай, алдааг нуух тусам ил болдог, давтагддаг, засаршгүй болдог” гэж хэлдэг. Гаргасан алдааг нь хамтдаа засахыг хичээдэг. Гол нь алдаа гаргаснаа үнэнчээр хэлсэн хүнийг буруутгаж, халшраахгүй байлгах тэвчээр, хүлээцтэй байдлыг дарга, удирдлага, эцэг эхчүүд бид сурах хэрэгтэй санагддаг.
-Сонсогч, оюутан байх үеийн өөртөө ямар зөвлөгөө өгөх вэ?
-Би анх оюутан болж суралцаж төгссөн үеэ бодохоор өөртөө “хариуцлагатай, хувийн зохион байгуулалт сайтай бай” гэж зөвлөмөөр санагдлаа.
-Таны үлгэр дуурайлал авдаг хүн хэн бэ. ДХИС-аас онцлоод нэг хүнийг нэрлэвэл…
-Би төрийн хүний, тэр тусмаа цагдаагийн алба хаагчийн хувьд үлгэр дуурайллыг ааваасаа авсаар ирсэн. Эх хүн, гэр бүлийн халуун дулаан уур амьсгалыг бүрдүүлэх чиглэлээр айлын эзэгтэй хүн ямар байх ёстой вэ гэдэг үлгэр дуурайллыг ээжээсээ авсаар ирсэн. Дотоод хэргийн их сургуулиас үлгэр дуурайлал авдаг хүн гэвэл Дэд бөгөөд Цэргийн зохион байгуулалт, аюулгүй байдлын газрын захирал, цагдаагийн хурандаа Г.Буянхишигийг ажил албаны харилцаа, хувь хүний хандлага, залуу албан хаагчдын болон удирдах түвшний албан хаагчдын аль алиных нь дунд тэнцвэрт байдлыг хадгалж явдаг хүн гэж үлгэр авч, хүндэлж явдаг.
-Байгууллагынхаа шинэ, эсвэл залуу ажилтнуудад өгөх нэг зөвлөгөө?
-Залуу албан хаагчдад нийтлэгээр нь өгөх зөвлөгөө гэвэл өөрийнхөө хэрэгцээ, хүсэл, байр суурь, ашиг сонирхлыг нэн тэргүүнд тавихгүйгээр ажил алба, хамт олон, хамтран зүтгэгч нарынхаа нөхцөл байдлыг урьтаж боддог байхыг зөвлөнө. Мөн өөрийнхөө мэддэг, чаддаг бүхнийг өөрөөсөө болон бусдаас харамлахгүйгээр дайчилдаг байгаарай гэж зөвлөе дөө.
-“Миний ажлын ноу хау” булангийн дараагийн зочноор та хэнийг санал болгох вэ?
-Би хөдөлмөрийн аюулгүй байдал хариуцан ажиллаж байх үедээ Санхүү, ар талын газрын Ар тал, хангалтын хэлтсийн үйлчлэгч С.Долгормаа эгчийг ажилдаа ямар сайхан сэтгэлээр, сайхан хандлагаар, бүрэн мэдэж ажилладаг хүн бэ, энэ хүний тэр сайхан хандлагыг бусдад түгээх юм сан гэж бодож байсан юм. Ажлыг сайхан муухай, их бага гэж голохгүй ажиллахын сайхныг ойлгуулмаар санагдаж байгаа тул санал болгож байна.
Ахлах дэслэгч Д.Дайрийжав