ГҮНЖИЙН “САВДАГ” ОТГОО АХ

Огноо: 2026-08-06
ГҮНЖИЙН “САВДАГ” ОТГОО АХ
ГҮНЖИЙН “САВДАГ” ОТГОО АХ

Манай сургуулийн “Хөдөлмөрийн аварга ажилтан”-аар гурвантаа шалгарч байсан “Онц тээвэрчин”, “Осолгүй манлай жолооч”, “Цэргийн гавьяаны одон”-т, бид бүхний бахархал болсон Отгоо ахыгаа онцолж байна.

Тэртээх 1991 онд Цагдаагийн дээд сургуулийн урилгаар анх үүдийг нь татаж, халуун ам бүлд нь багтаж, дотоод хэргийн болон аюулгүй байдлыг хангах салбарын төрийн тусгайлсан чиг үүрэгтэй боловсон хүчнийг бэлтгэх их үйлсэд хүчин зүтгэх ажлын гараагаа эхэлж байсан тэрбээр өдгөө 35 дахь жилдээ энэ л албандаа зүтгэж байна.

Ажилдаа сэтгэлээ зориулж, түүндээ үнэнч зүтгэхийн үлгэр дуурайлал нь цагдаагийн ахлах ахлагч Ц.Отгонтөгс юм. Амьдралдаа ганц л байгууллагад ажиллаж үзсэн түүн шиг хүн хуруу дарам цөөхөн байх. Энэ эрдмийн их өргөөний алтан босгыг давсан цагаасаа өдгөөг хүртэл огтхон ч холдож үзээгүй гэхээр л түүнийг ямархан тууштай, үнэнч хүн болох нь тодорхой харагдана. Тиймдээ ч тэрээр манай сургуулийн машин техникүүдийн үүх түүхийг арван хуруу шигээ нэг бүрчлэн мэддэг, авто техникийн нэвтэрхий толь.

Энэ их айлын өдөр тутмын арын албыг залгуулдаг гол хүмүүсийн нэг нь яахын аргагүй тэр мөн. Тэрээр жилийн 365 хоногийн тал хүрэхгүй хувьд нь л гэртээ өнжиж, ихэнх хугацаанд хээрийн сургалт дагаад хөдөө явчихдаг. Анх жолоочоор томилогдсон цагаасаа эхлэн 23 жилийн хугацаанд тасралтгүй сонсогчдыг дагаж хээрийн сургалтад гарчээ. Дөрөвдүгээр сарын эхээр Хилийн албаны сургуулийн сонсогчдын хээрийн сургалтаар түүний хөдөө явах ажил эхэлж, Ахлагчийн сургууль, шинэ элсэгчдийн хээрийн сургалт гэж хөвөрсөөр өвөл нэг юм өндөрлөдөг байна. Ийм ч учраас түүнийг “Гүнжийн савдаг” хэмээн манайхан хочилдог юм.

Жолооч байна гэдэг амархан юм шиг атлаа асар их хариуцлагатай ажил болохыг тэрээр учирлав. Өөрийн болон бусдын амь насыг хариуцана, зорчигчийнхоо ая тухыг бодолцоно, машин тэргээ тордоно гээд асар их сэтгэл шаардсан ажил аж.

Аливаа байгууллагын хамгийн эртэч хүмүүс нь жолооч нар байдаг. Жолоочийн ажил үүрийн гэгээтэй уралдан эхэлж, үдшийн бүрийгээр сая нэг дуусна. Заасан газар, дуудсан цагт бэлэн байх хариуцлагатай үүргийг цэргийн жолооч биелүүлдэг. Шижигнэсэн сайхан залуучуудтай баг болж ажилладагтаа  цагдаагийн ахлах ахлагч Ц.Отгонтөгс ихэд баяртай явдаг юм билээ.

Тэрбээр түмний хүүхдэд үйлчилж, хоол хүнсийг нь залгуулдаг ажлаараа ихэд бахархдаг. Тэдгээр хүүхэд нь эх орон, ард түмнийхээ амар амгалангийн манаанд зогсох төрийн тусгай алба хаагчид болдог учир сонсогчдод үйлчлэх ажлаа нэр төрийн хэрэг хэмээн хүндэтгэн бахархах нь хайрламаар.

Нэгэнт эхлүүлсэн л бол алдсан ч бай, оносон ч бай заавал эцсийг үзэх нь Отгоо ахын зарчим юм. Хийх ёстой ажлаа тултал нь сайн хийж, даргын өгсөн үүрэг даалгаврыг цаг тухайд нь хариуцлагатай сайн биелүүлж, хамт олонтойгоо эвсэг, найрсаг байж, хичээнгүйлэн ажиллавал амьдрал аяндаа өсөн дэвжиж, өөдрөг байдаг юм шүү хэмээн тэр залууст захив. Тэр энэ л зарчмыг баримталж, төдийгөөс өдий хүртэл албандаа тууштай зүтгэн олон үеийн сонсогчдын дурсамжид “Гүнжийн савдаг” Отгоо ах хэмээх эрхэм нэрээ мөнхөлсөөр явна.

Ахлах дэслэгч Д.Дайрийжав

Сэтгэгдэл: (3)
Таны IP: (216.73.216.253)
АНХААРУУЛГА: Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Л.Нэмэхжаргал (202.126.89.247) 2026-08-06
Найздаа амжилт хүсье. Үнэхээр сэтгэлтэй зүтгэлтэй ажилладаг шүү.
Бадмаа (124.158.107.115) 2026-08-06
Отгоо ахдаа эрүүл энхийг хүсье. Барьж үзээгүй машин гэж байхгүй байхаа Отгоо ахад
Nyamdalai Batmunhk (202.126.91.32) 2026-08-06
Мундаг ах шүү цаашдын ажил хөдөлмөрт нь амжилт хүсье Отгоо ахдаа
Facebook
Youtube
Instagram