Дотоод хэргийн их сургуулийн харьяа “Ахлагч” мэргэжлийн боловсролын сургуулийн сургалтын арга зүйч, цагдаагийн ахмад Г.Мөнхзаяагаас тус сургуулийн мэргэжлийн боловсрол олгох нэг жилийн сургалтын талаар тодрууллаа.
-Мэргэжлийн боловсрол олгох нэг жилийн сургалтын талаар мэдээлэл өгнө үү?
-Дотоод хэргийн их сургуулийн харьяа “Ахлагч” мэргэжлийн боловсролын сургууль нь 2024-2025 оны хичээлийн жилээс эхлэн цагдаагийн байгууллагын “Цагдаа”, хил хамгаалах байгууллагын “Хилчин-Ахлагч”, онцгой байдлын байгууллагын “Аврагч”, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын “Хорих байгууллагын хамгаалалтын ажилтан” гэсэн үндсэн дөрвөн хөтөлбөрөөр чадамжид суурилсан ахлагч бэлтгэх нэг жилийн сургалтыг хэрэгжүүлж, энэ жил гурав дахь удаагаа элсэлтээ авах гэж байна.
2026-2027 оны хичээлийн жилд “Цагдаа” хөтөлбөрт 55, “Хилчин-Ахлагч” хөтөлбөрт 30, “Аврагч” хөтөлбөрт 35, “Хорих байгууллагын хамгаалалтын ажилтан” хөтөлбөрт 20 элсэгчийг тус тус элсүүлэн суралцуулна.
-Энэхүү нэг жилийн сургалтын онцлогийг танилцуулна уу?
-“Цагдаа”, “Хилчин-Ахлагч”, “Аврагч”, “Хорих байгууллагын хамгаалалтын ажилтан” хөтөлбөрт элссэн иргэд дүрэмт хувцасны хангалт авч, Дотоод хэргийн их сургуулийн сонсогчийн дотуур байранд тодорхой хугацаанд байрлан суралцдаг. Түүнчлэн Монгол Улсын цэргийн тангараг өргөж, есдүгээр сарын 1-ний өдрөөс танхимын сургалтад хамрагдахын зэрэгцээ танилцах болон мэргэжлийн дадлагыг хуваарийн дагуу хийдэг.
Мэргэжлийн боловсрол олгох нэг жилийн сургалт нь онол, дадлага хосолсон бөгөөд практик ур чадвар эзэмшүүлэхэд чиглэсэн, дадлага давамгайлсан сургалт гэдгээрээ онцлогтой.
-Энэхүү сургалтын давуу тал юу вэ?
Мэргэжлийн боловсрол олгох нэг жилийн сургалтад суралцсанаар дараах боломжууд бүрдэнэ. Үүнд:
•Бүрэн дунд боловсролтой 17-20 насны иргэд элсэх боломжтой;
•Элсэлтийн ерөнхий шалгалтын оноо шаардахгүй;
•Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагад суралцагчид тэтгэлэг олгох журмын дагуу тэтгэлэг авах;
•Дүрэмт хувцсаар хангагдах;
•А, В ангиллын жолооны сургалт болон бусад ур чадварын нэмэлт сургалтад хамрагдах;
•Суралцсан нэг жилийг цэргийн алба хаасанд тооцож, ажилласан жилд оруулах;
•Төрийн тусгай чиг үүрэг бүхий байгууллагуудын ахлагч бүрэлдэхүүнд томилогдон ажиллах;
•Шаардлага хангасан тохиолдолд бакалаврын шатны сургалтад үргэлжлүүлэн суралцах боломжтой.
Тус сургалтын хөтөлбөрийг боловсруулахдаа хүний эрхийг дээдэлсэн, мэргэжлийн ёс зүйтэй, чадварлаг хүний нөөцийг бэлтгэхэд онцгойлон анхаарсан бөгөөд энэ нь хууль сахиулах байгууллагын мэргэшсэн боловсон хүчнийг бэхжүүлэх чухал ач холбогдолтой юм.
2024-2025, 2025-2026 оны хичээлийн жилүүдэд тус сургалтаар нийт 272 төгсөгчийг бэлтгэн захиалагч байгууллагуудад хүлээлгэн өгсөн бөгөөд төгсөгчдийн ур чадвар, ажилдаа хандах хандлагыг ажил олгогч байгууллагууд өндрөөр үнэлж байна.
-Мэргэжлийн боловсрол олгох нэг жилийн сургалтын элсэгчдэд ямар шаардлага тавигдах вэ?
-Дотоод хэргийн их сургуулийн захирлын 2026 оны А/308 дугаар тушаалаар “Мэргэжлийн боловсрол олгох нэг жилийн сургалтын 2026-2027 оны хичээлийн жилийн элсэлтийн журам” батлагдсан. Тус журамд заасны дагуу элсэгч нь бүрэн дунд боловсролтой, эрэгтэй, 17-20 хүртэл настай, биеийн өндөр 168 см-ээс дээш, ял шийтгэл эдэлж байгаагүй, ДХИС-ийн аль нэг хөтөлбөрт суралцаж сахилга, ёс зүйн зөрчлөөр сургалтаас хасагдаагүй, элсэлтийн шалгалт (эрүүл мэнд, монгол хэл, найруулга зүй, бие бялдар, сэтгэл зүйн сорил)-д тэнцсэн байх шаардлагатай.
-Тус сургалтын элсэлтийн шалгалтын талаар мэдээлэл өгнө үү?
-Цахим бүртгэлд бүртгүүлсэн иргэд дараах шалгалтуудад хуваарийн дагуу орно. Эрүүл мэндийн анхан шатны үзлэг шинжилгээ 2026.08.10-08.14-ний өдрүүдэд ТТАХНЭ-т “Мэргэжлийн боловсрол олгох сургалтын элсэлтийн журам”-ын 6.3.1-д заасны дагуу нарийвчилсан үзлэг, шинжилгээ өгч, дүгнэлт гаргуулна. Үүний дараа элсэгчдийг 2026.08.17-ны өдөр ДХИС-ийн байрлалд бүртгэнэ.
Монгол хэл, найруулга зүйн шалгалт 2026.08.18-ны өдөр ДХИС-ийн байрлалд, бие бялдрын шалгалт 2026.08.19-ний өдөр “Мэргэжлийн боловсрол олгох сургалтын элсэлтийн журам”-ын 4.3.1-д заасан нормативаар 5 шалгуур (авхаалж самбаа, хурд, хүч, уян хатан, тэсвэр)-аар ДХИС-ийн байрлалд, сэтгэл зүйн сорил 2026.08.20-ны өдөр цахимаар ДХИС-ийн байрлалд тус тус авна.
Тэнцсэн элсэгчид “Мэргэжлийн боловсрол олгох сургалтын элсэлтийн журам”-ын 5.2 дахь хэсэгт заасан материалыг бүрдүүлэн 2026.08.21-ний өдөр бүртгэлээ баталгаажуулна.
2026-2027 оны хичээлийн жилийн мэргэжлийн боловсрол олгох нэг жилийн сургалтын элсэлттэй холбоотой мэдээллийг Дотоод хэргийн их сургуулийн цахим хаягнаас аваарай.
-Ярилцсанд баярлалаа.
“Сонсогч-Сурвалжлагч” клуб