Дотоод хэргийн их сургуулийн Хууль зүйн сургуулийн Нийгмийн ухааны тэнхимийн профессор, доктор (Ph.D), цагдаагийн хошууч А.Баярцэцэгтэй ярилцлаа.
-Өнгөрсөн 5 жилийн хугацаанд эрдэм шинжилгээ, судалгааны ажлын хувьд ямар онцлогтой жилүүд болов?
-Өнгөрсөн таван жил миний хувьд эрдэм шинжилгээ, судалгааны ажлын хувьд үр бүтээлтэй, өсөлт хөгжил дагуулсан онцгой жилүүд байлаа. Энэ хугацаанд сэтгэл судлалын чиглэлээр судалгааны ажлуудаа тасралтгүй үргэлжлүүлж, дотоод, гадаадын эрдэм шинжилгээний хурлуудад илтгэл хэлэлцүүлж, эрдэм шинжилгээний өгүүллүүдийг хэвлүүлж, судалгааны төслүүд бичиж оролцох зэрэг ажлыг хэрэгжүүлсэн байна.
Энэ хугацаанд олон жилийн судалгааны ажлын үр дүн болох докторын судалгааны ажлаа амжилттай хамгаалж, Монгол Улсын Их Сургуулийн Сэтгэл судлалын докторантурын сургалтыг төгссөн нь миний эрдэм шинжилгээний замналын хамгийн чухал үйл явдлуудын нэг болсон. Докторын судалгааны ажил нь зөвхөн шинэ мэдлэг бүтээхээс гадна судлаач хүний хариуцлага, шүүмжлэлт сэтгэлгээ, олон улсын судалгааны арга зүйг эзэмшихэд үнэтэй туршлага болсон гэж боддог.
Манай сургуулийн хувьд Сургалтын чанар, хөтөлбөрийн шинэчлэл, сайжруулалтад онцгойлон анхаарч ажиллаж байна. Их сургуулийн Чанарын албаны нэгжийн ирүүлсэн заавар зөвлөмжийн хүрээнд хөтөлбөрүүдийг тогтмол үнэлж, шинэчлэн сайжруулах ажлуудыг системтэй хэрэгжүүлж байгаа нь сургалтын чанарт ахиц гарсны дээр, “Эрх зүй” хөтөлбөрийг Олон улсын хамтарсан магадлан итгэмжлэлд амжилттай тэнцэх нөхцөл байсан гэж харж байна.
Мөн манай тэнхимийн багш нар боловсрол судлал суурьтай, багш мэргэжлээр мэргэшсэн байдаг нь сургалтын хөтөлбөрийг боловсролын онол, суралцагч төвтэй арга зүй, мэргэжлийн хэрэгцээтэй уялдуулан хөгжүүлэхэд томоохон давуу тал болж байгааг бид ажлын явцдаа анзаарсан нь зөвхөн хөтөлбөрийн чанарыг сайжруулаад зогсохгүй, төгсөгчдийн эзэмших мэдлэг, ур чадвар, мэргэжлийн чадамжийг илүү үр дүнтэй төлөвшүүлэхэд эергээр нөлөөлж байсан.
-Их сургуулийн багш байх нь таны хувьд ямар үнэ цэн, хариуцлагыг илэрхийлдэг вэ?
-Их сургуулийн багш байна гэдэг миний хувьд зөвхөн мэдлэг түгээгч байх бус, шинэ мэдлэг бүтээгч, судлаач, ирээдүйн мэргэжилтнүүдийг төлөвшүүлэгч байх гэсэн өндөр хариуцлага гэж ойлгодог.
Багшлах үйл ажиллагаа нь судалгаатай салшгүй холбоотой байдаг. Судалгаагаар баталгаажсан мэдлэгийг сургалтын үйл ажиллагаанд нэвтрүүлж, оюутнуудад зөвхөн онол бус шүүмжлэлт сэтгэлгээ, судалгааны арга барилыг төлөвшүүлэх нь их сургуулийн багшийн хамгийн чухал үүрэг гэж үздэг.
Энэ үзэл баримтлалынхаа хүрээнд сүүлийн жилүүдэд “Сонсогчдын зан төлөвийн онцлог судалгаанд хийсэн дүн шинжилгээ”, “Суралцагчдын сурах сэдэл, сэтгэл зүйн тогтвортой байдлын хамаарлыг тодруулсан нь”, “Суралцагчдын зан төлөвийн онцлогт тулгуурлан ажиллах нь”, “Gen Z үеийн суралцагчдын сурах сэдлийн онцлогт дүн шинжилгээ хийх нь” зэрэг сэдвүүдээр илтгэл өгүүллийг бичиж, хэлэлцүүлэн эрдэм шинжилгээ, судалгааны ажилд тогтмол оролцож байна.
Тухайлбал, 2026 оны сүүлийн хагаст бидний хувьд эрдэм шинжилгээний бүтээлийн үр өгөөжтэй үе байлаа. Энэ хугацаанд олон улсын эрдэм шинжилгээний хуралд хоёр, үндэсний хэмжээний эрдэм шинжилгээний хуралд нэг удаа судалгааны илтгэл хэлэлцүүлж, судалгааны үр дүнгээ эрдэмтэн, судлаачидтай хуваалцах боломж олдсон. Мөн хамтын судалгааны хүрээнд Scopus Q1 үнэлгээтэй Scientific Culture сэтгүүлийн Vol. 12, No. 4, (2026), pp. 7640-7652 дугаарт “Аn empirical investigation of emotional intelligence among mongolian border protection personnel” сэдвээр холбоо баригч зохиогчоор ажилласан өгүүлэл хэвлэгдээд байна.
Миний хувьд эрдэм шинжилгээний бүтээл гэдэг зөвхөн хэвлүүлсэн өгүүлэл, номоос гадна сургалтын чанар, шинжлэх ухааны үндэслэлтэй мэдлэгийг суралцагчдадаа хүргэх, оюутнуудын судалгааны ур чадварыг хөгжүүлэхэд хувь нэмэр оруулах нь их сургуулийн багш хүний хамгийн үнэ цэнтэй бүтээл гэж боддог.
Цаашид ч судалгаа, сургалт, нийгэмд чиглэсэн үйл ажиллагааг уялдуулан хөгжүүлж явна гэж төлөвлөж, сэтгэл судлалын шинжлэх ухааны хөгжилд өөрийн хувь нэмрийг оруулахын төлөө тууштай ажиллах болно.
-Таны докторын судалгааны ажил ямар сэдэвтэй байсан бэ?
-“Сонсогчдын сэтгэл зүйн зарим онцлогийг судалсан нь (Дотоод хэргийн их сургуулийн жишээн дээр)” сэдвээр докторын судалгааны ажлаа хийсэн. Удирдагч багшийнхаа зөвлөсний дагуу олон жил ажиллаж, туршлага хуримтлуулсан чиглэлээрээ судалгаа хийхээр сонгосон. Мөн их сургуулийнхаа эрдэм шинжилгээ, судалгааны ажилд сонсогчдын сэтгэл зүйн асуудлыг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр судалж, эрдэм шинжилгээний бүтээл туурвиж, судалгааны эргэлтэд оруулах зорилго тавьсан.
Энэ хүрээнд 2018–2023 оны сонсогчдын сэтгэл зүйн судалгаанд дүн шинжилгээ хийж, үр дүнг нэгтгэсэн. Судалгаанд нийт 2124 суралцагч хамрагдаж, сурах сэдэл эерэг сонсогчид хандлагын хувьд илүү эерэг, сэтгэл зүйн хувьд тогтвортой байгааг тогтоосон. Мөн сурах сэдлийг сургуулиар харьцуулахад статистикийн ач холбогдолтой ялгаа илрээгүй ч элссэн оноос хамаарсан ялгаа ажиглагдсан.
Эдгээр үр дүн нь суралцагчдын эерэг сурах сэдлийг төлөвшүүлж, хадгалах нь зөвхөн сургалтын үр дүнд төдийгүй сэтгэл зүйн тогтвортой байдалд нь чухал нөлөө үзүүлдэг болохыг харуулсан. Иймээс цаашид сонсогчдын хандлага, суралцах хэрэгцээ, бүтээмжид нөлөөлөх хүчин зүйлсийг илүү нарийвчлан судалж, судалгаанд суурилсан сургалтын арга зүй, орчныг боловсронгуй болгоход чиглэсэн судалгааг үргэлжлүүлэн хийхээр төлөвлөж байна.
-Таны ажил, амьдралдаа баримталдаг зарчим юу вэ?
-Миний хувьд ажил, амьдралдаа баримталдаг хамгийн чухал зарчим бол хариуцлагатай, шударга, тасралтгүй суралцаж хөгжихийг эрмэлздэг. Их сургуулийн багш хүний хувьд мэдлэгийг зөвхөн түгээхээс гадна өөрөө байнга суралцаж, судалгаанд тулгуурлан хөгжиж байх нь хамгийн чухал гэж үзэхээс гадна ийм байхыг шаарддаг юм байна гэж ойлгодог. Тиймээс аливаа ажлыг чанартай, үнэнч шударгаар хийж, хамт олонтойгоо харилцан хүндлэл, итгэлцлийг эрхэмлэн ажиллахыг эрмэлздэг.
Мөн оюутан, сонсогч бүрийн хөгжих боломжид итгэж, тэднийг зөвхөн мэдлэгээр бус ёс зүй, зөв хандлага, бие даан суралцах чадвараар төлөвшүүлэхэд хувь нэмрээ оруулахыг зорьдог. Манай тэнхимийн багш нарын ордог ерөнхий суурь хичээлээр суралцагчдад энэ чадамжийг олгоход чиглэдэг гэдгийг бид хамт олноороо хүлээн зөвшөөрч, хичээж ажилладаг. Миний хувьд өдөр бүр өмнөхөөсөө илүү суралцаж, өөрийгөө хөгжүүлэн, хийсэн ажил бүрдээ үнэ цэн бүтээх нь ажил, амьдралын минь гол зарчим юм.
-Сэтгэл судлалын шинжлэх ухааныг судлах нь ямар ач холбогдолтой вэ?
-Сэтгэл судлалыг судлахын ач холбогдол нь зөвхөн сэтгэцийн эрүүл мэндийг хамгаалахад бус, боловсрол, хууль эрх зүй, эрүүл мэнд, бизнес, байгууллагын удирдлага, гэр бүл, нийгмийн харилцаа зэрэг олон салбарт илүү оновчтой шийдвэр гаргах боломжийг бүрдүүлдэгт оршино.
Сэтгэл судлал нь зөвхөн асуудлыг тайлбарладаг шинжлэх ухаан биш, харин хувь хүн, байгууллага, нийгмийн хөгжилд бодит хувь нэмэр оруулдаг хэрэглээний шинжлэх ухаан юм. Шинжлэх ухаанд суурилсан судалгааг хөгжүүлснээр хүний сайн сайхан байдал, амьдралын чанарыг дээшлүүлж, нийгмийн хөгжлийг урагшлуулах боломжтой гэж үздэг.
“Сонсогч-Сурвалжлагч” клуб