Удирдлагын академийн Цагдаа, дотоодын цэргийн удирдлага, стратегийн тэнхимийн дэд профессор, доктор (Ph.D), цагдаагийн хошууч Г.Болор-Эрдэнэ ярилцлаа.
-Таны амрыг эрье. Өнгөрсөн хичээлийн жилүүдэд таны хувьд ямар онцлогтой байв?
-Дотоод хэргийн сургуулийн Цагдаагийн сургуулийн Эрүүгийн эрх зүй, криминологийн тэнхимд багшаар томилогдож их сургуульдаа ирснээс хойш өнгөрсөн таван жил мэргэжлийн болон эрдэм шинжилгээний үйл ажиллагааны хувьд өсөлт, хөгжлөөр дүүрэн, онцгой жилүүд байлаа.
Юуны өмнө хуримтлуулсан практик туршлагаа их сургуулийн сургалт, судалгааны ажилтай уялдуулан багш, судлаачийн замналд илүү гүнзгий төвлөрч ажилласан. Энэ хугацаанд Дотоод хэргийн их сургуулийн Цагдаагийн сургууль, Удирдлагын академид багш, улмаар дэд профессороор ажиллаж, бакалавр, магистр, докторын түвшний сургалтын хөтөлбөрүүдийг шинэчлэн боловсруулах, хэрэгжүүлэх ажлыг тогтмол хийж ирлээ.
Мөн сургалтын арга зүйдээ шинэчлэл хийж, симуляци сургалт, кейс судалгаа, нөхцөл байдалд суурилсан сургалтын аргуудыг нэвтрүүлэн, цахим сургалтын агуулга, видео хичээлүүдийг боловсруулж сургалтын чанар, хүртээмжийг дээшлүүлэхэд анхаарч ажилласан.
Судалгаа, эрдэм шинжилгээний чиглэлээр гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, хууль сахиулах байгууллагын удирдлага зэрэг чиглэлээр тогтмол судалгаа хийж, эрдэм шинжилгээний өгүүлэл, илтгэлүүдээ дотоод, гадаадын хурал, сэтгүүлүүдэд нийтлүүлсэн. Мөн магистрант, докторантуудын судалгааны ажлыг удирдан хамгаалуулж, залуу судлаачдыг хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулж ирсэн.
Энэ хугацаанд өөрийн судалгааны чадавхаа ахиулах, олон улсын судалгаа, төсөл, хөтөлбөр, эрдэм шинжилгээний сүлжээ, хамтын ажиллагаанд идэвхтэй оролцон, бүтээлээ олон улсын түвшинд хүргэх зорилгоор ажилласан жилүүд байсан.
Товчоор хэлбэл, сүүлийн таван жил бол багш, судлаач, хүний хувьд өөрийгөө тасралтгүй хөгжүүлж, мэдлэг бүтээх, мэдлэг түгээх, ирээдүйн хууль сахиулагчдыг бэлтгэх үйлсэд бодит хувь нэмэр оруулсан хамгийн үр бүтээлтэй он жилүүд байлаа.
-Энэ хичээлийн жилд эрдэм шинжилгээний ямар ном, бүтээлүүд туурвисан бэ?
-Өнгөрсөн хичээлийн жилд эрдэм шинжилгээ, судалгааны чиглэлээр нэлээд үр бүтээлтэй ажиллалаа. Тухайлбал, үндэсний болон олон улсын эрдэм шинжилгээний хуралд хэд хэдэн өгүүлэл, илтгэл хэлэлцүүлсэн. Үүнд “Криминологийн шинжлэх ухааны хөгжлийн чиг хандлага”, “Цагдаагийн байгууллагын эрэн сурвалжлах ажиллагаанд тулгамдаж буй бэрхшээл”, “Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлын хөгжлийн чиг хандлага: өнгөрсөн ба өнөө үеийн харьцуулсан шинжилгээ” зэрэг судалгааны бүтээлүүд багтаж байна.
Мөн магистрант, докторантуудын судалгааны ажлыг олон улсын түвшинд хүргэхэд онцгой анхаарч ажиллаж байна. Тухайлбал, БНСУ-д зохион байгуулагдсан олон улсын эрдэм шинжилгээний хуралд Монгол Улсын өсвөр үеийнхний дундах үе тэнгийн дээрэлхэлтийн эрсдэлт хүчин зүйлсийн талаарх судалгааны үр дүнг хэлэлцүүлсэн.
Хэвлэн нийтлүүлсэн бүтээлийн хувьд “Хүүхэд, эмэгтэйчүүдийн эсрэг гэмт явдлаас урьдчилан сэргийлэх ажил, арга хэмжээ”, “Олон нийтийн газрын аюулгүй байдлын талаарх иргэдийн хандлага”, “Зарим улс орны цагдаагийн байгууллагын олон нийттэй харилцах стратеги”, “Хууль бусаар баривчлах, саатуулах гэмт хэргийн эрх зүйн зохицуулалт, хэрэгжилтийн асуудал”, “Үе тэнгийн дээрэлхэлтийн эрх зүйн зохицуулалтын харьцуулсан шинжилгээ”, “Хууль бусаар ашигт малтмал хайх, олборлох гэмт хэргийн криминологи шинж” зэрэг нийт 20 орчим өгүүллийг мэргэжлийн сэтгүүлүүдэд нийтлүүлсэн.
Түүнчлэн олон улсын Scopus мэдээллийн санд бүртгэлтэй Q1 түвшний сэтгүүлд “Хууль сахиулах ажиллагаан дахь хүний эрхийн хэрэгжилт: тулгамдсан асуудал ба хэрэгжүүлэх арга замууд” сэдэвт хамтарсан өгүүллийг нийтлэх урилга, зөвшөөрлийн цахим шуудан хүлээн авсан нь энэ хичээлийн жилийн онцлох үйл явдлын нэг байлаа.
Сургалт, судалгааны ажлын үр дүнд “Хууль сахиулах байгууллагын хүний нөөцийн бодлого”, “Эрүүгийн эрх зүйн тусгай анги, бодлогын хураангуй”, “Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг мөрдөн шалгах арга зүй”, “Симуляци сургалт” зэрэг ном, бүтээлийг нийтийн хүртээл болгосон.
Эдгээрээс “Хууль сахиулах байгууллагын хүний нөөцийн бодлого” бүтээлээ хэвлэн нийтэлж, уншигчдын хүртээл болгосон нь энэ хичээлийн жилийн онцлох бүтээлүүдийн нэг болсон гэж үзэж байна. Энэхүү бүтээл нь хууль сахиулах байгууллагын хүний нөөцийн бодлого, хөгжлийн чиг хандлага, тулгамдсан асуудлыг судлан дүгнэж, практикт хэрэгжүүлэх боломжит шийдлийг санал болгосноороо ач холбогдолтой юм.
-Таны ажилдаа баримталдаг зарчим?
-Ажилдаа баримталдаг хамгийн эрхэм зарчим бол хичээл зүтгэл, хариуцлага, тасралтгүй хөгжил юм. Би хүний өнөөдрийн амжилт, маргаашийн үнэ цэнэ нь түүний өдөр бүрийн хөдөлмөр, тууштай чармайлтаар тодорхойлогддог гэж үздэг.
Тиймээс “Таны хичээл зүтгэл, амжилт өнгөрсөн, одоо, ирээдүйд хэн байхыг тань илэрхийлнэ” гэсэн үзлийг ажил, амьдралынхаа чиг баримжаа болгож ирсэн. Өнгөрсөн хугацаанд гаргасан амжилт бол хийсэн хөдөлмөрийн үр дүн, өнөөдрийн хичээл зүтгэл бол ирээдүйн амжилтын үндэс гэж би итгэдэг.
Өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, хуримтлуулсан мэдлэг туршлага маань өнөөдрийн намайг бүтээсэн. Өнөөдөр хийж байгаа хичээл зүтгэл, судалгаа шинжилгээ, сургалтын үйл ажиллагаа маань ирээдүйд ямар багш, судлаач, удирдагч байхыг тодорхойлно гэж үздэг.
Тиймээс аливаа ажлыг чин сэтгэлээсээ, хариуцлагатай гүйцэтгэх, өөрийгөө байнга хөгжүүлэх, мэдлэг бүтээж бусдад түгээхийг зорьдог. Мөн суралцагчдадаа зөвхөн мэдлэг олгохоос гадна эх оронч иргэн байх үнэт зүйлсийг төлөвшүүлэхийг хичээдэг.
Амжилт гэдэг нь нэг удаагийн үр дүн биш, харин өдөр бүрийн хичээл зүтгэл, тууштай хөдөлмөрийн үр шим юм. Иймээс багш, судлаач хүний хувьд өөрийн үлгэрлэл, бүтээлч ажиллагаагаар дамжуулан ирээдүйн манлайлагчдыг төлөвшүүлэхийг эрхэм зорилгоо болгон багшилж байна.
–Таны судалгаа, шинжилгээний бүтээлийн гол сэдэв юу вэ?
–Миний судалгаа, шинжилгээний ажлын үндсэн чиглэл нь гэмт хэргээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагаа, хууль сахиулах байгууллагын удирдлага, менежмент болон замын хөдөлгөөний аюулгүй байдлын асуудалд төвлөрдөг.
Сүүлийн жилүүдэд кибер болон дижитал криминологи, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх арга ажиллагааны хөгжлийн чиг хандлага, хууль сахиулах байгууллагын менежмент, хүний нөөцийн бодлого, цагдаагийн байгууллагын стратегийн удирдлагын асуудлыг түлхүү судалж байна.
Түүнчлэн цахим залилан, үе тэнгийн дээрэлхэлт, хууль бусаар ашигт малтмал олборлох гэмт хэргийн криминологийн шинж, эрэн сурвалжлах ажиллагаанд тулгамдаж буй асуудал зэрэг сэдвээр судалгааны ажил хийж, үр дүнгээ эрдэм шинжилгээний өгүүлэл, илтгэл хэлбэрээр нийтлүүлэн, эрдэм шинжилгээний эргэлтэд оруулсан.
Хамгийн голлон ажиллаж буй судалгааны чиглэл бол кибер болон дижитал криминологи, мөн гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх арга ажиллагааны хөгжлийн чиг хандлага, урьдчилан сэргийлэх арга зүйг боловсронгуй болгох асуудал юм. Энэхүү судалгаагаар гэмт хэрэг, зөрчлийн эрсдэлийг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр үнэлэх, улмаар бодлого боловсруулагчид болон хууль сахиулах байгууллагын шийдвэр гаргалтад ашиглах загвар, арга зүй боловсруулахыг зорьж байна.
Товчоор хэлбэл, судалгааны бүтээлүүдийн гол зорилго нь нийгмийн аюулгүй байдал, хууль дээдлэх ёс, иргэдийн амар тайван амьдралыг хангахад чиглэсэн бодлого, удирдлага, урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр боловсронгуй болгоход оршиж байна.
-Та хэдэн онд, ямар сэдвээр докторын зэрэг хамгаалсан бэ?
-Би Цагдаагийн байгууллагын захиалгаар 2013-2018 онд ОХУ-ын Дотоод хэргийн яамны Омскийн академид доктрантурт суралцаж «Комплексное предупреждение преступлений, совершаемых в общественных местах в городах Монголии» буюу “Монгол Улсын хот суурин газрын олон нийтийн газар үйлдэгдэж буй гэмт хэргээс урьдчилан сэргийлэх цогц арга зүй” сэдвээр докторын зэрэг хамгаалсан. Энэхүү судалгаагаар олон нийтийн газар үйлдэгддэг гэмт хэргийн шалтгаан нөхцөл, онцлогийг судалж, урьдчилан сэргийлэх тогтолцоо, хууль сахиулах байгууллагын хамтын ажиллагааг боловсронгуй болгох арга замыг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр боловсруулсан. Уг судалгаа нь миний өнөөгийн криминологи, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх бодлого, хууль сахиулах байгууллагын удирдлагын чиглэлээрх судалгааны ажлын суурь болсон юм.
-Одоо ямар хөтөлбөрүүдэд хичээл зааж байна вэ?
-Одоогоор би Дотоод хэргийн их сургуулийн “Цагдаагийн стратеги” магистрын хөтөлбөр болон “Гэмт явдал судлал” магистр, докторын хөтөлбөр, хичээл зааж байна.
Эдгээр хөтөлбөрийн хүрээнд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх бодлого, хууль сахиулах байгууллагын удирдлага, стратеги төлөвлөлт, зэрэг чиглэлээр мэдлэг олгож, суралцагчдыг шинжлэх ухаанч сэтгэлгээтэй, судалгаанд суурилсан шийдвэр гаргах чадвартай мэргэжилтэн болгон төлөвшүүлэхийг зорин ажилладаг.
Хууль сахиулах салбарын хөгжил нь хүний нөөцийн чанараас шууд хамаардаг гэж үздэг. Тиймээс зөвхөн өнөөдрийн хэрэгцээнд нийцсэн мэргэжилтэн бус, маргаашийн өөрчлөлтийг удирдан манлайлах мэдлэг, ур чадвар, ёс зүйтэй ирээдүйн удирдагчдыг бэлтгэх нь хамгийн чухал зорилго гэж боддог.
Ийм учраас сургалт бүрдээ онолыг практиктай уялдуулж, стратегийн сэтгэлгээ, манлайлал, хариуцлага, судалгааны арга барилыг төлөвшүүлэхэд онцгой анхаардаг. Учир нь өнөөдрийн танхимд сууж буй суралцагчид бол маргааш хууль сахиулах байгууллагын бодлого тодорхойлогч, удирдагчид байх учраас тэднийг чанартай бэлтгэх нь салбарын ирээдүйн хөгжилд миний зүгээс оруулж буй хамгийн үнэтэй хөрөнгө оруулалт гэж үздэг.
Цагдаагийн дэд хурандаа Б.Төгсжаргал