Монгол Улсын гавьяат хуульч, Дотоод хэргийн их сургуулийн “Хүндэт профессор”, доктор, профессор Д.Зүмбэрэллхам “Монгол Улсын эрх зүйн тогтолцоо ба эрүүгийн процессын харилцан хамаарал” сэдвээр хууль зүйн шинжлэх ухааны докторын (Sc.D) зэрэг хамгаалсан билээ. Шинжлэх ухааны академийн ерөнхийлөгчийн тушаалаар доктор (Sc.D), профессор Д.Зүмбэрэллхамд хууль зүйн шинжлэх ухааны докторын зэргийн диплом гардуулах ёслолын ажиллагаа өчигдөр /2026.06.10/ боллоо.
Хууль зүйн шинжлэх ухааны докторын зэргийн дипломыг Шинжлэх ухааны академийн ерөнхийлөгч, академич С.Дэмбэрэл гардуулан баяр хүргэв. Энэ үеэр Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, хууль зүйн шинжлэх ухааны доктор, профессор, академич С.Нарангэрэл нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн, даацтай шинжлэх ухааны доктор төрж байгааг онцлов.
Дотоод хэргийн их сургуулийн Хууль сахиулахуй, дотоод хэргийн докторын зэрэг хамгаалуулах зөвлөлийн гишүүн, Монгол Улсын гавьяат хуульч, хууль зүйн шинжлэх ухааны доктор (Sc.D), профессор, цагдаагийн хурандаа Д.Зүмбэрэллхам нь Цагдаагийн академи болон Дотоод хэргийн их сургуулийн сургалт, эрдэм шинжилгээний ажлыг хөгжүүлэхэд 30 гаруй жил үнэтэй хувь нэмэр оруулсан Монгол Улсын эрүүгийн процесс, криминологийн шинжлэх ухааны салбарын тэргүүлэх эрдэмтдийн нэг билээ.
Монгол Улсын төрийн алба, тэр дундаа төрийн тусгайлсан чиг үүрэг бүхий салбарт ажил, амьдралынхаа 40 гаруй жилийг зориулсан доктор (Sc.D), профессор, цагдаагийн хурандаа Д.Зүмбэрэллхам танд халуун баяр хүргэж, эрдэм судлалын ажилд тань өндөр амжилт хүсье.