Хошууч З.Даваасүрэн: Ажиллах, сурах, хөгжих бүх боломжийг олгодог Дотоод хэргийн их сургуулиараа бахархдаг

Огноо: 2026-06-12
Хошууч З.Даваасүрэн: Ажиллах, сурах, хөгжих бүх боломжийг олгодог Дотоод хэргийн их сургуулиараа бахархдаг
Хошууч З.Даваасүрэн: Ажиллах, сурах, хөгжих бүх боломжийг олгодог Дотоод хэргийн их сургуулиараа бахархдаг

Дотоод хэргийн их сургуулийн 2025-2026 оны хичээлийн жилийн төгсөгчдийн улсын шалгалт, 2026-2027 оны хичээлийн жилийн элсэлтийн бүртгэл ид өрнөж байна. Элсэлт, төгсөлт, шалгалт гээд цаг завгүй ажлынх нь дундуур хошууч З.Даваасүрэнтэй товч ярилцлаа.

Хошууч З.Даваасүрэн нь хамт олныхоо дунд нэр хүндтэй, эрдэм шинжилгээ, судалгааны арга зүй эзэмшсэн, төлөв даруу зантай, манай Их сургуулийн тэргүүний офицеруудын нэг юм. Тэрээр Монгол Улсын Их сургуулийн Эдийн засгийн сургуулийг нягтлан бодогч мэргэжлээр суралцаж төгсөөд 2004-2006 онд Удирдлагын академийн төрийн удирдлагын магистрын зэргийг амжилттай хамгаалсан байна. Харин 2016-2019 онд Онцгой байдлын сургуулийн “Онцгой байдал-гамшгаас хамгаалах алба” бакалаврын хөтөлбөр, Монгол Улсын багшийн их сургуулийн “Боловсрол судлал”-ын магистрын зэргийг хамгаалсан мэдлэг туршлагатай ажээ.

-Таны амрыг эрье. Ярилцлагаа таны мөрдэстэй албан хаагч болсон дурсамжаар тань эхэлье.

-Амрыг эрье. Баярлалаа. Би 2010-2013 онд Онцгой байдлын ерөнхий газрын “Аврагч” биеийн тамир, спорт хороо, Тусгай мэргэжлийн сургалтын төвд бичиг хэргийн эрхлэгчээр ажлын гараагаа эхэлж байжээ. Ямар ч туршлагагүй намайг анх ажилд авсан тухайн үеийн удирдлагууддаа чин сэтгэлээсээ баярлаж явдаг. Яагаад гэвэл мөрдөстэй албан хаагч болох анхны томилолт минь байж, өнөөдрийн минь эхлэл болсон гэж бэлгэшээж боддог.

- Дотоод хэргийн их сургуультайгаа ажил амьдралаа холбосон дурсамжаар тань ярилцлагаа үргэлжлүүлье.

-Баярлалаа. Энэ их том айлын бие бүрэлдэхүүний эгнээнд орж ажилласнаараа бахархаж явдаг. Ажлын туршлага, хамт олон гээд миний амьдралын 10 гаруй жил Дотоод хэргийн их сургуультай минь салшгүй холбоотой. 2012 оны Засгийн газрын 87 дугаар тогтоолоор Онцгой байдлын ерөнхий газрын Тусгай мэргэжлийн сургалтын төвийг Дотоод хэргийн их сургуульд нэгтгэснээр Онцгой байдлын сургуулийн Гамшгаас хамгаалах албаны тэнхимд туслах ажилтнаар томилогдож байлаа.

Их сургуулийн Сургалтын бодлого, зохицуулалтын газарт дотоод ажил хариуцсан мэргэжилтэн, Сургалтын төлөвлөлт, зохицуулалтын хэлтэст дадлагын сургалт хариуцсан мэргэжилтэн, Онцгой байдлын сургуулийн сургалтын арга зүйч, Сургалтын бодлого, төлөвлөлтийн газарт Сургалтын төлөвлөлт хариуцсан ахлах мэргэжилтэн, Сургалтын газрын чиглэлийн ахлах мэргэжилтэн гээд төрийн албан хаагчийн мерит зарчмаар өсөж, дэвших дүрэм журмын дагуу томилогдон ажиллаж өдий хүрлээ. Цаашдаа ч илүү сайн ажиллах нь миний үүрэг гэж боддог.

-Их сургуульдаа тасралтгүй 10 гаруй жил ажиллаж, хоёр дахь магистрын зэрэг хамгаалсан албан хаагчийн хувьд эрдэм шинжилгээ судалгааны ямар ном бүтээл туурвисан бэ? Энэ талаар онцолбол?

-Миний хувьд Онцгой байдлын сургуульд сургалтын арга зүйчээр ажиллаж байхдаа Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагад ажиллаж буй албан хаагч, Онцгой байдлын сургуулийн сонсогчдод мэргэжлийн чиг баримжаа олгоход хувь нэмрээ оруулах зорилгоор “Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагад ажиллаж буй албан хаагчдын мэргэжлийн мэдлэгийг сорих тест”-ийг 2015 оны 06 дугаар сард эмхэтгэн гаргаж байсан. Харин 2016 онд Онцгой байдлын сургуулийн “Онцгой байдал-гамшгаас хамгаалах алба” бакалаврын хөтөлбөрийн эчнээ 3 жилийн элсэлтийг зохион байгуулж, “Эдийн засаг” бакалаврын сургалтын хөтөлбөрийг шинээр боловсруулан, Их сургуулийн захирлаар батлуулж 2016-2017 оны хичээлийн жилд дээрх сургалтын үйл ажиллагааг эхлүүлж байлаа.

Мөн Их сургуулийн багшлах бүрэлдэхүүний шаталсан сургалтын хөтөлбөрийн дагуу багшлах ур чадварын сургалтад “Хөтөлбөрт үнэлгээ хийх ерөнхий шалгуур үзүүлэлт”, “Зайн болон цахим сургалтын арга зүй” чиглэлээр танхимын сургалтад хичээл заах гээд багагүй ажил хийжээ. Хэдийгээр энэ бүхэн миний ажлын шаардлага, мэргэжлийн дагуу хийгдэж байгаа ч эрдмийн зэрэг цолтой, туршлагатай олон хүмүүсийн дэмжлэг хамтын ажиллагаа байсан гэдгийг хэлэх нь зүйтэй. Нэг л мэдэхэд 13 жил Дотоод хэргийн их сургуулиасаа ажлын туршлага хуримтлуулан ажиллаж, өөрийгөө хөгжүүлж байгаадаа баяртай байна. Ажлаа хийхдээ алсын хараатай, өргөн цар хүрээтэй ажиллая гэсэн хүсэл тэмүүллээр дүүрэн байдаг.

-Таны ажилдаа баримталдаг зарчим юу вэ?

Хамгийн гол нь зөв, шударга байх зарчмыг баримталдаг. Бусдыг ялгаварлахгүй, ижил тэгш харьцаж, шударга байх нь миний ажил амьдралдаа баримталдаг хамгийн гол зарчим юм. Миний ажил хэн нэгэнд давуу тал олгож, нэг хүний талд орж болдоггүй онцлогтой. Хэрвээ хэн нэгэнд давуу тал олговол тавих ёстой зарчмаа баримталж чадахгүй болчихно. Аливаа төлөвлөлт нэг хоёр сараар хязгаарлагдахгүй цаашлаад хэдэн жилийн дараахыг ч зөв төлөвлөх ёстой. Санхүү, хүний нөөц, сургалтын бүхий л нэгжүүдтэйгээ нягт хамтарч ажиллан сургалтын үйл ажиллагааны төлөвлөлтөө алсын хараатай хийхийг зорьдог.

Энэ бүхэн маань багш албан хаагчдынхаа итгэлийг дааж ажиллах бас нэг шалгуур болдог. Олон багш, албан хаагчид Даваасүрэнгээс асуу гэсэн гээд ороод ирдэг. Зарим нэг ажлыг бататгаж асууж ярих нь элбэг. Сэтгүүлчид та бүхний ярьдгаар баттай эх сурвалж нь болж чаддаг. Энэ тухайд өөрөө жоохон бахархдаг юм. /инээв/

Бас нэг чухал зарчим бол би дунд сургуульд байхаасаа хичээлээсээ хоцорч үзээгүй. Тиймээс ажилдаа ч хоцорч үзсэнгүй. Амьдрал юм чинь янз бүрийн асуудал гараад ажил, арга хэмжээнээс цөөхөн минут хоцроход гэм хийсэн мэт хүнд мэдрэмж байдаг. Энэ зарчмуудаа баримтлан, бусдадаа үлгэр дуурайл болох юм сан гэж хичээдэг дээ. Амьдралынхаа ихэнх цаг хугацааг ажилдаа зарцуулдаг. Мөн хоёр хүүхдийн ээж, айлын гэргий. Хувийн амьдралдаа тийм их зүйл төлөвлөсөнгүй. Ажлаа сайн хийх юмсан гээд хичээж явна.

-Хүн бүхэнд ажил албаараа бахархсан чин сэтгэлийн үг байдаг. Харин таны хувьд ?

Миний хувьд Онцгой байдлын байгууллагаас ажлынхаа анхны гарааг эхэлж, Их сургуульдаа ажилласан. Дотоод хэргийн их сургууль маань эрдмийн их өргөө, боловсролын байгууллага учраас маш их зүйл уншиж судалж, цаг үеэсээ хоцорч болохгүй гэдгийг сануулдаг. Өдөр бүр суралцаж, алдаагаа давтахгүйгээр урагшлах ёстой. Энэ бүх боломжийг олгож чаддаг албаараа, байгууллагаараа цаг ямагт бахархдаг.

-Баярлалаа. Сурах хөгжихийг эрхэм зорилгоо болгож, ажилдаа хариуцлагатай хандахыг нэн тэргүүнд тавьдаг танд ажлын амжилт хүсье.

Ярилцсан цагдаагийн дэд хурандаа Б.Төгсжаргал

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.108)
АНХААРУУЛГА: Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Facebook
Youtube
Instagram