“Эрдмийн далай” сонин энэ удаагийн дугаарын зочноор Дотоод хэргийн их сургуулийн дэд захирал бөгөөд штабын дарга, цагдаагийн хурандаа Г.Буянхишигийг онцоллоо.
Хөвгүүд бүхэн багадаа цагдаа, цэрэг болохыг мөрөөдөж, догь дүрэмт хувцсыг нь өмсөөд хүмүүсийг аварч хамгаалан баатарлаг үйлс бүтээхийг хүсдэг.
Г.Буянхишиг ч тэдний адил багаасаа цагдаа болохыг мөрөөдөж өсжээ. Гэхдээ түүний мөрөөдөл бусдынхаас арай өөр. Нийгмийг эрүүлжүүлэх, гэмт үйлдлийг таслан зогсоох, хохирогчдыг хамгаалах, иргэдэд туслах энэ бахархалтай алба маш их хариуцлага, эрсдэл дунд байдгийг тэр сайн мэднэ. Түүний аав Г.Гонгор бол мөрдөс зүүж, тэргүүндээ сүлд залсан цагдан сэргийлэх ангийн хэсгийн төлөөлөгч байв.
Г.Гонгор гуай 1965 онд Цагдан сэргийлэх байгууллагын анхны эргүүл ротын цагдаагаар ажлын гараагаа эхэлж, 1967-1969 онд ЗХУ-ын ДЯЯ-ны тусгай дунд сургуульд суралцан төгсөж, Дорноговь аймгийн Сүмбэр сум буюу одоогийн Говьсүмбэр аймагт 3 сум хариуцсан хэсгийн төлөөлөгчөөр томилогдон ажиллаж байхад нь 1972 онд Г.Буянхишиг ууган хүү нь болон мэндэлжээ.
Ард олныхоо амар амгалангийн төлөө зав чөлөөгүй хөдөлмөрлөдөг аавынхаа цаг наргүй ажлыг, хохирогчийг хамгаалахын тулд зэвсэг барьсан этгээдийн өөдөөс амь насаа дэнчин тавьж улаан нүүрээрээ тулдаг эр зоригийг дэргэдээс нь харж өссөн болохоороо цагдаагийн албаны сайн, мууг сайтар мэднэ.
ЗХУ-д цагдаагийн мэргэжлээр дунд, дээд сургууль дүүргэж, сумын хэсгийн төлөөлөгчөөс Төв аймгийн Цагдаагийн газрын дарга болтлоо хөдөлмөрлөж зүтгэсэн аавыгаа залган бахархалтай бөгөөд машид хариуцлагатай энэ албанд зүтгэхээр 8 дугаар ангийн сурагч байхдаа бат шийджээ.
Тухайн үед хуульч, цагдаагийн алба хаагчийг НАХЯ-ны Цэргийн дээд сургуульд бэлтгэдэг байв. Г.Буянхишиг ангийн найз Ч.Лхагвадоржийн хамт тус сургуульд суралцах хүсэлтээ өгч судалгаанд хамрагдан элсэлтийн шалгалтдаа бэлдэж эхэлсэн байна. Тэд цэрэгжилтийн спортын “Дөл” тэмцээнд сургуулиа төлөөлөн оролцож, төрийн тусгай албаны хүн болоход сэтгэл зүй, бие бялдраа ч “сойх” болов.
Ингээд 1989 оны хавар аравдугаар ангиа төгсөн мөрөөдлийн сургуульдаа орох элсэлтийн шалгалтаа өглөө. Ангидаа төдийгүй сургуульдаа гайгүйд тооцогддог сурлагатай, сагсан бөмбөг, волейболын сургуулийнхаа шигшээ багийн гишүүн Г.Буянхишиг шалгалтдаа бүдэрч, Цэргийн дээд сургуульд элсэх Улаанбаатар хотын дөрөвхөн хуваарийн үзүүрээс атгаад л өнгөрчээ.
“Цөөн хүүхэд авдаг сургуульд элсэнэ гэж зүтгээд сургуульгүй үлдлээ” хэмээн ээж нь үглэж гомдоллохтой зэрэгцэн ЗХУ-д ойн инженерээр сурах боломж Г.Буянхишигт олдсон байна. Гэвч цагдаа болох мөрөөдөл нь гадаадад сурахаас ч хүчтэй ажээ. “Сайн бэлдэж байгаад ирэх жил заавал тэнцье” хэмээн эрс шийдсэн тэрээр насаа нэмээд хугацаат цэргийн албанд мордчихов.
Ямар нэг зүйлийг чин сэтгэлээсээ хүсэх л юм бол энэ орчлон ертөнц тэр чигээрээ чиний хүслийг биелүүлэхэд тусалдаг хэмээх үг бий. Зорилготой хүнд дэлхий хүртэл зам тавьж өгдөг гэдэг дээ. Г.Буянхишигийг НАХЯ-ны Цагдан сэргийлэхийн 230 дугаар ангид цэргийн алба хааж байх үед нь Цагдан сэргийлэхийн дунд сургууль шинээр байгуулагджээ. Тэрээр цэргийн албанаас шалгалт өгч тэнцэн Цагдан сэргийлэхийн дунд сургуулийн анхны 60 сурагч-сонсогчийн нэг болоодохов.
Цэрэгт ирээд ердөө хоёрхон сарын дараа буюу шинэ цэргийн карантинаа амжилттай дуусгаж, Монгол Улсын цэргийн тангараг өргөөд л 1989 оны 12 дугаар сард багаас хүсэж мөрөөдсөн эрдмийн өргөөнийхөө өндөр босгоор сая нэг давжээ.
Тэднийг элсэх үед Цагдан сэргийлэхийн дунд сургуульд 2 жил сургаж, бага дэслэгч цолтой төгсгөх бөгөөд хэрэв онц сурах юм бол дээд сургуульд 3 дугаар дамжаанаас дэвшүүлэн сургахаа дарга нар амлажээ. Өчигдөрхөн алсраад байсан мөрөөдөл өмнө нь дурайж, ахиад жоохон л хичээвэл атгахад ойрхон байгааг Г.Буянхишиг мэдэрч хичээнгүйлэн суралцах болов.
Хичээл ном, албаны тусгай бэлтгэл, жагсаалын бэлтгэл гээд л нар ургахаас шингэх хүртэл сурах их үйлсэд шамдаж байтал нь Монгол Улсад ардчилсан хувьсгалын салхи сэвэлзэж, жагсаал цуглаан өрнөж эхлэх нь тэр. Сонсогч мөрдөс, саарал шинэльтэйгээ их жанжны талбай дээр хэв журмын хамгаалалтад үүрэг гүйцэтгэн зогсож байхдаа эх орондоо ардчиллыг хүссэн залуус хоолой нийлүүлэн “Хонхны дуу”-г дуулж ирээдүйнхээ төлөө тэмцэхийг, “хүч хэрэглэхгүй” хэмээн Улс Төрийн Товчоо бүрэн бүрэлдэхүүнээрээ огцрохыг нүдээр харж, Монгол Улсад ардчилсан хувьсгал тайван замаар ялсан гэгээн түүхийн гэрч болжээ.
Ийнхүү нийгэм, цаг үеийн байдал гэнэт өөрчлөгдөж, Цагдан сэргийлэх байгууллагад хүн хүч хэрэгтэй болсон тул дунд сургуулийн сонсогчдыг хугацаанаас нь өмнө төгсгөх шийдвэр гарсан байна. Г.Буянхишиг 1991 оны 02 дугаар сард мэргэжлийн цагдаа үнэмлэхтэй дунд сургуулиа төгсөж, улаан пагон зүүгээд Налайх дүүргийн цагдаагийн хэлтэст ахлагч бүрэлдэхүүнд томилогдов. Тус хэлтэст жижүүрийн цагдаа, эрүүлжүүлэхийн цагдаагаар ажиллаж байтал нь Цагдан сэргийлэхийн дээд сургуульд суралцах урилга ирэх нь тэр. Цагдан сэргийлэхийн дунд сургуулийг онц төгсвөл дээд сургуульд суралцуулна гэсэн амлалтдаа дарга нар хүрч, А.Отгонбаатар, Б.Батсуурь, Г.Буянхишиг, Н.Чинбат нарын 4 онц төгсөгчид урилга илгээсэн нь тэр юм байж. Харин 3 дугаар бус нэгдүгээр дамжаанаас суралцаж эхлэв. Ийнхүү Г.Буянхишиг энэ сургуулийн босгоор дахин алхаж, хоёр дахь удаагаа сонсогч цол зүүжээ. Энэ үед НАХЯ-ны Цэргийн дээд сургууль нэршлээ сольж, Цагдаагийн дээд сургууль нэртэй болоод байв.
ЗХУ-д цагдаагийн мэргэжлээр дунд, дээд сургууль дүүргэсэн аавынхаа замналаар 1989-1991 онд Цагдан сэргийлэхийн дунд сургуулийн сонсогч-сурагч, 1991-1995 онд Цагдаагийн дээд сургуульд сонсогч буюу нийт 6 жил энэ хашаанд сурч 1995 онд хуульч мэргэжлээр онц дүнтэй төгссөн байна.
Тухайн үед сонсогчид дөрөвдүгээр курстээ мөрдөн байцаагч, эрүүгийн төлөөлөгчөөр томилогдон бүтэн жил цалинтай дадлага хийдэг байжээ. Г.Буянхишиг Налайхын цагдаагийн хэлтэст мөрдөн байцаагчаар дадлага хийж байтал сургуулиас нь холбогдон багшаар үлдэх санал тавьжээ.
Цагдаа болох нь түүний туйлын хүсэл байсан тул гэнэтийн саналд тулгамдан балмагдав. Гэтэл Хэв журам хамгаалах албаны тэнхимийн эрхлэгч, доктор (Sc.D), цагдаагийн хурандаа Ж.Долгорсүрэн багш нь захиргааны эрх зүйн багш болоход яг тохирох, чадах хүн бол чи хэмээн ятгажээ.
Түүнийг мөрдөн байцаагчаар дадлага хийж байсныг болиулаад Улаанбаатар хотын цагдаагийн газрын Хэв журмын албаны бүх чиглэлийн хэлтсүүдээр тойруулан 3 сар дадлага хийлгэсэн байна. Эргүүл харуул, галт зэвсгийн зөвшөөрөл олгох, хорих ял эдлээд суллагдсан хүнд хяналт тавих, төрийн тусгай хамгаалалт, архидан согтуурахтай тэмцэх гээд хэлтэс бүрийн чиглэлийн ахлахууд дээр буюу шилдэг цагдаа нарыг дагалдуулж, хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах үйл ажиллагааны чиглэлээр дадлагажуулсан аж.
Тэрээр төгсөлтийн шалгалтаа өгчихөөд багшаар үлдэх үү, мөрдөн байцаагч, эрүүгийн төлөөлөгчөөр ажиллах уу хэмээн шийдэж ядан байтал нь “Сургуулиа онц төгсөөд багшилна гэдэг нэр төрийн хэрэг юм” хэмээн аав нь ятгаснаар тэр Хэв журам хамгаалах албаны тэнхимийн багш болжээ. Энэ нь манай Их сургууль төгсөгчөө сонсогчийн ширээнээс сургуульдаа багшаар үлдээсэн анхны тохиолдол юм. Түүнээс гадна онц дүнтэй, ахлах дэслэгч цолтой төгссөн Д.Адъяабазар мөн Эрүүгийн эрх зүйн тэнхимд багшаар үлдсэн байна.
Г.Буянхишиг багш “Цагдаагийн байгууллагын захиргааны үйл ажиллагаа”, “Захиргааны эрх зүй”, “Захиргааны процесс” хичээлүүдийг дээд, дундын ангиудад заах болж, мөн анхны ангиа дааж анги удирдсан багш болжээ.
“Би их азтай, жинхэнэ “домог” болсон багш нараас номын дуу сонсож байлаа. Тухайлбал, Монгол Улсын Гавьяат Багш, доктор, цагдаагийн хурандаа Н.Баатаржав, эрүүгийн эрх зүйн багш, Монгол Улсын Гавьяат Хуульч, шинжлэх ухааны доктор, цагдаагийн хурандаа С.Жанцан, доктор, цагдаагийн хурандаа Г.Гантөмөр, цагдаагийн байгууллагын захиргааны үйл ажиллагааны багш, шинжлэх ухааны доктор, цагдаагийн хурандаа Ж.Долгорсүрэн, гүйцэтгэх ажлын багш, доктор, цагдаагийн хурандаа Х.Доржпалам, засан хүмүүжүүлэх хөдөлмөрийн эрх зүйн багш, Монгол Улсын Гавьяат Хуульч, доктор, цагдаагийн хурандаа А.Лхагваа, эрүүгийн байцаан шийтгэх эрх зүйн багш, Монгол Улсын Гавьяат Хуульч, доктор, бригадын генерал Ц.Амгаланбаяр, Монгол Улсын Гавьяат Хуульч, доктор, цагдаагийн хурандаа Б.Бат-Эрдэнэ, эрүүгийн процессын зарим хичээлийг доктор, профессор Д.Зүмбэрэллхам, төр, эрх зүйн онолын багш, доктор, цагдаагийн хурандаа Ч.Нямсүрэн, тусгай техник хэрэгсэл хичээлийн багш шинжлэх ухааны доктор, цагдаагийн хурандаа Ж.Болдбаатар, салбар эрхзүйг МУИС-ийг төгссөн нэг ангийн 3 хүүхэд болох цагдаагийн ахмад П.Баатархүү, цагдаагийн ахмад Б.Болд, цагдаагийн ахмад Б.Түвшинжаргал нарын гайхамшигтай сайхан багш нараар хууль, эрх зүй, мэргэжлийн хичээл заалгасандаа бахархдаг” хэмээн Г.Буянхишиг багш ярив.
Цагдаагийн дээд сургууль 2000 онд Засгийн Газрын тогтоолоор Цагдаагийн академи болон өөрчлөн зохион байгуулагдав. Г.Буянхишиг багш 2003 онд Цагдаагийн академийн Захиргааны эрх зүйн тэнхимд ахлах багш, 2007 онд Эрх зүй, төрийн онолын тэнхимийн эрхлэгчээр, 2008 онд Төр, Захиргааны эрх зүйн тэнхимд эрхлэгчээр тус тус дэвшин томилогджээ.
Энэ хугацаандаа 1999 онд тэнхимийн багш нартайгаа хамтран “Захиргааны зөрчил”, 2006 онд шинжлэх ухааны доктор Ж.Долгорсүрэн багштай хамтран “Монгол Улсын захиргааны эрх зүй” гарын авлагуудыг тус тус гаргасан байна.
Тэрбээр мөн Монгол Улсад Захиргааны хэргийн шүүх байгуулах төсөлд Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат хуульч Б.Чимидтэй хамт ажиллаж байжээ. Тэр мундаг хүнтэй хоёр жил хамт ажиллахдаа их зүйл сурсан тухайгаа дурслаа. Түүнчлэн Б.Чимид багштайгаа хамтран “Захиргааны хэргийн шүүхийн мэдэгдэхүүн”, “Захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийн эмхэтгэл” гээд номуудыг гаргажээ.
Захиргааны хэргийн шүүх байгуулах хууль 2002 онд батлагдан 2004 оноос мөрдөж эхлэх хүртэл нь сурталчлан таниулах ажлыг Г.Буянхишиг, “Шихихутаг” сургуулийн багш Ж.Наранпүрэв нарт хариуцуулжээ. Тэд уран сайхны зохиомжтой, зөвлөгөө мэдлэг олгодог “Хуулийн цаг” нэвтрүүлгийг бэлтгэн цувралаар хүргэсэн байна. Мөн хууль сурталчлах чиглэлээр аймаг, сумдаар сургалт явуулжээ. Түүний Захиргааны хэргийн шүүх байгуулахад оролцсон энэхүү хичээл зүтгэлийг үнэлж 30 гаруйхан насанд нь Шүүхийн ерөнхий зөвлөлийн “Хүндэт тэмдгээр” шагнаж байсан түүхтэй.
2009 он. ОХУ-ын Дотоод явдлын яамны Удирдлагын академид суралцуулах сонгон шалгаруулалт зарлагдсаныг хараад багш хүн цаг ямагт өөрийгөө хөгжүүлж, суралцаж байх үүргээ ухамсарлан шалгалт өгчээ. Тус шалгаруулалтад хоёрдугаарт жагсан Д.Отгонжаргал, С.Буянжаргал, С.Зул-Очир нарын хамт Москва хотыг зорьсон байна.
Монгол Улсын цагдаагийн алба хаагч бэлтгэдэг сургуулийн тэнхимийн эрхлэгч ирлээ хэмээн ОХУ-ын Дотоод явдлын яамны Удирдлагын академийн багш нар түүнийг хүндэтгэн хүлээж авчээ. ОХУ-ын нэр хүндтэй эрдэмтэн профессоруудаар 2 жил хичээл заалган 2011 онд төгсөөд иртэл төрөлх сургууль нь Хилийн цэргийн дээд сургуультай нэгдэн Дотоод хэргийн их сургууль болон өргөжжээ. Мөн Цагдаагийн ерөнхий газарт Мэдээлэл шинжилгээний криминологийн шинэ хэлтэс байгуулагдаж байв.
Багш, судлаачаар олон жил ажилласан туршлагатай, мөн ОХУ-д мэргэжил дээшлүүлэн сүүлийн үеийн мэдлэгээр өөрийгөө цэнэглээд ирсэн түүнийг ЦЕГ-ын удирдлагууд шинэ байгуулсан хэлтсийнхээ даргаар томилжээ. Ингээд Г.Буянхишиг гэмт хэрэг зөрчлийн мэдээ, гэмт хэргийн гаралт, статистик судалгаа, дүн шинжилгээ хийдэг ажлыг хариуцан ажиллах болов.
2012 оны 10 дугаар сар. Түүнийг ЦЕГ-т дуудаж, аймгийн цагдаагийн газрын удирдлагаар ажиллах санал тавьжээ. Ингээд тэр аавынхаа ажиллаж, өөрөө хүүхэд насаа өнгөрүүлсэн Төв аймгийн Цагдаагийн газрын даргаар томилогдсон байна.
Шинэ ажилдаа ирээд хүндэт самбарт өлгөсөн үе үеийн дарга нарын дотор аавынх нь зураг байхыг хараад бахархах, баярлах сэтгэл төржээ. Нэгэн цагт өөртэй нь хамт суралцаж байсан нөхөдтэйгээ, аавынхаа хамт олонтой эргээд аавынхаа ширээн дээр уулзана гэдэг ховорхон тавилан.
Түүний аав Г.Гонгор Төв аймгийн Цагдаагийн газрын даргаар ажиллаж байхдаа 1983 онд тус газрын 40 жилийн ойг тэмдэглэж байжээ. Харин түүний хүү Г.Буянхишигт 70 жилийн ойг нь зохион байгуулах үүрэг, магад хувь тавилан оногдсон байна. Түүхт ойн хүндэтгэлийн уулзалтад аав, ээж хоёр нь хүрэлцэн ирж, индрийн голд үг хэлэх хүүгээ бахдан баярлан суусан цаг саяхан сан.
Г.Гонгор гуай ард олныхоо амар амгалангийн манаанд 30 орчим жил зүтгээд цагдаагийн дэд хурандаа цолтой гавьяаны амралтдаа гарч байжээ. Азарганы хүрээгүйд унага нь хүрдэг, аавынхаа хүслийг хүү нь гүйцээдэг жамаар түүний хүү Г.Буянхишиг 2014 онд Төв аймгийн Цагдаагийн газрын даргаар ажиллаж байхдаа цагдаагийн хурандаа гэх эрхэм цолыг хүртэж аавыгаа магнай хагартал баярлуулжээ.
Г.Буянхишиг хурандаагийн ээжийг Н.Даваасүрэн гэдэг. Цэргийн хүний гэргий мөрдөс зүүгээгүй ч адилхан тушаалаар байдаг юм болохоор ханийгаа шинэ томилолт авах бүрт ажлаа сольж, дагаж явсаар Налайх дүүргийн улсын бүртгэлийн байцаагч хийж байгаад 2006 онд гавьяаны амралтдаа гарчээ.
Тайван дөлгөөн, нуруутай, хүнийг дугаарлаж ялгаварлахгүй нэг л зангаар хүн чанартай байхыг аав нь үлгэрлэж амьдарсан бол хариуцлагатай, зарчимч, ёс зүйтэй байхыг тэр ээжээсээ сурчээ. Г.Буянхишиг хурандааг тайван дөлгөөн зантай, уурлаж уцаарлахгүйгээр хүнд бурууг нь өөрөөр нь ойлгуулчихдаг, алдаагаа засах боломжийг олгодог хэмээн хамт олон нь үнэлж хайрлах юм билээ.
Төв аймгийн Цагдаагийн газарт сэтгэл, зүтгэлээ зориулан ажиллаж чадсанаа 80 жилийн ойгоор нь хүндэт зочноор уригдан очихдоо мэдэрчээ. “Хийсэн бүтээсэн зүйлтэй байгаад, түүнийгээ олон жилийн дараа эргэж харахаар бахархаад сайхан юм билээ” хэмээн Г.Буянхишиг хурандаа ярив. Төв аймгийн Цагдаагийн газрын 75 жилийн ойг түүний анхны даасан ангийн шавь хурандаа Б.Ганзориг зохион байгуулж байсан бол 80 жилийн ойг мөн л түүний 3 дахь даасан ангийнх нь шавь дэд хурандаа Ч.Алтанхуяг зохион байгуулжээ.
Төв аймгийн Цагдаагийн газрын даргаар 2 жил ажиллаад 2014 онд шинээр байгуулагдсан БЗД-ийн Цагдаагийн 3 дугаар хэлтсийн тасгийн даргаар томилогдсон байна. Тэнд ажиллаж байтал дахин тушаал гарч төрөлх сургуульдаа Цагдаагийн сургуулийн дэд захирлаар томилогджээ.
Аранзал залуу насаа энэ л эрдмийн өргөөнд сурч, багшилж өнгөрүүлсэн юм болохоор төрсөн гэртээ ирж буй мэт халуун дулаан мэдрэмж төрсөн байна. Түүнийг шилэн шинэ барилгатай, маш сайхан орчинтой, бужигнасан олон сонсогчтой том сургууль угтжээ. Г.Буянхишиг хурандаа дэд захирлаар ажиллахын сацуу сонсогчдод хичээл заах болсон байна.
“Албан тушаал бол түр зуурынх. Гэхдээ энэ хорвоод мөнх оршдог ганц албан тушаал бол багш юм билээ. Миний хамгийн гоё албан тушаал бол багш” хэмээн бахархан өгүүлэв.
Г.Буянхишиг хурандаа 2020 онд Цагдаагийн сургуулийн захирал, 2021 онд Дотоод хэргийн их сургуулийн тэргүүн дэд захирлаар дэвшин томилогдсон юм. Одоо төрөлх сургуульдаа дэд захирал бөгөөд штабын дарга хэмээх албыг хашиж байна.
Юугаараа баян түүгээрээ гэдэг шиг Г.Буянхишиг хурандаа шавиар харин ч баян хүн. Түүний шавь нар зөвхөн энэ сургуулиар хязгаарлагдахгүй. Нэг талаасаа амьдралын эрхэнд, нөгөө талаасаа өөрийгөө хөгжүүлэх, илүү нээх зорилгоор ажлынхаа зав зайгаар МУИС-ийн Хууль зүйн сургууль, Отгонтэнгэр, Орхон, Шихихутаг, Их засаг зэрэг их, дээд сургуулиудад залуудаа хичээл заадаг байжээ.
“Монгол Улсын бүх л салбарт миний шавь нар ажиллаж байна” хэмээн Г.Буянхишиг багш онгиров. УИХ-ын гишүүд, Нийслэлийн засаг дарга, ХЗДХ-ийн сайд, Төрийн нарийн бичгийн дарга, Хүний эрхийн үндэсний комиссын гишүүд, ЦЕГ, ГЕГ, ШШГЕГ-ын дарга нар гээд л түүний шавь нарыг дурдаад барахгүй.
Монгол Улсын 21 аймгийн Цагдаагийн газрын дарга нар бүгд түүний шавь. Түүнчлэн Онцгой байдлын байгууллага, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад ч түүний олон зуун шавь нар үүрэг гүйцэтгэдэг юм. Товчхондоо Монгол Улсын өнцөг булан бүрт түүний шавь нар гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах, шүүхийн шийдвэр гүйцэтгэх, шинжлэн магадлах, гамшигтай тэмцэх, авран хамгаалах ажиллагааг гүйцэтгэж, ард олныхоо амар амгалангийн манаанд зогсож байна. Ерөөс багш хүний бахархал, гайхамшиг нь энэ л байх.
Г.Буянхишиг багш сагсан бөмбөг, волейболоор тун чиг чадварлаг тамирчин. Өнгөрсөн жил л гэхэд ДХИС-ийн сагсан бөмбөгийн лигийн тэмцээнд түүний удирдсан баг аваргалж, өөрөө “MVP буюу үнэ цэнтэй тоглогч” шагналыг гардсан юм.
Тэрээр анх хүүхэд байхдаа байрныхаа дэргэдэх жижигхэн банзан шийдэн дээр сагсан бөмбөг тоглож сурчээ. Өдөржин бөмбөг нүдэж тоглодог байсных дунд сургуульдаа шигшээ багт шалгарч сургуулиа төлөөлөн тэмцээн уралдаануудад оролцох болсон байна. Сонсогч байхдаа л гэхэд 3 жил дараалан сургуулийн аваргаар шалгарч байжээ.
Түүний бас нэг хобби нь ном унших. Аав, ээж хоёрынхоо цалин буух бүртээ авчирдаг байсан номуудыг шимтэн уншсаар номын эрхэм нөхөр болсон аж. Хүүхэд байхдаа уншиж байсан Харуул Алтай, Зүрхний хилэн, Элс цас зэрэг романыг одоо ч унших дуртай гэнэ лээ.
Тэрбээр мөн хөгжим сонсох дуртай. Чиглэл хөөхгүй, таалагдсан дуугаа л сонсдог гэнэ. Хөгжим стресс тайлах шидтэй учир сонсохоос гадна хүүхэд байхдаа сонсдог байсан кассет, CD, пянзнуудыг одоо ч хадгалдаг юм билээ. Ойролцоогоор 100 гаруй кассет, 200-аад CD, пянзны цуглуулгатай аж.
Спортод дуртай, урлагт хайртай, багш хэмээх хорвоогийн хамгийн сайхан албан тушаалын эзэн нь болсон Г.Буянхишиг багшдаа амьдралд нь аз жаргал, ажил үйлсэд нь өндөр амжилтыг хүсэн ерөөе.
Дэслэгч Д.Дайрийжав