Ц.Ганболд доктор хил хамгаалах салбарын боловсон хүчнийг бэлтгэх, хил судлалыг хөгжүүлэх, хилчдийн танин мэдэхүй, мэдлэгийг зузаатгахад үнэлж баршгүй хувь нэмэр оруулсан судалгааны бүтээл, ном, сурах бичгүүдийг туурвисан байдаг. Түүний бүтээлд Монгол Улсын Үндэсний төв архив, Төв номын сан, Гадаад харилцааны яамны болон Хилийн цэргийн архивт ч байдаггүй нэн үнэ цэнтэй баримтууд багтсан байдаг нь түүнийг ямархан судлаач, эрдэмтэн болохыг илтгэнэ. Тиймээс ч түүнийг “Цагааны Ганболд бол хил судлалын түүхэнд нээлт хийсэн, даацтай, бүтээлч, хүлээн зөвшөөрөгдсөн эрдэмтэн юм” хэмээн судлаачид үнэлдэг.
Дотоод хэргийн их сургуулийн 2024-2025 оны хичээлийн жилийн “Тэргүүний эрдэм шинжилгээний ажилтан”-аар тодорсон Эрдэм шинжилгээний хүрээлэнгийн Хилийн аюулгүй байдал судлалын төвийн эрдэм шинжилгээний ажилтан, “Хил судлал” сэтгүүлийн эрхлэгч, цэргийн ухааны доктор, профессор, хурандаа Ц.Ганболдтой ярилцлаа.
-Тэргүүний судлаачаар хоёр дахь удаагаа шалгарсанд тань баяр хүргэе. Таныг шилдгээр шалгарахад юу хамгийн ихээр нөлөөлсөн бэ?
–ДХИС гэдэг эрдмийн их өргөөний эрдмийн хамт олноос Тэргүүний судлаачаар хоёронтоо шалгарсандаа таатай байна. Тэтгэврийн өвгөн, гэрээт судлаач гэж эс тооцон хийсэн бүтээсэн бүтээл туурвил, хичээл зүтгэл, хөдөлмөрийг минь бодитоор үнэлж, энэ эрхэм хүндтэй номинацид шалгаруулсанд дахин баярлалаа. Энэ жилийн хувьд эрдэм шинжилгээ судалгаа, бүтээл туурвилын хувьд багагүй олзтой, ганзага дүүрэн байлаа. Тухайлбал, “Буйр нуурт живсэн техник хэрэгслийг татан гаргах ажиллагаа ба экологийн аюулыг байдлыг хангах нь” инновацын төслийг боловсруулан холбогдох байгууллагад хүлээлгэн өгсөн бөгөөд бодит амьдралд хэрэгжих мөчийг хүлээн сууна.
Мөн ҮАБЗ-ийн захиалгат “Дүрвэгсэд, хил дамнасан болон дотоодын шилжилт хөдөлгөөнөөс үүдэлтэй гэнэтийн хяналтгүй нөхцөл байдлаас сэргийлэх бэлэн байдлын тогтолцоо, хариу арга хэмжээ, үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхыг төлөвшүүлэх нь” сэдэвт бодлогын судалгааны ажилд оролцож хугацаандаа буюу 12 сарын 15-нд захиалагчид хүлээлгэн өгөхөд бэлэн болж байна.
“Дэлхийн улс үндэстүүд ба хилийн аюулгүй байдал” (Олон улс -193) гэсэн хураангуй нэртэй 42хх буюу В7 форматаар 950 хуудас бүтээлийг туурвисан.
Дотоод хэргийн их сургуулийн ахлах офицеруудын дунд зохион байгуулсан “Ахлах офицерын манлайлал ба удирдах ур чадвар” сэдэвт эрдэм шинжилгээний хуралд “Офицероор төрдөггүй, офицер болон төлөвшдөг” сэдэвт илтгэлээр тэргүүлж, улсын хэмжээнд энэ илтгэлээ хэлэлцүүлсэн.
Мөн удирдсан докторант Б.Мөнхбат “Монгол Улсын чөлөөт бүсийн аюулгүй байдал, хамгаалалт” сэдэвт диссертациа амжилттай хамгаалсан нь нөлөөлсөн байх гэж ойлгож байгаа.
Хоёр ч бүтээлээ Хууль зүй, дотоод хэргийн сайдын уламжлалт грант олгох шалгаруулалтад сойсон, битүүхэн хүлээлттэй л байна.
Эрхлэн гаргадаг “Хил судлал” сэтгүүл маань ШУА-ийн магадлан итгэмжлэлд тэнцэж, улсын чанартай сэтгүүлийн статусаа авах боломж бүрдсэнд баяртай байгаа.
Явсан газар, хийсэн ажлынхаа талаарх сонинг тухай бүр хамт олонтойгоо хуваалцах, мэдээлэл солилцох, таних мэдэхүйн зорилгоор аян замын тэмдэглэлийг бичиж нийтийн хүртээл болгож заншсан нь хамт олонд эергээр хүрч, хүлээдэг, хардаг, дэмждэг, урам хайрладаг бүтээлийн хэлбэр болон төлөвшсөнд таатай байна. Сүүлийнх нь 9 сард Жанчхүү яваад бичсэн “Жанчхүүгийн даваанд жанжин тугаа мандуулсан өдрүүдийн тэмдэглэл” байх шив дээ.
-Таны судалгааны ажлын гол арга барил юу вэ?
-Энэ жилийн эрдэм шинжилгээний хурлууд голчлон Дэлхийн хоёрдугаар дайн, түүний эхлэл болон төгсгөл болсон Халх голын болон Чөлөөлөх дайнтай холбоотой байсан учраас Монгол-Зөвлөлтийн хилчдийн оролцоог тодруулах нь зүйтэй юм байна, цэргийн судлаачид маань энэ асуудлыг хөндөн тавьдаггүй учраас энэ бол хилчин бидний үүрэг юм байна, бидэнд үлдээж буй хувь юм болов уу? гэж ойлгон сонгон ажилласан. Мэдээж, архивын бичиг баримт судлах, интернетийн хайлтын системүүдийг оновчтой ашиглах, эдгээр баримтуудын боловсруулалт, мөн шинжлэх ухаан, түүхийн үндэстэй дүгнэлт өгөх нь чухал учраас ихээхэн материал унших, харьцуулах нь үр дүнтэй байдаг гэх юм уу даа.
Миний судалгааны ажлын гол арга гэх юм уу хэд хэдэн бүтээл дээр зэрэг ажилладаг онцлогтой. Нэг нь мухардахад нөгөө рүү нь шилжин ажиллаж шинэ гарц, шинэ материал олдох үед нь буцаад өмнөхөө нухах зэргээр ойролцоо хугацаанд хэд хэдэн бүтээлтэй болчихдог.
Мэдээж, сургууль, хүрээлэн, төвийн удирдлага хамт олноос академик эрх чөлөөгөөр хангах, бичсэн материалыг стандартад оруулах, эх бэлтгэх, презентешин болгон хувиргах гээд олон зүйлээр тусалдаг. Цаг зав зарцуулсан чимхлүүр ажилд тусалж, үндсэн бүтээл дээрээ төвлөрөх боломж олгодог дэд хурандаа М.Ганбаатар, мөн ШШГС-ын төвийн эрдэм шинжилгээний ажилтан хошууч Цэнд-Аюуш нарт завшааныг ашиглан талархал илэрхийлье.
-Судалгаа, эрдэм шинжилгээний ажлын замнал тань анх хэрхэн эхэлсэн бэ?
-1996 онд БХИС-ийн харьяа ХЦДС-д томилогдон тэр цаг үеэс л эхэлсэн. Багшид магистр байх шаардлага яг өнөөгийнх шиг тавигддаг байлаа. Манай Хилийн албаны тэнхимийн эрхлэгчээр хурандаа Д.Батсүх ажиллаж байв. Анхны даалгавар маань орос хэлнээс нэг онолын чиглэлийн өгүүлэл орчуулах байсан. Чадан ядан орчуулаад хугацаанд нь өгтөл “Хилээр, хөдөөгүүр олон жил явсан хүн гэхэд овоо шүү дээ, болж байна, ахмад аа” гэж урам хайрласан нь эрдэм шинжилгээ судалгааны ажлын анхны татсан шан байсан. Энэ шанг өдий хэмжээний өргөн болоход дэмжиж тусалсан багш нартаа баярладаг.
-Шинэ судалгааны санаа танд хэрхэн “ирдэг” вэ?
-Судалгааны ажлын шинэ санаа, сэдэл нь тухайн асуудлын тулгамдаж буй, шийдлээ хүлээж буй цаг үеийн байдлаас, дотоод мэдрэмжээс урган гардаг гэх үү дээ. Сэдвээ сонгон зорилгоо тодорхойлоод л шийдлийн эрэл хайгуулд гарна шүү дээ. Хамт олон, мэргэжил нэгт нөхдүүдтэйгээ зөвлөх гээд ажил ундарна.
-Судалгааны ажлаа эхлэхдээ юуг хамгийн чухал гэж үздэг вэ?
-Цаг үетэйгээ холбогдсон нийцтэй байх, ямар нэгэн шийдлийн хүлээц үүссэн байх, судалгаа бодит, шинжлэх ухааны үндэстэй, практик хэрэгцээнд нэвтрэх, хэрэгжих боломжтой байхыг чухалчилдаг.
-Өдөр тутамдаа хийдэг дадал бий юу?
-Сэдсэн, эхэлсэн, эхлүүлсэн ажлаа дуусгахын тулд өдөр тутам тасралтгүй ажиллах, ядахдаа л ганц нэг ч атугай өгүүлбэр ч нэмж байх нь зүйтэй байдаг.
-Залуу судлаачидтай ажиллахдаа юуг хамгийн чухалд үздэг вэ?
-Залуу судлаач, эрдэмтдэд “Эрдэмтэн болох амархан харин эрдэмтэн байх хэцүү шүү” гэдгийг л үргэлж захимаар байдаг. Эрдмийн зэрэг хамгаалчихаараа л эрдэмтэн болчихлоо гэдэг төөрөгдөлд зарим залуус ордог. Хэн нь ч бай хэний унаанд дайгдаж, газар дөхсөнөө санаж явах л ёстой юм. Эхлээд хамт ажилладаг микро хамт олондоо хүлээн зөвшөөрөгдөх, цаашлаад сургуульдаа, салбартаа, Монголдоо, гадаадад бүтээлээрээ танигдан хүлээн зөвшөөрөгдөх ёстой.
-Судалгааны явцад тулгардаг бэрхшээлүүдийг та яаж шийддэг вэ?
-Бэрхшээл гэвэл судалгааны ажилд зарцуулах зардал, томилолтын асуудал хүндрэлтэй, голчлон хил явдаг учраас хилчдийнхээ, шавь нарынхаа ивээл хайр, хүндэтгэл, хилчин заяандаа л найдаж явдаг гэх үү дээ.
ҮАБЗ-ийн захиалгат судалгааны ажил бол арай өөр, санхүүжилт нь үр дүнгээр тухай бүр олгодог тул ажиллаад л байхаас өөр аргагүй, мөн өөрсдийгөө харуулах, таниулах өргөн боломж олгодог.
-Судлаач болохыг хүссэн залуус эхний алхмаа юунаас эхлүүлэх ёстой вэ?
-Мэдээж зорьсон хүсэл, тавьсан зорилгодоо үнэнч, туйлбартай байх, тасралтгүй эрэл хайгуул хийх, холбогдох ном бүтээлтэй нөхөрлөх, өөрийн гэсэн хувийн номын сантай байх, мэргэжлийн түвшний гадаад хэлтэй байх, тэвчээртэй сууж сурах зэрэг нь чухал болохыг зөвлөх байна.
-Судалгааны ажлын үнэ цэн, утга учир нь юу вэ?
-Судалгааны ажлын үнэ цэн нь практикт нэвтрэн хэрэгжиж, дэвшүүлсэн асуудал маань мэдлэгээс бодит үр дүн болон хэрэгжих мөч юм даа.
-Судалгааны тань үр дүнд салбарын хөгжилд өгсөн бодит өөрчлөлт бий юу?
-“Монгол Улсын Хилийн төлөөлөгч, түүний үйл ажиллагааг боловсронгуй болгох нь” докторын диссертацын ажлын дүн Хилийн албаны хавсарга мэт байсан хилийн төлөөлөгчийн ажиллагааг бие даасан хил хамгаалалтын арга болон төлөвшихөд тодорхой хувь нэмрээ оруулсан гэж үзэж байгаа. Мөн ҮАБЗ-ийн захиалгат “Хил орчмын газар усны уламжлалт түүхэн нэрийн өөрчлөлт Үндэсний болон Хилийн аюулгүй байдалд нөлөөлөх нь” сэдэвт судалгааны ажлын үр дүнгээр гэх үү ямар ч байсан газар усны нэр, багуудын нэрийг өөрчилсөн, казакчилсан Баян-Өлгий аймгийн 10 орчим албан тушаалтнууд хуулийн хариуцлага хүлээсэн нь энэ мэт газар усны нэрийг өөрчлөх, дураар авирлах явдлыг хязгаарлах, хазаарлахад тус нэмэр болсон гэж ойлгож байна.
“Буйр нуурт живсэн техник хэрэгслийг татан гаргах ажиллагаа ба экологийн аюулыг байдлыг хангах нь” инновацийн төслийн хэрэгжилтийн үр дүнд нуурт живсэн техник хэрэгсэл, загасны торыг татан гаргаж хилийн болон экологийн аюулгүй байдлыг хангахад дорвитой хувь нэмэр болно гэсэн хүлээлттэй байгаа зэрэг болно.
-Судлаач хүний ёс зүйг та юугаар тодорхойлох вэ?
-Судлаач хүн судалгааны ажлын арга зүйн чиглэлээр ямар ч шинжлэх ухааны салбар, чиглэлээр зөвлөгөө өгөх чадвартай байх, өөрөө их уншдаг байх төдийгүй холбогдох зүйлийг хаанаас олж уншихыг шавь нартаа зөвлөдөг байх хэрэгтэй. Сайн багш бол мэддэг зүйлээ заах бус мэдээллийг хаанаас олж болохыг заадаг хүнийг хэлдэг. Судлаач хүн байнгын хөгжиж, биеэ даан боловсорч, үргэлж сурч, шавь нараасаа харилцан суралцаж байхыг шаарддаг, зогсонги байдлыг тэвчдэггүй хөдөлмөр гэж болно.
-Таны ажилдаа баримталдаг зарчим юу вэ?
-Нийгэмд хэдийгээр шударга ёс алдагдсан хэдий ч аливаа асуудалд аль болох шударгадуу хандахыг чармайдаг. Энэ нь зарим хүмүүст таалагддагүй бололтой байдаг ч өөрийн баримталдаг зарчмаас ухрах бодолгүй байдаг даа.
Ахлах дэслэгч Д.Дайрийжав