ОНОЛЫН НЯМСҮРЭН БУЮУ ОНОЛООР ОВОГЛОСОН БАГШ

Огноо: 2023-12-30
ОНОЛЫН НЯМСҮРЭН БУЮУ ОНОЛООР ОВОГЛОСОН БАГШ
ОНОЛЫН НЯМСҮРЭН БУЮУ ОНОЛООР ОВОГЛОСОН БАГШ

"Тэнэсэн сум байндаа"

Ч.Нямсүрэн багш бол Засагт ханы зартай хөх харчуулын нэг. Түүний аав Говь-Алтай аймгийн Чандмань сумын харьяат бол ээж нь Бугат сумынх. Харин тэр нагац өвөөдөө бараа болж, хонь мал хариулан Бугат суманд хүүхэд насаа өнгөрүүлжээ.

Багадаа эх орныхоо аюулгүй байдлыг сахин хамгаалж, төр, түмнийхээ төлөө зүтгэх андгай тангараг өргөсөн цэргийн алба хаагч болохыг хүсдэг байсан ч Говь-Алтай аймгийн хоёрдугаар арван жилийг төгсөж, мэргэжил сонгох болоход мөрөөдөж байсан цэргийн ангийн хуваарь нь ирээгүй аж. Тэгэхээр нь Монгол Улсын Гавьяат зоо техникч аавынхаа ятгалгаар Хөдөө аж ахуйн их сургуулийн Барилгын инженерийн ангид шалгалт өгсөн боловч бүтэлгүйтжээ.

Түүний оюутан болох, тэр дундаа офицер болох мөрөөдөл бүтэлгүйтсэн учир хугацаат цэргийн албанд мордсон байна. Цэрэгт иртэл эвлэлийн ажилтны курст суулган бага дарга цол олгож, заставын эвлэлийн үүрийн даргаар томилжээ.

Багаас дуунд дуртай, хөгжимд эвсэлтэй тэрээр авьяаслаг цэргүүдийг шигшиж, хилийн заставт анх удаагаа цахилгаан хөгжмийн хамтлаг байгуулсан аж. Цахилгаан битгий хэл банзан гитар ч нүдний гэм байсан тухайн цаг үед тэд мод, төмрөөр цахилгаан хөгжим бүтээсэн нь түүнийг “Тэргүүний эвлэлийн үүрийн дарга” болгож, гадаадад суралцах урилгаар шагнуулсан байна.

Тэр жил цэргүүд хугацаанаасаа орой халагджээ. Шинэ цэргүүдээ угтаж авчихаад урилгаа бариад суралцахаар очтол ЗХУ-д суралцах хүүхдүүдийн материалуудыг хэдийнэ явуулсан учир хоцорчихож. Нэгэнт хожимдож, ЗХУ-д суралцах боломжгүй болсон түүнд гурван санал тавьсан байна.

Эхнийх нь хил рүү буцах, хоёрдугаарт хилийн цэргийн аж ахуйд бага дарга болох, сүүлийнх нь НАХЯ-ны харьяа Цэргийн тусгай дунд сургуульд суралцах байв. Тэр огтхон ч эргэлзэхгүйгээр суралцахыг сонгосноор Цэргийн тусгай дунд сургуулийн Хилийн цэргийн ангийн сонсогч болжээ. Сонсогч болоод эвлэлийн үүрийн ажлаа үргэлжлүүлж, төгстлөө ротын эвлэлийн үүрийн даргаар ажилласан байна.

Эх орныхоо үүдийг сахиж, тулганы галыг манана гэдэг хэн бүхэнд олдохгүй ховорхон хувь тавилан. Тэр тусмаа дархан хилийн сүлдэт баганын дэргэд мандах нарыг угтаж, эх орон тайван амгаланг илтгэж байгаад ирсэн байлдагчид хилчин офицер болно гэдэг эх орноо хайрлах агуу хайр, асар их үүрэг хариуцлага байв. Гэтэл түүний сонирхлыг хууль эрх зүйн мэргэжил татаж, эх орныхоо аюулгүй байдлын манаанд зогсоно гэдэг хил манахтай зэрэгцэх чухал алба санагдаж, тэр хуулийн анги руу шилжжээ.

Ингээд 1980 онд сургуулиа хуульч мэргэжлээр төгсөж, дэслэгч цол зүүн ЗХХБУГ-т томилогдсон байна. Тэнэсэн сум байндаа гэгчээр эцэст нь тэр багын мөрөөдлөө биелүүлж, цэргийн офицер болоодохов.

НАМД БАЙХ ГАВЬЯАГҮЙ ХҮН

Тэр багын бичиж найруулах авьяастай, шүлэг найраг сонирхдог хүүхэд байв. Сонсогч байхдаа “Эх орон” шүлгээ алдарт “Эх орны манаа” сонинд нийтүүлж тэрүүхэндээ л “оодорч” явсан намтартай. Тэгтэл сургуулиа төгсөж, томилолт өвөртлөх болоход түүнийг ЗХХБУГ-т сурвалжлагч, сурган хүмүүжүүлэгчээр томилжээ. Тэр сурвалжлагчийн ажлыг таван жилийн хугацаанд хийж, засан хүмүүжүүлэх чиглэлээр олон арван нийтлэл бичсэн аж.

Ингээд 1984 онд ЗХУ-ын ДЯЯ-ны Улс төрийн дээд сургуульд суралцахаар Ленинград хотыг зорьжээ. Тэнд таван жил онц суралцаж, хуульч, улс төр судлаач, улс төрийн ажилтан мэргэжил эзэмшээд иртэл нь түүнийг өөрийн гэсэн тодорхой байр суурьгүй, намд байх гавьяагүй гээд намд элсүүлэхээс татгалзсан байна. Шалтгаан нь түүнийг Улс төрийн дээд сургуульд суралцаж байх үед ЗХУ-д өөрчлөн шинэчлэлтийн салхи сэвэлзэж, нэг багш орж ирээд марксизмыг муулдаг, нөгөөх нь орж ирээд магтдаг байж. Тэр оюутан болохоороо магтсан багшид нь магтаж яриад, муулсанд нь муулж яриад онц аваад байсан нь түүнийг “хорлосон” байв.

Хамт төгсөж ирсэн залуус нь намын комиссын дарга, улс төрийн орлогчоор томилогдсон бол Ч.Нямсүрэн ганцаараа төлөөлөгчөөр томилогдож, хөдөө цөлөгджээ. Гэтэл нэг жилийн дараа Монгол Улсад ардчилсан хувьсгал ялж, нийгэм өөрчлөгдөв. Намын комисс, улс төрийн аппаратыг татан буулгаснаар түүний ангижавууд өөр ажил эрэлхийлж, харин тэр нийслэлд татагдан иржээ. НАХЯ-ны Засан хүмүүжүүлэх хөдөлмөрийн газарт байцаагч, зааварлагчаар ажиллаж байтал нь 1991 оны аравдугаар сард Цэргийн дээд сургуульд багшаар томилсон байна.

“Тухайн үед Цэргийн дээд сургуульд ажиллаж байсан багш нарыг би хатан зоригтнууд гэж нэрлэнэ” хэмээн Ч.Нямсүрэн багш өгүүлэв. Учир нь өөрчлөн шинэчлэлтийн дараа багш нарын тал нь улс төр, наймаа арилжаа хөөж, албандаа үнэнч цөөн хэд нь галаа сахиж үлдсэн байжээ. Улс орон ядуу тарчиг, сургууль халаалтгүй, сонсогчид хувцасгүй, цалин маш бага хүнд цаг үед албандаа үнэнч, шавь нартаа хайртай тэдгээр хатан зоригтнуудын ачаар Цэргийн дээд сургууль гал залгуулсныг Ч.Нямсүрэн багш онцлов.

ДХИС-ИЙН ЭРХ ЗҮЙН ОНОЛЫН ДЭГ СУРГУУЛИЙГ ҮНДЭСЛЭГЧ

Түүнийг Цэргийн дээд сургуульд багшаар томилогдоод ирэхэд нь “Төр, эрх зүйн онол” хичээлийг заахыг даалгажээ. Өөрчлөн шинэчлэлтийн нөлөөгөөр манай улс эрх зүйн онол, соёл, ухамсар, үзэл санааны хямралд орж өчигдөрхөн зааж байсан “Марксист төр эрх зүйн онол” үгүй болж, юу заахаа мэдэхгүй, сурах бичиг, гарын авлага гэж юу ч байхгүй хүнд цаг үе байв. Энэ үед түүнийг хойно сурдаг байхад марксизмыг муулж ярьдаг байсан багш нарын онол, үзэл суртал “аминд оржээ”. Тэр ЗХУ-д саяхан төгссөн, марксист төрийн сайн, мууг харьцангуй их сонссон, хамаагүй шинэ мэдлэгтэй байв.

Мөн орос хэл дээр нийтлэгдсэн либерал маягийн өгүүллүүдийг уншиж, дүн шинжилгээ хийж, дэлхийн улс орнуудын эрх зүйн онол, хууль зүйн шинжлэх ухааны үзэл санааг тусгасан цоо шинэ зүйлийг оюутнууддаа ярьж, зааж байжээ. Түүний хичээлийг сонсоод “Багш аа та ийм зүйл ярьж болж байна уу” хэмээн сэрэмжлэх оюутан ч байж.

Тэр хичээлээ заахын хажуугаар шинэ Үндсэн хуулийг бүтээх ажлын хэсгийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх, эрүүгийн чиглэлийн хэд хэдэн хуулийн төслүүдэд орж ажиллаад амжив.

Ч.Нямсүрэн багш 1995 онд “Эрх зүй, төрийн онолын зарим асуудал” номоо хэвлүүлсэн нь энэ чиглэлээр бичигдсэн анхны бүтээл болсны дээр салбарынхандаа хүлээн зөвшөөрөгдөж, хуульч мэргэжлийн “Цагаан толгой” хэмээн үнэлэгдсэн байна. Төр, эрх зүйн онолын чиглэлээр ямар ч гарын авлага байхгүй үед тэр цоо шинэ бүтээл туурвисан нь 2001 онд хууль зүйн их, дээд сургуулийн “Тэргүүний сурах бичиг”-ээр шалгарч, нэмэлт засвартайгаар хэд хэдэн удаа хэвлэгдэж байжээ.

Түүний дараагаар 2010 онд “Эрх зүйн ерөнхий онол” бүтээлийг туурвисан байна. Энэхүү бүтээлийг “Зүй тогтлоор салангид тусгаар хөгжиж байгаа эрх зүйн салбар онол, хууль зүйн практикийн ололт амжилт, тэргүүлэх үзэл санааг нэгтгэн дүгнэж, эрх зүйн жам ёсны, нормативизм, эрх зүйн социологийн онол үзэл баримтлалын огтлолцол, харилцан хамаарал, ойртон нягтарч, бие биеэ нөхөх хандлагыг дэлхий нийтээр хүлээн зөвшөөрч байгаа интегратив үзэл санааны үүднээс бичиж хэвлүүлсэн эрх зүйн онолын анхны томоохон бүтээл” болохыг зарим эрдэмтэд эрдэм шинжилгээний өгүүлэлдээ цохон тэмдэглэсэн байдаг. Мөн “ДХИС-ийн эрх зүйн онолын орчин үеийн дэг сургуулийг үндэслэгч нь хууль зүйн ухааны доктор, профессор Ч.Нямсүрэн юм” хэмээн тодорхойлсон нь бий.

Нэг голлох багшийн үзэл суртлыг багадаа 3 үе дамжин авч явахыг дэг сургууль шаарддаг бол Ч.Нямсүрэн багшийн боловсруулсан эрх зүй, төрийн онолын хичээлийг өдгөө 5 дахь үедээ зааж байгаа аж. ДХИС төдийгүй хууль зүйн болон нийгмийн ухааны чиглэлийн их дээд сургуулиудад хүлээн зөвшөөрөгдөж, хөтөлбөрт нь албан ёсоор ороод багагүй хугацааг үдэж байгаа гэхээр ДХИС-ийн эрх зүйн онолыг үндэслэгч нь Ч.Нямсүрэн гэдэгтэй маргах хүн үгүй биз.

Ч.Нямсүрэн багш 2013 онд “Гэмт хэргийн хохирогчийн эрх зүйн байдлын зарим асуудал” сэдвээр хууль зүйн ухааны докторын зэрэг хамгаалсан байна.

ШАВЬДАА ХАЙРТАЙ БАГШ

Монголчууд хал нь гаднаа, хайр нь дотроо гэж ярьдаг. Харин Ч.Нямсүрэн багш гаднаа ч, дотроо ч шавь нартаа хайртай, ээлтэй байхыг эрхэмлэдэг гэнэ.

“Би хичээл дээр зүүрмэглэсэн, унтаж байгаа оюутныг загнадаггүй. Хоногийн харуул манаа, жагсаалын бэлтгэл гээд хэцүү шүү дээ, сонсогчийн амьдрал. Харин хичээл үймүүлэх юм бол ёстой “тайрч” өгнө дөө. Тэнд ойлгох гээд, сонсчих гээд сууж байгаа хоёр гурван хүүхэд байгаа. Хуульч болох гэж байгаа хүн хүний эрхийн маш өндөр мэдрэмжтэй байх хэрэгтэй” хэмээн Ч.Нямсүрэн багш өгүүлэв.

Ч.Нямсүрэн багш шавь нартаа сулхан, багш нарт өндөр шаардлага тавьдаг гэнэ. “Би шавь нараа ихэд хүндэтгэдэг. Шавь нар бол надаас суралцаж байгаа хүмүүс. Харин багш нар бол миний цэргүүд. Асар том зааг ялгаатай” гэлээ.

Хэрэв шавь нар төгссөн хойноо ч шаваад л байвал өөрийгөө зөв багш байна гэж ойлгох хэрэгтэйг Ч.Нямсүрэн багш онцлов. Тэрбээр мөн мэдэхгүй байгаагаа шавиасаа нуудаг багш, ойлгоогүйгээ багшаасаа нуудаг шавь байж болохгүйг тэмдэглэлээ. Хүн бурхан биш болохоор бүх зүйлийг мэдэх боломжгүй. Тэгэхээр мэдэхгүй байна гэдэг хэвийн үзэгдэл аж.

“Багш, шавийн дундаас мэдлэг үүсдэг. Багшийн мэдэхгүйг шавь мэддэг байж болно. 100 хүүхдийн толгой багштай нийлэхэд гайхалтай мэдлэг бий болно шүү дээ. Нийлээд мэдлэгийг бүтээхээр шавь нар бүтээлч болно.

Манай сонсогчдод багштай маргаж болохгүй гэдэг ойлголт суучихсан. Сонсогч, оюутнууд үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж, багшийн заасан хичээлийг шүүмжилж болно. Шавийн үзэл бодлыг багш хүндэтгэх хэрэгтэй. Шавьд мэдлэг олгох нь чухал болохоос өөртэйгөө ижилхэн үзэл бодолтой байхыг багш шаардаж болохгүй. Багшаас зөрсөн хүүхэд болгон муу биш. Багшаасаа үндэслэлтэй зөрж, олон юм харьцуулаад хэлбэл гоё шүү дээ” хэмээн Ч.Нямсүрэн багш ярив.

Тэрээр тэнхимийн эрхлэгч байхдаа шинэ багш ажилд авахдаа дамжуулах чадварыг нь онцолж хардаг байснаа ярилаа.

“Сайн багш гэж бусдад ойлгуулах, шавь нартаа өөрийн мэддэг, чаддагаа дамжуулж өгөх чадвартай хүнийг хэлнэ. Өөрөө өндөр их мэдлэгтэй, ном сэтгүүлд маш гоё бичдэг атлаа хичээл заахаар хүнд хүрдэггүй, өгөөж муутай, эвлэж өгдөггүй “төмөр дэлэнтэй” багш гэж бий. Эсрэгээрээ ишигтээ ч сүү үлдээлгүй бүгдийг нь өгчихдөг “зусаг ямаа шиг” өгөөжтэй, сэтгэлтэй багш нар бий. Багш хүн бол зусаг ямаа шиг л мэддэг, чаддагаа бүгдийг нь шавьдаа шавхаад өгөх сэтгэлтэй байх хэрэгтэй. Дамжуулах өндөр чадвартай байхад мэдлэг бол яах вэ, уншаад заагаад байхад цагийн аясаар сүү шиг эвлээд л ороод ирдэг юм” хэмээв.

Ч.Нямсүрэн багшийн тухай 1996 оны төгсөгч Г.Хэрлэн: “Багш маань маш зөөлөн дөлгөөхөн хүн. Хичээл дээр ярилаа гэж аашлах нь үгүй. Гэсэн ч Ч.Нямсүрэн багшийн хичээл дээр бид бүгд нам гүм байж хичээлийг нь шимтэн сонсдог сон.

Бид 1992 онд нийгэм, цаг үе өөрчлөгдөж, Монгол Улс шинэ тогтолцоонд шилжсэн маш хүнд хэцүү цаг үед сонсогч болж байлаа. Нийгэм, цаг үе хүнд хэцүү байсан ч нөгөө талаар бид их азтай оюутнууд. Монголын сор болсон шилдэг багш нараар хичээл заалгасан. Тэдний нэг нь яах аргагүй Ч.Нямсүрэн багш. Өнөөдөр эрхэм багшийн минь олон шавь хуулийн байгууллагыг удирдаад явж байна. Багш минь их олон сайн шавь, сайн хуульчдыг төрүүлсэн гавьяатай. Ийм эрхэм хүнээр хуульчийн “А” үсэг болох эрх зүйн онолын хичээлийг заалгасан бид их азтай” хэмээн дурсав.

Ч.Нямсүрэн багшийн шавь нараас өдгөө генерал цолтон тав төржээ. “Доктор, хурандаа нар бол тоогоо алдсан. Манай сургуульд л гэхэд П.Батбаатар, Д.Эрдэнэбаатар, Б.Эрдэнэбат, Г.Буянхишиг, Ц.Азбаяр, Б.Энхбаяр, Ш.Ариунбилэг гээд хурандаа нар хөвөрч өгнө. Сая дурдсан хурандаа нарын талаас илүү нь доктор гээд бод” хэмээн Ч.Нямсүрэн багш онгирохдоо “Хүүхэд хэчнээн том болсон ч аав ээждээ нялхаараа харагддаг шиг шавь хэдий дарга боллоо ч багшдаа оюутнаараа л үлддэг. Миний нүдэнд бол нөгөө л сахилгагүй залуучууд харагдаад байдаг юм” хэмээн шавь нараараа омогшив.

ХУУЛЬ ЗҮЙН АЛБАНЫ ХОШУУЧ

Ч.Нямсүрэн багшийн цэргийн амьдрал хил манаснаар эхэлж, шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны цол зүүснээр үргэлжилсэн байдаг. Харин дараагаар нь Цэргийн дээд сургуульд багшилж, цагдаагийн албан хаагчдыг бэлтгэх болсноор дахиад л өөрчлөгджээ.

Тэрбээр Шүүхийн шийдвэрийн ахмад цолтой байхдаа Цэргийн дээд сургуульд багшаар томилогдон иржээ. Тухайн үед офицеруудын хувийн хэргийг харьяа ерөнхий газраас нь байгууллага руу нь шилжүүлсэн аж. Удалгүй буцаагаад ерөнхий газар луу татах болоход Ч.Нямсүрэн багшийн хувийн хэргийг ЦЕГ ч, ШШГЕГ ч аваагүй аж. Хошууч цол авах хугацаа нь болоход хувийн хэрэг нь олдоггүйн дээр цол өгөх газар ч тодорхойгүй байхаар нь Ч.Нямсүрэн багшийн уур хүрч “Ажлаасаа гарна” хэмээн “бужигнуулжээ”. Гэтэл маргааш нь Хууль зүйн яамнаас Ц.Нямдорж сайдын тушаалаар “Хууль зүйн албаны хошууч цол олгов” гэсэн тушаал ирсэн байна.

“Би өвөрмөц цолтой хүн шүү. Над шиг хууль зүйн албаны хошууч Монголд лав байхгүй дэг” хэмээн Ч.Нямсүрэн багш хөхрөв. Түүний хошууч цолны тэр тушаал одоо ч хувийн хэрэгт нь хадгалаастай байдаг аж. Энэ үйл явдлын дараагаар ЦЕГ-ын даргын тушаал гарч цолыг нь сэргээн цагдаагийн цол олгосон байна. Тэрбээр 2003 онд цагдаагийн хурандаа цол шагнагджээ.

“ХӨЛСӨӨ ДУСЛУУЛЖ ХӨДӨЛМӨРЛӨСНИЙХ ХӨДӨЛМӨРИЙН ГАВЬЯАНЫ УЛААН ТУГИЙН ОДОНТОЙ”

Ч.Нямсүрэн багш 1999 онд ЦЕГ-ын ЗУГ-ын Хүний нөөц сургалт арга зүйн хэлтсийн сургалт арга зүй эрхэлсэн дэд даргаар томилогдон ажилласан байна. Тухайн үед Цагдаагийн академийн элсэлтийн шалгалтыг анх удаа тестээр авах, анхны эрүүгийн болон дотоодын цэргийн хөтөлбөрийг боловсруулах ажилд оролцсон аж. Мөн давхар “Цагдаа” сэтгүүлийн эрхлэгчээр ажиллажээ.

Түүний дараагаар Цагдаагийн академид Эрүүгийн эрх зүй, Үндсэн хуулийн эрх зүйн тэнхимийн эрхлэгчээр ажилласан байна. Тэрбээр 1991 оноос хойш эрх зүйч мэргэжилтнийг бэлтгэх хугацаандаа Эрх зүйн онол, Төрийн онол, Эрх зүйн философи, Эрх зүйн социологи, Үндсэн хуулийн эрх зүй, Хууль зүйн техник, Гэмт хэргийн хохирогч судлал зэрэг хичээлийн агуулга стандартыг цоо шинээр боловсруулж сургалтанд нэвтрүүлсэн гавьяатай.

Ч.Нямсүрэн багш 2007-2018 оны хооронд Улсын дээд шүүхэд Судалгааны төвийн захирал, практик судлалын хэлсийн дарга, “Монголын төр, эрх зүйн сэтгүүл”-ийн эрхлэгчээр ажилласан байдаг. Тус хугацаанд хамт олныг удирдан зохион байгуулж, шүүхээс хууль тайлбарлах, зөвлөмж гаргахад арга зүйн болон эрх зүйн онолын туслалцаа үзүүлэх, холбогдох судалгааг хугацаанд нь чанартай хийж, гадаад дотоодын зохистой мэдээ, мэдээллээр хангахад голлох үүрэгтэй оролцож байжээ.

Тэрбээр 2018 онд төрөлх сургуульдаа эргэн ирж судлаачаар болон Докторын зэрэг хамгаалуулах зөвлөлийн гишүүнээр ажиллах болсон юм. Түүнчлэн ДХИС-ийн болон бусад хууль зүйн дээд сургуулиудад докторантур, магистрантурын ангид мэргэжлийн чиглэлээр олон хичээл заахын хамт, докторант, магистрантууд, багш, профессор нарт эрдэм шинжилгээний ажлын онол, арга зүйн зөвлөгөө өгч доктор, профессор багшийн үүргээ нэр төртэй биелүүлж явна.

Ч.Нямсүрэн багш төр, нийгэмдээ нийт 47 жил ажиллажээ. Энэ хугацаанд сурах бичиг 10, нэг сэдэвт бүтээл 2, гарын авлага 4, хянан тохиолдуулсан болон редакцын зөвлөлд орж ажилласан бүтээл 8, эрдэм шинжилгээний өгүүлэл, илтгэл 40 орчмыг бичиж туурвиснаас түүний бүтээлүүд ОХУ, АНУ, БНХАУ, Украин, Латви улсад хэвлэгдсэн аж. Тэрбээр мөн 20 гаруй судалгааны төсөлт ажилд оролцож, хууль зүйн доктор хоёр, 60 гаруй магистр судлаачийг удирдан хамгаалуулжээ. Түүнчлэн өөрийн оюуны хүч, хөдөлмөрийн үр шим болох “Эрх зүйн ерөнхий онол” номынхоо хэвлүүлэх, борлуулах, захиран зарцуулах эрхийг Их сургуульдаа шилжүүлсэн гавьяатай, эрдэм судлал, сурган хүмүүжүүлэх ажилдаа амжилт бүтээлээр арвин, нөр их хөдөлмөрч, баялаг түүх, намтартай эрдэмтэн судлаач юм.

“Хөлсөө дуслуулж 47 жил улсад ажилласных Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонтой” хэмээн бахдал дүүрэн өгүүлэх Ч.Нямсүрэн багшдаа урт насалж, удаан жаргахыг ерөөе.

Дэслэгч Д.Дайрийжав

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.108)
АНХААРУУЛГА: Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Facebook
Youtube
Instagram