Б.БОРОО

Огноо: 2026-05-05
Б.БОРОО
Б.БОРОО

Бороо өдөр бүр манай өрөөнд өглөөний шинэ сонин авчирч өгдөг. Сонин өгөх, авах энгийн ажлын харилцаатай бид хоёрт нэг өглөө хамт кофе ууж, тайван ярилцах боломж гарсан юм. Тэр өдөр Бороо хийж байгаа болон цаашид хийхээр төлөвлөсөн ажлуудаа хуучлахад нь “Зарим мэргэжил хүнийг өөрөө сонгодог юм байна” гэх бодол өөрийн эрхгүй төрсөн билээ.

Уран зохиол, сонин сэтгүүлийн танхимын номын санч, дэд ахлагч Б.Бороогийн хувьд номын санч байна гэдэг зүгээр нэг ном эмхэлж, уншигч бүртгэх ажил биш. Харин цаг үетэйгээ хамт хөгжиж, мэдлэгийн урсгалаас хоцрохгүй байх өдөр тутмын хичээл зүтгэл ажээ. Номын сан бол багш, алба хаагч, сонсогч, суралцагчдыг мэдлэгийн эх сурвалжаар хангадаг чухал орон зай. Тиймээс номын санч хүн өөрөө байнга уншиж, судалж, өөрийгөө хөгжүүлж байх шаардлагатай гэж тэр үздэг. Цагийн менежмент, хувийн зохион байгуулалт сайтай байвал энэ ажил асар их боломж нээдэг гэдгийг ч онцолж байлаа.

Бороо ажлын гараагаа Увс аймгийн Төв номын сангаас эхлүүлжээ. Тус номын сангийн дэргэдэх Америк соёл, мэдээллийн төв байгуулагдахад анх номын санчаар ажилласан байна. Хамт олон, удирдлагынхаа дэмжлэгтэйгээр англи хэл сурах орчныг бүрдүүлж, соёл олон нийтийн болон сайн дурын олон арга хэмжээ зохион байгуулжээ. Мөн “Unlimited” номын клубийг байгуулж, залуусыг унших дадалд уриалж, өөрийгөө хөгжүүлэхэд нь дэмжлэг үзүүлсэн байна. Түүнчлэн төрөлх Наранбулаг сумынхаа оюутан залуустай хамтран дотуур байранд нь номын сан байгуулж, мэдлэгийн жижигхэн ч гэсэн орчныг бий болгож чаджээ.

Өөрөө хөгжиж байж бусдад бодитой хувь нэмэр оруулна гэдгийг ойлгосон Бороо нэгэн өглөө нийслэлийг зорьсон байна. Тэрээр Олон улсын Улаанбаатар сургуульд номын санчаар ажиллаж, магистрын хөтөлбөрт суралцжээ. Тус сургуульд ажиллах хугацаандаа “LC-Амьдрал цэнэглэгч” номын клубийг байгуулж, хүүхэд багачуудын дунд унших соёлыг түгээхэд идэвхтэй ажилласан аж.

Өдгөө тэрээр Дотоод хэргийн их сургуульд ажиллаж, “Уншигч” номын клубийг санаачлан байгуулсан юм. Түүний зорилго тодорхой. Тэр очсон газар бүртээ номын клуб байгуулж, хүүхэд залуусыг унших дадалд уриалдаг. “Хүн уншиж байж л урагшилна. Миний хүсэл бол хүүхэд, залуустайгаа хамтдаа хөгжих. Тэдэнд миний хэрэг байгаа, би ч бас тэднээс суралцана” хэмээн Бороо ярилаа.

Бороогийн нэг онцлог нь уншигчдад ном санал болгохдоо заавал ярилцдаг явдал. “Та яг одоо ямар ном уншихыг хүсэж байна вэ? Танд юу хэрэгтэй байна?” гэж асууж, тухайн хүний хэрэгцээ, сэтгэл санаанд тохируулан зөвлөдөг. Түүний хувьд ном бол зөвхөн сургалтын хэрэглэгдэхүүн биш, харин амьдралын ухаан, сэтгэлийн амар тайван, хувь хүний хөгжлийн эх сурвалж юм.

Тэр өөрөө ч унших дадлаа хэвшүүлж, уншсан номоо тэмдэглэн “Эерэг бүхнийг бусдад түгээцгээе” уриатайгаар цахим орчинд хуваалцдаг. Нэг ч гэсэн хүн санаа авч, уншиж, амьдралдаа хэрэгжүүлээсэй гэсэн хүсэл нь түүний ажлын гол утга учир аж.

Бороогийн итгэл үнэмшил энгийн. Унших дадал нэг өдөрт бий болдоггүй. Өдөр бүр бага багаар уншиж хэвшсэнээр хүн өөрийгөө өөрчилж чадна. Номын санчийн ажил түүнд насан туршдаа суралцах боломжийг өгчээ. Харин тэр энэ боломжийг бусадтай хуваалцаж, унших соёлыг түгээхийг өөрийн амьдралын үнэт зүйл болгосон байна.

Чимээгүй хэрнээ тууштай, даруухан атлаа нөлөөтэй энэ ажлаараа Бороо олон хүний хөгжилд хувь нэмрээ оруулж яваа юм. Өдөр бүрийн хөдөлмөр нь үр шимээ өгч унших соёлыг түгээн дэлгэрүүлэх их үйлс нь улам өргөжин тэлэх болтугай.

 

Ахлах дэслэгч Д.Дайрийжав

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.108)
АНХААРУУЛГА: Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Facebook
Youtube
Instagram