“Эрдмийн далай” сонин энэ удаагийн дугаартаа НАХЯ-ны харьяа Цэргийн тусгай дунд сургуулийн 1977 оны онц төгсөгч, хошууч генерал Ч.Амарболдыг урьж ярилцлаа.
-Цэргийн тусгай дунд сургуулийн сонсогч болсон түүхээс тань ярилцлагаа эхэлье.
-Тухайн үед ЗХУ, Герман зэрэг гадны оронд суралцах сонирхол хүүхдүүдийн дунд түгээмэл байсан. Харин надад гадаад явах сонирхол байгаагүй. Хэдий төрөл садан биш ч хоёрхон сартайгаас минь хамт амьдарч өсгөж, өндийлгөсөн өвөөдөө хоргодсон байх. Нөгөөтэйгүүр Нийгмийг аюулаас хамгаалах яам, цагдан сэргийлэх, арми, гадаад харилцааны системд насаараа ажилласан аавыгаа харж өссөн минь томоохон нөлөө үзүүлсэн.
Цэргийн ерөнхий дээд сургуулийн хуулийн ангид орохоор зорьж бэлдсэн ч тэр жил элсэлт аваагүй юм. Тэгтэл азаар Намын төв хорооны шийдвэрээр НАХЯ-ны харьяа Цэргийн тусгай дунд сургууль байгуулагдаж анхны элсэлтээ авсан. Тэгээд шалгалт өгтөл тэнцэж 1974 онд тус сургуулийн анхны сонсогч болж байлаа.
Миний ээж насаараа Монгол банканд ажилласан нягтлан бодогч хүн. Эгч маань ч нягтлан. Намайг санхүүгийн сургуульд нягтлангаар сурахыг ятгадаг байсан. Гэрээр дүүрэн сампин бужигнуулаад яах вэ, би болохгүй гэсэн.
-Шинэ сургуулийн анхны сонсогч болсон үеэ эргээд дурсвал?
-Бидний 70 гаруй сонсогч Туул голын эрэг дээр майхан бариад карантинд гарч билээ. Уг нь 45 хоногийн карантинд гарах ёстой ч сургуулийн байр ашиглалтад ороогүйгээс 11 дүгээр сар гартал карантилагдсан.
Бид өглөө бүр морин тойруулгыг гурван удаа тойрно. Дараа нь Туул голын мөсийг чулуугаар хагалж биеэ угаадаг байлаа. Хамгийн сонин нь тэр тасхийм усаар угаагаад ханиад ч хүрдэггүй байсан. Анх сүвээгээр таслах нь уу гэлтэй барьж байсан бүс карантин дуусах үед томдож, дахиж нүхэлж цоолсон гэхээр бүгд жигд жинтэй, горзойсон бор цэрэг эрс болсон байсан даа.
Энэ бол бидний цэргийн амьдралын хамгийн эхний том хичээл байлаа. Хатуужил, нөхөрлөл, сахилга батын том сургууль байсан.
Сургууль, сонсогчид, багш нар, даргалах бүрэлдэхүүн бүгд шинэ. Багш нар маань бидэнд л шинэ болохоос цагдаа, хилийн цэргийн шилдэг боловсон хүчнүүд байв. Зарим нь Цэргийн ерөнхий дээд сургуульд багшилж байсан туршлагатай, дарга нар нь ч тэнд курсийн дарга нар байсан. Захирал Я.Рагчаа хурандаа бол аюулаас хамгаалах, сэргийлэх, хилийн цэрэг гээд бүгдийг дамжсан, үлгэр дуурайл болсон удирдагч байлаа.
Сургалтын хувьд биднийг эхлээд “цэрэг болгож” сургадаг байв. Энэ нь дэлхийн жишиг юм билээ. Би 1993 онд Израильд очиход тэндэхийн цагдаа, цэргийн сургууль сонсогчдоо эхлээд цэрэг болгож сургадгийг харсан. Японд ч адилхан. Биеийн жинг нь жигдэлж, гүйлт, харайлт зэрэг цэргийн эрдэмд сургаад дараа нь хичээлээ заадаг. Гэтэл манай сургууль аль 1970-аад онд ийм маягаар дэлхийн түвшинд сургалт явуулж байсан нь үнэхээр бахархалтай.
-Таны сонсогчийн амьдрал хэрхэн өрнөдөг байв?
-Өглөө дасгал гимнастик, хичээл сургалт, үдээс хойш семинар, давтлага орно. Тэр үед хичээлийн байр маш хүйтэн, бид шинельтэйгээ суудаг байлаа. Үзэгний бэх хөлдчихдөг байсан гээд бод. Тийм байхад шинелтэйгээ хичээлээ давтаад суугаад л байдаг сан. Нойр хүрвэл гарч гүйж, турник дээр суниаж, модон морин дээгүүр харайж сэргээгээд л үргэлжлүүлэн хичээлээ хийнэ. Бид сонсогчийн байранд 3 жил байрласан. Хааяа нэгхэн амралтын өдрүүдээр чөлөөгөөр гарна.
-Та ямар хичээлд дуртай байсан бэ?
-Төр ба эрхийн тухай онол, эрүүгийн байцаан шийтгэх эрх зүй, цагдаагийн гүйцэтгэх ажил зэрэг хичээлд сонирхолтой. Маргаантай сэдэв олон учраас сонирхож хичээлээ хийдэг байсан. Эх зохиолуудыг улаан харандаагаар зураад л унших гэж оролдоно. Уншсанаа ангидаа семинар дээр ярина. Багш нартаа сайшаагдаж урамшина. Хүн ер нь урмын амьтан юм билээ.
Болгоомжгүй гэмт хэрэг, санаатай гэмт хэрэг, санаатай дотроо гэнэт үүссэн шууд санаа, урдаас төлөвлөсөн санаа зэрэг гэмт хэргийн зүйлчлэлийн асуудлыг дандаа бодит жишээн тайлбарлаж ярьдаг нь бидний сонирхлыг маш их татдаг байсан. Хичээлийг сонирхолтой заахаар хүүхдүүд дурлаад идэвхжээд байдаг юм билээ.
Танхимд онолын мэдлэг олгоод дадлагыг практикт маш сайн хийлгэдэг байсан. Эргүүлд явна, эрүүлжүүлэхэд хонож согтуу хүнд нулимуулна, халаасны хулгайчийг дагана гээд л бүх төрлийн дадлага хийнэ. Хууччуул, мундагчуудаас практикт ийм байдаг гэж заалгана.
-Багш нарынхаа талаар юу хэлэх вэ?
-Сайн багштай учирна гэдэг айхтар мундаг аз шүү. Тэр үед Тангадын Батсүх гуай Эрүүгийн эрх зүй ордог байлаа. Эрүүгийн эрх зүйн онолын талаар Совд, Содовсүрэн гуай нартай эн тэнцүү мундаг багш байсан. Аравдугаар анги дөнгөж төгссөн хүүхдүүдэд төр, эрхийн онолыг ойлгуулна гэдэг бэрх. Гэхдээ Цэргийн ерөнхий дээд сургуульд багшилж байсан Цэдэнсодном хурандаа бидний ой тойнд буутал заадаг байлаа.
Сайн багш нарын буян, хичээл зүтгэлээр бид маш сайн сурсан. Бүр дараа нь Москвад академид сурахад Цэргийн тусгай дунд сургуульд багш нарын маань заасан хичээлийг орж байсан юмдаг.
Багш нар маань тэнд төгссөн учраас үндсэндээ академийн сургалтыг бидэнд зааж байсан юм билээ. Өмнө үзчихсэн хичээлүүд учраас сурахад маш амар байсан даа. Тиймээс 5 жилийн сургалтыг 4 жилд сураад бүр аспирантурт элсэх эрхээр шагнуулж байлаа.
-Таныг сонсогч байхдаа цахилгаан хөгжмийн хамтлагийн гишүүн байсан тухай сонссон.
-Ээж маань гурван хүүгээ гадуур тэнүүлэхгүй санаагаар пионерын ордонд дугуйланд явуулдаг байсан. Би дөрөвдүгээр ангиасаа дууны, уран уншлагын гээд олон дугуйланд явсан. Эрэгтэй хүүхэд мөртлөө бүр оёдол ч сурч байлаа. Хонин холбоо, хөвөрдөх, шаглах гээд л. Манай аав, ээж хоёр гараар юм хийдэг хүн хамгийн сайн байдаг юм аа гэдэг сэн. Тийм болохоор багад маань гурил зуурах, элдэх, бууз чимхэх, мах эвдэх гээд бүгдийг зааж өгсөн нь насан туршийн л эрдэм болсон.
Хүн чинь сэтгэлийн хөгтэй амьтан. Би дууны дугуйланд явж байхдаа хоолой салгаж дуулахыг анх ойлгож байлаа. Бага зэрэг гитар оролдоно.
Манай доод талын курст “Улаан бүч” хүүхдийн чуулгын хөгжимчин байсан Л.Батбаяр ирсэн. Сүүлд би Галшарын төлөөлөгчийн ажлаа түүнд хүлээлгэж өгч байсан юм. Тэр хэдэн гитар, өсгөгч зэргийг олоод бид сургуульдаа цахилгаан хөгжмийн хамтлаг байгуулсан. Тэгээд бямба гараг бүрт Анагаах, Багшийн дээдийн оюутнуудтай бүжиг зохион байгуулахад Батбаяр, Тунгаа, Зоригоо зэрэг бидний хэдэн нөхөд хөгжимдөөд л зогсоно.
-Улсын баяр наадмын параданд Цэргийн тусгай дунд сургуулийн жагсаал орж ирэхэд иргэд алга нижигнүүлдэг байсан гэлцдэг?
-Бид Улаанбаатарын маршийн аварга байлаа. 16 км-ийн маршид бэлдэж 20 гаруй км тогтмол гүйж харайна. Адуу шиг л гүйдэг сэн.
Баяр наадмын параданд ч Улаанбаатар гарнизоны аваргаар удаа дараа тодорч долоо хоногийн орон нутгийн чөлөөгөөр шагнуулж байлаа. Бидэнд Москвад Хилийн цэргийн командын дээд сургуулийг онц дүнтэй, ахлах дэслэгч цолтой төгсөж ирсэн Ж.Дашням гэдэг гайхамшигтай дарга заадаг байлаа.
Дөнгөж байгуулагдсан сургууль марш, парадаар армийн урд гишгэнэ гэдэг том бахархал байсан шүү. Манлайлал эхэлчихэж байгаа юм. Манлайлаад эхлэхээр хүүхдүүд нь ч бадрангуй болчихдог. Багш нарын, дарга нарын маань л ухаан байхгүй юу. Бид юунд ч оролцсон дайраад, манлайлна л гэж үздэг бадрангуй болсон байсан.
Цэргийн тусгай дунд сургуульд сурсан 3 жил насан туршийн минь боловсрол, мэдлэг, хүмүүжлийн гол суурь байсан.
-Та дунд сургуульдаа ч онц сурдаг байв уу?
-Би анх нэгдүгээр сургуульд нэгдүгээр ангид орж байлаа. Ороод хэдхэн хонож байтал аав маань томилолт авч манайх орон нутаг руу нүүхээр болсон юм. Тэгтэл өвөө маань “Хүүхэд зовоож яах вэ. Хөдөө шилжих юм чинь тоглож бай” гээд сургуулиас гаргачихсан. Тэгээд Завхан аймгийн Тосонцэнгэл сумд шилжиж очиход ангийн хүүхдүүд үсэглэлийн баяраа хийчихсэн, бүгд уншаад сурчихсан байлаа. Азаар Монгол Улсын гавьяат багш Уртнасангийн ангид орсон. Намайг юм сурахгүй болохоор багш маань хичээлийн дараа гэр лүүгээ дагуулаад явдаг сан. Очоод хотных нь үхрийн баасыг цэвэрлэж өгөөд аяга хярамцагтай хоол идчихээд хичээл заалгана. Тэгээд удалгүй ангийн нөхдөө гүйцээд ирсэн.
Багш маань үржүүлэхийн хүрдийг тангад ном шиг цээжлүүлдэг байлаа. Би одоо ч дэлгүүрт юмны үнийг бүгдийг нь цээжээрээ бодчихдог.
Би гэхдээ аравдугаар ангиа онц төгсөж чадаагүй. Хамгийн дуртай шугам зургийн хичээл, хэл бичгийн улсын шалгалтдаа сайн авчихсан. Тэр үед бэлчээр гэдэг үгийг билчээр гээд “и” үсэгтэй бичдэг байсан. Гэтэл шалгалтын өмнөхөн уулын бэл гэдэг үгээс гаралтай гээд “э” үсгээр бичдэг болсныг би мэдэлгүй алдчихсан. Гэхдээ би одоо ч “и” нь зөв гэж боддог. Мал ганцхан уулын бэлд бэлчдэггүй биз дээ.
-Онц сурна гэдэг хөдөлмөр мөн үү?
-Хөдөлмөр мөн. Бас тэвчээр. Хүн ер нь ном, багш хоёрт шүтэх ёстой. Багшийн хэлсэн бүгд үнэн байдаг. Долдугаар сарын 1-ний асуудлаар намайг улаан цайм буруу зүйлчлээд ял өгсөн. Цэргийн гэмт хэрэг гэж зүйлчилсэн. Гэтэл цэргийн гэмт хэргийн субьект байхын тулд би Дотоодын цэргийн дарга байх ёстой. Хоёрдугаарт цэрэгтэй шууд харьцдаг дарга цэргийн гэмт хэргийн субъект болдог байхгүй юу. Тэрнээс командлагч биш, тэр дээр байгаа штаб биш.
Санаатай, болгоомжгүй үйлдлийн хооронд шалтгаант холбоо гэж байдаг. Нас барсан хүний үхэл, бидний үйлдэл хооронд шалтгаант холбоо байхгүй, мөн манай цагдаагийн албан хаагч байлдааны сумгүй тараах ажиллагаанд орсон байхад байлдааны сумаар буудагдаж нас барсан асуудалд цагдааг буруутгасан. Ингэж буруу зүйлчлээд улаан цайм мурийлгаж байгаа юм шиг биднийг ялласан.
Шүүх хурлын дараагаар Итгэл багш, Гарамжил генерал хоёртой уулзахдаа “Та нар бидэнд хуулийг маш буруу зааж өгсөн байна шүү” гэхэд бүр хачин царайлчихсан. Тэгэхээр нь “За уучлаарай багш нараа. Та хоёр яг зөв заасан. Харин эд нар заалгаагүй юм байна” гэж би хэлсэн.
Тэд нэгдүгээрт онол, хоёрдугаарт хүн чанар заалгаагүй. Хүн чанар гэдэг гэрийн, багын боловсролоос эхэлдэг. Гэрт, бага ангид, цагдаагийн сургуульд заалгасан бүхэн минь хүн чанарын боловсрол байсан.
Цагдаагийн ажлыг хүн ганцаараа хийдэггүй. Дандаа мөр мөрөө түшиж, ар араа хамгаалж хийдэг онцлогтой алба. Хамт олноороо хийдэг ажил юм шүү дээ.
-Таныг онц сурсан учир ахлах дэслэгч цолтой төгсгөх гэж байгаад больсон гэж сонссон. Тэр үед юу болсон юм бол?
-Намайг 7 дугаар сарын 1-ний асуудлаар ял сонссон байхад манай Итгэл багш, генерал Гарамжил агсан нар эргэж ирж байсан. Тэгэхдээ тэр 1977 оны явдлыг ярьсан. Я.Рагчаа захирал, хуулийн тэнхимийн эрхлэгч Т.Батсүх нар НАХЯ-ны сайд дээр орсон юм билээ. Онц төгсөж байгаа учраас нэг таван хошуу илүү өгье гэж л дээ. Тэгтэл сайд татгалзаж, Монголын цагдаагийн дарга болох хүн тэртэй тэргүй л авна шүү дээ гэсэн гэж 30 гаруй жилийн дараа надад ярьж байгаа юм.
-Дэслэгч цол таны хувьд ямар утгатай байв?
-Дэслэгч болно гэдэг миний хамгийн том бахархал байсан. Манайх Баянзүрхийн зусланд байхад автобуснаас буугаад хоёр мөр лүүгээ ээлжилж хараад гэр лүүгээ баярлаад гүйж байснаа би тод санадаг. Мөрдсөө илээд л маш их баяртай байсан даа.
-Ажлын гараа тань хаанаас эхэлсэн бэ?
-Анхны томилолт маань Хэнтий аймгийн Галшар сумын хэсгийн төлөөлөгч байлаа. Сумын хэсгийн төлөөлөгч, ахлах төлөөлөгч, тасгийн дарга, цагдан сэргийлэх анги, хэлтсийн дарга, Нийслэлийн цагдаагийн газрын дарга, Цагдаагийн ерөнхий газрын дэд дарга, Цагдаагийн ерөнхий газрын дарга, Дотоодын цэргийн командлагч гээд бүхий л шат дамжлагыг туулж, алхам бүртээ суралцаж ирсэн.
Боловсрол гэхээр манайхан сертификат, диплом төдийхнөөр ойлгочихдог. Зөв хүмүүжил бол хүний хамгийн том боловсрол юм шүү дээ. Мэдээж мэдлэгтэй байж юманд, юмс үзэгдэлд зөв хандана. Гэр бүл, цэцэрлэг, сургууль, тэр тусмаа Цэргийн тусгай дунд сургууль маань надад хамгийн эерэг, том боловролыг олгосон доо.
-Таны хүүхэд насанд үлдсэн хамгийн тод дурсамж юу вэ?
-Хүүхэд насанд хамгийн сайхан зүйл тоглох л байдаг. Би аравдугаар анги төгссөн насыг ч хэлж байгаа юм шүү. Тоглохоос, тоглоомноос маш их таашаал авдаг байхгүй юу. Мөсөн гулгуурын талбай дээр орой бүр гулгадаг байлаа. Морь унах сонирхлынхоо үүднээс морин тойруулгын секцэнд ч явдаг байлаа. Морины баас цэвэрлэж, тэжээл тавьж өгнө. Морь гишгүүлж хааяа нэгхэн унаж давхина.
Зундаа эмээгийндээ очиж зусна. Ямаа саана, аргалд явна, ус зөөнө. Эмээгийнхээ бригадын цагаан идээ хийх ажилд тусална. Хөдөлмөрт суралцах бас нэг хүмүүжил тэнд байсан.
Зусланд гарахаараа би дандаа хар ажил хийнэ. Ах, эгч хоёр сургуульд орчихсон болохоор дүүтэйгээ гэрийнхээ хамаг ажлыг хийдэг байлаа.
-Аав, ээж тань юу гэж сургадаг байв?
-Хүүхдийн хичээл номдоо хандах, хүн болж төлөвшихөд хамгийн чухал нь гэртээ авсан хүмүүжил юм. Аав, ээж минь онц сур, хичээлээ хий гэж огт хэлдэггүй байсан ч бид хичээдэг байсан. “Сурах нь чиний л асуудал. Сайн сурвал миний хүү сайн л явна, муу сурвал муу л болно” гэдэг сэн.
Аав минь бидэнд сайхан түүхүүд ярина. 1945 оны чөлөөлөх дайнд оролцсоноо, Монголын хилийг тогтоохоор явж байснаа нүдэнд харагдтал ярина. “Аав та буудуулсан уу” гэхээр “Аав нь шархдаагүй ээ. Тэгэхдээ мориор маш их ядарч, цангаж очсон” гэдэг. Аргагүй шүү дээ, Монголоос Жанчхүүгийн даваа хүртэл 1000 гаруй км морин маршаар явахаар ядрахаас ч яалтай.
Ээж маань хуучин монгол бичгээр маш сайн уншдаг, үлгэр ярихдаа гаргууд байсан. Тансан ламын аялал, баатарлаг туульсын тухай өгүүлдэг байлаа. Тэр бүхэн багаасаа эх орон, шударга ёсны тухай ойлголтыг суулгасан. Заавал сурах ёстой юм байна, сурах нь миний үүрэг гэдэг зүйлийг толгойд хийчихсэн.
“Эр хүн тулгарсан бэрхшээлийг туулж гардаг юм, буцаж зугтаадаггүй” гэж ээж маань захидаг байсан. Энэ нь миний насан туршийн зарчим болсон доо.
Манай ээж, аав цэмцгэр, ганган хүмүүс байсан. Ээж маань Богдын оёдолчин уран Долгорсүрэнгийн охин. Дээлээ өөрөө хийдэг, их гоё хувцаслана. Ухаандаа бидэнд цэмцгэр байхыг үлгэрлээд заагаад байгаа хэрэг шүү дээ.
-Гэр бүлийн хүмүүжил хүний хандлага боловсролд чухал нөлөөлдөг байх нь. Та хүүхдүүд, ач, зээ нартаа ямар хүмүүжил олгохыг зорьж, хичээж ирсэн бэ?
-ЦЕГ-ын дарга байхдаа нэг шөнө 23-24 цагийн үед гэртээ ирээд бэлдэж тавьсан хоолыг идчихээд сэмээрхэн зочныхоо өрөөнд шалан дээр гудас дэвсээд унтчихсан юм. Ер нь тэгдэг байсан. Гэтэл нэг өглөө бага хүү хаалга онгойлгож орж ирснээ “Аав унтаж байна. Аавын царайг бүр мартчихжээ” гэж хэлсэн. Өглөө эрт гараад, шөнө дөлөөр харьж хүүхдүүдтэйгээ уулзахгүй удчихсан байсан. Тийм л завгүй, цаг наргүй ажилладаг байлаа.
Би хүүхдүүдийнхээ хүмүүжилд бага анхаарсан юм билээ. Хүүхдүүдээ, ач, зээ нараа юмс үзэгдэлд зөв ханддаг, зөв хүн байгаасай гэж хүсдэг.
Шударга ёс гэдэг шалан дээгүүр цацсан чулуу шиг дүүрэн. Чулууг авахын тулд хүн бөхийдөг. Гэхдээ шударга ёсыг бөхийж авдаггүй гэж үг бий. Шууд түүгээд авч болдоггүй эд байхгүй юу.
Би хүүхдүүддээ хичээл номоо хий гэж үглэж яншиж үзээгүй. Даалгавраа хий гэж хүүхдүүдэд битгий хэл, бүү шаард гэдэг. Даалгавраа хийхгүй очоод эвгүй байдалд орж, ангийнхандаа муухай харагдаж өөрөө ойлгог. Ойлгохгүй байхад шахаад ямар ч хэрэг байхгүй. Хүчилж хийлгэсэн даалгавар ямар ч үр дүнгүй бөгөөд хүнд юм үлдээдэггүй.
Манай хүүхдүүд ер нь гайгүй сурдаг. Анхны ач охин МУИС-ийн хуулийн ангийг онц төгсөөд одоо Ирландад магистрт сурч байгаа. Тэндээ ажил хийгээд төлбөрөө өөрөө төлдөг юм. Энэ хавар төгсөнө.
Би ач, зээ нартаа багаас нь хүрд цээжлүүлдэг.
Амралтын аль нэг өдөр нь халуун ам бүлээрээ цуглаж амттай хоол идэж, хол, ойрын сонин ярьж, шуугилддаг. Ээж маань “Хүнд амттай сайхан хоол идүүлж бай” гэж захидаг байсан. Хэлсэн үг мартагддаг, сайхан хоол мартагддаггүй гэдэг сэн. Энэ үнэн шүү, чи бодоорой.
-Онолын мод нов ногоон байхад амьдралын мод бор саарал байдаг гэдэг. Сонсогч байхдаа онолоор авсан мэдлэг таны амьдралд хэр их хэрэг болсон бэ?
-Онолын мэдлэг практик дээр багахан зөрөх асуудал байдаг. Гэхдээ хүн онолын мэдлэгийг практикаар баяжуулдаг. Онолд сайн суралцвал насан туршийн эрдэм болдог. Би сонсогч байхад сурсан эрдмээ өнөөдөр ч гэсэн хэрэглээд л явж байна шүү дээ.
-Онцчууд дундаж амьдардаг бол дунд сурч байсан нөхөд илүү сайн амьдарч байна. Тэгэхээр заавал онц сурах гэж хичээх хэрэггүй гэх яриа мэр сэр сонсогддог. Та юу гэж хэлэх вэ?
-Зарим талаараа үнэн. Баяжих, нэр алдар хөөх мөрөөдөлтэй хүн цагдаагийн сургуульд элсэх гэж байгаа бол бушуухан больсон нь дээр. Гоё хауст алт, мөнгөөр гулгисан амьдрал цагдаа хүнд байдаггүй. Цагдаа бол мэргэжлээс гадна хүний бүтэн амьдрал байдаг. Би одоо ч цагдаа. Тэтгэвэртээ гарсан цагдаа.
Эх орныхоо төлөө зүтгэе, эх орныхоо төлөө амьдаръя гэвэл бусад эрх ашгаа хаяхаас өөр сонголт байхгүй. Энэ бол тавилан. Тавиланг хүн дагаж амьдардаг.
Харин цагдаа болохоор суралцаж байгаа сонсогчдод онц, дунд төгсөхийн ялгаа бол бий. Цагдаагийн эрдэм ухаанд шамдан сайн суралцсан хүн албанд гараад илүү сайн л ажиллаж таарна. Харин онолоор авсан мэдлэгээ зөв ашиглаж л сурах хэрэгтэй.
-Зарим хүн давтаж сурдаг. Зарим нь цээжилдэг. Таны суралцах арга барил юу вэ?
-Би ер нь цээжилдэггүй сонсогч байсан. Багшийг лекц уншиж байхад нь анхаарч сонсож, яриад байгааг нь ойлгохыг мэрийдэг байсан. Анхаарч сонсоно, сайн тэмдэглэнэ.
-Сонсогч дүү нартаа хандаж юу захих вэ?
-Юмс үзэгдэл зөв хандлагаас л эхэлдэг юм шүү дээ. Зөв хандлагыг төлөвшүүл. Хандлага зөв бол үйлдэл зөв. Үйлдэл нь зөв бол үр дүн зөв гарна.
Өөрийгөө их сайхан хөгжүүлэх хэрэгтэй. Ном унших хэрэгтэй. Ном унших чинь бас нэг урлаг шүү. Би ном сонирхдог, уншдаг. Номоос хүн их зүйлийг сурч мэдэж авдаг.
Цаг хугацаа гэдэг хүүхэд байхад дагаад мөлхдөг, залуу насанд хамт алхдаг, дунд насанд арай түрүүлж алхдаг, өтөл насанд орхиод гүйгээд явчихдаг гэсэн шүү. Тэгэхээр цагийг үр ашигтай өнгөрөө. Тэр нь юу вэ гэхээр бүтээх, сурахад зарцуулаарай.
Ахлах дэслэгч Д.Дайрийжав