“Цагдаагийн сургалтын чанарын үнэлгээ, чиг хандлага” сэдэвт эрдэм шинжилгээний хурал зохион байгууллаа

Огноо: 2026-07-24
“Цагдаагийн сургалтын чанарын үнэлгээ, чиг хандлага” сэдэвт эрдэм шинжилгээний хурал зохион байгууллаа
Азийн цагдаагийн сургалтын байгууллагуудын холбооны /APTA/ Ерөнхий ассамблейн 10 дугаар хурлын хүрээнд өнөөдөр /2026.07.23/ “Цагдаагийн сургалтын чанарын үнэлгээ, чиг хандлага” сэдэвт Олон Улсын эрдэм шинжилгээний хурал өнөөдөр /2026.07.23/ боллоо.

Хурлын үйл ажиллагааг нээж, МУ-ын Их хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайхан, Бүгд Найрамдах Солонгос Улсын Үндэсний цагдаагийн их сургууль, Азийн цагдаагийн сургалтын байгууллагуудын холбооны ерөнхийлөгчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч, хошууч генерал Ким Ки Жонг, Дотоод хэргийн их сургуулийн захирал, Азийн цагдаагийн сургалтын байгууллагуудын холбооны Дэд ерөнхийлөгч, доктор (Ph.D), профессор, бригадын генерал Т.Сүхболд нар үг хэлж,  гишүүн байгууллагуудын төлөөлөгч, илтгэгчдэд  амжилт хүслээ. 
Энэ удаагийн хуралд хүндэт гишүүн байгууллагын удирдлага 9 орны 14 гишүүн байгууллагын 38 төлөөлөгч, эрдэмтэн, судлаачдын төлөөлөл оролцов. 
Азийн цагдаагийн сургалтын байгууллагуудын холбоо нь  Азийн 19 улсын 35 институт, 4 олон улсын байгууллагыг эгнээндээ нэгтгэсэн, хууль сахиулах байгууллагын боловсрол, сургалт, судалгааны хамтын ажиллагааг хөгжүүлэх бүс нутгийн нэр хүндтэй, нөлөө бүхий мэргэжлийн холбоо юм.  Ерөнхий Ассамблейн 9 дүгээр хурлаар Эрдмийн хороо, Хэвлэлийн хороог үүсгэн байгуулсан. 
          Дотоод хэргийн их сургууль тус холбоонд 2015 онд элсэн орж, жил бүр зохион байгуулдаг Ерөнхий ассамблейн ээлжит хурал (GAAM), Олон улсын эрдэм шинжилгээний хурал, Оюутны их наадам (PASFA), Оюутны эрдэм шинжилгээний хурал, Ажлын хэсгийн хурал зэрэг үйл ажиллагаанд оролцож ирсэн юм. Манай их сургууль Эрдмийн хороог ахлан ажиллаж байна. Дотоод хэргийн их сургуулийн захирал Азийн цагдаагийн сургалтын байгууллагуудын холбооны Дэд ерөнхийлөгчөөр сонгогдон ажиллаж байна. 
       МУ-ын Их хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайхан: 
“Азийн цагдаагийн сургалтын байгууллагуудын холбооны Ерөнхий ассамблейн X дугаар хурал, “Цагдаагийн сургалтын чанарын үнэлгээ ба хөгжлийн чиг хандлага” олон улсын эрдэм шинжилгээний хурлыг Монгол Улсад зохион байгуулж байгаа нь манай улсын хууль сахиулах салбарын гадаад харилцаа, хамтын ажиллагаанд чухал ач холбогдолтой үйл явдал болж байна.
Тус холбоо нь Азийн 19 улсын 32 сургалтын байгууллага, олон улсын хоёр байгууллагыг эгнээндээ нэгтгэн, цагдаагийн боловсрол, сургалт, эрдэм шинжилгээний хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлж байна. Монгол Улсын Дотоод хэргийн их сургууль холбооны үйл ажиллагаанд байгуулагдсан цагаас нь идэвхтэй оролцож, гишүүн байгууллагуудын харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэхэд хувь нэмрээ оруулж ирсэн билээ. 
Өнөөдөр үндэстэн дамнасан зохион байгуулалттай гэмт хэрэг, кибер халдлага, цахим залилан, шинэ технологид суурилсан гэмт үйлдэл улам нарийн, хил хязгаар үл харгалзсан шинжтэй болж байна. Ийм нөхцөлд цагдаагийн алба хаагчдыг зөвхөн мэргэжлийн мэдлэгтэй төдийгүй ёс зүйтэй, хүний эрхийг дээдэлсэн, технологийн дэвшилтэй хөл нийлүүлэн ажиллах, шинэ нөхцөлд зөв шийдвэр гаргах чадвартай мэргэжилтэн болгон бэлтгэх шаардлага улам бүр нэмэгдэж байна.
Энэ удаагийн хурлаар цагдаагийн сургалтын чанарын баталгаажуулалт, чадамжид суурилсан үнэлгээ, олон улсын хамтын ажиллагаа, олон нийтэд түшиглэсэн цагдаагийн үйл ажиллагаа, дижитал технологийн хэрэглээ зэрэг цаг үеийн чухал асуудлыг хэлэлцэж байгаа нь онцгой ач холбогдолтой юм” гэдгийг онцолсон юм. 
Эрдэм шинжилгээний хурлаар Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын “Үндэстэн дамнасан гэмт хэрэгтэй тэмцэх туршлага”, Нэгдсэн Үндэстний Байгууллагын Мансууруулах бодис, гэмт хэрэгтэй тэмцэх албаны “Дижитал нотлох баримтын сургалтын стандарт”, Бүгд Найрамдах Солонгос Улсын “Нийгэмд суурилсан цагдаагийн үйл ажиллагааны туршлага”, түүнчлэн “Индонез, Монгол Улсын цагдаагийн сургалтын чанарын баталгаажуулалт болон шинэ үеийн алба хаагчдыг сургах арга зүй”-н талаар үнэ цэнтэй илтгэл, хэлэлцүүлэг боллоо. 
Дотоод хэргийн их сургуулийн захирал, Азийн цагдаагийн сургалтын байгууллагуудын холбооны Дэд ерөнхийлөгч, доктор (Ph.D), профессор, бригадын генерал Т.Сүхболд 
•    Цагдаагийн сургалтын хөтөлбөрийг олон улсын жишигт нийцүүлэн хамтран хөгжүүлэх;
•    Кибер гэмт хэрэг, хиймэл оюун, цахим нотлох баримтын чиглэлээр хамтарсан сургалт, судалгаа хэрэгжүүлэх;
•    Гишүүн орнуудын дижитал сургалтын платформ, цахим сургалтын нэгдсэн орчныг хамтран хөгжүүлэх;
•    Залуу судлаач, багш нарын хамтын ажиллагаа, эрдэм шинжилгээний сүлжээг бэхжүүлэх зэрэг багтана.
Хууль сахиулах байгууллагын гэрэлт ирээдүйн үндэс суурь нь чанартай боловсрол тул бидний хамтын ажиллагаа тэрхүү ирээдүйг хамтдаа бүтээх итгэлцлийн гүүр байх болно гэж хамтын ажиллагаагаа улам өргөжүүлэхийг уриалсан юм. 
“Цагдаагийн сургалтын чанарын үнэлгээ, чиг хандлага” сэдэвт Олон Улсын эрдэм шинжилгээний хуралд оролцогчид олон бүх талаар дэмжин ажилласан МУ-ын Их хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайхан, гишүүн байгуулагуудадаа талархал илэрхийлье.

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.109)
АНХААРУУЛГА: Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Facebook
Youtube
Instagram