Дотоод хэргийн их сургуулийн 2025-2026 оны хичээлийн жилийн төгсөгчдийн “Туяат оройн тооллого” ёслолын ажиллагаа өнөөдөр (2026.06.19) ёслол төгөлдөр боллоо.
“Туяат оройн тооллого” эхлэхийн өмнө төгсөгчид болон зочдод зориулсан хүндэтгэлийн тоглолт болов. Урлагийн тоглолтын дараагаар төгсөгчид аранзал улаан тугийнхаа сүлд хийморийн дор сүүлчийн оройн тоондоо жигдрэн жагслаа.
Сүхбаатарын ба Цэргийн гавьяаны улаан туг, Байлдааны гавьяаны одонт Дотоод хэргийн их сургуулийн одонт тугийг залснаар “Туяат оройн тооллого” ёслол төгөлдөр эхэлсэн юм.
Ёслолын ажиллагаанд Монгол Улсын Их Хурал, Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайхан, Дотоод хэргийн их сургуулийн захирал, доктор (Ph.D), профессор, бригадын генерал Т.Сүхболд, ЗГХЭГ-ын Санхүү, хөрөнгө оруулалтын газрын дарга Д.Гантуяа, Боловсролын яамны Дээд мэргэжлийн боловсролын бодлого зохицуулалтын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Түмэндэлгэр, БЗД-ийн Засаг дарга И.Баттөгс, ХЗДХЯ-ны харьяа агентлагуудын удирдлагууд, ОХУ, Япон улсаас Монгол Улсад суугаа дипломат албаны төлөөллүүд, Олон улсын байгууллагын хүндэт зочид, багш, албан хаагчид, төгсөгчдийн гэр бүлийнхэн оролцсон юм.
Энэ үеэр Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайхан “Төрийн эрх зүйн шинэтгэлийг хэрэгжүүлэх, хууль дээдлэх ёсыг бэхжүүлэх, иргэдийн эрх, эрх чөлөөг хамгаалах, нийгмийн хэв журам, дотоод аюулгүй байдлыг хангах өндөр хариуцлага та бүхэнд ирлээ. Иргэнтэй ялгаварлалгүй харьцдаг, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид, хариуцлагаа ухамсарласан, соёлтой хүнлэг харилцаатай алба хаагчдаар бидний эгнээ бүрдэх учиртай.
Эрхэм төгсөгчид та бүхэн ард түмнийхээ амар тайван амьдралын төлөө зүтгэх тангарагтаа үнэнч байж, мэдлэгээрээ манлайлж, ёс зүйгээрээ үлгэрлэн, эх орныхоо хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулсан чадварлаг төрийн албан хаагч болно гэдэгт итгэл төгс байна” хэмээн онцлов.
Бүрэлдэхүүн сургуулиуд тус тусдаа “Туяат оройн тооллого” явуулж, Цэргийн албаны зохион байгуулалт, бэлэн байдлын хэлтсийн дарга, дэд хурандаа Л.Зэсшагай нэгдсэн дүнг Их сургуулийн захиралд илтгэв.
Төгсөгчид гурвантаа “Уухай” цуурайтуулахад Монгол Улсын Төрийн дуулал эгшиглэн харанхуйг гэрэлтүүлэн ёслолын буудлага буудлаа.
Эх орныхоо дөрвөн зүг найман зовхист дотоод аюулгүй байдлыг хамгаалах хүндтэй бөгөөд хариуцлагатай үүргийг хэрэгжүүлэхээр мордох гэж буй төгсөгчид ёслолын жагсаалаар алхсанаар Дотоод хэргийн их сургуулийн төгсөгчдийн нэгдсэн туяат оройн тооллого өндөрлөлөө.