ШИНЭ ЭЛСЭГЧИД МОНГОЛ УЛСЫН ЦЭРГИЙН ТАНГАРАГ ӨРГӨЖ, СОНСОГЧ МӨРДӨС ЗҮҮЛЭЭ

Огноо: 2026-08-22
ШИНЭ ЭЛСЭГЧИД МОНГОЛ УЛСЫН ЦЭРГИЙН ТАНГАРАГ ӨРГӨЖ, СОНСОГЧ МӨРДӨС ЗҮҮЛЭЭ
ШИНЭ ЭЛСЭГЧИД МОНГОЛ УЛСЫН ЦЭРГИЙН ТАНГАРАГ ӨРГӨЖ, СОНСОГЧ МӨРДӨС ЗҮҮЛЭЭ

✅ Дотоод хэргийн их сургуулийн 2026-2027 оны хичээлийн жилийн шинэ элсэгчдийн Монгол Улсын цэргийн тангараг өргөх ёслолын ажиллагаа өнөөдөр (2026.08.22) Гүнжийн хоолой дахь Сургалт, дадлагын төвд ёслол төгөлдөр боллоо.

✅ Тангараг өргөх ёслолын ажиллагаанд Дотоод хэргийн их сургуулийн Захиргааны зөвлөлийн гишүүд, багш, албан хаагчид, суралцагчдын ар гэрийн төлөөлөл оролцлоо.

✅ Дотоод хэргийн их сургуулийн Дэд бөгөөд Сургалтын газрын захирал, доктор (Ph.D), цагдаагийн хурандаа Ц.Азбаяр:

“Дотоод хэргийн их сургуульд 2026-2027 оны хичээлийн жилд элсэн суралцахаар бүртгүүлсэн 9500 гаруй иргэнээс элсэлтийн ерөнхий шалгалтын оноо, эрүүл мэнд, бие бялдар, сэтгэл зүйн шалгуурыг даван, “Цэргийн анхан шатны мэдлэг олгох сургалт”-ыг амжилттай дүүргэн, Монгол Улсын цэргийн тангараг өргөсөн эрхэм сонсогч, шавь нартаа халуун баяр хүргэе.

Та бүхэн Монгол Улсын Дотоод хэргийн их сургуулийн эрдмийн их өргөөндөө тавтай морилж, эрх зүй, аюулгүй байдал судлал, онцгой байдлын албаны олон талт эрдэм мэдлэг, судалгааны ажлын чиглэлээр хичээн суралцаж, хүний эрхийг дээдэлдэг, хууль, шударга ёсны зарчмыг чандлан мөрддөг, мэргэжлийн мэдлэг, ур чадвараараа манлайлсан, төрийн тусгай албаны шилдэг алба хаагчид болохын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье” гэв.

✅ Цэргийн анхан шатны мэдлэг олгох сургалтын амаргүй шалгууруудыг давж, амжилттай төгссөн 570 орчим суралцагч эх орон, ард түмнийхээ төлөө амь биеэ үл хайрлан зүтгэхээ андгайлан тангараглаж, гэрчилгээгээ гардав. Ийнхүү шинэ элсэгчид маань сонсогч мөрдсөө зүүж, албан ёсоор Дотоод хэргийн их сургуулийн сонсогчид болсон юм.

✅ Цэргийн тангараг өргөх ёслолын ажиллагааны үеэр сонсогчид ирсэн зочид, эцэг эхчүүддээ сургалтын хугацаанд сурч мэдсэнээ тайлагнан урлаг соёлын болон жагсаалын, гардан тулааны үзүүлэх тоглолтуудыг сонирхуулж, ёслолын жагсаалаар алхлаа.

✅ Монгол Улсын цэргийн тангараг өргөж, баялаг түүх, дайчин уламжлалтай Дотоод хэргийн их сургуулийн сонсогчийн бүрэлдэхүүнд багтсан сонсогчдодоо баяр хүргэж, сурлага, хөдөлмөрийн өндөр амжилт хүсье.

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.186)
АНХААРУУЛГА: Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Facebook
Youtube
Instagram