Дотоод хэргийн их сургуулийн 2026-2027 оны хичээлийн жилийн шинэ элсэгчдийн “Туяат оройн тооллого” ёслолын ажиллагаа өнөөдөр (2026.08.22) Гүнжийн хоолой дахь Сургалт, дадлагын төвд ёслол төгөлдөр боллоо.
Сүхбаатарын ба Цэргийн гавьяаны улаан туг, Байлдааны гавьяаны одонт Дотоод хэргийн их сургуулийн одонт тугийг залснаар “Туяат оройн тооллого” ёслол төгөлдөр эхэлсэн юм.
Оройн тооллого явуулж, нэгдсэн дүнг Дэд бөгөөд Цэргийн зохион байгуулалт, аюулгүй байдлын газрын захирал, цагдаагийн хурандаа Г.Буянхишигт илтгэлээ. Энэ үед Монгол Улсын Төрийн дуулал эгшиглэн харанхуйг гэрэлтүүлэн ёслолын буудлага буудав.
Цэргийн анхан шатны мэдлэг олгох сургалтын амаргүй шалгуурыг давж, амжилттай төгссөн суралцагчид ёслолын жагсаалаар алхсанаар Дотоод хэргийн их сургуулийн шинэ элсэгчдийн туяат оройн тооллого өндөрлөлөө.
Маргааш шинэ элсэгчид маань Монгол Улсын Цэргийн тангараг өргөж, сонсогч мөрдөс зүүнэ.