НАХЯ-ны Цэргийн дээд сургуулийг 1986 онд төгсөгчдийн дурсамж уулзалт 06 дугаар сарын 19-ний өдөр Дотоод хэргийн их сургуулийн “Генерал танхим”-д боллоо. Энэхүү уулзалтад Дотоод хэргийн их сургуулийн Дэд бөгөөд Цэргийн зохион байгуулалт, аюулгүй байдлын газрын захирал, цагдаагийн хурандаа Г.Буянхишиг, Захиргааны удирдлагын газрын дарга, цагдаагийн хурандаа Ц.Отгондаваа, ЦЕГ-ын Захиргааны удирдлагын газрын дарга, цагдаагийн хурандаа П.Батбаатар, Сургалтын бодлого, зохицуулалтын хэлтсийн дарга цагдаагийн хурандаа Ц.Сугаржав болон НАХЯ-ны Цэргийн дээд сургуулийн багш нар, 1986 оны төгсөгчид оролцлоо.
НАХЯ-ны Цэргийн тусгай дунд сургууль нь 1974 онд байгуулагдаж, 1982 оны 7 дугаар сард НАХЯ-ны Цэргийн дээд сургууль болж өргөжсөн түүхтэй. 1986 оны төгсөгчид нь тус НАХЯ-ны Цэргийн дээд сургуулийн анхны элсэгчид гэдгээрээ онцлогтой юм.
Хууль, засан хүмүүжүүлэх, улс төр, командын гэсэн дөрвөн курсэд 100 гаруй сонсогч 1982-1986 онд суралцан төгссөн байдаг. Тус төгсөлтөөс УИХ-ын гишүүн, Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч асан Ц.Батбаяр, бригадын генерал Д.Батжаргал, Монгол Улсын гавьяат хуульч, доктор, хурандаа Д.Батсайхан, дипломатч, доктор Д.Эрдэнэ-Очир, аймгийн хошой аварга В.Баттулга, сагсан бөмбөгийн спортын олон улсын хэмжээний мастер Ү.Даржаа, самбо бөхийн дэлхийн аваргын хошой мөнгөн медальт, олон улсын хэмжээний мастер Б.Ганболд, Монгол Улсын олон удаагийн аварга М.Вандан-Очир, Д.Аюур, П.Шинэбаяр нарын олон алдартан, нэрт зүтгэлтнүүд болон арваад хурандаа цолтон төржээ.
Уулзалтын үеэр төгсөгчдийг Дотоод хэргийн их сургуулийн болон салбарын шагналаар шагналаа.
Эрхэм төгсөгчид та бүхэндээ эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.