Дотоод хэргийн их сургуулийн Хууль зүйн сургуулийн Хувийн эрх зүйн тэнхимийн профессор, доктор, цагдаагийн дэд хурандаа Г.Батжаргалтай тус сургуулийн бакалаврын сургалтын хөтөлбөрийн талаар ярилцлаа.
-Танд энэ өдрийн мэнд хүргэе. Хууль зүйн сургууль ямар хөтөлбөрөөр элсэлт авч байгаа вэ?
-Манай сургууль нь 1995 оноос “Эрх зүйч” мэргэжилтэн бэлтгэх сургалтыг Их сургуулийн харьяанд зохион байгуулж эхэлсэн. Хууль зүйн сайдын 2014 оны тушаалаар Дотоод хэргийн их сургуулийн бүрэлдэхүүн сургууль болсон. Өдгөө 31 дэх жилийнхээ босгон дээр Хууль зүйн сургууль болон өргөжиж байгааг дуулгахад таатай байна.
Бид 30 гаруй жилийн туршлага, материаллаг баазад суурилан “Эрх зүй” мэргэжлийн хөтөлбөрийг бакалавр болон эрх зүйн бус дээд боловсролтой иргэдэд зориулсан бакалавр, магистр, докторын түвшинд зохион байгуулж байна.
-“Эрх зүй” хөтөлбөрийн онцлогийг товч танилцуулна уу?
-“Эрх зүй” бакалаврын хөтөлбөрийн өдрийн ангид 4 жил, дээд боловсролтой иргэдэд зориулсан “Эрх зүй” бакалаврын хөтөлбөрийн эчнээ ангид 4 жил, “Эрх зүй” магистрын хөтөлбөрт 2 жил, “Эрх зүй” докторын хөтөлбөрт 3 жил тус тус суралцуулдаг. Үүнээс эчнээ ангийн эрх зүй бус дээд боловсролтой иргэдэд зориулсан сургалт нь танхим цахимыг хослуулахын зэрэгцээ амралтын өдөр явагддагаараа онцлогтой. Ингэснээр ажилтай, цаг завгүй хүмүүст илүү уян хатан цагийн нөхцөлөөр суралцах боломжийг олгодог.
Манай сургууль нь “Эрх зүй” бакалавр, магистрын хөтөлбөр тус бүрийг Боловсролын Магадлан Итгэмжлэх Үндэсний зөвлөлд магадлан итгэмжлүүлсэн. Түүнчлэн, ХБНГУ-ын “AQUIN” чанарын баталгаажуулалтын байгууллага нь 2025 оны 10 дугаар сарын 15-ны өдөр “Эрх зүй” бакалаврын хөтөлбөрийг 6 жилийн хугацаатай Монгол Улсад анх удаа Олон улсад магадлан итгэмжилсэн. Энэ нь манай сургуулийн сургалтын үйл ажиллагаа, хөтөлбөрийг Олон Улсын стандартад нийцсэн гэх баталгаа болох төдийгүй сонгон суралцаж байгаа оюутнуудын хувьд ч Олон Улсад албан ёсоор хүлээн зөвшөөрөгдсөн хөтөлбөрөөр төгсөх боломж бүрдсэн юм. Өөрөөр хэлбэл “Эрх зүй” хөтөлбөрийн төгсөгчид маань Европын орны Их дээд сургуулиудад кредит дүйцүүлэн суралцах, ахисан түвшинд суралцахад хүлээн зөвшөөрөгдөх гэх мэт олон давуу талтай.
-Ямар хичээлээр элсэлтийн ерөнхий шалгалт өгөх вэ. Мөн босго онооны талаар мэдээлэл өгнө үү?
-Элсэлтийн суурь шалгалт нь “Нийгэм судлал”, сонгох шалгалт нь гадаад хэл, математик байна. Тухай бүр элсэлтийн журамд заасан үндэслэлээр шалгалт авч элсэлт явуулдаг ба хоёр хичээлийн шалгалтын дундаж онооны нийлбэрээр элсэгчдийг жагсаан эрэмбэлж тухайн хичээлийн жилийн элсэлтийн журам, хяналтын тоонд багтаан элсүүлэн суралцуулдаг .
Элсэлтийн журамд заасны дагуу элсэгчийн шалгалт өгсөн хичээл тус бүрийн босго оноо нь 500 ба түүнээс дээш байх шаардлагатай.
-Ур чадварын шалгалт өгөх үү?
-Хууль зүйн сургууль нь ур чадварын шалгалт өгөхийг шаарддаггүй. Өмнө дурдсанчлан зөвхөн ЭЕШ-ын оноогоор элсүүлнэ.
-Элсэгчдэд тавигдах тусгай шалгуур, шаардлага бий юу?
-Тусгайлсан шалгуур байхгүй. Бусад их, дээд сургуульд элсэгчидтэй харьцуулахад манай сургуулийн төгсөгчид нь төрийн тусгай алба, хууль сахиулах болон төрийн захиргааны байгууллагуудад ажилладаг учраас эрүүгийн хариуцлага хүлээж, шүүхээр ял шийтгэл эдэлж байгаагүй байх шаардлага тавигддаг.
-Танай сургуулийн сургалтын онцлог, давуу тал юу вэ?
-“Эрх зүй” бакалаврын хөтөлбөр нь Олон Улсад магадлан итгэмжлэгдсэн, хичээлийн нэгдсэн нэг хуваарьтай, кредитийн төлбөр нь бусад сургуультай харьцуулахад 20 хувиар бага, дүрэм, журам, зохион байгуулалт сайтай байдаг.
Түүнчлэн, тус сургууль нь кампус хэлбэрээр хөгжиж байгаа жишиг сургууль бөгөөд суралцагч оюутанд ээлтэй, сургалтын орчныг бүхий л нөхцөлөөр тохижуулсан. Тухайлбал, Загвар шүүх хуралдааны танхимтай бөгөөд клиник, дадлагын ажлын бааз суурийг өөртөө бүрдүүлж чадсан. Оюутнууд суралцах хугацаандаа илтгэх урлаг, шүүхийн мэтгэлцээн, усан бассейн, бие хамгаалах бэлтгэл, бялдаржуулах төв, буудлага, шатар гэх мэт хүссэн спортоороо хичээллэх боломжийг бүрдүүлсэн.
Багш нарын хувьд практик болон эрдэм шинжилгээ судалгааны олон жилийн туршлагатай мөн гадаад дотоодын нэр хүнд бүхий сургуулиудад эрдмийн зэрэг цол хамгаалсан багш нар сургалтыг зохион байгуулдаг бөгөөд оюутнуудыг эрдэм мэдлэгээ дэлгэрүүлэх үйлсэд нь түлхүү туслалцаа үзүүлдэг.
-Эмэгтэй элсэгч авах уу?
-“Эрх зүй” хөтөлбөрт хүйс харгалзахгүй хяналтын тоонд багтаан элсэгч авна. Ер нь манай хөтөлбөрөөр нийт элсэгчдийн 70-80 хувь нь эмэгтэй суралцагч байдаг. Мөн манай сургууль нь хүний эрхийг дээдэлсэн, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ямагт дэмжих бодлого баримталдаг. Үүний хүрээнд шаардлага, шалгуурыг хангасан хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ч манай сургуулийн үүд хаалга нээлттэй байгааг дуулгах нь зүйтэй.
-Эрх зүй хөтөлбөрт суралцсанаар ирээдүйд ямар ажил хийх вэ?
-Бакалаврын хөтөлбөрийг олон улсад магадлан итгэмжлүүлсэнтэй холбоотойгоор манай сургуулийн төгсөгчид хувийн болон төрийн албаны бүхий л байгууллагад мэргэжлээрээ ажиллахаас гадна Монгол Улсдаа төдийгүй гадаадын улс оронд мэргэжлээрээ ажиллах, суралцах боломж нээгдсэн.
Гаалийн ерөнхий газар, Архивын ерөнхий газар, Улсын бүртгэлийн ерөнхий газартай тус тус байгуулсан хамтран ажиллах санамж бичгийн хүрээнд манай төгсөх ангийн оюутнууд “Иргэний эрх зүй”, “Эрүүгийн эрх зүй”, “Захиргааны эрх зүй”, “Гаалийн эрх зүй”, “Архив судлал”, “Улсын бүртгэл” гэсэн багцаас сонгон суралцаж мэргэшүүлэх хичээл үздэг. Төгсөгчид маань мэргэшсэн чиглэлээрээ төгсөөд хамтран ажиллах санамж бичигтэй байгууллагуудад Төрийн албаны тухай хуульд заасан шалгуур шаардлагыг хангавал ажлын байраар хангагдана. Шүүх эрх мэдлийн болон хууль сахиулах байгууллага, төрийн захиргааны болон хувийн хэвшлийн байгууллагад хуулийн чиглэлээр ажиллах боломжтой.
-Элсэгч хүүхдүүдэд хандаж үг хэлнэ үү?
-Үндэсний болон Олон Улсад магадлан итгэмжлэгдсэн Дотоод хэргийн их сургуулийн Хууль зүйн сургуулийн “Эрх зүй” бакалавр, магистр, докторын хөтөлбөрт элсэн суралцахыг урьж байна. Бид их сургуулийн эрхэм зорилгын дор сургалтын чанараар Азидаа тэргүүлэх сургууль болох зорилт тавин ажиллаж байгаа тул энэхүү зорилтыг биелүүлэх үйлсэд хамтран зүтгэж, сайн мэргэжилтэн, боловсон хүчин болж, найдвартай ажлын байраар хангагдах боломжийг бүү алдаарай.
"Сонсогч-Сурвалжлагч" клуб