Нийслэлийн Баянзүрх дүүргийн Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн санхүүжилтээр Дотоод хэргийн их сургуулийн Онцгой байдлын сургуулийн Гал унтраах техник спортын сургалтын цамхагт өндрөөс эрэн хайх, аврах ажиллагааны дадлагын орчинг бий болгох зорилгоор “Спорт авиралтын хиймэл хана болон давчуу орон зайн сургалтын байгууламж”-ийг “Шарк экстрем трейвэл” ХХК батлагдсан гэрээний дагуу хийж гүйцэтгэн өчигдөр /2026.06.25/ хүлээлгэн өглөө.
Уг бүтээн байгуулалтыг хүлээн авах үйл ажиллагаанд Баянзүрх дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Ажлын албаны дарга А.Уранбилэг, тус дүүргийн ГХУСАЗСЗ-ийн Ажлын албаны дарга М.Бадрах, Онцгой байдлын сургуулийн захирал, доктор, дэд профессор, хурандаа Н.Батсайхан нар оролцсон байна.
Энэхүү бүтээн байгуулалт нь 10x13 метр хэмжээтэй бөгөөд Онцгой байдлын сургуулийн сургалтын үйл ажиллагааг олон улсын жишигт нийцүүлэх, сонсогч, суралцагчдын мэргэжлийн ур чадварыг нэмэгдүүлэх, эрэн хайх, аврах ажиллагааны дадлага сургуулийг зохион байгуулах, ханан хадан авиралтын спортын тамирчдыг бэлтгэхэд чухал ач холбогдолтой.