“СОНСОГЧ ХҮҮХДҮҮДЭЭСЭЭ БАЯРЛАЛАА ГЭХ ҮГИЙГ СОНСОХ Л ХАМГИЙН САЙХАН”

Огноо: 2026-06-23
“СОНСОГЧ ХҮҮХДҮҮДЭЭСЭЭ БАЯРЛАЛАА ГЭХ ҮГИЙГ СОНСОХ Л ХАМГИЙН САЙХАН”
“СОНСОГЧ ХҮҮХДҮҮДЭЭСЭЭ БАЯРЛАЛАА ГЭХ ҮГИЙГ СОНСОХ Л ХАМГИЙН САЙХАН”

Дотоод хэргийн их сургуулийн өдөр тутмын үйл ажиллагаа өглөөний нэгдэлтээс ч өмнө эхэлдэг. Хотын ихэнх айл дуг нойрноосоо сэрж ч амжаагүй байхад Их сургуулийн гал тогоонд ажил ид өрнөж, том том тогоонд хоол буцалж, амтат үнэр анхилж байдаг юм. Өдөр бүр олон зуун сонсогч, алба хаагчдын хоол хүнсийг бэлтгэж, ар тал хангалтыг хариуцах нөр их ажлын ард хүчин зүтгэж байдаг хүмүүсийн нэг болох ахлах тогооч М.Норжинсүрэнг “Бидний бахархал” буландаа онцолж байна.

Тэрбээр 1997 онд тухайн үеийн Цагдаагийн дээд сургуульд ар тал, аж ахуйн нярваар томилогдсоноор Дотоод хэргийн их сургуультай ажил, амьдралаа холбосон түүхтэй. Тэр цагаас хойш энэ албандаа 30 дахь жилдээ тасралтгүй зүтгэж байна.

М.Норжинсүрэн эгч 1989 онд арван жилийн сургуулиа төгсөөд Зөвлөлт Холбоот Улсын Москва хотын Орехово-Зуевский Кабонавын техник мэргэжлийн дунд сургуульд операторчны мэргэжлээр суралцан төгсжээ. Эх орондоо ирсний дараа хувиараа хөдөлмөр эрхэлж байгаад төрийн тусгай чиг үүрэг бүхий байгууллагын боловсон хүчнийг бэлтгэдэг энэ сургуультай хувь заяагаа холбосон юм.

Тэр цагаас хойш халуун сауны эрхлэгч, талхан цехийн эрхлэгч, ээлжийн ахлах тогооч зэрэг олон ажил хариуцаж өнөөдөр ахлах тогоочоор ажиллаж байна.

М.Норжинсүрэн эгч мэдлэг боловсрол, мэргэжлээ дээшлүүлэхэд үргэлж анхаарч иржээ. Тухайлбал, 1998 онд Худалдаа үйлдвэрлэлийн дээд сургуулийн дэргэдэх тогооч, нарийн боовны мэргэжлээр нэгдүгээр зэрэгтэй төгссөн бол 2010 онд 39 настайдаа ажлынхаа хажуугаар Дотоод хэргийн их сургуулийг эрх зүйч мэргэжлээр эчнээгээр төгсөж суралцахад нас саад болдоггүйг үлгэрлэсэн юм.

Түүнд өөр байгууллагаас ажиллах санал ирж байсан ч тэрээр хамт олноо орхиогүй аж. Түүнийг тогтоон үлдээсэн зүйл нь албан тушаал бус, харин хамт олон нь байсныг онцоллоо. “Сайхан хамт олон, тусалж дэмждэг гэр бүл байхад хүн ажилдаа дурладаг. Би хамт олондоо үргэлж талархаж явдаг” хэмээн М.Норжинсүрэн эгч ярилаа.

М.Норжинсүрэн эгчийн ярианаас байгууллагаа гэсэн чин сэтгэл, ажилдаа хандах хандлага нь мэдрэгдэх аж. Тэрээр өөрийгөө Дотоод хэргийн их сургуулийн “мөрдөсгүй мөрдөстөн” хэмээн тодорхойлсон юм. “Цол зүүгээгүй ч би өөрийгөө цэргийн хүн л гэж боддог. Сонсогч хүүхдүүд маань зөрөөд өнгөрөхдөө ёсолно. Бид ч гэсэн тэдэнтэйгээ жил бүр хээрийн гаралтад гарч, халуунд халж, хүйтэнд хөрч нойр хоолгүй ажилладаг. Хууль зүй, дотоод хэргийн салбарын ирээдүйн боловсон хүчнийг бэлтгэхийн төлөө бид нэгэн зорилгоор ажилладаг даа” хэмээн өгүүлэв. Үнэхээр ч тийм билээ.

Тогоочийн ажил бол зөвхөн хоол хийх биш аж. Хүний эрүүл мэнд, хөдөлмөрийн бүтээмж, сурч боловсрох чадвартай шууд холбоотой хариуцлагатай мэргэжил болохыг М.Норжинсүрэн эгч тодотгов. Тэр дундаа Дотоод хэргийн их сургуульд ажиллана гэдэг онцгой үүрэгтэй алба аж.

“Өнөөдөр бидний бэлтгэсэн хоолыг идэж байгаа сонсогч маргааш цагдаа, хилчин, аврагч, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын ажилтан, шинжээч гээд төрийн тусгай албаны офицер болно. Тиймээс бид эх орныхоо амар амгалан, сайн сайхны төлөө хүчин зүтгэж байгаа хүмүүс гэж боддог” хэмээн М.Норжинсүрэн эгч ярьсан юм.

Тэрбээр мөн “Төрийн хувцас өмссөн хүүхдүүддээ амт шимтэй, чанартай хоол хийж өгөхийг хичээдэг. Хоолоо идчихээд ‘Баярлалаа, эгч ээ’ гэж хэлэхийг нь сонсох л хамгийн сайхан. Тэр үед ажлаараа үнэхээр бахархдаг” хэмээн ярилаа.

Түүний хөдөлмөрийг байгууллага, хамт олон нь өндрөөр үнэлж 2014 онд Дотоод хэргийн их сургуулийн “Хөдөлмөрийн аварга ажилтан”-аар тодруулж байжээ. Мөн байгууллага болон салбарын олон шагнал, урамшууллын эзэн болсон байна.

Норжоо эгчийн бас нэгэн бахархал нь түүний охин Д.Ганцэцэг. Тэрбээр Ахлагчийн мэргэжлийн боловсролын сургуульд цэргийн цолтой ажилладаг. Охинтойгоо нэг байгууллагад, нэг үйлсийн төлөө мөр зэрэгцэн зүтгэж буйгаа онцгой тавилан, хувь заяаны бэлэг хэмээн М.Норжинсүрэн эгч тодотгов.

Эх орны минь өнцөг булан бүрд гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах, улсын хил хамгаалах, шүүхийн шийдвэр гүйцэтгэх, шинжлэн магадлах, гамшигтай тэмцэх авран хамгаалах ажиллагааг нэр төртэй хэрэгжүүлж буй төрийн тусгай албан хаагчдыг бэлтгэх их үйлсийн арын албанд сэтгэл зүтгэл гарган ажиллаж байгаагаа нэр төрийн хэрэг гэж бодож бахархдаг М.Норжинсүрэн эгчдээ аз жаргал, сайн сайхан бүхний дээдийг хүсэн ерөөе.

Ахлах дэслэгч Д.Дайрийжав