ЦАГДААГИЙН ХОШУУЧ С.АЛИМАА: БАГШ ХҮН МЭДЛЭГ ТҮГЭЭГЧ БАЙХЫН ЗЭРЭГЦЭЭ СУДЛААЧ БАЙХ ЁСТОЙ

Огноо: 2026-06-25
ЦАГДААГИЙН ХОШУУЧ С.АЛИМАА: БАГШ ХҮН МЭДЛЭГ ТҮГЭЭГЧ БАЙХЫН ЗЭРЭГЦЭЭ СУДЛААЧ БАЙХ ЁСТОЙ
ЦАГДААГИЙН ХОШУУЧ С.АЛИМАА: БАГШ ХҮН МЭДЛЭГ ТҮГЭЭГЧ БАЙХЫН ЗЭРЭГЦЭЭ СУДЛААЧ БАЙХ ЁСТОЙ

Дотоод хэргийн их сургуулийн багшийг аттестатчилах журмын дагуу 2026 оны аттестатчилалд 47 багш хамрагдлаа. Үүнээс 2022–2026 оны хичээлийн жилүүдийн ажлын үзүүлэлт, амжилт, чанарын үнэлгээгээр 90-ээс дээш оноо авсан багш нарыг онцлон танилцуулж байна. Энэ удаа Сургалтын газрын Гадаад хэлний институтийн дэд профессор, цагдаагийн хошууч С.Алимаатай ярилцлаа.

- Өнгөрсөн хичээлийн жил таны хувьд ямар онцлогтой байв?

-Өнгөрсөн хичээлийн жил миний хувьд сургалт, эрдэм шинжилгээ, судалгааны ажлаа шинэ түвшинд хүргэж, өөрийгөө сорьсон, амжилт бүтээлээр дүүрэн жил байлаа. Энэ хугацаанд багшийн мэргэжлийн ур чадвараа тасралтгүй хөгжүүлэхийн зэрэгцээ сургалтын чанар, судалгааны ажлын үр өгөөжийг дээшлүүлэхэд онцгой анхаарч ажилласан нь тодорхой үр дүнгээ өгсөн.

Судалгааны ажлын хүрээнд цэргийн хэлний хэрэглээтэй холбоотой сэдвээр олон улсын хянан магадлагаатай, Scopus-т бүртгэлтэй эрдэм шинжилгээний сэтгүүлд өгүүлэл нийтлүүлж, судалгааны арга зүй болон академик бичгийн ур чадвараа ахиуллаа. Энэхүү бүтээл нь зөвхөн миний судалгааны ажлын үр дүн төдийгүй их сургуулийн эрдэм шинжилгээний бүтээмжийг нэмэгдүүлэх, олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх, байгууллагын нэр хүндийг өсгөхөд тодорхой хувь нэмэр оруулсан гэж боддог.

Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн санаачилгаар 2025 оныг “Ахлах офицеруудын жил” болгон зарласантай холбогдуулан Дотоод хэргийн их сургуулиас зохион байгуулсан “Шилдэг ахлах офицер” шалгаруулах тэмцээнд оролцож, мэдлэг, ур чадвар, манлайлах чадвараараа өрсөлдөн дэд байрт шалгарсан нь өнгөрсөн жилийн онцлох амжилтуудын нэг байлаа.

- Та мэдлэг, мэргэжлээ хэрхэн дээшлүүлж ирсэн туршлагаасаа хуваалцана уу?

-Миний хувьд багшийн мэргэжил бол тасралтгүй хөгжиж, шинийг эрэлхийлэн суралцах насан туршийн үйл явц юм. Багш хүн зөвхөн мэдлэг түгээгч бус, суралцагчдыг чиглүүлэн хөгжүүлэгч, зөвлөн туслагч, ирээдүйн мэргэжилтнүүдийг төлөвшүүлэгч байх чухал үүрэгтэй гэж үздэг.

Тиймээс орчин үеийн техник, технологийн хөгжилтэй хөл нийлүүлэн алхаж, мэргэжлийн мэдлэг, багшлах арга зүй, судалгааны ур чадвараа тогтмол хөгжүүлэхийг эрхэмлэдэг. Энэ хүрээнд дотоод, гадаадын сургалт, семинар, эрдэм шинжилгээний хурал, арга хэмжээнд тогтмол оролцож, боловсролын салбарт нэвтэрч буй шинэ арга зүй, дэвшилтэт технологийг судлан сургалтын үйл ажиллагаандаа хэрэгжүүлэхийг зорьдог.

Мөн мэдлэг, туршлагаа хамт олонтойгоо хуваалцаж, залуу багш нарт зөвлөн туслахын зэрэгцээ суралцагчдыг сургалт, эрдэм шинжилгээ, судалгааны ажилд идэвхтэй оролцоход нь дэмжлэг үзүүлдэг.

Англи хэл бол өнөөгийн даяаршсан нийгэмд мэдлэг, шинжлэх ухаан, олон улсын хамтын ажиллагаанд хүрэх гол хэрэгсэл гэж үздэг. Иймээс хэлний мэдлэгээ тасралтгүй сайжруулахын тулд мэргэжлийн ном, судалгааны бүтээл, өгүүлэл тогтмол уншиж, олон улсын сургалт, вебинарт хамрагдан, төрөл бүрийн цахим платформ ашиглан бие даан суралцах арга барилаа хөгжүүлэхэд анхаарч ирсэн.

Миний бодлоор хэл сурах нь зөвхөн харилцааны хэрэгсэл эзэмших төдий бус, дэлхийн мэдлэг, шинжлэх ухаан, соёл хоорондын харилцаанд нээлттэй оролцох боломжийг бүрдүүлдэг тасралтгүй хөгжлийн үйл явц юм. Тиймээс шинэ мэдлэг, ур чадварыг зөвхөн өөртөө хуримтлуулах бус, сургалт, судалгаа, практикт үр дүнтэй хэрэгжүүлж, багш, суралцагчдын хөгжилд бодит хувь нэмэр оруулахыг зорин ажилладаг.

- Та сүүлийн жилүүдэд ямар эрдэм шинжилгээний бүтээл туурвиж байна вэ?

-Судалгаа шинжилгээний ажил нь багшийн мэргэжлийн хөгжил төдийгүй сургалтын чанар, үр нөлөөг дээшлүүлэх чухал хүчин зүйл болдог. Тиймээс сургалт, судалгааны ажлыг нягт уялдуулан ажиллахад онцгой анхаарч ирсэн.

Өнгөрсөн онд хамтран ажилладаг багш нар болон гадаадын мэргэжил нэгт эрдэмтэнтэй хамтран мэргэжлийн англи хэлний “English for Specific Purposes” сурах бичгийг боловсруулж, сургалтын үйл ажиллагаанд амжилттай нэвтрүүлэн ашиглаж эхэлсэн.

Түүнчлэн “Англи хэлний үйл үгийн цагууд” сурах бичгийг шинэчлэн боловсруулж, орчин үеийн сургалтын хэрэгцээ, шаардлагад нийцүүлэн агуулга, арга зүйн хувьд боловсронгуй болгосон.

Энэ хичээлийн жилд дотоодын болон олон улсын эрдэм шинжилгээний хуралд бусад орны эрдэмтэн, судлаачидтай хамтран оролцож, судалгааны ажлын үр дүнгээ илтгэл, өгүүлэл хэлбэрээр түгээн дэлгэрүүлж байна. Үүний зэрэгцээ Web of Science болон Scopus индекстэй олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн эрдэм шинжилгээний сэтгүүлүүдэд өгүүлэл хэвлүүлэхэд түлхүү анхаарч ажиллаж байгаа.

Өмнө нь Scopus индекстэй олон улсын сэтгүүлд өгүүлэл хэвлүүлсэн туршлага маань судалгааны арга зүй, академик бичлэгийн ур чадвараа улам хөгжүүлэх, олон улсын түвшний судалгааны шаардлага, шалгуурыг илүү гүнзгий ойлгоход үнэтэй хувь нэмэр болсон. Мөн олон улсын эрдэмтэн судлаачид, хянан магадлагчдын өгсөн санал зөвлөмжийг судалгаандаа тусган ажиллаж, судалгааны ажлынхаа чанар, үр нөлөөг тасралтгүй сайжруулахаар зорин ажиллаж байна.

Цаашид олон улсын хянан магадлагаатай, нэр хүндтэй сэтгүүлүүдэд судалгааны бүтээлээ тогтмол нийтлүүлж, сургалт, судалгаа, инновацын уялдаа холбоог бэхжүүлэх замаар боловсрол, шинжлэх ухааны салбарын хөгжилд хувь нэмрээ оруулахыг зорьж байна.

- ДХИС-аас гадаад хэлний сургалтын чанар, үр дүнг сайжруулах чиглэлээр ямар шинэчлэл хийж байна вэ?

-Дотоод хэргийн салбарын алба хаагчдад гадаад хэлний мэдлэг, ур чадвар эзэмшүүлэх, гадаад хэлний сургалт, судалгааны үйл ажиллагааг олон улсын хөгжлийн чиг хандлага болон захиалагч байгууллагуудын хэрэгцээ шаардлагатай уялдуулан хөгжүүлэх зорилгоор Гадаад хэлний институтаас “Дотоод хэргийн салбарын гадаад хэлний бодлогын баримт бичиг (2024–2027)” боловсруулж, хэрэгжүүлж эхлээд байна.

Энэхүү бодлогын хүрээнд олон улсын жишигт нийцсэн сургалтын хөтөлбөр, үнэлгээний арга зүйг нэвтрүүлэх, сургалт, судалгааны таатай орчин бүрдүүлэх, алба хаагчдын гадаад хэлээр судалгаа хийх чадавхыг нэмэгдүүлэх, эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг олон улсын түвшинд хүргэхэд чиглэсэн цогц арга хэмжээг хэрэгжүүлж байна.

Тухайлбал, их сургуулийн багш, албан хаагчдыг дотоод, гадаадын хэлний сургалтад хамруулах, сонсогч, суралцагчдын гадаад хэлний кредит цагийг нэмэгдүүлэх, академик англи хэлний сургалтыг өргөжүүлэх, англи хэл дээр эрдэм шинжилгээний хурал, тэмцээн, уралдаан зохион байгуулах, гадаадын мэргэжлийн болон туслах багш нарыг урьж ажиллуулах зэрэг ажлыг тогтмол зохион байгуулж байна.

Мөн бие бүрэлдэхүүн, сонсогч, суралцагчдын бие даан суралцах боломжийг нэмэгдүүлэх зорилгоор 2026–2027 оны хичээлийн жилээс EF Efekta платформыг гадаад хэлний сургалтад нэвтрүүлэхээр шийдвэрлэж, хичээлийн хөтөлбөрүүдийг шинэчлэн боловсруулсан. Үүнтэй холбогдуулан гадаад хэлний багш нарыг шаардлагатай сургалтад хамруулаад байна.

Эдгээр шинэчлэлийн үр дүнд Дотоод хэргийн их сургуулийн гадаад хэлний сургалт илүү хүртээмжтэй, үр дүнтэй болж, төгсөгчид болон алба хаагчдын олон улсын орчинд ажиллах, судалгаа хийх, мэргэжлийн түвшинд харилцах чадавхыг нэмэгдүүлэхэд бодит хувь нэмэр оруулна гэж үзэж байна.

- Гадаад хэл сурч буй багш, албан хаагч, сонсогч, суралцагчдад ямар зөвлөгөө өгөх вэ?

-Гадаад хэл сурах үйл явц бол тууштай байдал, өдөр тутмын дадлага дээр суурилсан урт хугацааны ажил юм. Алдаа гаргахаас айх хэрэггүй, харин алдаагаа суралцах боломж гэж харах хэрэгтэй. Хэлийг зөвхөн онолын түвшинд бус, харилцааны бодит хэрэгсэл болгон ашиглах нь хамгийн үр дүнтэй арга гэж боддог.

Мөн технологийн боломжийг ашиглан цахим платформуудыг тогтмол хэрэглэснээр хэлний ур чадвараа бие даан хөгжүүлэх боломжтой. Хамгийн чухал нь өдөр бүр бага ч гэсэн тогтмол суралцах дадлыг хэвшүүлэх явдал юм. Тууштай хичээллэж чадвал хэл сурах зорилго заавал биелдэг.

- Таны ажил, амьдралдаа баримталдаг хамгийн чухал зарчим юу вэ?

-Аливаа ажилд хариуцлагатай, чин сэтгэлээсээ хандаж, мэргэжлийн ёс зүйгээ чанд сахин ажиллах нь миний үндсэн зарчим. Мөн хүн бүртэй харилцан хүндэтгэлтэй харилцаж, бусдын саналыг сонсон хамтран ажиллахыг эрхэмлэдэг.

Ямар нэгэн асуудал, сорилтыг эерэгээр харж, шийдэлд чиглэсэн хандлага баримтлах нь ажлын үр дүн болон хамт олны уур амьсгалд чухал нөлөөтэй гэж үздэг. Тиймээс би ажил, үүргээ үнэнч шударгаар, сэтгэлээсээ гүйцэтгэхийн зэрэгцээ мэдлэг, ур чадвараа тасралтгүй хөгжүүлж, байгууллага болон хамт олныхоо хөгжилд бодит хувь нэмэр оруулахыг хичээн ажилладаг.

Ярилцсан: Цагдаагийн дэд хурандаа Б.Төгсжаргал