✅️Орчин үеийн нийгмийн харилцааны хувьсал, технологийн дэвшилтэй уялдан гэмт хэрэг, зөрчил нь системийн болон нийлмэл шинжтэй болон өөрчлөгдөж байгаа нөхцөл байдалд уламжлалт хариу арга хэмжээнээс татгалзаж, эрсдэлийг урьдчилан тодорхойлон, хариу арга хэмжээг шуурхай авах шаардлага үүсч буй энэ цаг үед “Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх бодлого, үйл ажиллагаа: Онол, практик” сэдэвт эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулж байна.
Тус эрдэм шинжилгээний хуралд 20 орчим төрийн болон төрийн бус байгууллагын 120 гаруй эрдэмтэн, судлаач оролцож байна. Түүнчлэн БНСУ-ын криминологийн тэргүүлэх эрдэмтэн, профессорууд туршлагаа хуваалцаж байгаа нь практик ач холбогдол бүхий нэгдсэн зөвлөмж боловсруулах суурь нөхцөлийг бүрдүүлж байна.
️Хурлаас гаргаж буй онцлох зөвлөмжүүд:
✅️Эрх зүйн шинэчлэл: “Метаверс болон виртуал орчны аюулгүй байдлын тухай хууль”-ийг батлах, Эрүүгийн хуульд “Deepfake” болон AI ашигласан залиланг бие даасан гэмт хэрэг болгох, банкны сэжигтэй гүйлгээг 48-72 цаг түр зогсоох эрх зүйн орчныг бүрдүүлэх;
✅️ Орчны аюулгүй байдал: Олон улсын ISO 22341 стандартыг хот төлөвлөлтөд нэвтрүүлж, аюулгүй байдлын шаардлага хангаагүй барилгыг Улсын Комисс хүлээж авахгүй байх CPTED зарчмыг хуульчлах;
✅️Технологийн инновац: Цахим залилангийн сүлжээг бодит цагт илрүүлэх “Graph Analytics” платформ нэвтрүүлэх, хүүхдийн эсрэг цахим халдлагыг хиймэл оюунаар хянах Үндэсний мониторингийн төв болон “Метаверс мөрдөн шалгах лаборатори” байгуулах;
✅️Нийслэлийн стратеги: “Улаанбаатар – Аюулгүй хот 2030” стратегийн хүрээнд зам тээврийн инженерийн шинэчлэлийг Сонгинохайрхан, Баянзүрх, Хан-Уул, Сүхбаатар дүүргүүдэд онцгойлон хэрэгжүүлэх;
✅️Сургуулийн орчин: Үе тэнгийн дээрэлхэлтийн эсрэг Финландын “KiVa” хөтөлбөрийг нутагшуулах, сургууль бүрд 200 сурагч тутамд 1 сэтгэл зүйч ажиллуулах стандартыг мөрдөх;
✅️Шинжлэх ухаанч засаглал: “Төрийн ой санамжийн төв”-ийг бэхжүүлж, гэмт хэргийн статистикийг “Гэмт хэргийн индекс” болон иргэдийн аюулгүй байдлын мэдрэмжийн үзүүлэлтээр үнэлдэг тогтолцоог бүрдүүлэх.
Хурлын үр дүнд хууль сахиулах байгууллагуудын стратеги төлөвлөлтийг боловсронгуй болгох, Монгол Улсын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх Үндэсний тогтолцоог олон улсын жишигт хүргэн шинэчлэхэд дөхөм болохуйц онол, практикийн ач холбогдолтой санал, зөвлөмжийг холбогдох байгууллагуудад хүргүүлэн ажиллахаар төлөвлөж байна.