“Монгол Улсын хууль сахиулах байгууллагад хүний эрх, жендэрийн тэгш байдал, авлигатай тэмцэх үйл ажиллагааг дэмжих нь” төслийн хүрээнд Дотоод хэргийн их сургууль хичээлийн хөтөлбөрт хүний эрх, жендэрийн агуулгын үнэлгээ хийж, сайжруулах зөвлөмж боловсруулах ажил амжилттай хэрэгжиж байна.
Тус төслийг НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөр (НҮБХХ), Хууль зүй, дотоод хэргийн яам (ХЗДХЯ), Цагдаагийн ерөнхий газар (ЦЕГ), Дотоод хэргийн их сургууль (ДХИС), Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар (ШШГЕГ), Үндэсний аудитын газар (ҮАГ), Хүний эрхийн үндэсний комисс (ХЭҮК) болон бусад хууль сахиулах байгууллагууд хамтран хэрэгжүүлж байгаа юм.
Төслийн хүрээнд “Хичээлийн хөтөлбөрийн хүний эрх, жендэрийн агуулгыг үнэлэх шалгах хуудас”-ыг ашиглан 25 хичээлд үнэлгээ хийж, хөтөлбөрүүдийг боловсронгуй болгох зөвлөмжийг боловсруулсан байна. Үүнтэй холбоотойгоор хичээлийн үнэлгээний нэгдсэн дүгнэлтийг багш нарт танилцуулах, хүний эрхийн агуулгыг сургалтын хөтөлбөрт үр дүнтэй тусгах чиглэлээр хэлэлцүүлэг, арга зүйн зөвлөмж өгөх үйл ажиллагааг өчигдөр /2026.05. 28/ зохион байгууллаа.
Хэлэлцүүлэгт Их сургуулийн бүрэлдэхүүн сургуулиудын төлөөлөл багш нар оролцлоо. Хичээлийн хөтөлбөрүүдийг хүний эрх, жендэрийн мэдрэмжтэй агуулгаар сайжруулан боловсруулснаар ДХИС-ийн төгсөгчдийн хүний эрх, жендэрийн мэдлэг, боловсролыг дээшлүүлэх, улмаар хууль сахиулах ажиллагааг хүний эрхэд суурилсан, мэдрэмжтэйгээр хэрэгжүүлэх чадвартай мэргэжлийн боловсон хүчин бэлтгэхэд чухал ач холбогдолтой юм.
Мөн энэхүү хэлэлцүүлэг нь багш нарын хүний эрхийн мэдрэмж, жендэрт суурилсан соёл, хандлагыг бэхжүүлэхэд эерэг нөлөө үзүүлсэн үр дүнтэй арга хэмжээ боллоо