📌 Шинжлэн магадлах ухааны сургуулиас “Шүүхийн шатан дахь шинжээчийн дүгнэлтийг хэлэлцэх нь” сэдэвт сургалтын тоглолтыг их сургуулийн сургалтын хэрэгцээнд зориулсан шүүх хурлын танхимд 04 дүгээр сарын 17-ны өдөр зохион байгууллаа.
📌 Сургалтын тоглолтыг Шинжлэн магадлах ухааны сургууль, Цагдаагийн сургууль, Хууль зүйн сургуулийн сонсогч, суралцагчдыг хамруулан “Криминалистикийн техник зүй”, “Шүүх эмнэлэг”, “Шүүх сэтгэц, гэм судлал”, “Эрүүгийн процессын эрх зүй”, “Криминалистикийн тактик зүй”, “Захиргааны процессын эрх зүй” зэрэг хичээлийн агуулгын хүрээнд явуулав.
📌 Энэхүү сургалтын тоглолт нь онолын мэдлэгийг практикт хэрэгжүүлэх, мэргэжлийн ур чадварыг хөгжүүлэх зорилгоор кейсэд суурилсан, дүрд тоглох сургалтын арга зүйгээр явагдлаа.
📌 Сургалтын тоглолтод оролцсон сонсогч, суралцагчид шүүгч, прокурор, өмгөөлөгч, мөрдөгч, криминалистикийн шинжээч, шинжээч эмч, шүүгдэгч, хохирогч, гэрчийн дүрд ажиллан шинжээчийн дүгнэлтийг шүүх хуралдааны явцад хэрхэн танилцуулах, тайлбарлах, үнэлэх үйл явцыг бодит нөхцөлд ойртуулан харуулав. Ялангуяа шинжээчийн дүгнэлт нь хэргийг шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой болохыг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр тодорхой илэрхийлсэн нь онцлог байв.
📌 Энэхүү сургалтын тоглолт нь салбар дундын уялдаа холбоог бэхжүүлэх, ирээдүйн хууль сахиулах болон хууль зүйн мэргэжилтнүүдийн хамтын ажиллагаа, мэргэжлийн ур чадварыг хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой үйл ажиллагаа боллоо.
Сургалтын тоглолтод идэвхтэй оролцож, мэдлэг, ур чадвараа бодитоор харуулсан сонсогч, суралцагчиддаа баяр хүргэж, сурлага хөдөлмөрийн өндөр амжилт хүсье.