“Ажилдаа яарах шалтгаан бол миний хамт олон”

Огноо: 2022-12-15
“Ажилдаа яарах шалтгаан бол миний хамт олон”
“Ажилдаа яарах шалтгаан бол миний хамт олон”

Дотоод хэргийн их сургуулийн 2022 оны “Хөдөлмөрийн аварга ажилтан”-аар Хангалт үйлчилгээний газрын тогооч Ч.Цэцэгмаа шалгарлаа. Түүнийг хамт олон нь гурван жил дараалан энэ шагналд нэр дэвшүүлсний дүнд 2022 онд Их сургуулийн “Хөдөлмөрийн аварга ажилтан”-аар тодорсон байна.
Ч.Цэцэгмаа багадаа цэцэрлэгийн дуу хөгжмийн багш болохыг мөрөөддөг байжээ. Тэрбээр мөрөөдлөө биелүүлэхээр дээд сургуульд дуу хөгжмийн багш мэргэжлээр суралцаж байтал ар гэрт нь гачигдал гарч, нутаг буцан аргагүйн эрхэнд мөрөөдлөөсөө татгалзав. Гэсэн ч сэтгэлийн гүнд дараатай байсан хүсэл мөрөөдөл нь түүнийг цэцэрлэгт туслах багшаар ажиллахад хүргэсэн байна. Төрөлх Завхан нутагтаа цэцэрлэгийн туслах багш болж, сонсох авьяас, сонирхлоороо бие дааж сурсан хөгжмөө хүүхдүүдэд зааж,  гурван хавар ажилласан байна. 
Тэр 2002 онд гэр бүлээрээ нийслэл хотыг зорьж, төрөл бүрийн даавууг эсгэж, урлах оёдолчноор ажиллаж байгаад, Их сургуульдаа 2008 онд сав угаагчаар ажилд орсноор эрдмийн энэ өргөөтэй эргэж, буцалтгүй холбогдсон түүхтэй аж. Ажилдаа чин сэтгэлээ зориулж, хичээнгүйлэн ажилладаг түүнийг удалгүй бэлтгэгч, цаашлаад тогооч болгон дэвшүүлсэн нь өөрийнх нь хичээл зүтгэл, хөдөлмөрийн үр шим юм. 
Тогооч бол урдуураа гарсныг ундалж, хойгуураа гарсныг хооллож явдаг маш буянтай мэргэжил. Амттай хоол хүний сэтгэл зүйд эерэгээр нөлөөлж, инээмсэглэл бэлэглэдэг. Ерөөс сайхан хоол бол сэтгэл санааны эм гэх үг ч бий.  Амттай сайхан хоолоор хүмүүст үйлчилж, баярлаж, талархсан сэтгэлийн үгийг өдөр бүр сонсдог, сайхан энергитэй энэ ажлаараа бахархдаг тухайгаа тэр ярилаа. Чин сэтгэлээ зориулж хийсэн хоолны амт нь хүртэл ондоо байдаг учраас тэрбээр ажлаа сэтгэлээсээ хийхийг эрхэмлэдэг аж. Хүмүүсийн, тэр дундаа сонсогчдынхоо “Баярлалаа эгчээ” гэдэг үгнээс маш их урам авч, жигүүрлэдэг байна. 
Тэрбээр энэ жил сонсогчийн байранд байрлаж байгаа сонсогчид, хээрийн сургалтын төв, багш, албан хаагчид гээд давхардсан тоогоор нийт 300 гаруй мянган хүнд амттай хоолоор үйлчилжээ. “Хээрийн сургалтын төвд 470 гаруй хүүхэдтэй 14 хоног ээлжинд гарч, өдөртөө батлагдсан цэсийн дагуу 4 удаа халуун хоол цай бэлтгэн цаг  хугацаанд нь өгсөн байна. Тэгэхээр өдөрт л 1800 гаруй хүний хоол бэлтгэдэг. Манай Их сургуулийн онцлог нь тогооч  хоолоо хийхээс гадна, махаа шулна, гурилаа зуурна, төмсөө арилгана гээд бэлтгэлээ ч хамт хийж,  хоолны дараа аяга, таваг, шалаа угааж, цэвэрлэгээгээ хүртэл хийлцдэг. Тэгэхээр маш их ачаалалтай, цаг наргүй бас их хариуцлагатай ажил” хэмээн тэр ярилаа.
Авдаг цалин, ажлын ачаалал нь харьцуулшгүй өөр ч ажилдаа яаран, дурлан ирдэг шалтгаан нь хамт олон нь аж. Хүн бүр ачаалалтай ч нэгнийгээ ойлгож, байхгүй үед нь нөхөж, цаг ямагт дэмнэдэг сайхан хамт олныхоо хүч, дэмжлэгээр өдий зэрэгтэй ажиллаж яваагаа ярьж, маш их талархаж, бахархаж явдгаа дахин дахин  өгүүлэх нь аргагүй л хамт олныхоо хайр хүндэтгэлийг хүлээсэн нэгэн болохыг нь илтгэнэ. 
Түүнийг ажилдаа сэтгэлээ зориулахын зэрэгцээ цаг  ягштал баримталдаг талаар хамт олон нь  хэлэв.  Гэнэтийн ажил гарч, шөнийн хоёр цагт дуудахад  нэг минут ч хоцрохгүй цагтаа ирдэг гэнэ. Ерөөс нэг ч удаа товлосон цагаас хоцорч үзээгүй, цаг баримтлахын үлгэр жишээ болсон ажилтан гэдгийг онцоллоо. Тиймдээ ч түүнийг “Сарын онцлох ажилтан”, “ХЗДХЯ-ны хүндэт жуух бичиг”, “Тогоочийн алдар”, “Хөдөлмөрийн алдар”, ДХИС-ийн “Алдар” зэрэг цөөнгүй шагналаар шагнуулж, сэтгэл, зүтгэлийг нь үнэлсэн байна.
Аливаа ажлыг багаас нь эхэлж, чин сэтгэлээ зориулан тууштай хичээж зүтгэвэл үр дүн нь ирдэг болохыг Ч.Цэцэгмаа тогооч хэллээ. Тэр өөрөө энэ  зарчмыг баримталж, хичээн зүтгэж,  Их сургуулийнхаа 2022 оны  “Хөдөлмөрийн аварга ажилтан”-аар шалгараад байна. Энэ шагнал бол хамт олны маань итгэл найдвар, удирдлагын үүрэг, цаашид илүү хичээгээрэй гэсэн маш их хариуцлага юм. Урам зориг, эрч хүч аваад цаашдаа илүү сайн хичээнэ дээ” хэмээн тэр ярилаа.
Дотоод хэргийн их сургуулийн 2022 оны “Хөдөлмөрийн аварга ажилтан” тогооч Ч.Цэцэгмаа таны ажилд амжилт, амьдралд сайн сайхныг хүсэн ерөөе.

Дэслэгч Д.Дайрийжав
 

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.31)
АНХААРУУЛГА: Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Facebook
Youtube
Instagram