ГАЛ СӨНӨӨГЧӨӨС ДОКТОР ХҮРЭХ ЗАМ

Огноо: 2022-09-02
ГАЛ СӨНӨӨГЧӨӨС ДОКТОР ХҮРЭХ ЗАМ
ГАЛ СӨНӨӨГЧӨӨС ДОКТОР ХҮРЭХ ЗАМ

Хүн бүрийн амьдрал нэгэн хөлгөн судар болох тухай мэргэдийн үг буй. Энэ судраа хэрхэн баринтаглах нь хүмүүний өөрийн хичээл зүтгэл юутай чухал. Залуу насны дэврүүн мөрөөдлөөрөө дөнгөж дунд сургууль төгссөн Б.Энхтүвшин хүү  Гал түймэртэй тэмцэх байгууллагын харьяа Гал сөнөөгчийн бэлтгэх курст элсэн суралцаж, 2003 онд Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн Гал унтраах 63 дугаар ангид дэд ахлагч цолтой гал сөнөөгчөөр орж, ажлын гараагаа эхэлсэн түүхтэй ажээ. Анх тус албанд томилогдож орохдоо Галын байгууллага нь ажлын ачаалал бага, цэргийн албанаас чөлөөлөгдчихнө, цалин аваад гэр бүлийнхэндээ тус нэмэр болчихно гэсэн бодолтойгоор тус албанд орсон ч амьдрал дээр улс орон, иргэдийн аюулгүй байдлын төлөө, эгэл баатруудын дунд үе тэнгийн олон нөхөд, дарга удирдлагатай сайхан хамт олны дунд оржээ.  
Ахлагч цолтой хүн бүхэнд офицер болчих юмсан гэсэн хүсэл зорилго байдаг. Офицеруудаа хараад хэзээ би энэ цолонд хүрэх бол гэж бодож, тэднээсээ  суралцсаар 2005 онд Цагдаагийн академийн Гал түймэртэй тэмцэх албаны тэнхимд 100 гаруй залуустай өрсөлдөж нэгдүгээрт жагсан тэнцэж элсэн орж байсан түүхтэй ажээ. Нэг л мэдэхэд дөрвөн жил харвасан сум шиг өнгөрч Улаанбаатар хотын Сүхбаатар дүүргийн  Онцгой байдлын хэлтсийн Гал унтраах, аврах 34 дүгээр ангид салааны захирагч, дэслэгч цолтой томилогдож, офицерын бүрэлдэхүүнд оржээ. Түүний ээжийнх дүү ахмад цолтой С.Ариунболд ЗХУ-ын Ленинградын хотын Гал эсэргүүцэх албаны академийг төгссөн түүхээр ч бахархдаг нэгэн. 
Яг салааны захирагч болоод галын анхны дуудлага нь 2008 оны 07 дугаар сарын 01-ний өдөр буюу  үймээн самуун эхэлсэн өдөр байсан тул үүрэг тушаалаа аваад салааны бүрэлдэхүүнийг удирдлага зохион байгуулалтаар хангаж, улс орны түүхийн үнэт өвийг гал түймрийн аюулаас авран хамгаалах үүргийг амжилттай гүйцэтгэж, түүнээс хойш гал унтраах ангийн салааны захирагчаар тасралтгүй гурван жил ажиллаж байхдаа гэмтэл авсан учир яалт ч үгүй ажлаа өгөх болсон ч хэдийнээ албандаа үнэнч нэгэн болж төлөвшсөн байна. Энэ хугацаанд хүн удирдах, Гал түймэр, гамшиг осол тэмцэх практик арвин туршлага эзэмшсэнээс гадна албаныхаа онцлогийг илүү мэдэж авсан учир цаашид эрдэм судлалын ажил эхлүүлэх анхны алхмаа хийж, Онцгой байдлын ерөнхий газраас зохион байгуулсан сонгон шалгаруулалтад тэнцэж, 2011-2014 онд ОХУ-ын Онцгой байдлын яамны харьяа Москвагийн Гал эсэргүүцэх албаны академид суралцаж “Онц” дүнтэй төгссөн байна. 
Москвад сурна гэдэг аргагүй л түүний хувьд алтан боломж байсан бөгөөд амьдралын олон зөв замыг нээж өгсөн ажээ. Энэ хугацаанд А.С.Пушкины 200 жилийн ойд зориулсан гадаад оюутны шүлгийн тэмцээнд түрүүлж,  60-аад жилийн түүхтэй академийнхаа дууны тэмцээнд гуравдугаар байранд орсон гээд амжилт дүүрэн он жилүүдийг үдсэн байна.  Сургуулиа 2014 онд төгсөж, Онцгой байдлын ерөнхий газрын дэргэдэх Гамшиг судлалын хүрээлэнд Эрдэм шинжилгээний ажилтан, тасгийн даргаар ажиллаж байх үедээ судлаач хүн докторын зэрэг хамгаалах ёстой юм байна гэдгийг илүү сайн ойлгож, судалгааны ажлаа гүнзгийрүүлэн 2016 онд  гэр бүлийн хамт Москвад гурван  жил сурах болж, эрдмийн ажилдаа шамджээ. Тэнд байх гурван жилийн хугацаанд олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн импакт фактортай (ВАК) сэтгүүлд 4 удаа бүтээлээ хэвлүүлсэндээ их олзуурхдаг хэмээн даруухан инээмсэглэж ярив. 
Мөн 2018 онд Москва хотод зохион байгуулагдсан олон улсын эрдэмтэн, судлаачдын эрдэм шинжилгээний хуралд оролцон тэргүүн байр эзэлж, хугацааны өмнө хошууч цол хүртэн Путины нэрэмжит шагнал болох 50,000 рублиэр шагнуулсан нь гэр бүлээрээ эрдмийн ажилд шамдаж байсан түүнд том дэмжлэг, урам  болжээ. 
Тэрээр тухайн үед Дотоод хэргийн их сургуулийн Онцгой байдлын сургуулийн захирлаар ажиллаж байсан хурандаа Х.Сүхбаатартай байнгын холбоотой байсан бөгөөд 2018 онд хурандаа Х.Сүхбаатар Москвад олон улсын  хуралд оролцох үеэрээ зорьж очиж түүнтэй уулзаж, тус Их сургуулийн Онцгой байдлын сургуулийн Гал түймэртэй тэмцэх албаны тэнхимд гал түймэр унтраах удирдлага зохион байгуулалт, тактик арга зүй заах албан хаагч хэрэгтэй байна гэж хэлснээр 2019 оноос Дотоод хэргийн их сургуульдаа ажиллах болжээ. Мэргэжил мэдлэг олж авсан сургуульдаа доктор болж ирээд багшлах тухай бодол төдийлөн байгаагүй ч тухайн үеийн Онцгой байдлын ерөнхий газрын дарга, хошууч генерал Т.Бадрал чиний эрдэм судлалын ажил бол сургууль учраас бодлогоор ДХИС-д томилуулна гэсэн үүрэг даалгавар өгч,  
-Олон жил бид чамайг бүхий л түвшинд сургахад дэмжсэн. Чи ч их хичээлээ. Сурсан эрдмээрээ Дотоод хэргийн их сургуульд Гал түймэр, гамшиг осолтой тэмцэх боловсон хүчинг бэлтгэн ажиллах хэрэгтэй гэж хэлснээр одоог хүртэл гурван жил ажиллаж, тэргүүний багш хэмээх эрхэм алдрыг хүртээд байна. 
Энэ жилийн хувьд Онцгой байдлын сургууль Гал түймэр унтраах, аврах клиник сургалтын 83 дугаар ангийн үйл ажиллагаанд шинээр  Гал түймэр унтраах клиник сургалтын хөтөлбөр боловсруулан тус сургуулийн “Онцгой байдал-Гамшиг судлал” сургалтын хөтөлбөрөөр суралцаж буй өдрийн 2 ба 3 дугаар дамжааны сонсогч, эчнээ дамжааны суралцагч нарт онолын мэдлэгийг чадамжид суурилсан сургалт болсон энэхүү сургалтын хөтөлбөрийг боловсруулан гаргаж, өнөөдрийн сургалтад ашиглаж байгаа нь дэд хурандаа Б.Энхтүвшин багшийн гавьяа юм.   
Түүнчлэн үзүүлэх хичээл, нээлттэй хичээл зааж, гал унтраах арга зүй тактик хичээлээрээ Тактикийн тооцооны үр дүнг даргын ажлын зураг болгодог нь тухайн гал  түймрийн нөхцөл байдал болон цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээг амжилттай зохион байгуулахад шууд тусалдаг. Энэхүү даргын ажлын шийдвэрийн зургийг  өмнө нь төрөл бүрийн сургалт болоод практикт  зөвхөн гараараа зурдаг байсан бол дэд хурандаа Б.Энхтүвшин багш нь энэ хичээлийн жилээс тэмдэг тэмдэглэгээг цахим программд өөрийн биеэр боловсруулан төрөл бүрийн компьютер ашиглан  сургалтын үйл ажиллагаанд ашиглаж байна. Практик дээр өмнө нь хэдэн өдөр гараараа зурах ч шаардлага гардаг байсан. Гэтэл энэ программыг нэвтрүүлснээр цагийн дотор л зурчих жишээтэй чухал программыг зохион ашиглаж байна. 
Үүгээр ч зогсохгүй Их сургуулийн цахим хичээлийн программд 2021-2022 онд  цахим хичээлийн E-mind программд давхардсан тоогоор 210 лекц, семинар, дасгал ажлуудыг видеогоор оруулан сургалтын идэвхтэй аргуудыг хэрэглэн суралцагч нарын сурах идэвхийг нэмэгдүүлэх чиглэлээр анхаарч ажилласан түүний суралцагч нараа гэсэн сэтгэлийн илэрхийлэл юм. Шалгалтаа ч бас цахимаар авчихна. Суралцагч бол манай бүтээгдэхүүн, тиймээс энэ бол бидний хувьд их ур чадвар шаардсан амаргүй ажил байсан ч багш нар маань цаг үеэ дагаад даван туулсан даа гээд зарим хичээлээсээ сонирхуулав. 
Гэрээсээ ажиллахад хүүхдүүд  нь жоохон болохоор зарим үед их л оройтож, тэднийгээ  унтуулчихаад цахим хичээлийн видео программаа бэлдэхэд  их цаг хугацаа шаарддаг байсан  багш хүнийхээ хувьд ч их зүйл сурсан даа гэж хэлэв. 
Тэрээр: Их сургуульд төрөлжсөн анги танхим чухал. Онцгой байдлын сургуулийн “Гамшгийн үед нэрвэгдэгчдэд эмнэлгийн анхан шатны тусламж” үзүүлэх танхимтай болгож, тэнхимийн эрхлэгч хурандаа С.Баттөмөр, ахлах багш, ахмад Л.Булганхангай бид гурав  нийлээд “Гал түймэр унтраах үйл ажиллагааны удирдлага сурах бичиг”  бэлтгэсэн маань  амаргүй ажил байлаа. “Эрсдэлийг үнэлэхэд шаардлагатай математик загварчлал”  бүтээлээ 2021 оны 11 дүгээр сарын 23-ний өдрийн А/132 дугаар тушаалаар Монгол Улсын Оюуны өмчийн газраас зохиогчийн эрхийн гэрчилгээгээ авч, ДХИС-ийн нэр дээр ирүүлсэн хүсэлтийн дагуу албан байгууллага, сургуулиудад “Ажлын байрны эрсдэл”, “Гамшиг, гал түймрийн эрсдэл” сэдвээр уншина. Энэ бүхнээсээ өөрөө суралцаж, урам авч, алдаа оноогоо эргэцүүлж, цаашид ч  төлөвлөсөн их зүйл буй гэж ярьж байлаа. 
Оросын Холбооны Улсын их, дээд сургуулиуд докторын зэрэг хамгаалсны дараа бүтэн жил хуулбарлалтын программаар шалгуулаад дипломоо гардан авдаг болохоор Докторын дипломоо 2022 оны 03 дугаар сарын 18-ны өдөр Их сургуулийн захирлаасаа гардан авч, их л баяр хөөр болсон. Энэ ажил бол дан ганц миний биш хамт олон, гэр бүл гээд маш олон хүний тус дэм, урам зоригоор бүтсэн гэж бэлэгшээж, сурсан эрдмээ илүү олон хүнд түгээхсэн, суралцагчдаа илүү сайн мэдлэг олгохсон гэж хичээж яваа багш нарын нэг юм. 
Мөн суралцагч нарынхаа гэр бүлийг дэмжиж зуны амралтаар эцэг эхэд нь “Талархлын захидал”-д нь суралцагчдын голч дүнг бичээд явуулахад талархсан хариу захиа аваад урамшина. Ингээд бодохоор багш хүн гэдэг үргэлж, хөгжиж, суралцаж, шавь нараасаа ч бас урам дэм авч урагшилдаг хүмүүс юм. 
“Эрдмийн өргөөнд багш гэдэг ажлыг хийж байгаа л бол хичээлээ сайн заах ёстой. Хичээл  зааж байхад сонсогч, суралцагчид  маань хүндэлж  байгааг мэддэг, мэдэрдэг. Тэр хүндлэлийг бид даах ёстой.  Чанартай мэдлэг өгч, сайн хандлагатай болгох нь бидний үүрэг. Их сургууль бол үйлдвэр юм. Манай Их сургуульд ямар материал орж ирнэ, энэ материалыг яаж урлах, сургах, эх орондоо ихийг бүтээх  албан хаагч болгож бэлдэх  нь бидний эрхэм дээд үүрэг. Багш хүн өөрөө маш их бэлтгэгдсэн байх ёстой. Намайг дэмжиж хурцалж  байдаг урам дэм болдог удирдлага,  хамт олондоо баярлалаа. Та бүхний ажилд амжилт хүсье. Одоо хичээл орох  цаг болчихлоо” гэж хэлээд яаран ажилдаа явлаа.
Их сургуульдаа гурван жил багшилсан хугацаагаа бага гэж боддоггүй, цаашид илүү олон жил багшилна, хичээнэ гэсэн дэврүүн бодол, бүтээлч сэтгэл, ажил мэргэжил албандаа үнэнч доктор, дэд хурандаа Б.Энхтүвшин багшдаа ажлын амжилт хүсье.

Цагдаагийн хошууч Б.Төгсжаргал

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.31)
АНХААРУУЛГА: Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Facebook
Youtube
Instagram