ЭНХИЙГ САХИУЛАГЧ, ЭРДЭМ ОЮУНЫ ЭЛЧ, төрийн цагдаа

Огноо: 2022-09-07
ЭНХИЙГ САХИУЛАГЧ, ЭРДЭМ ОЮУНЫ ЭЛЧ, төрийн цагдаа
ЭНХИЙГ САХИУЛАГЧ, ЭРДЭМ ОЮУНЫ ЭЛЧ, төрийн цагдаа

Дотоод хэргийн их сургуулийн 2021-2022 оны хичээлийн жилийн “Тэргүүний арга зүйч” багшаар шалгарсан Ахлагчийн сургуулийн Цагдаагийн албаны тэнхимийн багш, цагдаагийн ахмад Г.Золбаярыг “Эрдмийн далай” сонин энэ дугаартаа онцолж байна.
Золбаярыг наймдугаар ангид байхад аав нь ирээдүйд ямар мэргэжилтэй болохоор төлөвлөж буйг нь асуужээ. Нийгмийн хичээлдээ “толгой цохидог”, химид дуртай, одон оронд сонирхолтой тэрбээр аавынхаа асуултад хариулж чадсангүй. Аав нь “Цагдаа байгаа газар нүгэлтэн үгүй гэж сайхан үг бий. Цагдаа байгаа учраас ард иргэд маань тайван амгалан ажиллаж, сэтгэл тэнүүн, нуруу тэнэгэр алхаж байдаг. Ард түмнийхээ амар амгалангийн цайз болсон цагдаагийн ажил бол энэ хорвоогийн хамгийн бахархалтай алба юм. Миний хүү аавынхаа мэргэжлийг өвлөж, цагдаа болвол яасан юм бэ” хэмээжээ.
Түүний аав Ж.Гантогтох ардын уран зохиолч Т.Галсан гуайн хэлсэнчлэн хөхөө өвлийн хүйтэнд хөл нь хөлдөж л байхад зогсож л байдаг, зуны халуунд зунгагтай ноосны хонь шиг алхаж л явдаг цагдаа хүн юм. Төрөөс өгсөн үүргийг биелүүлж, түмэн олныхоо амар амгалангийн манаанд 30 гаруй жил зогссон цагдаагийн хурандаа хүн ажээ.
Энэ л мөчид Золбаяр “Ерөөсөө хууль, эрх зүйн чиглэлээр мэргэшиж, алсдаа цагдаа болъё” хэмээн бат шийджээ.
Тэрбээр 2005 онд “Эрдмийн-Ундраа” цогцолборыг төгсөж, мөрөөдлөө биелүүлэхээр Шихихутуг их сургуулийн эрх зүйн ангид элссэн байна. Оюутан байхдаа анги хамт олныхоо бүхий л үйл ажиллагааг манлайлан зохион байгуулдаг, хамт олноо чиглүүлж, уриалсан, нийтэч, эвсэг, нийгмийн идэвхтэй оюутан байжээ. 
Дөрвөн жил харвасан сум шиг өнгөрч, 2009 онд “Эрх зүйч” мэргэжлийн дипломоо гардан авах баярт мөчид их сургуулиас нь магистрт суралцах урилга өгснөөр тэрбээр 2011 онд хууль зүйн ухааны магистрын зэрэг хамгаалжээ.
Магистрт суралцаж байх үедээ “Аавынхаа мэргэжлийг өвлөж, албыг нь үргэлжлүүлье” хэмээн шийдэж, Дотоод хэргийн их сургуулийн ахлагч бэлтгэх дамжаанд элсэн суралцаад дэд түрүүч цолтой, дамжаагаа амжилттай төгссөн түүнийг Нийслэлийн хөдөлгөөнт эргүүлийн газар эргүүлийн цагдаагаар томилсон байна. Ийнхүү тэрээр хөдөлмөрийн гараагаа цагдаагийн байгууллагын ахлагчийн бүрэлдэхүүнээс эхэлжээ.
“Гэмт хэрэг, зөрчлийн дуудлагаар хэргийн газар очин, гэмт үйлдлийг таслан зогсоож, хүний амь нас, эд хөрөнгө, эрүүл мэндийг хамгаалж, амар тайван, аюулгүй орчинд амьдрах боломжийг иргэдэд олгож байдаг цагдаагийн албаны бахархал их” хэмээн тэр ярилаа.
    Нийслэлийн хөдөлгөөнт эргүүлийн газар бол 800 гаруй хүний бүрэлдэхүүнтэй нүсэр алба юм. Ажилд ороод удаагүй байхдаа ажлын үзүүлэлтээрээ байгууллагынхаа тухайн сарын аваргаар шалгарч, хамт олныхоо хайр хүндлэлийг хүлээжээ. Тэр олон хүнээс ажлын үзүүлэлтээрээ шинэхэн дэд ахлагч онцгойрч, аваргалсан гэхээр эрхгүй бахархах сэтгэл төрнө. Тэрээр ердөө жил хүрэхгүй хугацаанд л Нийслэлийн хөдөлгөөнт эргүүлийн газрын “Баярын бичиг”, Цагдаагийн ерөнхий газрын 90 жилийн ойн хүндэт тэмдгээр шагнуулж, аавынхаа шийрийг хатаасан сайн цагдаа болох хэтийн ирээдүйгээ нотлоод авсан байна.
“Ажил хөдөлмөр, үр бүтээлээрээ хамт олондоо хүлээн зөвшөөрөгдөөд, итгэлийг нь хүлээж авсан шагнал бүхэн үнэ цэнтэй” хэмээн тэр инээмсэглэв.
Нийслэлийн хөдөлгөөнт эргүүлийн газар эргүүлийн цагдаа, мэдээлэл хүлээн авагч, дадлагажигч офицер зэрэг албыг хашиж байгаад 2012 онд Дотоод хэргийн их сургуулийн Ахлагчийн сургуульд багшаар томилогдсон байна.
    Ийнхүү өчигдөрхөн л ард түмнийхээ энхийн манаанд зогсож байсан эргүүлийн цагдаа амар амгалангийн дархлаа болсон монгол төрийн цагдааг бэлтгэдэг эрдэм оюуны элч, их сургуулийн багш болжээ.
“Анх багш болоод “Гэмт хэрэг зөрчлийг шалгах хойшлуулшгүй ажиллагаа” хичээлийг зааж байснаа тод санадаг. Би багшийн мэргэжилд хайртай. Маш гэгээлэг мөртлөө ихээхэн үүрэг, хариуцлагатай ажил. Цагдаагийн байгууллагадаа хэрэгцээтэй байгаа алба хаагчийг чадварлаг сайн бэлтгээд гаргачих юм сан гэх хүсэл тэмүүлэлтэй байдаг. Би өөрөө цагдаагийн ахлагч байсан учраас онолын мэдлэгийг практиктай хослуулж, алдаа дутагдлын шийдлийг тодорхойлон шавь нартаа анхааруулан, сайтар ойлгуулж заахыг эрмэлздэг. 
Мэс барьсан хулгайчийн өөдөөс улаан гараараа тэмцэх тохиолдол цагдаа нарт бишгүй бий. Түүнчлэн ажлын ачаалал, орчин нөхцөлөөс эхлээд асуудал, бэрхшээл цөөнгүй. Тэр бүхнийг даван туулах сэтгэлийн хат, тэнхээ, мэдлэг, мэргэжлийн ур чадварыг сургалтын хугацаанд зааж, цагдаагийн албаны онцлог, ямар бахархалтай, гэгээлэг сайхан алба болохыг ойлгуулахын төлөө хичээж ажилладаг. Би сонсогчдынхоо нүднийх нь галыг харахыг хичээдэг. Сэтгэлийг нь таньж, хүсэл эрмэлзлэлийг нь бадрааж, итгэл өгөхийг хүсэж, тэмүүлдэг” хэмээн Золбаяр багш ярилаа.
Зүрх юугаар дүүрснийг ам ярьдаг гэдэг. Түүний ярианаас албандаа үнэ цэнтэй, ажилдаа дур сонирхолтой, тэсвэр хатуужилтай, мэргэжлийн ур чадвартай цагдаагийн алба хаагчдыг бэлтгэх дэврүүн хүсэл, чин сэтгэл нь мэдрэгдэнэ. Золбаяр багш энэ бүхнийг өөртөө цогцлоосон зөв хандлагатай цагдаа байсан нь түүний ярианаас илхэн.
Тэрбээр Монгол төрийн цагдаа, эрдэм оюуны элч төдийгүй энхийг сахиулагч юм. Эх дэлхийнхээ энх амгалангийн манаанд зогсож байсан цэнхэр дуулгатан билээ.
Золбаяр багш 2016-2017 оны хооронд Бүгд Найрамдах Өмнөд Судан Улсад явагдсан энхийг дэмжих ажиллагаанд үүрэг гүйцэтгээд иржээ. Тэрбээр дүрвэгсдийн хуаран, Нэгдсэн Үндэстний Байгууллагын ажилтны баазыг хамгаалах үүргийг гүйцэтгэдэг байв.
Нэг удаа түүнийг шалган нэвтрүүлэх байрны ойролцоох хяналтын цэг дээр харуулын үүрэг гүйцэтгэж байхад нь хоёр эмэгтэйг барьцаалсан Засгийн газрын эсрэг хүчний гурван цэрэг ороод иржээ. Тэр тэдний хөдөлгөөн бүрийг станцаараа тогтмол мэдээлж байв. Шалган нэвтрүүлэх байрны ойролцоо өнгөрөх үед барьцаанд байсан хоёр эмэгтэй овсгоо самбаа гарган ШНБ-ыг чиглэн зугтжээ. Эсрэг хүчний цэргүүд араас нь элдэх мөчид тэр цэргүүдэд зогсох команд өгч, анхааруулан хий буудсан байна. Нөгөө хүмүүс ч эсэргүүцэлгүй бууж өгснөөр барьцаалагдсан хоёр иргэнийг чөлөөлж, амийг нь аварчээ.
Хорвоод хүн болж төрөхийг зүүний үзүүр дээр тогтсон ширхэг будаатай адилтгадаг. Тийм л ховорхон, гайхалтай тохиолдлоор бид хүмүүний төрлийг олдог. Энэ ховорхон хувь заяагаа утга учиртай, үнэ цэнтэй байлгах нь бидний үүрэг юм. Тэр хүмүүний орчлонд ирсэн үүргээ нэр төртэй биелүүлж яваа нь саяны түүхээс тод харагдана. 
“Энхийг дэмжих ажиллагаанд явсан нь их сургуульд сурсан мэт маш их зүйлийг надад ойлгуулж, сургасан. Хүн гэдэг цаг мөч бүр тасралтгүй хөгжиж байдаг амьтан учраас явсан газар орон, уулзсан хүмүүсээсээ үргэлж суралцаж, зөвийг нь өөртөө хэвшүүлж, ойлгож авсан зүйлээ сонсогчидтойгоо хуваалцах юм сан гэж бодож явдаг. Өнөөдрийг хүртэл надтай учирч, үг, үйлдлээрээ заан сургаж, зөвлөн тусалж, дэмжиж явсан бүх хүмүүст талархъя” хэмээн тэр ярив.
Золбаяр багшийн хувьд 2021-2022 оны хичээлийн жил амжилт, бүтээлээр арвин байлаа. Тэрбээр тус хичээлийн жилд сургалтын хөтөлбөртөө үүрэг ажилбарын шинжилгээ (DACUM) хийж, шинэчлэн батлуулжээ. Мөн цагдаа, цагдаа жолооч, цагдаа зохицуулагч, дотоодын цэргийн харуулчин мэргэжлийн ахлагч бүрэлдэхүүнд болон цагдаагийн офицер бэлтгэх дамжаанд сурсан 1000 гаруй суралцагчдад хичээл заасан байна. Ингэхдээ сонсогч, суралцагчдыг хөгжүүлэх, мэдлэг ур чадвар олгох тодорхой төрлийн идэвхтэй аргуудыг             /клиник сургалт, хээрийн болон шөнийн хичээл, цахим хичээл гэх мэт/ тогтмол ашиглан сургалтаа үр дүнтэй явуулахад ихээхэн анхаарч ажиллажээ.
Их сургуулийн багшийн ажлын гол шалгууруудын нэг нь эрдэм шинжилгээ, судалгааны ажил юм. Золбаяр багш энэ чиглэлээр өнгөрсөн хичээлийн жилд л гэхэд мэргэжлийн чиглэлийн гарын авлага, дасгалын хураамж бичиж хэвлүүлжээ. Түүнчлэн “Цагдаагийн ахлагч бүрэлдэхүүний мэргэжлийн сургалт” сурах бичгийн “Нийтийн хэв журам хамгаалах ажиллагаа” бүлгийг бичсэн байна. Мөн “Цагдаагийн эргүүл харуулын эрх зүйн зохицуулалт, тактик ажиллагаа” гарын авлага хянан тохиолдуулж, “Хэрвээ би шийдвэр гаргагч байсан бол” сэдэвт илтгэлийн уралдаан, “Монгол Улсын хөгжилд оруулах миний хувь нэмэр” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурлын эмхэтгэлийг эмхэтгэж, Дотоод хэргийн их сургуулиас зохион байгуулсан “Хууль зүйн боловсрол судлалын өнөөгийн байдал, хөгжлийн чиг хандлага” сэдэвт эрдэм шинжилгээний хуралд “Цагдаа мэргэжлийн төгсөгчдөөс авсан сэтгэл ханамжийг тодорхойлох судалгаа, түүнд хийсэн дүн шинжилгээ” сэдвээр илтгэл бичиж, хэвлүүлжээ. Үүгээр зогсохгүй ОХУ-ын алс дорнодын цагдаагийн алба хаагч бэлтгэх сургалтын хөтөлбөрт орчуулга хийж байгаа талаараа дурдлаа. Энэ жилдээ тус ажлыг хийж дуусгахаар төлөвлөжээ.
Дотоод хэргийн их сургуульд түүний оролцоотойгоор бий болсон бүтээлч ажил цөөнгүй. Тухайлбал, өнгөрсөн хичээлийн жилд л гэхэд “Шатар, Дартс, IQ”, “Лектор” дугуйлангийн үйл ажиллагаа, хичээллэх орчин, материаллаг баазыг нэмэгдүүлэх зорилгоор Ахлагчийн сургуулийн 219 тоот ангийг дугуйлангийн  хичээл сургалт явуулах нөхцөлийг бүрдүүлж тохижуулсан байна. Түүнчлэн “Цагдаа”, “Цагдаа-жолооч” мэргэжлийн дамжаануудад ашиглагдах “Эрүүлжүүлэх байрны” симулъятор танхимыг тохижуулж, “Замын хөдөлгөөн”-ий 215 тоот кабенетэд Мото сургалтын 40 ширхэг үзүүлэх самбар шинээр бэлтгэн хийж гүйцэтгэн, хичээлийн хэрэглэгдэхүүнүүдийг шинэчилжээ. Түүнчлэн 3 төрлийн цахим хичээл боловсруулж сургалтад ашиглаж байна.
Тэрбээр мөн Ахлагчийн сургуулийн “Ахлагч клуб”-ийн “Шатар”, “Дартс”, IQ дугуйланг Тактикийн тэнхимийн ахлах багш, цагдаагийн дэд хурандаа Д.Гандуулгатай хамтран хичээллүүлж, Их сургууль болон Ахлагчийн сургуулийн багш, алба хаагч, сонсогч суралцагчдын дунд 10 гаруй тэмцээн уралдааныг зохион байгуулжээ.
Золбаяр багш өөрийнхөө мэдлэг, мэргэжлийн ур чадварыг тогтмол хөгжүүлэхийг хичээсээр өнгөрсөн жилд л гэхэд мэргэжлийн ур чадвараа дээшлүүлэх чиглэлээр 10 гаруй танхимын болон цахим сургалтад хамрагджээ.  Түүнийг хамт олон нь шулуун шударга, буруу зүйлийн хажуугаар чимээгүй өнгөрч чаддаггүй, ажилдаа эзэн нь болсон албан хаагч хэмээн үнэлэх юм билээ.
Ахлагчийн бүрэлдэхүүнээс ажлын гараагаа эхэлж, өдгөө цагдаа, дотоодын цэргийн ахлагч бүрэлдэхүүнийг чадварлаг бэлтгэхэд сэтгэл зүрхээ зориулан хүчин зүтгэж байгаа Дотоод хэргийн их сургуулийн “Тэргүүний арга зүйч” багш, Ахлагчийн сургуулийн “Тэргүүний багш”, цагдаагийн ахмад Г.Золбаяр таны сурган заах их үйлсэд өндөр амжилтыг хүсье.

Дэслэгч Д.Дайрийжав
 

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.31)
АНХААРУУЛГА: Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Facebook
Youtube
Instagram