Цэлмэг хөх тэнгэрт нь хаа нэгхэн шувууд жиргэхээс өөр чимээ аниргүй, эзгүй хээр талын дунд ганц багана торойн харагдана. Баганын дэргэд хилчид цэх зогсон ёслоод “Хилийн баганын амрыг эрье” хэмээн мэндчилэхэд балчирхан Мөнгөнбаганын зүрхэнд огшил, бахархлын оч гялсхийжээ.
Алтан нарны цацрагийг өглөө бүр угтах эх орны минь мөнхийн харуул хилийн сүлдэт багана. Сонсоход л омогшил, бахархал төрүүлэх тарни мэт шидэт үг. Энэ л үгэнд эрх чөлөө, тусгаар тогтнол, аз жаргал, амар амгалан, эх орон минь бүхэлдээ багтаж байдаг.
Мөнгөнбагана багш гэрийнхээ гурав дахь багана нь юм. Түүний ах нарыг Тулга, Алтанбагана, Болорбагана, дүүг Болорцэцэг гэдэг. Түүний аав Ш.Бат-Эрдэнэ эх орны минь хаяа хатавчийг харийн газраас зааглан босгосон сүлдэт баганаа бэлгэдэн хөвгүүдээ ийн нэрийджээ.
“Миний аав, ээж хоёр эх орныхоо дархан хилийг 30 жил манасан хилчин хүмүүс. Би Сулинхээр, Улаан-Уул, Халхголын отрядод өсөж, хилийн манаа тосож, үдэж, эх орны торгон хил дээр хүүхэд насаа өнгөрөөсөн. Хилчдийг харж, үлгэрлэж, бахархаж, чин сэтгэлээсээ хайрлаж өссөн болохоор сурагч байхдаа л цэргийн дарга болно гээд бат шийдчихсэн. Угаасаа хилчнээс өөр мэргэжил байдгийг мэдэхгүй, мэдэхийг ч хүсдэггүй байлаа” хэмээн Мөнгөнбагана багш инээмсэглэв.
Аавынхаа мэргэжлийг өвлөн удам залгасан хилчин болохоор 2000 онд Хилийн цэргийн дээд сургуульд элсэлтийн шалгалт өгч тэнцжээ. Сонсогч болоод хагас жил хэртэй суралцаж байтал нь сургуулиас нь ОХУ-ын Хабаровскийн хилийн дээд сургуульд суралцах санал тавьсан байна. Түүний аав 1977 онд Цэргийн тусгай дунд сургуулийн анхны төгсөгч болж байжээ. Тэрбээр хүүдээ “Оросод цэргийн мэргэжлээр сурч байсан хүн манай удамд байхгүй. Чи чадна гэж бодож байвал сураад ир” хэмээн зөвлөсөн байна. Мөнгөнбагана багш гэр бүлийнхээ түүхэнд нэгэн шинэ хуудас нээе хэмээн бодож, сайн суралцах зорилго тээгээд ОХУ-ыг зорьжээ.
Ачаалал ихтэй, амсхийх ч завгүй өдрүүд олон тохиосон ч тэр бүгдийг даваад Хабаровскийн хилийн дээд сургуульд зургаан жил суралцан “Хилийн албаны офицер-Хуульч” мэргэжил эзэмшин 2006 онд эх орондоо иржээ. Хээрийн галуу нисэн үл хүрэх газраас цэргийн эрдэм өвөртлөөд ирсэн шинэхэн офицерыг Увс аймгийн нутагт орших Хилийн цэргийн 0245 дугаар ангийн Хилийн албаны Дүн шинжилгээ, албаны бэлэн байдлын офицероор томилжээ. Хилийн цэргийн хэмжээнд зөрчил хамгийн их гардаг, ачаалал ихтэй, халуун цэгт томилогдон очоод хилийн зөрчил шалгах, хилийн уулзалтад оролцох зэрэг олон ажлыг хийх болжээ. Удаа ч үгүй түүнийг салбарын захирагч, боомтын даргаар томилсон байна. Тэрбээр салбарынхаа улсын хил хамгаалалт, шалган нэвтрүүлэх албыг удирдан зохион байгуулж, 300 гаруй хилийн уулзалтад оролцож, 80 орчим хилийн зөрчил, 320 орчим улсын хилээр нэвтрэх эрхийн бичиг баримтын зөрчлийг журмын дагуу шалгаж, шийдвэрлэжээ.
Улсын хилийг хамгаалахад эр зориг, хүч чадлаас илүүтэй эрдэм мэдлэг ихээхэн чухлыг эрхэмлэн бодож явдаг Мөнгөнбагана багш мэргэжлийн мэдлэгээ сайжруулахын тулд 2011 онд БНХАУ-ын Ардын чөлөөлөх армийн Шизяжуаны механикжуулсан явган цэргийн академид “Тусгай томилгоот салбарын захирагч”-аар суралцсан байна.
ОХУ-ын Калининградын хилийн дээд сургуульд орчуулагчаар ажиллуулахаар Хил хамгаалах ерөнхий газраас 2012 онд түүнийг дууджээ. Калининградын хилийн дээд сургуульд суралцахаар элссэн монгол сонсогчдын орос хэлний мэдлэгийг сайжруулах зорилгоор орчуулагч ирүүлэхийг шаардсаны дагуу Мөнгөнбагана ОХУ-ыг зорьсон байна. Тэрбээр орчуулагч хийхийн сацуу санаачилгаараа сонсогчдодоо ярианы хичээл заах болжээ.
ОХУ-д томилгоот үүргээ амжилттай биелүүлээд ирэхэд нь БНХАУ-д эзэмшсэн мэргэжлийн чиглэлээр нь Хилийн цэргийн 0245 дугаар ангид Тусгай томилгоот бүлгийн даргаар томилсон аж. Жил орчим ажиллаад байтал нь ХХЕГ Дотоод хяналт, аюулгүй байдлын хэлтэстээ мэргэжилтнээр дэвшүүлэн авсан байна.
ХХЕГ-т ажиллаж байх үед нь ХЦДС-ийнх нь анхны багш, доктор, профессор, хурандаа Ц.Ганболд багшлах санал тавьжээ. Тэрбээр хилийн застав, хилийн анги, ХХЕГ гээд шат дамжлагаар нь ажиллаад үзчихсэн, мөн багш гэдэг бахархалтай сайхан алба учраас саналыг баяртай хүлээн авав. Ийнхүү 2013 онд тухайн үеийн Хууль сахиулах их сургуулийн Цэргийн хэргийн тэнхимийн багшаар томилогдсоноор тэрбээр төрийн тусгай албан хаагчийг бэлтгэх их үйлсэд эрдэм оюунаа зориулах болжээ.
Мөнгөнбагана багш бол Монголд цөөхөн байдаг мэргэшсэн их сургуулийн багш юм. Ингэж хэлдэг нь учиртай. Манай улсад их сургуулийн багшийг бэлтгэдэггүй. Харин тэр багшлах ур чадвараа сайжруулахын тулд ОХУ-ын Хилийн албаны академийг 2015 онд “Их сургуулийн багш” мэргэжлээр төгсжээ.
“Багш хүн мэргэжлийн мэдлэг, чадвараа тасралтгүй хөгжүүлэх ёстой. Мэргэжлийн болон хувь хүн талаасаа өөрөө өсөж хөгжиж байж, бусдад зааж сургана” хэмээн Мөнгөнбагана багш хэлэв. Тэрбээр энэ л зарчмыг өмнөө тавьж, тасралтгүй хөгжихийг эрмэлзэж байдаг ажээ.
Мөнгөнбагана багш мэргэжлийн хичээлээ заах цаг наргүй ажлын хажуугаар МУБИС, ХЗҮХ, Магадлан итгэмжлэлийн үндэсний зөвлөл, Тусгаар улсуудын хамтын нөхөрлөлийн “Хэрэглээний боловсрол” төв, Монгол-Германы хамтын нийгэмлэг, ХХЕГ, ДХИС, АНУ-ын Элчин сайдын яам, Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага, Олон Улсын шилжилт, хөдөлгөөний байгууллага зэрэг нэр хүндтэй олон байгууллагын заах арга зүйн болон мэргэжлийн сургалтад хамрагдаж мэдлэгээ “цэнэглэжээ”. Түүнчлэн 2019 онд ДХИС-аас зохион байгуулсан Хятад хэлний анхан шатны дамжаанд суралцаж, МУИС-ийн дэргэдэх Күнзийн институтээс зохион байгуулсан ханз бичлэгийн улсын уралдаанд гуравдугаар байр эзэлсэн аж. Тус уралдаанаас манай сургууль шагналт байр эзэлсэн анхны тохиолдол нь энэ гээд бодохоор Мөнгөнбагана багшаар бахархахгүй байхын аргагүй. Энэ бол түүний тууштай, зүтгэлтэй, дайчин чанарыг илтгэх ажээ.
Тэрбээр “Хил судлал”-ын магистрын зэргийг 2017 онд хамгаалж, өдгөө докторын сургалтад суралцаж байна.
Ажилсаг хүн санаачлан бүтээх чадвартай байдаг. Мөнгөнбагана багшийн санаачилга, хөдөлмөрийн оролцоотойгоор бий болсон бүтээлч ажил манай Их сургуульд цөөнгүй бий. Тухайлбал, тэрбээр сургалтын орчныг сайжруулах чиглэлээр Хилийн албаны сургуулийн жагсаалын талбай, цахим танхим, “Хийн буудлагын тийр”, Гүнжийн хоолой дахь “Хээрийн буудлагын талбай”-г байгуулах ажлыг хариуцан гүйцэтгэсэн нь өдгөө сургалтад ашиглагдаж, хамт олны талархлыг хүлээж байна.
Мөн өөрийнхөө зоос, цаасан мөнгө, банкны карт цуглуулах хоббинд тулгаарлан 2018 онд “Цуглуулагч” клубийг санаачлан байгуулжээ. Тус клуб нь манай сургуулийн идэвхтэй клубүүдийн тоонд зүй ёсоор багтдаг юм. Мөнгөнбагана багш клубийнхээ гарын дүйтэй сонсогч нартайгаа хамтран хонгиогоор бэлэг дурсгалын зүйл хийх ажлыг Дотоод хэргийн их сургуульд санаачлан эхлүүлж байсан нь өдгөө сонсогч, суралцагч, багш, албан хаагчдыг гар доорх материалаар бэлэг дурсгалын зүйл хийх шинэ хоббинд хөтөлсөн юм.
Сургалт, эрдэм шинжилгээ, олон нийтэд чиглэсэн, мэдлэг чадвараа ахиулах гээд багшийн гүйцэтгэх ёстой дөрвөн чиглэлийн ажлыг жигд хангаж ажиллах зарчмыг баримталж явдгаа Мөнгөнбагана багш ярилаа.
Тэрбээр эрдэм шинжилгээ, судалгааны ажлын чиглэлээр 20 орчим илтгэл нийтлүүлж, улсын болон олон улсын хэмжээний хуралд 10 орчим илтгэл хэлэлцүүлжээ. Түүнчлэн “Албаны гар буугаар буудах үндэс”, “Гар буугаар буудахад Скатт цахим төхөөрөмжийг ашиглах нь”, “Шалгагчийн гарын авлага” зэрэг гарын авлагыг боловсруулж, “Сонсогчийн гарын авлага”, “Хилийн шалган нэвтрүүлэх албанд холбогдолтой хууль тогтоомжууд” зэрэг 10 орчим эмхэтгэлийг бэлтгэн хэвлүүлсэн байна.
Мөнгөнбагана багш олон нийт, спортын арга хэмжээнд идэвхийлэн оролцдог. Тэрбээр 2015 онд ОХУ-д болсон гар бууны буудлагын аварга шалгаруулах олон улсын тэмцээнээс мөнгөн медаль хүртэж байжээ. Мөн ХСИС-ийн “Шилдэг сургалтын арга зүй” шалгаруулах уралдаанд тусгай байр, марш, тусгай бэлтгэлийн тэмцээнээс 2017 онд хүрэл, 2018 онд алтан медаль, 2022 оны ДХИС-ийн волейболын тэмцээнээс хүрэл медаль хүртэж байв.
Мөнгөнбагана багшийн хувьд 2021-2022 оны хичээлийн жил амжилт дүүрэн, богц арвинтай жил байлаа. Тухайлбал, хоёр анги даан ажиллаж, “Цуглуулагч” клубийн үйл ажиллагааг удирдсан, Хилийн албаны сургуулиас хэрэгжүүлдэг мэргэжлийн хөтөлбөрүүдийг олон нийтэд сурталчилсан, их сургуулийн алба хаагчдад “Харилцаа, хандлага”-ын сургалт зохион байгуулсан, сонсогчдын сахилга, ёс зүйн төлөвшилд оруулсан шинэлэг ажил, эрдэм шинжилгээний хуралд сонсогчдын илтгэлийг улирдсан, сонсогчдыг олон нийтийн ажилд удирдан оролцуулсан зэрэг цөөнгүй ажлыг амжуулжээ. Тэрбээр тэргүүний багшаар шалгарсанд хамт олных нь дэм тус их байсныг онцлон, сонины шаргал хуудсаар талархаж явдгаа дамжуулсан юм.
“Багш байхын тулд олон чанарыг өөртөө агуулж байх хэрэгтэй юм билээ. Хааяа дарга болно, шаардлагатай үед найз нь, ах нь болно. Олон дүрд хувирч сонсогч, суралцагчтайгаа харилцаж байж, тэдний мөн чанарыг ойлгож, хамтарч ажилладаг. Багш хүн цаашдынх нь ажил, амьдралд хэрэг болох мэдлэг, чадварыг зааж сургаж, зөв хандлагыг төлөвшүүлэх ёстой. Шавьдаа өгөөжтэй багш байхын тулд хичээсээр л байна” хэмээн Мөнгөнбагана багш ярив.
Хилчин, багш хэмээх нарт ертөнц дээрх хамгийн бахархалтай, нандин мэргэжлийг эзэмшсэн, эх орны хүү, эрдмийн өргөөний сүлдэт багана болох Дотоод хэргийн их сургуулийн “Тэргүүний анги даасан багш”, Хилийн албаны сургуулийн “Хөдөлмөрийн аварга багш”, хоёр удаагийн “Тэргүүний багш”, ХХЕГ-ын тэргүүн дээд “Сүлдэт багана” шагналт Хилийн албаны сургуулийн Хилийн боомтын аюулгүй байдал, шалган нэвтрүүлэх албаны тэнхимийн ахлах багш, дэд хурандаа Б.Мөнгөнбагана таны ажилд нь амжилт, амьдралд нь сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
Дэслэгч Д.Дайрийжав