Олон улсын ахмадын өдрийг тохиолдуулан Дотоод хэргийн их сургуулийн ахмад ажилтан, цагдаагийн дэд хурандаа Ц.Бористой ярилцлаа.
-Танд ахмадын баярын мэнд дэвшүүлье. Манай уншигчдад өөрийгөө танилцуулна уу.
-Намайг Цэрэнбалтавын Борис гэдэг. Би 1944 онд Говь-Алтай аймгийн Жаргалан сумын нутаг “Бага дөш” хэмээх газар айлын ууган хүү болон мэндэлсэн. Тэр цагийн хүүхэд багачуудын адилаар Эрээн нуурын өвөрт хурга, ишиг хариулж, хурдны морины нуруун дээр дарцаглаж өссөн. Манай Жаргалант сум бол Монголын Швейцарь гэж хэлж болно. Завхан аймаг тал руугаа модтой, голтой. Урагшаа Говь-Алтай тал руугаа Хасагт хайрхан зэрэг өндөр оргил уулстай. Хөхморьт, Ховд руугаа тал хээртэй. Говь, хангай, тал хээр, ус мөрөн бүхий байгалийн үзэсгэлэн бүрдсэн газар. Наймдугаар ангиа төгсөөд Улаанбаатар хотод шилжин ирж суурьшсан.
-Анх ажлын гараагаа хаанаас эхэлж байв?
-Би багаасаа техникт сонирхолтой хүүхэд байсан учраас 1960 онд Политехникумд “Авто ашиглалт-Эдийн засагч” мэргэжлээр элсэж суралцсан. Төгсөөд Завхан аймгийн Төв диспьютчерийг удирдах газар мэргэжилтнээр томилогдож, анхны ажлын гараагаа эхэлж байлаа. Тухайн үед ес, аравдугаар ангийнханд “Үйлдвэрлэл сургалт” хичээлийг ажлынхаа хажуугаар заадаг байв. Тэгээд 1967 онд Улаанбаатар хот руу буурь сэлгэсэн. Нийслэлийн Усны аж ахуйн яамны Тээвэрлэлтийн төв газар Гаражийн даргаар томилогдсон. Баазад байгаа бүх машины засвар үйлчилгээ, ашиглалтыг хариуцдаг байлаа. Машин техникийг хурдан засаж, зохицуулалтыг түргэн шуурхай хийж, идэвхтэй ажиллаж байсныг үнэлсэн юм байлгүй, Ерөнхий инженерээр дэвшүүлэн томилсон.
-Таны цагдаагийн байгууллагатай амьдралаа холбосон түүх сонирхол татаж байна.
-Цэргийн зарлан дуудах хуудас аваад дайчилгааны байранд очсон. Тэгтэл тэнд сууж байсан Цагдаагийн ерөнхий газрын мэргэжилтэн, хошууч Лантуу “Та цэрэгт явах уу, эсвэл шууд манай системд ороод мөрдэс зүүгээд ажиллах уу” гэж асуусан. Би шууд л цагдаа болох сонголтыг хийсэн. Тэгээд 1970 оны долдугаар сарын 01-ний өдөр Авто техникийг шалган байцаах газар байцаагчаар томилогдож, цагдаагийн дүрэмт хувцас өмсөж байлаа. Би энгийн газар есөн жил ажиллаад төрийн тусгай алба хаагч болсон. Цэрэгт яваагүй шууд мөрдэс зүүчихсэн болохоор цэргийн хэргийн мэдлэг огтхон ч байгаагүй. Гаражийн дарга, ерөнхий инженер хийж байсан болохоор мэргэжлийнхээ юмыг ямар ч асуудалгүй хийнэ. Харин хурдхан л ёсолж хүндэтгэж, алхаж гишгэж сурна даа л гэж бодож, хичээдэг байлаа.
-Таныг цагдаа болоод очиход аав, ээж тань хэрхэн хүлээж авсан бэ?
-Тухайн үед байцаагч нарт мотоцикл өгдөг байсан. Би цагдаа болсноо аав, ээждээ дуулгалгүй нэг өдөр л дүрэмтээ өмсөөд, улаан мотоцикл унаад очсон. Ижий, аав хоёр минь их л баярлаж байсан даа.
-Техникийн байцаагчаар ажиллаж байх үедээ хэрэг илрүүлж байсан уу?
-Би барилгын яамны харьяа бүх авто аж ахуйг хариуцаж байсан. Тухайн үед эзэнгүй хэрэг нэлээн их гардаг байлаа. Өөрөөр хэлбэл, осол гаргачхаад хэргийн газраас зугтах тохиолдол бишгүй. Эзэнгүй хэргийг илрүүлэхэд оролцож байсан тохиолдлууд бий. Нэг удаа 1976 оны мартын наймны баярын шөнө хоёр хүнийг дайраад зугтчихсан ноцтой хэрэг гарав. Техникийн байцаагч нар шөнө дуудагдаж, хариуцсан аж ахуйн нэгжүүдээ шалгахаар явцгаасан. Би хотын аж ахуйн нэгжүүддээ очиж, машин нэг бүрийг шалгалаа. Тэгээд техник засварын трест байдаг партизаны сангийн аж ахуй руу явсан. Тэнд шөнө очоод “Өглөө нэг ч машин гаргаж болохгүй” гэж үүрэгдээд 10 гаруй техникийг жагсааж байгаад үзсэн. Хамрыг нь сөхөж, дээгүүр, доогуургүй шалгаж байтал ГАЗ-53 машины моторын хэсэг дээр хумсны толион чинээ цусархуу улаан толбо ажиглагдсан. Тэгээд сэжиглэж, даамал инженерт нь хэлээд шалгуулахаар хотод авчирсан. Мөрдөн байцаах газрын дарга Доржпалам хурандаа маргааш нь дуудаад “Чи сайн ажилласан байна. Тэр өдрийн осол гаргаад зугтсан хүн мөн байна” гэсэн. Тэгээд Цагдаагийн ерөнхий газрын сайшаалын үнэмлэхээр шагнагдсан.
-Эрдмийн их өргөөтэй заяа тавилангаа холбосон түүхээ ярьж өгөөч.
-Би 1982 онд Баянзүрх дүүргийн Замын цагдаагийн тасгийн даргаар томилогдсон. Цагдаагийн байгууллагад 26 жил ажиллахдаа миний бие хоёр л газар ажилласан байдаг юм. Автотехникийн шалган байцаах газраас Замын цагдаа хүртэл нь ажилласан. Дараагаар нь эрдэм номын энэ их өргөөнд ажилласан. Тухайн үеийн Цагдаагийн дээд сургуульд 1992 онд Авто хуягт техникийн албаны даргаар томилогдон ирж байлаа. Тэр үед энэ сургууль 80 гаруй хөдлөх бүрэлдэхүүн буюу машин техниктэй, их том баазтай байв. Би сургалтад зориулсан техникүүдийг бэлэн байлгах үүрэгтэй. Тухайн үед манай сургууль дотроо жижиг уурын зуухтай байв. Бид уурын зуухныхаа түлээ, нүүрсийг зөөнө. Мөн Баянчандманий сургалтын полигон тухайн үед манай их сургуулийнх байсан. Тэнд бас жижиг уурын зуухтай. Тэндэхийг хөлдөөчихгүйн тулд эндээс түлээ, нүүрсийг нь зөөнө гээд ачаалал ихтэй, асуудал хүндрэлтэй байсан. Гэхдээ тухайн үед маш сайхан хамт олон бүрдсэн байсан учраас ачаалал, бэрхшээлийг ажрахгүй давдаг байлаа даа.
-Нүсэр том авто баазтай байжээ дээ.
-Орос ах нарын нэлээд хуучирсан, асдаг ч үгүй, сургалтын зориулалттай зогсож л байдаг техникүүд цөөнгүй байсан. Гэтэл 1996-1997 онд байлдааны зарим техникээ Хилийн цэрэгт шилжүүлж өгөх шийдвэр гарсан. Биднийг 50 орчим машин техникийг шилжүүлж өг, гэхдээ заавал асааж, хөлөөр нь оруулж өгөхийг үүрэгдсэн. Манай засварчид, жолооч нар бүх нөөц бололцоогоо дайчилж, нэлээд ачаалалтай ажилласны дүнд 50 орчим техникийг хөлөөр нь оруулж өгөөд өөрсдөө 30 гаруй машинтай үлдэж байсан.
-Тухайн үед аж ахуйн нэгжүүдээр авто техникийн үзлэг явдаг байсан шүү дээ. Олон машин үзлэгт оруулахад нэлээн л юм болдог байсан байх.
-Жил бүр машин техникүүдийг үзэж шалгахаас гадна жолооч нараас зохих хэмжээний шалгалт авна. Тэр үзлэг, шалгалтыг манайх 100 хувь үнэлгээтэй өгдөг байлаа. Учир нь би хэрхэн яаж шалгадгийг нь бүрэн мэдэх учраас эртнээс бэлдчихнэ. Тухайн үед зам тээврийн ноцтой осол, зөрчил ч гарч байгаагүй. Их л сайхан хамт олон бүрдсэн байсан даа.
-Ленинградад сурч байсан талаараа ярихгүй юу.
-Замын цагдаад байхдаа 1975 онд Ленинградын Шүүх, прокурорын дээд курст 5 сар суралцсан. Анх хилийн дээс алхаж үзсэн минь тэр. Ленинград явахаасаа өмнө 1974 онд МУИС-ийг “Инженер-эдийн засагч” мэргэжлээр төгссөн.
-Хилийн дээс гэснээс ардчилсан Солонгост амьдарч байсан билүү?
-Манай эхнэр БНАСАУ-д сэтгүүлч мэргэжлээр төгссөн юм. БНАСАУ-д суугаа манай элчин сайдын яамнаас солонгос хэлтэй, техникийн мэдлэгтэй гэр бүл авах сонирхолтой байгаагаа илэрхийлсэн юм билээ. Тэгээд Гадаад явдлын яамнаас бидэнд санал тавьсны дагуу 1982-1985 онд тэнд ажиллаж, амьдарсан. Монголдоо ирээд эргээд замын цагдаадаа орсон.
-Таны энгэр дээр хилийн цэргийн медаль харандана уу даа.
-Хилийн цэргийн болон Батлан хамгаалахын, мөн өөр бусад салбарын медалиуд ч бий. Ажлын шугамаар олон салбараас шагнуулж байлаа. Хамгийн анх 1980 онд цэргийнхний хэлдгээр “Цагаан морь”-оор шагнуулаад магнай хагартал баярлаж байлаа. Тэрнээс хойш “Онц тээвэрчин”, “Осолгүй манлай жолооч”, “Соёлын тэргүүний ажилтан”, “Алтан гадас” одон, “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон” гээд олон л шагнал хүртлээ. Хамгийн сүүлд жил гарангийн өмнө Зам тээврийн яамнаас энэ “Хөгжлийн эзэн” одонг олгосон.
-Цагдаагийн үүрэг гүйцэтгэж байсан хүн Соёлын тэргүүний ажилтан болсон түүхээ хуучилвал?
-Би 2005 онд 108 шүлэгтэй яруу найргийн түүврээ хэвлүүлсэн. Замын цагдаагийн 80 жилийн ойгоор “Замын цагдаа” дууг хийсэн. Тэр дуу маань замын цагдаагийн сүлд дуу болж, авторадиогоор 6 сарын турш өглөө бүр 7 цагаас явдаг байлаа. Одоо замын цагдаа тээврийн цагдаа болж өөрчлөгдөөд дуу маань жаахан хуучирсан. Сургуулийнхаа түүхэн замналыг илэрхийлсэн “Төв сургууль”, “Сонсогч насаа дурсан дуулъя”, “Хилийн отряд”, “Эрдмийн их өргөө” гээд шүлгүүдийг бичсэн. Одоогийн байдлаар хоёр нь дуу болчихсон байгаа. Үлдсэн хоёрт нь ая хийгээд энэ дөрвөн дуугаар түүхэн замналыг харуулсан гоё клип хийх юм сан гэж мөрөөдөж явдаг.
-“Ахмадын хороо” болон Их сургуулийн удирдлагуудад хандаж хэлэх үг бий юү?
-Сайхан өрөөгөөр хангаж, ахмадууддаа анхаарал халамж тавьж байдагт баярлалаа. Ахмадууд бидний сэтгэлд ихээхэн хүрч байдаг шүү.
Би 1998 онд өндөр насны тэтгэвэрт гарсан. Тэтгэвэрт гарахад анх нэг сая төгрөг олгож эхэлж байсан үе. Тухайн үед хоёр дахь хүү маань тусдаа гарах гээд мөнгө ихээхэн хэрэгтэй байсан учраас байранд нь нэмэрлэе гээд л тэтгэвэртээ суучихсан. Бидний дараагаар тэтгэвэрт гарсан хүмүүс 15-25 сая төгрөг авсан. Бид адилхан л цаг наргүй ажилласан шүү дээ. Энэ зөрүүг нөхөх хэрэгтэй юм шиг санагддаг. Одоо цөөхөн л ахмад бий. Мөн энгийн газраас цэргийн байгууллагад орж ажилласан хүмүүс 10-аас дээш жил ажилласан бол давхар тэтгэвэр тогтоолгох боломжтой юм билээ. Яагаад 10 жил ажилласан байх шаардлага тавиад байгааг ойлгохгүй байгаа юм. Тухайн хүний ажилласан жилд нь таарсан тэтгэвэр бодоод олгочихдог байх хэрэгтэй. Энэ талаар ярьж, хэлж, хөөцөлдөөсэй гэж боддог.
Ярилцсан: Дэслэгч Д.Дайрийжав