“Төрийнхөө соёмбыг тэргүүндээ залсан
Тэнгэрлэг залуусын эрдмийн далай
Түмнийхээ хайраар мөрдсөө гоёсон
Тангарагтай түшээдийн хөгжлийн уурхай
Дотоодын хэргийн их сургууль минь” хэмээн баялаг түүхтэй Их сургуулийн минь бахдам алдрыг яруу тансгаар эгшиглүүлсэн Дотоод хэргийн их сургуулийн Хилийн албаны сургуулийн дэд захирал, МУСТА, доктор, хурандаа Б.Лувсанравданг “Эрдмийн далай” сонины “Дуу төрсөн түүх” булангийн анхны зочноор урилаа.
-Хууль зүй, дотоод хэрэг, аюулгүй байдлыг хангах салбарын залгамж халааг бэлтгэдэг баялаг түүхтэй Дотоод хэргийн их сургуулийн онцлог, бахархал, бардамналыг яруу тансгаар уянгалуулсан Дотоодын хэргийн их сургуулийн дуу хэрхэн төрсөн түүхээс ярилцлагаас эхэлье.
-Цагдаагийн академи, Хилийн цэргийн дээд сургуулийг нэгтгэн Дотоод хэргийн их сургуулийг байгуулсан 2011 оноос хойш л энэ сайхан сургуулийнхаа тухай дуу хийх юм сан гэх бодол тээсэн. Удаан хугацаанд бодсон учраас дууны шүлгийн зарим мөрт толгойд хэдийн буучихсан байлаа. Тэгээд 2019 онд онцгой байдал, хил, цагдаа, шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны бахархал, онцлогийг бадаг тус бүрээр илэрхийлэн магтаж, дөрвөн бадаг шүлэг бичсэн.
-Шүлгийг нь бичихэд багагүй хугацааг зарцуулжээ. Аяыг нь зохиоход хэр их хугацаа оров?
-Энэ дууны аяыг гурав хоногт зохиосон. Шүлэг сайхан болсон байхад ая уддаггүй. Шүлэг өөрөө аялгуутай байдаг гэж ярьдаг. Дуу ер нь их сонин. Аравхан минутад төрдөг дуу байна. Тэгэхэд арван жил бодоод ч хийж чадахгүй дуу бас байна шүү дээ.
“Цагаахан талыг чимэглэх яргуй шиг
Цайдам хөндийг уяраах сэвшээ шиг
Гэгээн совинд итгэл төрүүлж
Гэнэн сэтгэлийг урин дуудсан
Яг л чи минь хавар шиг
Яруухан билээ
Яг л чи минь хавар шиг
Яруухан уянгалаг билээ” гээд энэ дууны шүлгийг хурандаа Х.Энхтайван бичээд явуулахад 10 минутын дотор аяыг нь зохиож байлаа.
-Дотоод хэргийн их сургуулийн дууг анх хэнд сонсгож байсан бэ?
-Гэр бүлийн хүндээ сонсгосон. Ер нь миний уран бүтээлийн анхны сонсогч, зөвлөгч, урам хайрлагч нь миний гэргий байдаг. Дараа нь хамт ажилладаг багш нартаа сонсгосон. Түүний дараа тухайн үеийн Мэдээлэл технологи, хөгжлийн газрын дарга, цагдаагийн хурандаа П.Оростогоод сонсгоход “Хоёулаа Их сургуулийн захиралд танилцуулъя” гэсэн. Тэр үед Их сургуулийн захирал байсан генерал Ш.Лхачинжав “Их боломжийн дуу болсон байна. Гэхдээ шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны тухай дөрөвдүгээр бадагт хатуу гэмээр хэллэг байна” хэмээгээд хоёр үг засах санаа хэлсэн. Хошууч генерал Ш.Лхачинжав, цагдаагийн хурандаа Б.Бат-Эрдэнэ, цагдаагийн хурандаа П.Оростогоо бид дөрөв аль бадгаар дуугаа эхлэх үү хэмээн хоорондоо зөвлөлдөөд Монгол Улсын тусгаар тогтнолын баталгаа гэдэг утгаар нь хилээр эхэлье гэж тохирсон. Энэ дуугаа 2020 онд “Үрсэд минь үлдэх эх орон” уран бүтээлийн тайлан тоглолт дээрээ сонсогч, суралцагчдаар дуулуулж, нийтийн хүртээл болгож байлаа. Сонсогчийн амьдрал, хүсэл, тэмүүллийг харуулж, Дотоод хэргийн их сургуулиа сурталчилсан сайхан клип хийхсэн гэж бодож явдаг.
-Ахлагчийн сургуулийн сүлд дуу, мөн “Хилчин сонсогч” зэрэг сонсогчдын дуулах дуртай жагсаалын дуунуудыг бас та зохиосон байх аа.
-2002 онд ахлах дэслэгч цолтой байхдаа Сургалтын төв дээр салаан захирагчаар гарав. Сонсогчдодоо жагсаал заагаад алхуулж байтал алхалтын темп нь анхаарал татаж, хэмнэл орж ирээд байсан. Тэгээд л тэр орой нь
“Алтан нутгийнхаа төлөө тэмцэлд
Амиа өргөсөн өвөг дээдсийнхээ
Ариун голомтыг манах хувьтай
Аз хийморьтой хилчин сонсогч би” хэмээн шүлгээ бичээд “Хилчин сонсогч” дууг зохиож байлаа. Сонсогчид маань энэ дууг одоо ч жагсаалдаа дуулж явааг сонсоход сайхан байдаг.
2013 онд би Ахлагчийн сургуульд шилжин томилогдож, Хилийн албаны тэнхимийн эрхлэгч, сургалтын менежер зэрэг албан тушаалд зургаан жил ажилласан. Тэр үед онцгой байдлын дамжаанд суралцаж байсан Гантөмөр гэдэг сонсогч “Ахлагчийн сургуулийн сонсогч оо би” гээд шүлэг бичээд ирж билээ. Ахлагчийн сургуулийн сонсогчийн хүсэл мөрөөдөл, тэмүүллийг шингээсэн сайхан шүлэг байхаар нь дуу хийе гэж зориод 2014 онд аялгуу хийсэн. 2020 онд энэ дууг Ахлагчийн сургуулийн сүлд дуу болгосон батламжийг тус сургуулийн захирал, доктор, цагдаагийн хурандаа Г.Ганбаатар надад гардуулж өгөхдөө “2014 оноос хойш манай Ахлагчийн сургуулийн 20 гаран мянган сонсогч энэ дууг жагсаалдаа дуулж, сургуулиа нулимстай үдсэн” гэж хэлэхэд их сайхан санагдаж байлаа.
“Аавын хүүгийн мөрөөдлийн жигүүр
Ахлагчийн сургуулийн сонсогч оо би” гээд дуулж явах нь бахархалтай шүү.
-Хилийн албаны мэргэжилтэй хүн дуу зохиох болсон түүх сонирхол татаж байна.
-Гуравдугаар ангид байхад ээж минь гитар авч өгсөн. Манай “Толгойт”-д гитарчид их байлаа. Би багадаа гудамжныхаа ах нарын гитар тоглохыг хэдэн цагаар ч хамаагүй хараад, сонсоод суучихдаг байсан. Хамгийн анх долдугаар ангидаа Б.Явуухулан гуайн шүлэгт ая хийх гэж оролдож байв. Олигтой ч юм болоогүй л дээ. Гэхдээ тэр дуугаа хааяа би аялдаг л юм. Ахлах ангид ороод төгөлдөр хуур тоглож сурлаа. Төгөлдөр хуур баялаг аялгуутай уянгалаг учир ая зохиоход их дэм болсон санагддаг.
-Дуу хөгжимд хайртай хүүхэд байж. Гэхдээ яагаад тэс өөр мэргэжил сонгочихсон юм бэ?
-Би цэргийн хүн болох мөрөөдөлтэй байсан учир хилчин болохоор хилийн албаны ангид орсон. Намайг дуу хөгжмийн чиглэлээр суралцах ёстой байсан гэж хэлэх хүмүүс олон байсан. Гэхдээ би “Хилчин” гэх энэ бахархалт мэргэжлийг хоббигоор эзэмшиж болохгүй, харин дуу хөгжим бол хоббигоор хөгжих боломжтой байсан. Тэгэхээр мэргэжлээ нэгдүгээрт тавьсан нь зөв сонголт байжээ л гэж боддог.
-Анх дууны шүлэг хэзээ бичиж байв?
-“Аав, ээж хоёр минь” дууны шүлгийг 2000 онд бичсэн. Тэрнээс өмнө эрээчиж байсан юм зөндөө л бий. Анх өөрийгөө дууны шүлэг биччихлээ гээд тоож байгаа нь энэ. Энэ дууг анх “Номин талст” хамтлагийн дуучин Т.Дэлгэрмөрөн дуулж байлаа. Аав, ээж хоёр минь тэтгэвэрт гараад мал дээр гарсан юм. Нэг их цасан шуургатай өдөр цонхоор ширтээд “Энэ их шуурганаар аав, ээж хоёр минь яажшуухан байгаа бол доо” хэмээн бодоход
“Хүйтэн жавраар хацраа хайруулаад
Халуун зунаар зулайгаа төөнүүлээд
Хайрлаж өсгөсөн хүү минь дээ гээд
Хараа тавин зам руу ширтээ дээ” гэсэн шүлгийн мөрүүд орж ирснийг дуу болгож аав, ээждээ утсаар сонсгосон. Ээж маань тэмдэглэж аваад тэр хавийн хөгшдөд сонсготол нөгөөдүүл нь ямар сайхан шүлэг вэ хэмээн магтаж, зарим нь бүр бичиж авсан тухай сонсоод урам авч байлаа.
-Та урын сандаа хэчнээн дуутай вэ?
-“Хурд” хамтлагийн “Нандин хайр”, МУСТА дуучин Т.Дэлгэрмөрөнгийн “Миний нутаг”, “Хилчин би жаргалтай”, “Аав, ээж хоёр минь”, МУСТА Д.Найдандоржийн “Яг л чи минь”, “Хайрын дурсамж”, МУСТА Я.Гэрэлчулууны “Түмэн эх”, “Хүннү хүлэг”, “Арвай халтар азарга”, Д.Пэрэнлэйлхагвын “Ээж минь”, ХЦДБЧ-ын гоцлол дуучин, МУГЖ Б.Ганчимэгийн “Монгол бүсгүй”, “Fire” хамтлагийн дуучин Д.Даваадалайгийн “Алсад байгаа 18 нас” зэрэг 70 орчим дууг 20 гаруй жилийн хугацаанд зохиосон байна. Манай сургуульд ажилладаг цагдаагийн дэслэгч Н.Өнөболд бид хоёр “Түмэн эх”, “Хүннү хүлэг”, “Хайрт минь” зэрэг дөрвөн дууг хамтарч хийсэн байдаг.
-Оны шилдэг дуу шалгаруулах “Морин хуур” наадмаас шагнал хүртэж байсан байх аа.
-“Морин хуур” наадамд 2013 онд “Хилчин би жаргалтай” дуугаар оролцоод гуравдугаар байрт шалгарсан. МУУГЗ Т.Сэр-Од, н.Энхтайван зэрэг хөгжмийн зохиолчид тусгай байрт шалгарсан гэж зарлагдахад “Би ч сураггүй нь тодорхой” гэсэн шүү юм бодож суутал гуравдугаар байрт Б.Лувсанравдан гээд зарласан. Тэр үед би маш их баярлаж, урам авсан.
“Хайранд уяатай нандин бүхнийгээ
Хамгаалж яваадаа хилчин би жаргалтай” гээд энэ дуундаа хайртай. Энэ наадмаас хойш дуу авъя гэж хандах дуучид нэмэгдсэн шүү.
-Уран бүтээлүүдээсээ та өөрөө шимтэн сонсдог дуу байдаг уу?
-Сэтгэлээс гарсан юм болохоор нь бүх л дуундаа хайртай. Зохиосон дуунуудаа машиндаа заримдаа сонсоно, хааяа өөрөө дуулахаар алжаал тайлагдах шиг сайхан байдаг.
Дэслэгч Д.Дайрийжав