“Эрдмийн далай” сонин энэ удаагийн “Дугаарын зочин”-оор Дотоод хэргийн их сургуулийн Ахлагчийн сургуулийн Цагдаагийн албаны тэнхимийн эрхлэгч, цагдаагийн хурандаа Ч.Аюурзаныг онцоллоо.
Сонсогчдынхоо өмнө “Цагдаагийн ажил маш их ачаалалтай. Ядрах цаг тохиолдоно. Хаттай байх хэрэгтэй. Даарах ч үе ирнэ. Тэсвэртэй байх ёстой. Дэлхийн хүнд хөдөлмөрийн жагсаалтад цагдаагийн ажил уурхайн дараа хоёрдугаарт эрэмбэлэгддэг. Тэгэхээр хүссэн болгон дөнгөчихдөг амар алба биш. Цагдаад голдуухан гомдсон, хохирсон хүмүүс хандана. Тэдний төлөө гаргах сэтгэлтэй, ойлгоё гэдэг зүтгэлтэй бай. Цагдаагийн алба хаагчид хууль, дүрмээс гадна амьдрах ухаан, техник технологи, гадаад хэл зэрэг өргөн талын мэдлэгтэй байх хэрэгтэй” хэмээн ярих хүн бол цагдаагийн хурандаа Ч.Аюурзана. Түүний түмэнд танигдаж, хайрлагдсан нэр нь “хүүхдийн” Аюурзана. Багш, хурандаа гэхээс илүүтэй өөрийг нь тодотгох энэ нэрэндээ тэр өөрөө ч дуртай.
Монгол Улсад телевиз үүсэн байгуулагдсан тэртээх 1967 оны хавар телевизийн ууган инженер Н.Чогдов, холбоочин Ч.Цэндсүрэн нарын гэр бүл шинэ хүнээ өлгийдөн авчээ. Ээж, аав хэмээх эрхэм алдрыг хайрласан ууган хүү нь араасаа дөрвөн дүү дагуулж, өнөр өтгөн гэр бүл болов. Аав нь улс оронд болж байгаа үйл явдлыг жижигхэн дөрвөлжин хайрцгаар түмэн олонд дамжуулах цаг наргүй ажилтай. Ээж нь үзүүргүй хязгаарт өртөөлөн мэдээлэл харилцаа дамжуулах мөн л завгүй албатай. Тиймээс хүүхдүүдээ хотоос холгүйхэн мал маллан, ой хамгаалдаг өвөө, эмээд нь үлдээсэн аж.
Аюурзана багш сургуульд орох хүртлээ өвөө, эмээтэйгээ мал маллан, ой хамгаалах ажилд нь тусалдаг байжээ. Түүний өвөө ой хамгаалахын зэрэгцээ Зүүнсалааны Өндөрхангай уулын бэлд ямар ч модгүй газрыг ойжуулах ажлыг хийсэн байна. Тухайн үед шар будаанаас ч жижигхэн үрээр тарьсан хар мод нь өдгөө жигдрэн жагссан цэрэг шиг 20-оод метр өндөр ой шугуй болжээ. “Горхи хоржигнож, навч нахиалаад, салхи исгэрээд л энэ байгаль дэлхий чинь амьтай юм шүү дээ. Чамайг ундаалах гээд булаг оргилж, дааруулахгүй гээд нар ээж, хооллох гээд жимс ургаж, халууцах вий хэмээн салхи сэвэлзэж байгаа.
Тийм болохоор байгаль дэлхийгээ яг л ээж, аавыгаа хайрладаг тэр хайраар хайрлах ёстой. Байгаль дэлхийдээ бишрэлтэй, хүндэтгэлтэй хандаж, зөв харьцах хэрэгтэй” хэмээн өвөө нь сургадаг байж. Өөрөөсөө илүү байгальд хайртай өвөөгийн хүмүүжлээр тэрбээр эх дэлхийдээ ээж шигээ хайртай хүн болон өсөн торнижээ. Аюурзана багш байгальтай буруу харьцаж байгаа хүнд үнэн голоосоо дургүй гэнэ. Булаг шандны эхэнд машинаа угааж байгаа хүн харах төдийд л зэвүү, дургүй хоёр нь зэрэг хүрээд явчихдаг байна. Цаасыг модоор хийдэг учраас цаас дутуу ашигладаг хүнд мөн л дургүйхэн.
Тэрбээр гуравдугаар ангид байхдаа албан байгууллагын хашаанд сахиул хийдэг ахындаа очжээ. Дүү нартайгаа тоглон гүйж байгаад хаалга, цонх ч үгүй хуучирч орхигдсон эзгүй байшинд ортол дотор нь мөнгөн аяга, хэт хутга, дээлийн торго, хоргой, мөнгөн товч тэргүүтэй үнэт эдлэлээр дүүрэн хоёр чемодан байж гэнэ. Нагацдаа хэлээд цагдаагийн байгууллагад дуудлага өгчээ. Цагдаа нарын хэргийн газрын үзлэг, хэмжилт хийж байгаа, эд зүйлийг тодруулж, эд мөрийн баримтыг хурааж байгаа нь түүнд их л сонирхолтой санагджээ. “Тэр айлын алдагдсан эд зүйлс байна шүү дээ” хэмээн таньж байгаа нь түүний бахархлыг төрүүлж, цагдаагийн албанд хоёргүй сэтгэлээр зүтгэх сэтгэлийн очийг бадраасан байна.
Үүгээр зогсохгүй, түүний нагац ах Ч.Аюушжав нь замын хөдөлгөөний зохицуулагч, сэргийлэгч аж. Тэрбээр авто замын хөдөлгөөн зохицуулах ахыгаа харах бүрд бахархах сэтгэл төрж, хэзээ ингээд зогсох бол хэмээн боддог байж.
Аюурзана 1975-1985 онд нийслэлийн 13 дугаар дунд сургуулийг төгсжээ. Мэргэжил сонгох болоход багын жүжиглэх авьяастай, сургуулийнхаа жүжиг шийд дандаа гол дүрд тоглож, нүүрийг тахалдаг түүнийг жүжигчин бол хэмээн нөхөд нь ятгасан байна. Харин аав нь болон аавтай нь хамт ажилладаг Монголын үндэсний олон нийтийн телевизийн нэвтрүүлэгч Батбаяр, Харцага нар сайхан дуу хоолойтой учраас телевизийн нэвтрүүлэгч болохыг зөвлөв. Гэвч Аюурзана аль 10 настайдаа л цагдаа болохоор сэтгэл шулуудчихсан учраас багын мөрөөдлөө биелүүлэхээр цэргийн албанд морджээ.
“Энэ сургуулийн жагсаалын талбайгаас цэрэг, цагдаагийн амьдралаа эхлүүлж байлаа” хэмээн Аюурзана багш инээмсэглэв. Түүний хуваарилагдсан Хилийн цэргийн 0195 дугаар анги тухайн үед манай Их сургуулийн хашаанд байрладаг байж. Монгол Улсын өнцөг булан бүрээс цугласан үеийн залуустай жагсаад зогсоход юм бүхэн сонихон. Хэдий дурлаад ирсэн алба ч гэлээ марш тактикт оролцох, модон морин дээгүүр харайх зэрэг мунгинах, шантрах үе бишгүй тохиолдоно.
“Сайн дарга, удирдлагын зааж өгснөөр, олон сайхан нөхрийнхөө дэмжлэгээр, мөн аав, ээж, азай буурлуудынхаа захиасыг биелүүлэх гэж зүтгэн өдий зэрэгт хүрсэндээ баярлаж явдаг” хэмээн Аюурзана багш ярив.Түүний тангаргийн баярт оролцохоор ижий, аав нь иржээ. Ижий нь мөрөөдлөө биелүүлэхээр зүтгэж буй хүүгээ хараад эрхгүй нулимс дуслуулав. Харин аав нь “Миний хүү эх орны хүү боллоо” хэмээн бахархаж, “Нэгэнт дурлаад энэ албыг сонгосон бол тууштай зүтгээрэй, хариуцлагатай байгаарай” хэмээн захисан байна.
Тухайн үед хугацаат цэргүүдийг анги сэлгүүлэн цэргийн алба хаалгадаг байжээ. Түүнийг Хилийн цэргийн 0195 дугаар ангид 6 сар хугацаат цэргийн алба хаагаад байтал нь Дотоодын цэргийн 230 дугаар анги руу шилжүүлжэв. Саарал шинель өмсөж, улаан мөрдэс зүүгээд эргүүлд гаргах болсон байна. “Өчигдөрхөн л цагдаа болохыг мөрөөдөөд сууж байсан жаалхүү ингээд л сэргийлэгч болчихлоо гэж үү” хэмээн итгэж ядна. Цэргийн алба хааж байх үедээ элсэлтийн шалгалт өгч тэнцээд, 1986 оны 8 сарын 21-ний өдөр ЗХУ-ын ДЯЯ-ны академид суралцахаар алтан Москваг зорьжээ.
Алтан Москвад таван жил суралцаж, хуульч мэргэжил эзэмшээд 1991 онд эх орондоо ирэхэд нь түүнийг өөрчлөлт шинэчлэлтийн салхи сэвэлзсэн зах зээлийн нийгэм угтлаа. Хувийн өмч, тохиролцооны дэлгүүр хоршоо үүсэж, өвөг дээдсийн баатарлаг түүхээ үнэн зөв ярих эрхтэй болсон эх орон угтжээ. Зах зээлийн ороо бусгаа энэ үед цагдаагийн төдийгүй төрийн байгууллагуудын шилдэг алба хаагчид ажлаасаа хөндийрч, наймаа арилжаа хийж, гадаад орон руу ихээр “нүүдэллэх” болсон байна. Тэрбээр дурлаж эзэмшсэн цагдаагийн мэргэжлээрээ тууштай ажиллахаар Налайх дүүргийн цагдаагийн хэлтэст хэсгийн төлөөлөгчөөр томилогдов.
Налайх дүүрэгт хэсгийн төлөөлөгч, гадаад паспортын байцаагчийн ажлыг хийж байгаад 1998.06.20-ны өдөр Эрүүгийн цагдаагийн газрын Онц хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст төлөөлөгчөөр томилогдож, улмаар Эрүүгийн цагдаагийн газрын Онц хүнд, зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст ахлах төлөөлөгч, Налайх дүүргийн цагдаагийн хэлтсийн Эрүүгийн цагдаагийн тасгийн дарга буюу эрүү эрхэлсэн дэд дарга, Хүний нөөц, сургалт эрхэлсэн дэд дарга зэрэг албан тушаалыг хашиж байгаад 2007.01.15-ны өдөр Нийслэлийн цагдаагийн газрын Хүүхэд хамгаалал, хаяг тогтоох төвийн даргаар томилогдсоноор хүүхдийн төлөө хөлсөө урсгасан он жилүүд нь эхэлжээ
Цагдаагийн албан хаагчийн хувьд хүүхэдтэй ажиллах завшаан тохиосонд баярлаж явдаг тухайгаа Аюурзана багш дурсав. “Монгол Улс ямар ч бэлтгэлгүй байж байгаад гэнэт зах зээлийн нийгэмд шилжсэн. Улаанбаатар хотыг зорьсон их нүүдэл эхэлж, үйлдвэрүүд татан буугдаж, ажилгүйдэл, архидалт ихэссэн зэргээс үүдэн гудамжны гэх тодотголтой вагоны, траншейнд амьдардаг хүүхдүүд бий болсон. Энэ бол зах зээлийн нийгэмд шинээр бий болсон сөрөг үзэгдлүүдийн нэг. Тэднийг өөрийн хүүхэд настай, үр хүүхэдтэй зүйрлэн харж, хайрлах ёстой. Миний хүүхэдтэй дараагийн он цаг, жилүүдэд хамт амьдрах Монголын ирээдүйн иргэд энэ байна. Энэ иргэд зөв хүмүүжээд, зөв замаар явж, бусдад хүндлэгдсэн, эрэлт хэрэгцээтэй мэргэжил эзэмшсэн хүн болвол энэ улс орны хөгжил, ирээдүйн нийгэм төдий чинээ сайхан болно гэж бодож, энэ ажил албыг хариуцаж байсан манай төвийнхөн хичээж ажилласан. Энэ чиглэлээр цөөнгүй жил ажилласан болохоор намайг хүүхдийн Аюурзана гэж нэрлэж байдаг. Энэ нэрэндээ одоо ч дуртай. Би өдий зэрэгтэй ажиллаж, амьдарч байгаагаа хүүхэдтэй ажиллаж байсны энерги, тэдний буян хишиг гэж ойлгодог” хэмээн Аюурзана багш дурслаа.
Тэрбээр хараа хяналтгүй хүүхдийг түр саатуулах хуулийг санаачилж, хүүхдийн төлөө төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран хэрэгжүүлэхийн сацуу “Хараа хяналтгүй хүүхдийг нийгэмшүүлэх нь гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажил болох нь” сэдвээр судалгааны ажил бичиж, тэнэмэл хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх журмыг батлуулсан гээд хүүхдийн төлөөх түүний зүтгэлийг дурдаад барахгүй.
Хаяг тогтоох төвөөр давхардсан тоогоор 30 орчим мянган хүүхэд дамжиж өнгөрсөн статистик судалгаа бий. Эдгээр хүүхдийг гэмт хэрэгт холбогдохоос урьдчилан сэргийлэх, эцэг эх, асран хамгаалагчийг нь олж өгөх, гэртээ очих бололцоогүй нэгнийг хүүхдийн эрхийг хамгаалах төвд хүлээлгэж өгөх зэргээр түүний удирдсан хамт олон багагүй ажил хийсэн байдаг. Хүүхдийн төлөө гэсэн сэтгэлтэй Итали, Франц, Герман, Голланд, Хятад, АНУ, Камерун, Солонгос, Япон зэрэг орны хүмүүстэй хамтран ажиллаж, тэнэмэл хүүхдийн асуудлыг гадаадын орнуудад зөв танилцуулах чиглэлээр ч их ажил хийжээ.
Монголын ирээдүй болсон хүүхдүүдийн төлөө траншей бүрийг “бүртгэж”, нийслэл хотоор хөлөө эргэтэл тэнэмэл хүүхэд хайж явсан нь талаар өнгөрсөнгүй. Тэрбээр хаяг тогтоох төвөөр дамжсан хүүхдүүд хаана, юу хийж амьдарч байгаа талаар хэдэн жилийн өмнө судалгаа хийжээ. Судалгаагаар говьд том тэрэг жолоодож, уул уурхайн ашигт малтмалыг зөөгөөд давхиж буй жолооч нар, уурхайчид, хоёрдогч түүхий эдийн цэг ажиллуулдаг залуус, морин хуурч, дуучин, цагдаагийн алба хаагч болон нийгмийн бусад салбарт амжилттай явж байгаа залуучууд олон гарчээ.
Аюурзана багш 2014 оноос Улаанбаатар хотын цагдаагийн газрын Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хэлтсийн Гэр бүлийн хүчирхийллийн хохирогчийг хамгаалах байрны даргаар ажиллаж байгаад 2015 онд Дотоод хэргийн их сургуулийн Ахлагчийн сургуулийн Цагдаагийн албаны тэнхимийн эрхлэгчээр томилогдон одоог хүртэл ажиллаж байна.
Тэрбээр Монгол, ОХУ, БНХАУ, Япон, Солонгос, Герман, Итали зэрэг цөөнгүй орны сор болсон багш нараас номын дуу сонсож байжээ. Түүнийг өдий зэрэгтэй цагдаа болоход олон эрдэмтэн, багш нар итгэл, сэтгэл, цаг хугацаагаа зориулсан учраас тэднийхээ заасан эрдэм ухааныг дараагийн үедээ залгамжилж, дамжуулж үлдээхийг хичээдэг байна.
Аюурзана багш хичээл заахдаа онолыг амьдралтай холбож, голдуу бодит түүх ярина. Энэ нь сонсогчдын хичээлд суух идэвхийг сэргээж, сонирхлыг татаж, ой тойнд үлдэх нь их. Тэрбээр “Цагдаагийн эрдэм ухаанаас өчүүхэн ч атугай сураад авчих юм сан гэсэн харцаар хараад сууж байгаа өчигдрийн оюутан, малчин, жолооч, багш байсан иргэдийг сайтар бэлтгэж, тэднээс сайн цагдаа олон төрвөл ард түмний амьдрал төдий чинээ тайван амгалан, уужуу, айдасгүй байна. Тийм учраас манай Ахлагчийн сургуулийн сургалтын баг Цэргийн албаны зохион байгуулалтын хэсэг, төрөл мэргэжлийн тэнхимүүд нягт хамтран сайн цагдаа, сайн ахлагч бэлтгэхээр зүтгэж байна. Энэ ажилд сэтгэл, гар нийлэн хамтарч ажилладаг хамт олноороо бахархаж, талархаж явдаг” хэмээн ярилаа.
Түмэн олныхоо амар амгалан, аюулгүй байдлын манаанд зогссон цаг наргүй өдрүүд, хүүхдийн төлөө хөлсөө дуслуулсан он жилүүд, эх орны өнцөг булан бүрт хууль сахиулах үүргийг гүйцэтгэж байгаа цагдаагийн ахлагч, офицерүүдийг бэлтгэх үйлсэд оруулсан түүний хувь нэмрийг төр үнэлж, хууль зүй, дотоод хэрэг, нийгмийн хамгаалал, боловсролын салбарын тэргүүний ажилтнаар батламжилжээ.
Төр, түмнийхээ төлөө нэгэн сэтгэлээр зүтгэсэн, баялаг түүх, байгуулсан гавьяатай, “Хууль зүйн тэргүүний ажилтан”, “Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн тэргүүний ажилтан”, “Боловсролын тэргүүний ажилтан”, “Цэргийн хүндэт медаль”, “Цэргийн гавьяаны одон”-т Аюурзана багшийнхаа ажилд нь амжилт, амьдралд нь сайн сайхныг хүсэн ерөөе.
Дэслэгч Д.Дайрийжав