Сонсогч Б.Ариунзаяа: Сонсогчийн байранд амьдарснаар бүх цаг хугацааг өөрийгөө хөгжүүлж, суралцахад зориулдаг

Огноо: 2022-01-12
Сонсогч Б.Ариунзаяа: Сонсогчийн байранд амьдарснаар бүх  цаг хугацааг өөрийгөө хөгжүүлж, суралцахад зориулдаг
Сонсогч Б.Ариунзаяа: Сонсогчийн байранд амьдарснаар бүх цаг хугацааг өөрийгөө хөгжүүлж, суралцахад зориулдаг

Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албаны сургуулийн 511 дүгээр дамжааны сонсогч Б.Ариунзаяатай ярилцлаа.


-Дотоод хэргийн их сургуулийн сонсогч болсон түүхээс ярилцлагаа эхэлье.
-Манай аав энэ сургуульд сурч байсан. Ээж минь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад 18 дахь жилдээ ажиллаж байна. Би төрийн тусгай албанд зүтгэхийн бахархалтай сайхныг дэргэдээс нь харж өссөн болохоор энэ мэргэжлийг сонгосон. Миний сонголтыг эрс эсэргүүцэж, дургүйцсэн хүн бол ээж. Бие болоод сэтгэл зүйн хувьд хүнд нөхцөлд ажилладаг хэцүү алба учраас эмэгтэй хүнд дэмий гэж ээж эсэргүүцсэн. Гэр бүл, үр хүүхдэдээ зориулах цаг зав хомсхон байдаг болохоороо ирээдүйд өөр шиг нь ээж хүн болох учраас тэгж их эсэргүүцсэн байх л даа. Гэхдээ хэдий амаргүй ч гэм буруутай нь тогтоогдсон хүмүүсийг засаж сайжруулах нь буянтай сайхан ажил гэж боддог учраас ээжээсээ зөрөн энэ мэргэжлийг сонгосон. Төрийн тусгай албанд зүтгэсэн эмэгтэй хүн маш их тэсвэр тэвчээр, хатуужилтай болдгийг аав мэдэх учраас намайг дэмжсэн байх. Учир нь би гурван дүүтэй, айлын ууган охин. Ирээдүйд дүү нартаа зааж, чиглүүлэх хүн нь би.
-Сонсогч болоод анх дүрэмт хувцас өмсөж, жагсаад зогсоход ямар мэдрэмж төрж байсан бэ?
-Би ДХИС-ийн Ахлах сургуулийг төгссөн. Анх энэ сургуулийн хашаагаар орж ирэхэд сүрдмээр сайхан сургууль санагдаж, шууд л сэтгэл татагдсан. Мөн бүх зүйл нь эмх цэгцтэй, дэг журамтай. Хэдий ахлах сургуулийн сурагч боловч их сургуулийн оюутан болчихсон юм шиг гоё мэдрэмж төрж байлаа. Энэ хашаанд гурван жил суралцсан болохоор сонсогч болоод алзахгүй дээ гэж бодсон ч их сургуульд бүх зүйл миний төсөөлснөөс огт өөр байв. Би өөрөө л сайн хичээхэд болно гэж боддог байсан миний би төвтэй үзэл бид болж өөрчлөгдсөн. Сайн, муу байх нь ганцхан миний хичээл зүтгэлээс биш хамт олноос маань шалтгаалдаг болчихсон. Би зөрчил гаргалаа гэхэд ганцхан намайг биш дамжаагаар маань гүйлгэх жишээтэй. ДХИС-ийн сонсогч байх нь нэр төрийн хэрэг гэж бодож байснаас биш сонсогчид хэчнээн хэцүү бэрхийг даван туулж, мөрдэс зүүдэг талаар төсөөлж ч байгаагүй.
-Сонсогчийн байранд амьдрах хэр санагдаж байна вэ?
-Сонсогчийн байранд амьдрахаар бүх зүйл цагийн хуваарийн дагуу өрнөдөг. Ажлын өдөр өглөө 06.00 цагт босох хуваарьтай. Гэхдээ охид маань 05.00 цагт босоод хувийн ариун цэврээ сахиж, хичээл сургалтдаа бэлтгэдэг. Эрт босохоор өдөр маш үр бүтээмжтэй өнгөрдөг юм байна. Сонсогчийн байранд амьдрахаар улсаас өгсөн хувцсыг өмсөж, хүний хийсэн амттай хоолыг идээд л цаг хугацааг 100 хувь өөрийгөө хөгжүүлж, суралцахад зориулж, бүтээмжтэй зарцуулж чаддаг санагдлаа. Гэртээ байснаас ч илүү зав чөлөөтэй байдаг юм байна. Чөлөөт цагаараа нэг давхрын фитнесст дасгал хийх, хөгжөөнт тоглоом тоглох, тэмцээн уралдаанд оролцох зэргээр соёл хүмүүжлийн үйл ажиллагаанд хамрагддаг. Түүнчлэн манай багш нар бие нь бага зэрэг л эвгүйцвэл эмчид хандаж, эмнэлгээр үйлчлүүлээрэй гэж захидаг. Байнгын асаргаанд байгаа ч юм шиг заримдаа санагддаг.
-Чиний нэг өдөр хэрхэн өнгөрдөг вэ?
-Өглөө 05.00 цагт босоод хувийн бэлтгэлээ базааж, 07.00 цагт өглөөний цайндаа ордог. Тэгээд өглөөний нэгдэлтэндээ хамрагдсанаар тухайн өдрийн хичээл сургалт эхэлнэ. Сурагч байхад 40 минутаар хичээллэдэг байсан бол их сургуульд хичээл 90 минут үргэлжлэх нь заримдаа нойрмоглоход хүргэдэг. Гэхдээ хичээл дээрээ унтчих юм бол дараа нь тэр хичээлээ ойлгох, нөхөх гэж илүү хугацаа зарцуулж, амрах цагаасаа хумслах учраас гүрийгээд маш их нойр хүрч байсан ч унтдаггүй. Хичээл ихэвчлэн 15.50 цагт тардаг. Тэгээд номын санд суух, ангидаа хичээл давтах зэргээр цагийг өнгөрөөнө. 19.00 цагаас өмнө сонсогчийн байранд очиж, оройн хоолонд орно. Хэдий бид цагийн хуваариар амьдардаг ч өөрийгөө хөгжүүлэх, суралцах, хичээлээ давтах цаг хугацаа хангалттай гардаг. 21.00 цагт оройн тоогоо хийгээд амарснаар миний нэг өдөр дуусна. Тухайн өдрийн үйл ажиллагаанаас хамгийн гоё нь оройн тоо дуулаад сонсогчид төрийн далбаагаа буулгадаг.
-Оройн тооны юу нь хамгийн гоё санагддаг вэ?
-Дайны цаг үед хэцүү бэрх зүйл хэчнээн тохиолдсон ч энэ өдрийг бид даван тууллаа. Бидэнд хүч чадал их байна гэдгээ илтгэн оройн тооны дууг хамаг чангаараа дуулдаг байсан талаар сонсож байсан. Оройн тоонд алхахаар тухайн өдрийн бүх стрессийг дуулаад гаргаж байгаа юм шиг сайхан болдог. Сэтгэл тайван амгалан орондоо орж, маргааш юу хийхээ төлөвлөдөг. Өнөөдөр би ийм зүйлээс болж зэмлүүлсэн. Маргааш үүндээ анхаарна. Ийм зүйлийг амжуулна гэж бодоод амардаг.
-Сонсогчийн байранд үе тэнгийнхэнтэйгээ цуг амьдраад бие биенээсээ их зүйл суралцаж байгаа байх. 
-Би тийм ч тууштай биш.  Ном уншиж эхлээд нэг дүр нь таалагдахгүй бол орхичихдог. Гэтэл манай өрөөний охин маш тууштай, юмыг заавал дуусгаж, эцсийг нь үздэг. Би түүний тууштай зан чанараас суралцаж байгаа. Манай анги 28 охинтой. Бид бүгд янз бүрийн орчинд өссөн, өөр өөр зан чанартай. Гэтэл би чимээгүй орчинд хичээл хийдэг гээд бухимдаад байж болохгүй. Бусдыг ойлгож, дасан зохицож, байгаа орчиндоо тааруулаад амьдарч сурч байна. Цэргийн албан хаагчийн хамгийн эрхэм үүрэг нь нөхөртөө туслах. Гутлын алчуураа мартсанаа гэнэт саналаа гэхэд хажуудах нөхөртөө чи мартаагүй биз гээд сануулах жишээтэй. Нэгэндээ санаа тавьж, халамжилж сурч байна. Хатуухан үг сонсоод би охин хүүхэд шүү дээ гээд уйлаад байж болохгүй. Өөрийгөө хянаж, барьж, үг дааж сурч байна. Үгнээс хэрэгтэйгээ аваад хэрэггүйг нь чихнийхээ хажуугаар өнгөрөөдөг болсон. Мөн хувийн зохион байгуулалт сайтай болсон гээд зөндөө л их зүйл сурч байна даа.
-Гар утас хэрэглэхгүй амьдрах ямар санагдаж байна?
-Эхэн үедээ гар утас хэрэглэхгүй байх нь маш хэцүү санагдаж байсан. Одоо эсрэгээрээ харин ч ядрахгүй аятайхан санагдаж байна. Утсанд багагүй цаг зарцуулдаг байжээ. Одоо бол чөлөөт цагийг хичээл хийх, ном уншихад л ихэвчлэн зориулдаг болсон. 

Сэтгүүлч: Д.Дайрийжав

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.31)
АНХААРУУЛГА: Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Facebook
Youtube
Instagram