Улсын сүр цэрэгтээ, цэргийн сүр жагсаалдаа байдаг. Цэргийн сүрт жагсаалыг үлээвэр найрал хөгжимгүйгээр төсөөлөмгүй. Энх цагт төдийгүй дайны хүнд жилүүдэд ч, аагим халуун, тэсгим хүйтэн, аадар бороо, цасан шуургатайд ч сүр жавхлант, уянгалаг, цоглог аялгуугаараа эр цэрэг, эгэл олноо огшоож, ялалт, амжилтад зоригжуулж ирсэн цэргийн үлээвэр найрал хөгжмийн яруу алдар дундаршгүй. Дотоод хэргийн их сургуулийн өглөөний нэгдэлт, ёслол, хүндэтгэлийн бүхий л үйл ажиллагаанд багш, албан хаагч, сонсогч, суралцагчдын сонорыг мялааж, хөгжмийн хэмнэлээрээ алхаа, гишгээг нь удирдан чиглүүлж байдаг үлээвэр найрал хөгжмийн хамтлагийг “Эрдмийн далай” сонин шинэхэн дугаартаа онцолж байна.
Үлээвэр найрал хөгжмийн хамтлаг үүсэн байгуулагдсан түүх
Социалист нийгмийн үед манай сургууль 40-60 хүний бүрэлдэхүүнтэй, үлээвэр хөгжмийн оркестртэй байжээ. Цагаан морин жилийн хувьсгал гарч, нийгэм солигдсоны дараагаар НАХЯ-ны Цэргийн дээд сургуулийг Цагдан сэргийлэхийн дээд сургууль болгон өөрчлөн зохион байгуулахдаа хөгжмийн салааны бүтэц, орон тоог цомхотгов. Энэ цагаас эхлээд манай сургуулийн цэргийн сүрт жагсаал давсгүй хоол мэт үлээвэр найрал хөгжмөөр дутагдах болжээ.
Цагдаагийн хурандаа М.Батаев 1995 онд Цагдаагийн дээд сургуулийн захирлаар томилогдохдоо үлээвэр найрал хөгжмийн орон тоог батлуулахаар хөөцөлдсөн ч бүтээгүй байна. Харин Сэлэнгэ аймгаас ахлагч Г.Ганбаатарыг татаж, анги, байгууллагуудаас хуучин хөгжим авчирч сэлбэн үлээвэр хөгжмийн суурийг босгожээ.
Цагдаагийн дээд сургуулийг 2000 онд Цагдаагийн академи болгон өөрчлөн зохион байгуулав. Энэ үед Цагдаагийн академид ажиллахаар Зэвсэгт хүчнээс гурван ахлагч залуу шилжин ирсний нэг нь хөгжмийн чиглэлээр сургууль төгссөн Ц.Бямбацогт байв. Ц.Бямбацогтыг Цагдаагийн академийн дэргэдэх 804 дүгээр ангид цэрэг хариуцсан салбарын жагсаалын даргаар томилж, үүрэгт ажлаа хийхийн зэрэгцээ үлээвэр найрал хөгжмийн хамтлаг байгуулах тусгай даалгавар өгсөн байна. Ингэснээр Дотоод хэргийн их сургуулийн орчин цагийн үлээвэр найрал хөгжмийн хамтлаг байгуулагдах үндэс суурь тавигджээ. Түүнд итгэл хүлээлгэж, ажилд авсан тухайн үеийн Цагдаагийн академийн захирал, хурандаа М.Батаев, штабын дарга, хурандаа С.Энхсайхан нарт тэрбээр ихэд талархаж явдаг байна.
Ц.Бямбацогт батлан хамгаалах салбараас хууль сахиулах салбарт шилжин орсон учраас эхний хэдэн сар шинэ ажилдаа түүртэж, гэртээ ч харихгүй үе байв. Тусгай үүрэг авсан учир их ажлын хажуугаар үлээвэр хөгжмийн хамтлаг байгуулах ажилдаа ханцуй шамдан сонсгол сайтай сонсогчдыг сонгон шалгаруулж, үлээвэр хөгжим заах болжээ. Энэ цагаас хойш ямар ч ажилд томилогдсон давхар үлээвэр хөгжмөө заасаар, сургасаар, тоглосоор өдгөө 20 гаруй жилийг үдсэн байна.
“Сургуульд цагаан өнгийн орос хөгжим байсан ч хүрэлцдэггүй, зарим нь эвдэрхий зэрэг олон асуудал байсан. Тухайн үед хөгжмийн зэмсэг ховор, олдсон нь өндөр үнэтэй байв. Тиймээс найз нөхөд, хөгжмийн чиглэлээр ажилладаг танилуудаасаа гуйж, хуучин хөгжим олоод үлгэр жишээ үлээвэр найрал хөгжмийн засварчнаар ажилладаг ах хүүдээ хувиасаа төлбөр төлж, засуулдаг байлаа. Ер нь аливаа ажлыг эхлэхэд хүнээс маш их сэтгэл шаарддаг юм билээ” хэмээн цагдаагийн хошууч Ц.Бямбацогт ярилаа.
Овоо хэдэн хөгжимтэй болоод авсан учир хичээлийн бус цагаар сонсогчдоо сургах ажилтай болжээ. Сонсогчдын хичээл ихэвчлэн 16 цагт тардаг учир 16.00-18.00 цагийн хооронд дасгал сургуулилт хийдэг байж. “Тухайн үеийн штабын удирдлагууд маш их тусалж дэмждэг байсан. Үлээвэр хөгжмийн залуусыг харуул манаанд гаргадаггүй байлаа. Мөн академийн захиралтай гэрээ байгуулж, хөгжмөө сайн тогловол мөнгөн урамшуулал олгодог байсан” хэмээн Ц.Бямбацогт дурсав.
Тун удалгүй түүний байгуулсан үлээвэр хөгжмийн хамтлаг Их сургуулийн үйл ажиллагаанаас гадна орон нутгуудаар болон бусад байгууллагын тэмдэглэлт ой, баяр ёслолд уригдан үлээвэр хөгжмөө тоглох болжээ. Мөрдөн байцаах байгууллагын ой, Дундговь аймгийн Цагдаагийн газрын 60 жилийн ой, Москва хорооллын нээлт зэрэг гадна, дотны олон байгууллагын үйл ажиллагаанд уригдаж байж.
Их сургуулийн ёслол хүндэтгэлийн зарим томоохон үйл ажиллагаанд Цагдаагийн ерөнхий газрын “Сүлд” чуулгын хөгжимчдийг урилгаар авчирч тоглуулдаг тухайгаа Ц.Бямбацогт ярив.
Үлээвэр хөгжмийн хамтлаг үндсэн бүрэлдэхүүнтэй болов
Хөгжмийн хамтлагийн сонсогчид эхний жилдээ суралцан хоёр, гуравдугаар куртстээ хөгжим тоглодог байна. Дөрөвдүгээр курст уртын дадлагад гараад явчихдаг учир өдрийн од шиг л ховорхон үзэгддэг аж. Багагүй хугацаа зарцуулан сургаж бэлтгэсэн шавь нар нь төгсөх, үлээвэр хөгжмийн хамтлагт шинэ гишүүн бэлдэх гэсэн цикл эргэлдсээр 2008 онтой золгожээ. Энэ үед гол аяыг албан хаагчдаар тоглуулж, сонсогчдоор туслах аяыг тоглуулах хэрэгтэй юм байна гэсэн бодол Бямбацогтод төрж, удирдлагуудад саналаа танилцуулан дэмжлэг авчээ. Албандаа сэтгэл, зүтгэлтэй ажиллаж байгааг нь өндрөөр үнэлэн 2008 онд Ц.Бямбацогтыг офицер албан тушаалд томилж, дэслэгч цол олгосон байна.
Ахлагчийн сургуулийн дамжааны захирагч-багш, ахмад Л.Батсүрэнг ахлагчийн дамжаанд суралцан төгсөх үед нь Их сургуульд томилуулжээ. Үүний дараагаар ахлах дэслэгч Б.Буянаа, ахлах дэслэгч О.Билэгжаргал, дэслэгч Б.Сэргэлэн, дэслэгч Ц.Мөнхчулуун нарыг Дотоодын цэрэг, Зэвсэгт хүчнээс шилжүүлэн авав. Тухайн үед бүгд ахлагч цолтой байжээ. Тэд албан тушаалын тодорхойлолтод заагдсан үүрэгт ажлаа гүйцэтгэхээс гадна өглөө бүрийн нэгдэлт болон Их сургуулийн хэмжээнд зохион байгуулж буй бүхий л үйл ажиллагаанд хөгжим тоглож, цэргийн жагсаалд сүр нэмэх болов. Үлээвэр болон цахилгаан хөгжмийг хослуулсан “Хийморь” хамтлагийг тэд байгуулжээ. Олон хүний хийморийг болон Их сургуулийн одонт туг, байлдааны тугийг ч цэнгүүлдэг учраас хамтлагаа “Хийморь” хэмээн нэрийдсэн байна.
Өргөсөн тангарагтаа үнэнч байж, итгэл дааж, сэтгэл, зүтгэлтэй ажилласан учраас “Хийморь” хамтлагийнхныг албан тушаал дэвшүүлэн өдгөө бүгд офицерууд болжээ. Итгэл найдвар алдахгүй төдийгөөс өдий хүртэл атгасан гар шиг нэгдэн хамтран ажиллаж байгаа хамтлагийн нөхдөдөө маш их талархаж явдгаа цагдаагийн хошууч Ц.Бямбацогт ярив. Тэд ямар ч их ажил, ачаалалтай байсан бэлтгэл сургуулилтаа таслахгүй хийдэг байна
Сэтгэлд оч байхад зууханд гал олдоно
Үлээвэр хөгжмийг нэмэх 40 хэмийн халуунд ч, хасах 40 хэмийн хүйтэнд ч нэмэлт зүйл ашиглахгүй шууд тоглох боломжтой байдаг. Цахилгаан хөгжимд гэхэд л микрофон, утас зэрэг бусад төхөөрөмж шаардлагатай. Утсан хөгжим гадаа төдийлөн чанга сонсогдохгүй. Тиймээс үлээвэр хөгжмийг цэргийн хөгжим гэж ярьдаг байна. Цэргийн сүр жавхааг бий болгох хүч чадал үлээвэр хөгжимд бий билээ.
Хөгжмийн 16-20 хүний бүрэлдэхүүнтэй салааг бага состав, 20-60 хүний бүрэлдэхүүнтэйг дунд состав, 60-аас дээш бүрэлдэхүүнтэйг их состав хэмээн нэрлэдэг байна. Зэвсэгт хүчин, Хилийн цэргийн бүх л анги салбарт багаар бодоход 16 хөгжимчин, нэг удирдаач буюу 17 хүний бүрэлдэхүүнтэй үлээвэр хөгжмийн салаа байдаг аж. ҮБХИС хөгжмийн сургуультай атлаа үйл ажиллагаан дээрээ хөгжимдөж, цэнгүүлэх хөгжмийн салааг тусад нь байгуулж буй юм билээ. Харин манай Их сургуулийн хөгжмийн бага составын ажлыг Ц.Бямбацогт тэргүүтэй сэтгэлдээ нартай залуус “сайн дур”-аараа гүйцэтгэж байна. Тэд үндсэн ажлын цаг дууссаны дараагаар оройн цагаар бэлтгэл сургуулилтаа хийдэг аж. Итгэл, сэтгэлээрээ жигүүрлэн Их сургуульдаа амьдрах шахам цаг наргүй зүтгэх атлаа илүү дутуу зүйл нэхэх нь үгүй. Тэд багаар бодоход л 17 хүний ажлыг амжуулж, 17 хүний цалин, ахуйн зардалд зарцуулагдах төрийн төсвийг хэмнэж байгаа нь бахархмаар. Давхар ажил хийлээ гэж гомдоллохын оронд шинэ үлээвэр хөгжимтэй болгож, урам зориг хайрласан Их сургуулийн удирдлагууддаа баярлалаа гэнэ билээ.
“Ярьсан яриа янзандаа, янагийн сэтгэл хэвэндээ байгаасай л гэж боддог. Сэтгэлд цог байхад зууханд гал олддог” хэмээн Бямбацогт инээмсэглэв. Түүний баримталдаг зарчим энэ. Сэтгэлээ зориулсан ажил яаж ийгээд л бүтдэг гэсэн.
Заах, зааварлах, хүн хариуцах, хөгжмийн ажилд мэргэшсэн албан хаагч
Цагдаагийн хошууч Ц.Бямбацогт нь 1995-1998 оны хооронд ҮБХИС-д үлээвэр хөгжимчин мэргэжил эзэмшжээ. Тэрбээр зэвсэгт хүчний 013 дугаар ангид хөгжмийн цэрэг, ахлах зааварлагч, хөгжимчин зэрэг албан тушаалыг хашиж байгаад 2000 онд Дотоод хэргийн их сургуульд шилжин ирж, өдгөө 23 дахь жилдээ ажиллаж байна.
“Би цэргийн салбарын жагсаалын дарга, Соёлын төвийн эрхлэгч, цагдаа бэлтгэх анхан шатны сургалтын төвд жагсаалын дарга, офицер болоод цэргийн салбарын захирагч, 2011 оноос хойш дамжааны захирагч-багш гээд дандаа хүн хариуцах ажил хийсэн байдаг. Оны өмнөхөн Их сургуулийн захирлын тушаалаар Цагдаагийн сургуулийн Цэргийн албаны зохион байгуулалт хариуцсан офицер багш албан тушаалд томилогдсон. Сүүлийн 10 гаруй жилийн турш Цагдаагийн сургуулийн сайхан хамт олонтойгоо ажиллаж байна” хэмээн Ц.Бямбацогт ярилаа. Тэрбээр хөгжимчин, удирдаач, багш зэрэг олон албатай. Үндсэндээ заах, зааварлах, хүн хариуцах, хөгжмийн ажилд мэргэшсэн албан хаагч гэхэд болно. Баруун гараараа хөгжим тоглонгоо зүүн гараараа хаах жишээтэй. Хорь гаруй жил давхар ажил хийхдээ нэг ч удаа түүртэж, бэрхшээж байгаагүй гэнэ. “Хийгээд сурчихсан ажил болохоор түүртээд байх зүйлгүй. Хийх ёстой ажил гээд ойлгочих юм бол хэчнээн ачаалалтай байсан ч амжуулдаг” хэмээв.
Тэрбээр гаргасан саналыг нь нааштай хүлээж авч, үргэлж дэмжиж байсан Их сургуулийн үе үеийн удирдлагуудад талархаж явдгаа илэрхийлсэн юм. Мөн эрхэлсэн албандаа эзэн болж, од болон гялалзаж яваа үе үеийн үлээвэр хөгжмийн хамтлагийн төгсөгчдөөрөө бахархаж явдгаа ярина лээ.
Чихээр дамжин зүрхэнд хүрч сэтгэлийг хөдөлгөх ид шид хөгжимд бий. Үлээвэр хөгжмийн гайхамшгийг мэдрүүлж, Их сургуулийн бие бүрэлдэхүүнийхээ сэтгэлийг баясгаж, хөгжмийн хэмнэлд нэгтгэж байдаг үе үеийн үлээвэр хөгжимчдөдөө сүр жавхлант хөгжим шигээ хийморь золбоотой, өндөрт мандаж явахыг ерөөе.
Сэтгүүлч Д.Дайрийжав