Н.Гомбогаанин: Хамт олныхоо нэрийг өндөрт өргөж, хичээнгүй сайн ажиллахыг эрхэмлэдэг

Огноо: 2022-01-05
Н.Гомбогаанин: Хамт олныхоо нэрийг өндөрт өргөж, хичээнгүй сайн ажиллахыг эрхэмлэдэг
Н.Гомбогаанин: Хамт олныхоо нэрийг өндөрт өргөж, хичээнгүй сайн ажиллахыг эрхэмлэдэг

Их сургуулийн бие бүрэлдэхүүнийг тохь тухтай, дулаахан, аюулгүй орчинд ажиллах, сурах боломжоор хангахад эзэмшсэн мэргэжилдээ чадварлаг слесариудын үүрэг хамгаас чухал байдаг. Тэдний төлөөлөл болсон Дотоод хэргийн их сургуулийн 2020 оны “Хөдөлмөрийн аварга”, “Хөдөлмөрийн хүндэт медальт”, Хангалт үйлчилгээний газрын Барилга-засварын албаны гагнуурчин-слесарь Н.Гомбогаанинг “Эрдмийн далай” сонин энэ удаагийн “Дугаар зочин”-оор урилаа.


Н.Гомбогаанин Дотоод хэргийн их сургууль хэмээх өнөр айлын өдөр тутмын үйл ажиллагааг хэвийн явуулахад хамт олонтойгоо гар нийлэн хүчин зүтгэж байна. Дуудлага бүхэн хариуцлагатай.  Амаргүй ажилдаа шантралгүй, бусдын төлөө гэх сэтгэлээр дуудлага бүрд яарч, тухлах завгүй, зогсох эрхгүй 24 цагаар ээлжлэн ажилладаг.  
Түүний өвөө Дорнод аймгийн Булган сумын харьяат лам хүн байжээ. Ууган зээ хүүгээ тэгш дүүрэн, сайн сайхан амьдрахыг бэлгэдэн бурхны номын нэрийг хайрласан байна.  
Гомбогаанин 1993 онд нийслэлийн 76 дугаар дунд сургуулийг төгсөөд их сургуульд спортын чиглэлээр суралцах сонирхолтой байв. Гэтэл аав нь “Хүн ажлыг голдоггүй, ажил хүнийг голдог” хэмээж, өөрийнх нь мэргэжлийг өвлөн гагнуурчин болохыг санал болгожээ. Түүний аав Т.Нямдорж Монгол Улсын Гавьяат гагнуурчин юм. Тэгээд ч 1993 он бол монголчууд зах зээлийн нийгэмд шилжээд удаагүй хүнд хэцүү цаг үе байв. Тэрбээр аав, ээждээ тус нэмэр болохоор шийдэж, мөрөөдлөө орхин барилгын компанид туслахаар ажиллах болжээ. 
Барилгын компанид хоёр жил гаруй туслахаар ажилласны дараагаар цэргийн албанд мордож, 1996 онд халагдаж ирээд Дөрөвдүгээр цахилгаан станцын гагнуурын курст суралцсанаар удам дамжсан гагнуурчин болох ажлын гараагаа эхэлсэн байна. Гагнуурын курс төгссөний дараагаар аавтайгаа хамт “Нийгэм ахуйн барилга трест”-д ажиллах болжээ. Аав нь хүүгээ эрхлээд юм сурахгүй гэж бодсоных уу, хүүтэйгээ нэг ажилд явдаггүй байж. Харин шавь нартаа “Наад нөхөртөө олигтойхон зааж сургаадах” хэмээн захидаг байсан аж. Шавь нар нь “Шинэхэн гагнуурчин энийг гагнаадах” хэмээн гагнуур хийлгэж, заавар зөвлөгөө харамгүй өгдөг байв. Яавал үүнийг илүү сайн гагнах уу хэмээн өнөөдөр нэгээс нь, маргааш нөгөөхөөс нь суралцсаар тэр овоо ажлын дөртэй болсон байна. 
Түүний бие даан хийж гүйцэтгэсэн анхны томоохон ажил бол 2000 онд Өмнөговийн дулааны цахилгаан станцын салбар шугамыг гагнасан явдал юм. Тэрбээр гагнуураа хийж дуусаад дулааны шугамаа шалгуултал ганцхан газраар хий алджээ. Тэр үед өөрийгөө болоогүй л байна даа хэмээн голж байснаа дурсав. Орой нь буудалдаа ирээд сэтгэл дундуурхан байтал “Анхных гэхэд сайн гагнасан байна лээ” хэмээн багш нар нь урам өгчээ. Түүнийг аав нь дуудаж, “Миний хүү сайн байна. Битгий биеэ тоочхоорой. Бүр сайн гагнаж сурна шүү” хэмээхэд тэр хөл газар хүрэхгүй баярласнаа дурсаад инээмсэглэв.  
Н.Гомбогаанин 1996-2002 он хүртэл зургаан жил аавтайгаа хамт ажилласан байна. “Аавтайгаа ажиллах сайхан. Аав баяр ёслол алгасахгүй шагнуулна. Тэр бүрд ааваараа бахархаад суудаг байлаа” хэмээн ярилаа.
Тэрбээр 2008 онд “Сэлэнгэ констракшн” компанид ажилд орсноор одоогийн Дотоод хэргийн их сургуулийн босгыг анх давж байжээ. “Тэр үеэс хойш энэ хашаанаас гарсангүй” хэмээн Н.Гомбогаанин инээмсэглэв. “Сэлэнгэ констракшн” нь манай сургуультай гэрээгээр хамтран ажилладаг уурын зуухны компани юм. Манай сургууль 2013 онд төвийн халаалтад холбогдсоноор уурын зуух хэрэггүй болж, тус компани татан буугдсан байна. Энэ үед төрийн байгууллага түших сонирхолтой байсан Н.Гомбогаанин сургуулийн удирдлагад ажилд орох хүсэлтээ уламжилжээ. Дотоод хэргийн их сургуулийн гагнуурчин тэтгэвэртээ гарч, сургуулийн гаднах төвийн дулааны шугамыг шинэчлэх ажил ид өрнөж байсан тэр үед хувь тавилангаар ч юм шиг бүх тохироо нь бүрдэж, энэ сургуультай ажил амьдралаа холбожээ. Гагнуурчнаар томилогдоод сургуулийн гадна талын болон хашаан доторх бүх шугамыг шинэчилж гагнах нүсэр ажлыг баг, хамт олноороо амжуулсан байна.
“Ажлыг чанартай гүйцэтгээд ард нь гарах үгээр хэлшгүй сайхан байдаг. Гагнуур хийсний дараагаар шалгаад үзэхэд хий, ус алдахгүй бол гагнуурчин хүний жаргал тэр” хэмээн ярих нь ажилдаа үнэнч, сэтгэлээсээ, нягт нямбай ханддаг болохыг нь илтгэнэ. 
Гагнуурчин байна гэдэг гагнаад л болчихдог юм биш аж. Хуучин, шинэ, зузаан, нимгэн хоолойг гагнах болоход нимгэн нь амархан цоорчих гээд байдаг учраас хэрхэн тэнцүүлж гагнах уу гээд гагнуурчнаас ихээхэн ур, ухаан шаарддаг байна. Анхнаасаа л хамаг сайнаараа, нягт нямбай ажиллахгүй бол өөртөө ч, өрөөлд ч бөөн ажил уддаг болохыг учирлав. 
“Гагнуурчин-слесарь хүн гэхээр бохир хувцастай явж болно гэсэн үг биш. Сайхан орчинд цэвэрхэн ажиллах шаардлагатай. Тухайлбал, ус алдаад байгаа паарыг засахдаа цаад талын ханыг нь халтартуулахгүй, цэвэрхэн янзлах хэрэгтэй юм. Ажлаа дуусаад эргэн тойрноо цэвэрлээд ямар байсан, яг тэр хэвэнд нь үлдээгээд гарахыг боддог. Би муу ажиллалаа гэхэд Н.Гомбогаанин гэхгүй, слесариуд гээд бүгдийн нэр гарна. Тиймээс хамт олныхоо нэрийг өндөрт өргөж, хичээнгүй сайн ажиллахыг эрхэмлэдэг. Манай хамт олон бүгд ийм л бодолтой явдаг” хэмээн тэр ярив. Тэдэнд муу, сайн, дунд гээд олон ээлжийн хувцас байдаг аж.
Тэрбээр нэг эрэгтэй, гурван охин дүүтэй. Аав нь гагнуур хийгээд гэрийн бараа харна гэж үгүй. Харин ээж нь насаараа кондуктор хийжээ. Өглөө ээлжтэй үедээ үүр цүүрээр гарч, оройн ээлжид явахаараа хүүхдүүдээ унтсаны дараагаар ирдэг байж. Тэр ууган хүү учраас аав, ээжийгээ эзгүйд дүү нараа асарч, орон гэрээ харна. Гурван охин дүүтэй учраас үс самнах, тууз цэцэглэхэд гаршжээ. Амралтын өдрөөр ээжийгээ ээлжтэйд дүү нарынхаа дүрэмт хувцсыг угааж, индүүдэж, хичээлд нь бэлтгэнэ. Дүү нараа гаргаж байгаад гэрээ зад цэвэрлэж, цэмцийлгэдэг байсан гэнэ. “Манайхан намайг одоо ч эмэгтэй хүн шиг гэдэг юм” хэмээн тэр инээмсэглэв. 
Н.Гомбогаанин гэр цэвэрлэх, хувцас угаах, хоол хийх зэрэг гэрийн ажлыг эхнэр хүний хийх ёстой ажил хэмээн боддоггүй байна. Аль завтай, боломжтой нь гэрийн ажлыг хийх ёстой хэмээв. Тиймээс амралтын өдрөө угаалга хийж, эрт харьсан үедээ хоолоо хийж, гэрээ цэвэрлэж, аль болох эхнэртээ туслахыг хичээдэг аж.
Тэрбээр энэ сайхан сургуульд ажиллаж байгаагаараа ихэд бахархдаг байна. Төрийн байгууллагад ажиллахын нэг давуу тал нь хүний хөдөлмөрийг үнэлж мэддэг хэмээн тэр ярив. Түүний хөдөлмөр, сэтгэл, зүтгэлийг үнэлж, 2020 онд “Хөдөлмөрийн аварга” ажилтнаар шалгаруулжээ.
Хөдөлмөр, амжилт хоёр хүйн холбоотой гэдэг. Түүний сэтгэлээсээ хөдөлмөрлөж, зүтгэсэн өдрүүдийг хамт олон нь үнэлж, Хөдөлмөрийн хүндэт медалиар шагнуулахаар тодорхойлжээ. 2021 оны тавдугаар сард гэртээ амарч байтал нь Барилга-засварын албаны дарга, ерөнхий инженер, ахмад Ж.Чинзориг “Гоё хувцсаа өмсөөд яаралтай ир” хэмээн дуудуулсан байна. Түүнд Их сургуулийн захирал П.Батбаатар “Хөдөлмөрийн хүндэт медаль” гардуулан “Сайн ажиллаарай” хэмээн баяр хүргэжээ. Энэ тухайгаа “Гэнэт шагнуулахаар их балмагдаж, баярладаг юм билээ” хэмээн тэр дурсав. Шагнал гардангуутаа такси бариад ижий, аавдаа очжээ. “Миний аав 5, 6, 7 дугаар таван жилийн гавшгайч, “Алтан гадас” одон, Ардын хувьсгалын ойн медалиуд, Монгол Улсын Гавьяат гагнуурчин зэрэг олон тэмдэг, медальтай. Гэтэл тэр дунд нь Хөдөлмөрийн хүндэт медаль байдаггүй юм билээ. “Миний аваагүй медалийг хүү минь хүртлээ. Хөдөлмөрийн хүндэт гээд гоё медаль байдаг юм байна” гээд аав их баярласан. Ижий, аав хоёроо баярлуулаад, үнсүүлээд, урмын сайхан үгс сонссон тэр өдөр миний амьдралын хамгийн гайхалтай мөч” хэмээн тэр ярив.
Хийж бүтээсэн ажилтай, хэлэх үгтэй амьдрал сайхан. Н.Гомбогаанин бусдад гайхуулах хийсэн ажил, хэлэх үг, баримтлах зарчимтай нэгэн ажээ. Ахмадаасаа суралцан залуустаа үлгэрлэдэг, зөв бодол, эерэг хандлагатай, хөдөлмөрч, хичээнгүй Н.Гомбогаанин танд тэнгэрийн од шиг гялалзаж, түүдгийн оч шиг бадарч явахыг ерөөе.

Сэтгүүлч Д.Дайрийжав
 

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.31)
АНХААРУУЛГА: Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Facebook
Youtube
Instagram