Ш.Алтанбагана: Дэлхийн хүчтэнгүүдтэй өрсөлдөж, медалийн тавцанд Монгол Улсынхаа алтан соёмбот төрийн далбааг мандуулах мөч бахархалтай сайхан байдаг

Огноо: 2024-12-13
Ш.Алтанбагана: Дэлхийн хүчтэнгүүдтэй өрсөлдөж, медалийн тавцанд Монгол Улсынхаа алтан соёмбот төрийн далбааг мандуулах мөч бахархалтай сайхан байдаг
Ш.Алтанбагана: Дэлхийн хүчтэнгүүдтэй өрсөлдөж, медалийн тавцанд Монгол Улсынхаа алтан соёмбот төрийн далбааг мандуулах мөч бахархалтай сайхан байдаг

Пауэрлифтингийн спортын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний 3 алт, 1 мөнгө, 1 хүрэл медальт, Дэлхийн цомын дөрвөн удаагийн аварга, ОУХМастер, Дотоод хэргийн их сургуулийн Ахлагчийн сургуулийн Тактикийн тэнхимийн багш, цагдаагийн ахмад Ш.Алтанбаганатай ярилцлаа. 


-Шинэ оны босгон дээр болсон пауэрлифтингийн спортын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртсэнд тань баяр хүргэе.  Сая болж өнгөрсөн ДАШТ-ий сонин сайхнаас ярилцлагаа эхэлье.
-ОХУ-ын Москва хотод өнгөрсөн оны арванхоёрдугаар сард зохион байгуулагдсан хоёр тэмцээнд оролцоод ирсэн. 12 дугаар сарын 16-19-ний өдрүүдэд пауэрлифтингийн спортын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болж, энэхүү тэмцээнд 20 гаруй орны 1000 орчим тамирчин дөрвөн хоногийн турш өрсөлдөж,  би  насанд хүрэгчдийн ангиллын -100 кг-ийн жинд штангтай хэвтээ шахалт, газраас таталтын төрөлд нийлбэр өргөлтөөр хүрэл медаль хүртсэн. Мөн 12 дугаар сарын 11-12-ны өдрүүдэд Дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээн болсон. Тухайн тэмцээнд 10 гаруй орны 500 орчим тамирчинтай өрсөлдөж, -100 кг-ийн жинд штангтай хэвтээ шахалт, газраас таталтын төрөлд хос алтан медаль хүртэж, дөрөв дэх удаагаа Дэлхийн цомын аварга болсон. 

-Таныг бөхийн удамтай гэж сонссон. Удмаа дагаад бөх биш пауэрлифтингийн спортын тамирчин болсон түүх сонирхол татаж байна.
-Миний аав Хэнтий аймгийн Дархан сумын харьяат аймаг, цэргийн баяр наадамд 7 удаа түрүүлсэн чин зоригт чимэгт хурц арслан “ААТ” хэмээх Ц.Шаравдорж гэж хүн байсан. Аав маань үндэсний бөхөөс гадна чөлөөт бөхийн спортоор хичээллэж, багагүй амжилт үзүүлсэн байдаг. Монгол Улсын чөлөөт бөхийн анхны шигшээ багийн тамирчин байсан. Том хэмээх Монгол Улсын заан Санжаа манай авга ах. Би эцэг, эхээс арвуулаа. Таван ах, дөрвөн эгчтэй, айлын отгон хүү нь. Манай ах нар бүгд үндэсний бөхөөр хичээллэдэг. Ах Бямбатогтох аймгийн арслан, Ариунбаатар аймгийн арслан, Баттогтох аймгийн начин, Дархан-Оргил сумын заан цолтой. Аав, ах нарыгаа дагаж багадаа үндэсний бөх, өсвөр, залуучуудын сумо, жудо бөхөөр хичээллэдэг байлаа. Би 2011 онд сумын заан, 2013 онд тойргийн аймгийн начин цол хүртэж байсан. Тэрнээс хойш бол барилдаагүй.

-Яагаад пауэрлифтингийн спортын тамирчин болчихсон юм бэ?
-Манай ах нар бүгд үндэсний бөхөөр барилддаг, бас пауэрлифтингээр хичээллэдэг байсан юм. Миний дунд ах ОУХМастер, аймгийн арслан Ариунбаатар 2000 оны эхэн үеэс энэ спортоор хичээллэж, амжилт гаргаж эхэлсэн. Монголд анх пауэрлифтингийн улсын аварга шалгаруулах тэмцээн 2005 онд зохион байгуулагдаж байлаа. Ахыгаа үзэх гэж тэр тэмцээнд очоод бяртай, чадалтай, булчинтай мундаг ах нар маш хүнд жинг өргөхийг хараад энэ спортод татагдаж, 2007 оноос хичээллэж эхэлсэн. 2007-2008 онд техник сурах бэлтгэл хийж байгаад 2009 онд улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцохоор шаргуу бэлдсэн. Тэр тэмцээнээс хүрэл медаль хүртээд түүндээ урамшиж, тууштай хичээллэх болсон юм. Би өөрийгөө энэ спортын онцлог, техникийг богино хугацаанд ойлгож, амжилт гаргасан гэж боддог. 2010 онд пауэрлифтингийн улсын аварга болж, тухайн онд мөн Азийн аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль хүртэж байлаа. Түүнээс хойш олон улсын уралдаан тэмцээнд тогтмол оролцох болсон доо.

-Пауэрлифтингийн спортын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд таван удаа оролцоод тавуулангаас нь медальт байранд шалгарсан гэхээр бахархах сэтгэл төрж байна.
-Пауэрлифтингийн спорт нь дэлхий дээр олон зуун мянган хүн хичээллэдэг, мэргэжлийн топ спортуудын нэг юм. Энэ спорт монгол хүний биеийн онцлогт тохирдог учраас манайхан дэлхийн хэмжээний амжилтуудыг үзүүлж байгаа. Би 2014 онд анх ДАШТэмцээнд оролцож түрүүлсэн. Дараа нь 2016, 2017 онд мөн ДАШТ-ээс алтан медаль хүртсэн. Тэгээд 2019 онд мөнгөн медаль, энэ жил 5 дахь удаагаа дэлхийн аваргад оролцоод хүрэл медаль хүртлээ. Энэхүү спортыг сонирхон хичээллэж байгаа залуус техникээ сайн сураад булчингаа хөгжүүлээд, хөгжсөн томорсон булчиндаа дүүрсэн хүчийг аваад хүнд жинг амжилттай өргөх боломжтой.

-Пауэрлифтингийн спортыг хүндийн өргөлт, бодибилдингтэй андуурах нь бий. Пауэрлифтингийн спортын онцлог нь юу вэ?
-Хүндийн өргөлтийн спорт нь олимпийн төрөлд ордог. Огцом, түлхэлттэй гэсэн өргөлтийн хоёр төрөлтэй. Харин пауэрлифтингийн спорт нь штангтай суулт, хэвтээ шахалт, газраас таталт гэсэн хүчний гурван үзүүлэлтийн төрөлтэй. Төрөл тус бүрд болон нийлбэр дүнгээр медаль авах боломжтой байдаг. Хүндийн өргөлтийн тамирчид нэг төрөл нь 300 кг дотор өргөж рекордоо тогтоодог бол пауэрлифтингийн спорт онцлог техникүүдээрээ нэг төрөлдөө 600 кг дотор өргөж рекорд амжилтууд тогтоодог. Пауэрлифтинг нь асар өндөр техник, цэвэр хүчний спорт юм. Хүний биеийн хүч гарч болохуйц хөдөлгөөн техник дээр хүнд жингүүдийг өргөж үзүүлдэг онцлогтой.

-Тамирчин хүнд бэлтгэл, сургуулилт чухал байдаг. Та бэлтгэлээ хэрхэн хийдэг вэ?
-Намайг анх пауэрлифтингээр хичээллэж эхлэхэд багш маань “Чи энэ спортоор амжилт гаргая, сайн тамирчин болъё гэж бодож байвал бэлтгэлээ хэзээ ч бүү тасал. Нэг удаагийн бэлтгэлийг ч бүү тасал” гэж хэлж байсан. Би ямар ч ачаалалтай ажлын дараа бэлтгэлээ яаж ийгээд л хийдэг. Бэлтгэлээ ер нь тасалж, шантарч үзээгүй. Энэ спортоор амжилт гаргахад багшийн маань хэлсэн үг их нөлөөлж миний бэлтгэлийн зарчим болсон. Хүчний спорт их онцлогтой. Байнгын бэлтгэл сургуулилт хийж байж хүч булчинд тогтдог. Бэлтгэл сургуулилтаа тасалдуулахад булчингийн хүч унаж сулардаг. Дараа нь хүнд жингийн ачаалал өгөхөд суларсан булчин ачаалалдаа хүрч ажиллаж чаддаггүй. Тиймээс хүчний спортоор амжилт гаргая гэвэл бэлтгэлээ огт тасалж болохгүй, тууштай хичээллэх хэрэгтэй. Гэхдээ их бэлтгэлдээ биш, төлөвлөгөөтэй, системтэй, шинжлэх ухааны үндэслэлтэй зөв бэлтгэл хийх нь чухал. Би долоо хоногийн зургаан өдөр нь бэлтгэл хийдэг. Өдөрт дундын ачаалалтай бэлтгэлийг 3-4 цаг, өндөр ачаалалтай бэлтгэлийг 4-5 цаг хийдэг. Үндсэн дасгалуудаа хийгээд араас нь туслах булчингийн дасгалууд хийхээр ерөнхийдөө их цаг ордог.

-Таны хувийн рекорд хэд байдаг вэ?
-Би штангтай суултын хувцас хэрэглэлтэй төрөлд 370 кг сууж хувийн рекордоо тогтоож байсан. Пауэрлифтингийн спортыг хамгаалалтын хувцастай болон хувцас хэрэглэлгүй гэж хоёр ангилдаг. Би 2015 оноос хамгаалалтын хувцас хэрэглэлгүй төрлийг сонгон хичээллэж байгаа. Энэ төрөлд “RAW” буюу штангтай суулт 340 кг, штангтай хэвтээ шахалт 220 кг, штангтай газраас таталтын төрөлд 290 кг өргөж тооцуулаад байгаа.

-Дэлхийн цагдаагийн олимпийн пауэрлифтингийн спортын төрөлд таныг таван рекорд эзэмшдэг тухай сонссон.
-Дэлхийн цагдаагийн олимп гэж хоёр жилд нэг удаа зохион байгуулагддаг томоохон тэмцээн бий. Дэлхийн 100-аад орны 10 мянга орчим цагдаагийн алба хаагч 10 хоногийн хугацаанд спортын 60 гаруй төрлөөр хурд, хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлддөг. Энэ тэмцээнд Монгол Улсаас Цагдаагийн Ерөнхий Газар болон Дотоод хэргийн их сургуулийн хамтарсан шигшээ баг 2011 оноос тогтмол оролцож байгаа. Дэлхийн цагдаагийн олимпод албаны бэлэн байдлын бэлтгэлжилтийг хангах зорилгоор манай улсаас цагдаагийн олон алба хаагч оролцож, тодорхой амжилтуудыг үзүүлэн Монгол Улсынхаа цагдаагийн байгууллагынхаа нэр хүндийг өндөрт өргөдөг. Миний хувьд 2015 онд Америкийн Нэгдсэн Улсын Вашингтон хотод зохион байгуулагдсан тэмцээнд анх пауэрлифтингийн спортын төрлөөр оролцож, мөнгөн медаль хүртсэн. Дараа нь 2017 онд Лос-Анжелес хотод зохион байгуулагдсан тэмцээнээс хос алтан медаль хүртэж, дэлхийн цагдаагийн олимпийн пауэрлифтингийн төрөлд таван рекордыг шинэчлэн тогтоосон. Тухайлбал, штангтай хэвтээ шахалтын рекорд 200 кг байсныг 212.5 кг болгож, газраас таталтын төрлийг 270 кг, мөн нийлбэр өргөлтөөрөө тогтоосон.

-Цагдаа ойрхон байгаа газар нүгэлтэн ойртдоггүй гэж ардын уран зохиолч Т.Галсан гуай хэлсэн байдаг. Монголын цагдаагийн бахархалт албанд зүтгэх болсон түүхээ хуваалцаач.
-Том ах Бат-Эрдэнэ маань насаараа цагдаагийн байгууллагад ажиллаад гавьяаныхаа амралтад суусан. Тэргүүндээ соёмбо залаад төр, ард түмнийхээ төлөө зүтгэх ахыгаа харж, бахархаж өссөн. Ах шигээ дүрэмт хувцас өмсөж, мөрдэс зүүгээд, ард түмнийхээ амар тайван байдлын төлөө зүтгэхийг багаасаа мөрөөдөж, тухайн үеийн Цагдаагийн академид элсэн суралцсан. Одоо төрөлх сургуульдаа багшаар ажиллаж, цагдаа, онцгой байдал, шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны алба хаагчдыг бэлтгэхэд мэргэжлийн 2-3 хичээлийг зааж байна. Цагдаа болохыг мөрөөдөж байсан би амар амгалангийн элч болсон төрийн тусгайлсан чиг үүрэг гүйцэтгэдэг алба хаагчдыг бэлтгэх үйлсэд хувь нэмрээ оруулан хүчин зүтгэж байгаагаа ихэд бэлгэшээн бахархаж явдаг.

-Дэлхийн тавцанд таван удаа төрийн далбаагаа мандуулж, монголчуудынхаа бахархлыг та төрүүлсэн. Харин таны бахархал юу вэ?
-Аав, ээжийнхээ отгон хүү нь болж, монгол хүн болж төрснөөрөө маш их бахархдаг. Дэлхийн хүчтэнгүүдтэй өрсөлдөж, медалийн тавцанд алтан соёмбот төрийн далбаагаа мандуулаад, төрийн дууллаа эгшиглүүлэх мөч бахархалтай сайхан байдаг. Би Хэнтий аймгийн Дархан суманд төрж өссөн. Тэмцээн уралдаанд оролцоход Хэнтий аймгийн Нутгийн зөвлөл их дэмждэг. Нутгийн зөвлөлийнхөндөө болон үргэлж дэмждэг нутгийнхандаа их талархаж явдаг. Мөн баялаг түүхтэй Дотоод хэргийн их сургуулийг төгсөж, эрдмийн энэ том өргөөнд ажиллаж буйгаараа бахархдаг. Эрдэмтэн багш нараараа хичээл заалгасан нь намайг өдий зэрэгт хүргэсэн. Багш нартаа маш их баярлаж, бахархаж явдаг. Их сургуулиа төлөөлж тэмцээн уралдаанд оролцоход үргэлж дэмждэг ДХИС-ийн үе үеийн удирдлагууд болон доктор, профессор, цагдаагийн хурандаа П.Батбаатар захиралтай Их сургуулийн хамт олондоо талархаж явдгаа илэрхийлье.

-Энэ спортоор хичээллэхийг хүсэж байгаа залууст хандаж үг хэлнэ үү.
-Аливаа спорт нь хүнд хүмүүжил, ёс суртахуун, тэсвэр тэвчээрийг олгож байдаг. Тэр дундаа пауэрлифтингийн спорт нь бие бялдрын өв тэгш хөгжил, амьдралын зөв хэв маяг, эрүүл мэнд, хувийн зохион байгуулалт зэрэг олон зүйлийг хүнд өгдөг. Манай монгол залуучууд бяртай, хүчтэй. Пауэрлифтинг нь хүчний спорт учраас залуучууд хичээллэхэд маш тохиромжтой спортын төрөл юм. Тиймээс энэ спортоор тууштай хичээллээд үзэхийг зөвлөе. “Мөрөөдлөө зорилго, амжилт болгож амьдар” гэж хэлмээр байна.

Ярилцсан: Сэтгүүлч Д.Дайрийжав

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.31)
АНХААРУУЛГА: Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Facebook
Youtube
Instagram