Жил бүрийн төрсөн өдрөөрөө “Сайхан хүү төрүүлж өгсөнд баярлалаа, ээж ээ” хэмээх үгийг бэрээсээ сонсдог тухай өгүүлэхдээ тэр эгчийн нүд гэрэлтэж байв. Хүний нүд нээрээ гэрэлтдэг юм байна гэж бодохдоо энэ жил хадам ээжийнхээ төрсөн өдрөөр “Сайхан хүү төрүүлж, сайхан өсгөж хүмүүжүүлсэнд баярлалаа ээж ээ” хэмээн заавал хэлнэ дээ гэж бодсон юм.
Амьдралд дутагдах зүйл байх ч талархах зүйл дэндүү олон аж. Дараа төрөлдөө ч дахин учирмаар дэндүү сайхан ханьтай учирсандаа бурханд л талархаж байснаас биш талархал хүлээх ёстой тэр хүнд “Баярлалаа” гээд хэлж үзээгүй юмсанж. Тийм ээ, энэ жил төрсөн өдрөөр нь заавал “Баярлалаа” гэдгээ хэлнэ ээ. Сайхан хүүгээрээ, өөрөөрөө бахадсан, гэрэлтсэн тэр харцыг заавал олж харна аа гэж бодсон юм. Гэвч дэндүү богинохон амьдрал санжээ. Цаг хугацаа биднийг хүлээхгүй, одоо л хайртай нэгэндээ хайртай гэдгээ хэлж, хацар дээр нь заавал үнсээрэй гэх харууссан нэгний үгийг чихэнд хоногштолоо сонссон атал тийм өдөр ийм хурдан ирчихнэ хэмээн даанч итгээгүй явж дээ. Бидэнд юуг ч амладаггүй “маргааш” тэр үгийг хэлэх боломж олгосонгүй.
Энэ айлын бэр болоод 10 намрыг үджээ. Хааяа нэг очоод хоноход хамаг гудсаа зузаалаад дэвсэж өгнө. Очиж байгаа сургаар л бууз, хуушуур хийгээд амттай бүхнээ дэлгээд угтдаг сан. Хүүтэй нь ханилаад арван жил болохдоо танаасаа муухай үг ганцыг ч сонсож үзээгүй ээ. Энэ айлд бэр ороод гайхширдаг байсан хэдэн зүйл бий. Эднийх ганц охин, гурван хүүтэй. Бүгд цэвэрч нямбай, ажилч хичээнгүй гэж жигтэйхэн. Манай хүн надаас амттай хоол хийнэ. Гэр орны ажилд тусална. Хамтдаа гэр орны ажлаа хийчхээд амрахаар сайхан байдаг юм аа гэдэг. Ээж гэрт ирсэн үедээ хүүгээр нь гэр орны ажил хийлгэлээ гэж дургүйцэхийн оронд эхнэрээ амраагаад гэрийн ажилд сайн тусалж бай гэнэ. Яаж үр хүүхдээ өсгөж хүмүүжүүлсэн болоод бүгд ийм ажилсаг, ханьдаа халамжтай, цэвэрч нямбай болдог юм бол гээд гайхдаг юм. Бүр бүгд шүү. Олон хүүхэдтэй айлд хэрүүл маргаан байх л асуудал. Харин эднийд огтоос байдаггүй нь сонин. Арван жил болохдоо эдний хүүхдүүд хоорондоо ам зөрж, муудалцаж байхыг хараагүй. Үр хүүхдээ сайхан өсгөж хүмүүжүүлэхээс өөр буян гэж юу сан билээ. Үнэхээр сайхан өсгөж хүмүүжүүлсэн буянтан билээ, Та.
Аав минь “Өсөхийн жаргалыг жаргалд бүү бод, өглөөний нарыг наранд бүү тооц” хэмээн байнга хэлдэг сэн. Тэр үгийн утгыг хадамд гарч, үеийн найзууд минь бүгд ээж, аав болсны дараа л ойлгосон. Өдөр бүхэн жижиглэнгийн цувдайгаар хоол хийж, аавдаа зодуулж, хойд ээжийгээ царайчилж, ядруухан амьдардаг байсан найз минь сайхан ханьтай учирч бүрэн бүтэн жаргалтай явахыг харахдаа, юугаар ч дуталгүй эрх танхи өссөн нэгэн нь ханьдаа зодуулж, дүн өвлийн хүйтэнд очих газаргүй уйлаад суухыг үзэхдээ аавын үг яасан үнэн юм бэ гэдгийг ойлгосон. Бидний амьдрал хань гэх хэн нэгэн хүнээс үргэлж хамааралтай байдаг аж. Сайхан ханьтай учирсан нь жаргаж, саар нэгэнтэй таарсан нь зовдог хорвоо санж. Муу идэш жилийн гай, муу хань насны гай гэж. Үр хүүхдийнхээ төдийгүй өрөөл нэгний амьдралыг диваажин болгох уу, там болгох уу гэдгийг эцэг, эхчүүд шийддэг ч юм шиг. Найзуудаасаа янз бүрийн авир араншинтай, хүү, охиныхоо амьдралд хэт оролцдог хадмуудын тухай сонсохдоо сайхан хадамтай учирсандаа бурханд талархана. Бурханд талархаж, бас найзууддаа гайхуулж ярьдаг атлаа яагаад өөрт нь “Ямар азтай тавилангаар таны бэр болоо вэ. Үргэлж сайхан хандаж, чин сэтгэлээсээ хайрлаж байдагт баярлалаа, ээж ээ” гээд хэлж чадаагүй юм бол...
Хайртай хүндээ амжиж хайртайгаа хэлж, сайхан хадам аав, ээжтэй учирсан бол, талархаж байгаа бол маргааш гэж хойш тавилгүй яг одоо “Баярлалаа” гээд хэлээрэй. Бэрээсээ, хүргэнээсээ талархал хүлээх ёстой хэн нэгэн баярласан сэтгэлийг нь амжиж сонсож, үр хүүхдээ сайхан өсгөж хүмүүжүүлсэн өөрөөрөө бахархаж, харц нь гэрэлтэг. Сайхан хүү төрүүлж, зөв сайхан өсгөж хүмүүжүүлсэнд баярлалаа, ээж ээ!
Ахлах дэслэгч Д.Дайрийжав