Би эх орны баруун өмнөд хязгаарт орших Монгол Улсын Баатар Д.Гуулингийн нэрэмжит Алтайн буйдхан хороонд бүрээн дуугаар өглөөг угтаж, дарга, цэрэг болж тоглосоор хүүхэд насаа өнгөрөөсөн юм. Миний аав эх орныхоо дархан хилийг 30 жил манасан хилчин жолооч байв. Эх орныхоо торгон хил дээр үүр цайлгаж, энх амгалан нутгийнхаа цэнгэг салхиар амьсгалж, дорноос ургах нарыг угтах үед цээжинд омогшил төрж, хилчин жолооч болсноороо бахархан сүлдэт баганадаа сүслэн залбирдаг хэмээн аав минь ярьдаг сан. Тэргүүндээ соёмбо залж, төр, түмнийхээ төлөө зүтгэх бахархлыг багаасаа харж өссөн болохоор мөрдэстэй хүн бүхэн хайр, хүндэтгэлийг минь төрүүлдэг билээ. Санаж явбал бүтнэ гэдэг. Мөрдэстэй сэтгүүлч болж төр, түмнийхээ төлөө үзэг бэхээ нийлүүлэн, мянга мянган алба хаагчдын үйлс бүтээлийг нь мөнхлөх хүслийнхээ үзүүрээс атгаж, Дотоод хэргийн их сургуулийн Олон нийттэй харилцах төвд сэтгүүлчээр ажиллах боллоо.
Ингээд хэсэг хугацаанд ажилласны дараа Ахлагчийн сургуулийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын “Харуулын албаны ажилтан” бэлтгэх 3 сарын дамжаанд суралцахаар болсон юм. Аавыгаа залган хилийн цэргийн цол зүүх горьдлого талаар болж, сэтгэл дундуур байсан ч удирдлагаас өгсөн үүрэг чиглэлийн дагуу энэ дамжаандаа суралцах болов. Дотоод хэргийн их сургуулийн Ахлагчийн сургууль нь төрийн тусгайлсан чиг үүрэгтэй байгууллагуудын захиалгаар жилдээ 1500 гаруй сонсогчийг богино хугацаанд сурган бэлтгэдэг юм.
Анхны хичээлийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албаны тэнхимийн багш, ахмад Ч.Дашням заалаа. Хоригдол, хоригдогч, ялтан, хорих байгууллага зэрэг сонсож дасаагүй үгсийг хоёр үг тутамдаа хэрэглэх нь чихэнд нэг л дасахгүй. Гэхдээ үе үехэн “Ойлгож байна уу, манайхаан” хэмээн найрсгаар асуух нь сэтгэлд дотно санагдана. Хэдийгээр сонирхсон сэдэв, чиглэл биш ч номын дуу сонсоод шинэ мэдлэг, мэдээлэл авч байгаа болохоор урамтай. Ахмад Ч.Дашням багшийн шавь нартайгаа харилцах эелдэг, найрсаг харилцаа нь дулаахан мэдрэмж төрүүлнэ.
Ахлагчийн сургуулийн хичээл 40 минут ороод 10 минут завсарлана. Арван минут завсарлаад дараагийн цаг үргэлжлэх нь хичээлдээ сайтар анхаарч үр дүнтэй суралцах боломж олгохоос гадна 40 минут тутамд тогтмол агаар сэлгэж цар тахлаас сэргийлэхэд чухал ач холбогдолтой санагдав.
Дараагийн цаг дээр “Цэргийн нийтлэг дүрэм” хичээлийг Хилийн албаны тэнхимийн багш, ахмад Г.Эрхэс оров. Тэрбээр хичээлээ тод чанга дуугаар цэгцтэй, эрэмбэ дараатай заах нь ойлгомжтой, сонирхолтой санагдаж байлаа.
“Галын бэлтгэл” хичээлийг Тактикийн тэнхимийн багш, цагдаагийн хошууч Э.Хэрлэн заав. Буудлагын кабинетэд сандал, ширээ байхгүй учир сонсогчдыг хөлөө жийгээд хана налаад суу гэлээ. Хичээлийн хуваариа мэдээгүйгээс болж, цайвар пиджак, юбкатай буудлагын хичээлд тохиромжгүй хувцастай очсон надад багшийн даалгаврыг биелүүлэх хүндрэлтэй байв. “Юбкатай болохоор хөлөө жийж болохгүй байна уу. Өвдөглөөд суучих” хэмээгээд подсумка өгөхөд нь би маш их баярласан юм. Шавьтай багш гэдэг ундаргатай булаг хэмээх үг бий. Шавиасаа хүндлэл хүлээж чадсан эсэхээр тухайн багшийг хэр сайн болохыг хэмжих нь бий. Шавиа хайрладаг, хүндэтгэдэг Э.Хэрлэн багш эхний хичээл дээрээ л хүндлэл, талархал, бахархлыг төрүүлсэн юм.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албаны тэнхимийн эрхлэгч, дэд хурандаа Д.Мягмарсүрэн суралцагчдад хичээлээ эхлээд бичүүлээд дараа нь нэг бүрчлэн тайлбарлаж заана. Хичээл бичих зуур багшийн яриаг анхаарч чадахгүй өнгөрөх нь бий. Харин Мягмарсүрэн багш бүгд бичиж дууссаны дараа нэг бүрчлэн тайлбарладаг учир хичээл нь маш ойлгомжтой санагдаж байв. Мөн шинэ хичээл эхлэхдээ өмнөх заасан хичээлээ нэр цохож асуудаг учир суралцагчид хичээлээ сайтар бэлдэж, уншдаг байлаа.
“Албаны тусгай хэрэгсэл хэрэглэх” хичээлийг ахмад М.Батмөнх багш заав. Онолын хичээлийг практиктай холбон тодорхой кейсүүд дээр жишээлэн хичээлээ ойлгомжтой заана. Хичээлтэй холбогдох богино хэмжээний дүрс бичлэг үзүүлэх нь тухайн хичээлийг сонирхолтой болгоно.
ШШГА-ны тэнхимийн багш нар бүгд хорих байгууллагад тодорхой хугацаанд ажиллаад үзчихсэн, практик сайтай учраас зааж буй хичээлийнхээ өгүүлбэр бүрийг практикт ямар байдаг талаар жишээлэн маш ойлгомжтой, сэтгэлд үлдтэл заах юм билээ.
Дамжааны захирагч-багш, ахмад Д.Батсүрэн жагсаалын бэлтгэл хичээлийг оров. ДХИС-аас суралцаж байгаа хүмүүс жагсаалаас гар хэмээхэд дөрвөн суралцагч жагсаалаас гарлаа. “Их сургуульд ажилладгаа давуу тал болгох ёсгүй. Суух ёстой хичээлд бүрэн хамрагд, чөлөө олгохгүй, бусадтай ижилхэн үүрэг хүлээнэ шүү” хэмээн жагсаалын өмнө хатуу анхааруулав. Зарчимч, шулуун, хамт олныг атгасан гар шиг нэгтгэж чаддаг багш шиг санагдсан юм.
Ингээд суралцаж байтал ШШГА-ны “Офицер дамжаа” хичээллэхээр болж, ажиллах гэж байгаа албан тушаал маань офицерын орон тоо учраас шилжин суралцав. Офицер бэлтгэх дамжаа нь нэг сарын хугацаанд цэргийн хэргийн мэдлэг, төрийн алба болон шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын үйл ажиллагаа, онцлогийн талаар мэдлэг, мэдээлэл олгодог богино хугацааны дамжаа юм.
Офицер дамжааны захирагч-багшаар ахмад П.Насанжаргал ажиллалаа. Танхимд жагсаалын талаар онолын мэдлэгийг ойлгомжтой, цэгцтэй олгоно. Дараагаар нь жагсаалын талбайд гарч бэлтгэл хийлгэнэ. Тэрбээр суралцагчтай нэг бүрчлэн тулж харилцдаг нь хичээлийг үр дүнтэй болгож байсан юм. Онолын хичээлийг хүн уншаад сайтар ойлгосон байхад тогтоочихдог. Харин жагсаалын бэлтгэлийг байнга давтаж байж хэвшүүлэх юм билээ. Яг ойлгоод сайн сурчихсан юм шиг мөртлөө маргааш нь андуурч эндүүрээд багшдаа зэмлүүлэх нь цөөнгүй. Ахмад П.Насанжаргал мянга заасан зүйлийг нь хийж чадахгүй байхад дуугаа өндөрсгөнө үү гэхээс зүй зохисгүй үг хэллэг хэрэглэдэггүй, суралцагчийг хүндэтгэдэг, ёс зүйтэй багш байлаа. Багшаасаа манай ангийнхан бага хугацаанд их зүйл сурсан даа.
Офицер дамжаанд “Цэргийн нийтлэг дүрмүүдийг хэрэгжүүлэх” хичээлийг Хилийн албаны тэнхимийн эрхлэгч, дэд хурандаа Б.Амартүвшин багш заав. Эхний хичээл дээр “Тэр дүрэмт хувцсаа индүүдсэн байна, тэр шинээр нь өмсчихөө юү, индүүдээд өмсдөг шүү” хэмээв. Багш өөрөө дүрэмт хувцсаа жимбийтэл индүүджээ. Энгэрийн халаасынх нь индүүдлэгийг хараад л хувцас индүүдэнэ гэж халтуурддагаа мэдэв. Дүрэмт хувцсаа жимбийтэл индүүдэж, үзэмжтэй өмсөж, өөрөө үлгэрлэчихээд “Цэргийн алба хаагч дүрэмт хувцсыг үзэмжтэй, цэвэрхэн өмсөх үүрэгтэй” хэмээн заах нь хүндэлмээр.
“Албаны бэлтгэл” хичээлийг заасан Биеийн тамир, албаны бэлтгэлийн төвийн багш, хошууч С.Эрдэнэбатаас мөн багагүй зүйлийг суралцсан билээ. Бие хамгаалах талаар ямар ч мэдлэггүй байсан би тодорхой хэмжээнд өөрийгөө болон бусдыг хэрхэн хамгаалах эрдэмд суралцсан юм. Эелдэг, найрсаг хандаж, чадахгүй бүхнийг минь сургахаар хичээнгүйлэн заадаг байсан эрхэм багшдаа талархсанаа илэрхийлье.
Сонсогчид бид өглөө 07.40 цагт нэгдэж, 08.30 цагт хичээл сургалт эхлээд 15.00-17.00 цагт дуусаж, үргэлжлүүлээд жагсаалын бэлтгэл хийж, 18.00-20.00 цагийн үед тухайн өдрийн сургалт дуусна. Хичээлээ тарсны дараа өрөөндөө орж ирээд тухайн өдөр болсон үйл ажиллагааны талаарх мэдээллийг хянаж, Их сургуулийнхаа сайтад нийтлэх, “Эрдмийн далай” сониныхоо ярилцлага, мэдээллийг бэлтгэх гээд 22.00 цаг өнгөрөөд харих бол энүүхэнд. Мөрөөдлийнхөө үзүүрээс атгаж, сурах ёстой зүйлээ сурч, хийх ёстой ажлаа хийж байгаа болохоор энэ бүхэнд ажрахгүй маргааш нь Их сургуулийнхаа зүг яардаг юм.
Ийнхүү ажиллах, суралцахыг хослуулан урам зоригоор дүүрэн нэг сарыг өнгөрүүлэв. Сонсогч байх сүүлчийн өдрийн жагсаалын бэлтгэлээ хийчхээд мэдээгээ бичиж суухад нэг их ажил амжуулсан хүн шиг сэтгэл амарч билээ. Манай Олон нийттэй харилцах төвийн хамт олон ч бас хааяа чөлөөний хуудсаар хичээлээс “саатуулдаг” байсандаа гэмшин халуун цайтай, хоол хүртэл аваад тавьчихсан байдаг нь идэр ес эхэлсэн хүйтэн өдрүүдийг илүү дулаахан болгох шиг санагддаг сан. Мөрдэстэй сэтгүүлч болох мөрөөдөл хүслийг минь биелүүлэхэд тусалж дэмжсэн, зааж сургасан, үлгэр дуурайлал болсон Ахлагчийн сургуулийн бие бүрэлдэхүүндээ талархсанаа илэрхийлье.
Богино хугацаанд олон сайхан нөхөртэй болж, дөрвөн жил нэг ангид суусан мэт бие биедээ элгэмсэн дасжээ. Ангийн найзууд минь дурсгалын зургаа хамтдаа татуулаад байгууллагынхаа зүг яаран явсан юм. Одоо би, бид хичээж ажиллах л үлдлээ дээ.
Сэтгүүлч Д.Дайрийжав