Зоригоор эхэлж, зорилгодоо тэмүүлсэн он жилүүд

Огноо: 2021-12-08
Зоригоор эхэлж, зорилгодоо тэмүүлсэн он жилүүд
Зоригоор эхэлж, зорилгодоо тэмүүлсэн он жилүүд

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага, тэр дундаа хорих ангиудад Д.Мягмарсүрэн багшийг танихгүй хүн үгүй. Тэрбээр энэ байгууллагад 20 гаруй жил хүчин зүтгэсний сүүлийн арваад жилийн хугацааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын ахлагч бүрэлдэхүүнийг бэлтгэхэд зориулсан юм. “Эрдмийн далай” сонин энэ удаагийн “Дугаарын зочин”-оор Ахлагчийн сургуулийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албаны тэнхимийн эрхлэгч, дэд хурандаа Д.Мягмарсүрэнг онцоллоо.
Д.Мягмарсүрэн багш бага насаа мал хариулж, хурдан морь унаж, Орхон голын усанд сэлж өнгөрүүлжээ. Тэрбээр арван хүүхэдтэй өнөр өтгөн айлын дундах нь юм. Түүний өвөө Баруун хүрээ буюу Шанхын хийдэд том лам байсан учир тэрээр бурхны номонд ойрхон өссөн байна. Аав, ээж нь амьтны үр, ангирын зулзагыг хайрлаж, хамгаалахыг хичээнгүйлэн заан сургадаг байж. Тоглож яваад санамсаргүй шувууны өндөг хагалах, дэггүйтээд дэгдээхий бариад ирвэл ижий, аав нь ихэд зэмлэж, өдөржин бурханд мөргүүлдэг байсан гэнэ. Аав, ээжийнхээ амьтай бүхнийг хайрладаг нинжин сэтгэл, агуу хүмүүжлийн ачаар шувууны өндгөнд сүүдрээ ч тусгадаггүй, энэрэнгүй, зөв хүн болж өсөж, төлөвшжээ.
Тэрбээр 1992 онд Өвөрхангай аймгийн Хархорин сумын нэгдүгээр арван жилийг төгсөөд хугацаат цэргийн албанд мордов. Эр хүний бахархал болсон цэргийн албыг нэр төртэй хааж, халагдах болоход ахлагчаар улирахыг санал болгосон байна. Морь, малд дуртай, малчин болохоор шийдсэн тэрбээр саналаас татгалзаж, эх нутаг, ижий аавдаа иржээ. Аргалын утаа үнэртээд малын бараа хараад суух, эзгүй талд морин дэл дээр салхи татуулан давхих шиг жаргалыг өөр хаанаас мэдрэх билээ. Цэцгэн хээгээр гоёсон дэлгэрхэн талдаа шаагин урсах Орхоны чимээнд сэтгэл баясан малаа маллаж, хурдан морьдоо наадамд сойно. Морьдоо услахаар явах замдаа нутагтаа амралтаараа ирээд буй холын хамаатныхаа ах Баттөмөртэй тааралджээ. Тэр алдаж, эндсэн аавын хүүг зөв замд нь чиглүүлж, засан хүмүүжүүлэх төрийн тусгай албанд зүтгэхийг Мягмарсүрэнд санал болгосон байна. “Монгол Улсын төрийн тусгай албан хаагч болно, хуулийг сахиулна, төр, түмнийхээ төлөө зүтгэнэ” хэмээх үгс түүнд хачин бахархалтай сонсогдож, огтхон ч эргэлзэхгүйгээр зөвшөөрчээ.
Хэдхэн жилийн өмнө Авдрантын хорих ангид Монголыг донсолгосон аймшигт хэрэг гараад байв. Хорих байгууллагын алба хаагчдын аминд хүрч хорих газраас оргосон хоригдлуудын тухай яриа намжаагүй үе. Тийм аюултай газар ажиллахаар мордох гэж буй хүүгээ аав болон ах, дүү нар нь эрс эсэргүүцжээ. Мягмарсүрэн дотроо бага зэрэг айсан ч “Төрийн тусгай алба хаагч болно шүү дээ” хэмээх бодолдоо хөтлөгдөн сэтгэл, зориг шулуудан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад ажиллахаар шийджээ. Түүнийг Авдар уулын бэлд орших Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын харьяа Хорих 403 дугаар анги буюу “цуут” Авдрантын хорих ангид дадлагажигчаар ажиллуулж байгаад удалгүй ахлагчаар томилсон байна.  
Авдрантын хорих анги бол Монгол Улсад ганц л байдаг, онцгой дэглэмтэй хорих газар. Тиймээс ихэвчлэн хүний амь хөнөөсөн, онц хүнд гэмт хэрэг үйлдсэн хүмүүс ирдэг байна. Мөн тухайн үеийнхээр “ялгааны хоригдлууд” буюу тухайн үеийн нэр нөлөө бүхий  хоригдлуудыг ялгаж тэнд авчирдаг байжээ. 
Ар халхын хамаг л гаршсан гэмт хэрэгтнүүдийг цуглуулж хорьсон газарт харуул хамгаалалтын үүрэг гүйцэтгэнэ гэдэг барагтай аавын хүүгээс гарах эр зориг биш. Тэр тусмаа хоёр, гуравхан жилийн өмнө аймшигт цус урсгасан хэрэг гарсан газар шүү дээ. Харин Мягмарсүрэн зориглож, тогтвор, суурьшилтай сайн ажиллаж чадна хэмээн сэтгэл шулуудан очоод байв. Түүнийг Авдрантын хорих ангийн удирдлага, хамт олон алгаа дэлгэн сайхнаар угтаж авчээ.
Авдрантын хорих бол нөлөө бүхий хоригдол ихтэй, ажиллахад бэрх газар юм. Алба хаагчдаас мэргэжлийн ур чадвар, эр зориг маш их шаарддаг. Хоригдлуудыг чулууны үйлдвэр, төмрийн цехэд ажиллуулдаг болохоор нэгжлэг хийхэд хутга олноор гарч ирдэг байж. Хутга нуусан, өмнө хүн амины хэрэг үйлдсэн хүмүүстэй таван жил ажилласныг нь бодоход бахархах сэтгэл төрнө. Амь насаа дэнчин тавьсан эрсдэлтэй, бэрх нөхцөлд тогтвор суурьшилтай ажиллаж чадсан нь чадварлаг, туршлагатай, сайхан хамт олны нөлөө хэмээн Мягмарсүрэн багш дурсав. 
Онцгой дэглэмтэй хорих ангид ажиллахад шантрах, бэрхшээх үе түүнд олон удаа гарчээ. Амьдралдаа санаатай болон болгоомжгүй байдлаар алдаж, эндсэн хүний үртэй ажиллана гэдэг аав, ээжийн хүмүүжлээр амьтны үрийг хайрлаж өссөн түүнд эхэндээ бэрх байв. Хутга ардаа нуугаад өөдөөс нь зүглэх хулгайчаас тэр айж шантраагүй. Харин ээжийгээ зодуулахыг харж тэвчилгүй хойд аавыгаа хутгалчихсан хүний үрийг хараад дотроо эмтэрч, шантарна. Хуулиар хүлээсэн үүрэгтэй учраас сэтгэл эмзэглэсэн ч хувийн харилцаа үүсгэж болохгүй. Хаа нэгхэн сэтгэлийн дэм өгөхөөс хэтэрч үл болно. Ижий, ааваас нь түүнд өвлөгдсөн энэрэнгүй, нинжин сэтгэл энэ байгууллагад ажиллахад хааяа чөдөр болж, тэр стресстэж, бүр заримдаа хар дарж зүүдэлнэ. Сайхан хамт олныхоо сэтгэлийн дэмжлэг, урам зоригоор тэжээгдэн бэрх бүхнийг тэр давж чаджээ. “Миний өдий зэрэгтэй сайн ажиллаж, сайхан амьдрахын үндэс суурийг тавьж өгсөн тухайн үеийн Авдрантын хорих ангийн дарга, бригадын генерал Д.Дамдинцэрэн, ээлжийн дарга М.Энхболд, С.Энхтайван, нутгийн ах, ахлагч Баттөмөр болон хамт олондоо маш их талархаж, бахархаж явдаг юм. Сэтгэлийн хат, тэвчээр, ажилдаа чин сэтгэлээ зориулж ажиллах, дайчин байх гээд олон сайхан чанарыг тэднээс суралцсан” хэмээн тэр дурсана лээ.
Хорих байгууллагын алба хаагчдыг мэргэжил дээшлүүлэхээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газарт байсхийгээд л сургалтад хамруулдаг аж. Сургалтад суухаар ирсэн жирийн дэглэмтэй хорих ангийн алба хаагчид Авдрантын хорихын ахлагчдыг ихэд хүндэтгэдэг нь бахархалтай санагддаг байсан талаараа Мягмарсүрэн багш дурссан юм.
Ажил албандаа чин сэтгэлээ зориулан хичээнгүй ажилладаг түүнийг удирдлагууд нь дэмжин 2002 онд Цагдаагийн академид эрх зүйч мэргэжлээр сургахаар явуулжээ. 
Онцгой нөхцөлтэй хорих ангид таван жил ажилласны дараагаар тэрбээр 2005 онд офицер болж, Булган аймагт орших Хорих 439 дүгээр ангид ээлжийн даргаар томилогджээ. Удалгүй 2007 онд их сургуулиа төгсөөд дэглэм, харуул хамгаалалтын байцаагч болж дэвшээд байтал нь Авдрантын хорих анги татан буугдаж, нүүлгэн шилжүүлэлт явагдан хоригдлуудыг түүний ажиллаж байсан Булганы онцгой дэглэмтэй хорих ангид авчирчээ. “Тэдэнтэй ажиллах тавилантай л байж дээ” хэмээн Мягмарсүрэн багш инээмсэглэв.
Цагдаагийн академи, Хилийн цэргийн дээд сургууль нэгдэн 2011 онд Дотоод хэргийн их сургууль байгуулагдсан билээ. Дотоод хэргийн их сургууль Ахлагчийн сургуулиа байгуулж, дотоод хэргийн болон аюулгүй байдлыг хангах салбарын ахлагч бүрэлдэхүүнийг бэлтгэхээр болжээ. Энэ үед Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын удирдлагууд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын ахлагч бүрэлдэхүүнийг бэлтгэх багшаар томилох хүнээ  хайж, судалж эхлэв.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын амин сүнс нь ахлагч бүрэлдэхүүн юм. Учир нь харуул хамгаалалтын ажлын 70 хувийг ахлагч бүрэлдэхүүн гүйцэтгэдэг. Тиймээс энэ чухал албыг залгуулах алба хаагчдыг мэргэжлийн өндөр түвшинд бэлтгэхийн тулд маш хариуцлагатай, ур чадвартайгаас гадна ахлагчийн албыг хашиж үзсэн багш шаардлагатайг удирдлагууд онцолж, таван хүнийг дуудан уулзжээ.
Хорих байгууллагын хянагчаас ахлах нийгмийн ажилтан болтлоо шат алгасалгүй дэвшсэн, онцгой дэглэмтэй том хорих ангиудад харуул хамгаалалтын ажлыг олон жил үр бүтээлтэй хийж гүйцэтгэсэн туршлагатай, ур чадвартай хэмээн ахлагч бүрэлдэхүүнийг бэлтгэх хариуцлагатай ажилд Мягмарсүрэнг багшаар сонгох шалтгаан олон байв. Тэр удирдлага, хамт олныхоо итгэлийг хүлээн 2011 оны аравдугаар сард Ахлагчийн сургуульд Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албаны багшаар томилогджээ.
Харуул хамгаалалтын албаны бүх л ажлыг хамгийн хүнд нөхцөлд хийгээд үзсэн, дадлага туршлагатай түүнд хичээл заахад хүндрэл гараагүй байна. Харуул хамгаалалтын албаны ажилтан мэргэжлээр гуравхан сар сураад л хоригдлуудтай ажилладаг учир богино хугацаанд өндөр ур чадвар олгохыг зорьдог байна. Хорих байгууллагад хэрэгжиж байгаа хууль, дүрэм, журам, зааврыг хэрхэн хэрэгжүүлэх, ямар алдаа дутагдал гарах эрсдэлтэй зэргийг онол, практик хослуулан заадаг аж. Тэрбээр багшаар томилогдсоноос хойшхи арав гаруй жилийн хугацаанд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын харуул хамгаалалтын албаны 2000 орчим ажилтныг бэлтгэжээ.  Шавь нартаа ажил үүргээ өндөр хариуцлагатай, нэр төртэй гүйцэтгэхийн зэрэгцээ ажлын стрессийг хорих ангийн хашаанд үлдээгээд гэртээ инээд баясалтай очихыг онцгойлон захидаг байна.
Түүнд бусад газраас ажлын санал цөөнгүй ирж байжээ. Гэвч тэрбээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад мэдлэг, ур чадвартай ахлагч бүрэлдэхүүн бэлтгэх хариуцлагатай үүргийг хүлээгээд ирсэн учраас Дотоод хэргийн их сургуульдаа үр бүтээлтэй, тууштай ажиллахаар шийдсэн байна. Их сургуульд ажилласнаар бусдад зааж сургахаас гадна өөрөө ч их хөгждөг тухай Мягмарсүрэн багш ярив. Бусдад заахын тулд өөрөө уншиж, судалж, хөгжих ёстой. Тэрбээр олон улсын болон их сургуулийн хэмжээний эрдэм шинжилгээний хурлуудад 20 гаруй илтгэл хэлэлцүүлж, бусад эрдэмтэн, багш, судлаач нартай хамтран дөрвөн гарын авлага боловсруулан хэвлүүлжээ. Түүнчлэн Дотоод хэргийн их сургуульд докторантурт суралцаж байгаа юм. “Хоригдолд боловсрол олгох ажиллагааны эрх зүйн зохицуулалт, хэрэгжилт” сэдвээр докторын ажлаа бичиж дуусаад, удирдагчаараа хянуулж байгаа аж.
Сайн багшийн гар дээр эх орны маргаашийн нар манддаг. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын ахлагч бүрэлдэхүүнийг чадварлаг бэлтгэж, амьдралдаа хазгай гишгэсэн аавын хүү, ээжийн охиныг засан хүмүүжүүлэх, нийгэмдээ  гэрэл нэмэх ариун үйлсэд сэтгэл зүрхээ зориулан зүтгэж, хөдөлмөрлөж байгаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын “Албаны төлөө-1, 2, 3” тэмдэгт, Хүүхдийн төлөө газрын “Сайн үйлс” алтан медальт, ШШГЕГ-ын “Салбарын тэргүүний ажилтан”, Монгол Улсын “Боловсролын тэргүүний ажилтан” цол тэмдэгт, Дотоод хэргийн их сургуулийн 2019-2020 оны хичээлийн жилийн “Тэргүүний заах арга зүйч багш”, дэд хурандаа Д.Мягмарсүрэн танд аз жаргал, эрүүл энх, амжилт бүтээлийн дээдийг хүсэн ерөөе.

Сэтгүүлч Д.Дайрийжав

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.31)
АНХААРУУЛГА: Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Facebook
Youtube
Instagram