Хилийн нэвтэрхий толь Асхарын Муратхан

Огноо: 2021-11-10
Хилийн нэвтэрхий толь Асхарын Муратхан
Хилийн нэвтэрхий толь Асхарын Муратхан

Асхарын Муратхан шиг сур

Цас малгайлж, жавар тачигнасан тэсгим өвлөөр өвдөг давсан саарал шинель, цегейх малгай, орос хромон гуталтай догь эр хот айлд нь иржээ. Ширтэхгүйг хичээсэн ч өөрийн эрхгүй харц булаана. “Энэ цэрэг шиг ийм гоё хувцас өмсдөг л хүн болъё” хэмээн шийдэхдээ Муратхан зургаан настай байлаа.
Тэрбээр Өлгий хотын 1-р арван жилийг онц төгсөж, багын мөрөөдлөө биелүүлэхээр өөрийн хүслээр хугацаат цэргийн албанд татагдав. Түүний аав Х.Асхар гуай 1943-1948 оны хооронд 5 жил хугацаат цэргийн алба хааж, баруун хилийн тулгаралтад оролцож явсан ахмад дайчин билээ. Цэргийн албаны хүнд хэцүүг өөрийн биеэр мэдэх учир хайртай хүүгээ бэрх замаар явуулахыг хүссэнгүй. Гэвч өдийг хүртэл эцэг, эхийнхээ үгнээс гарч үзээгүй Муратхан багын мөрөөдлөө биелүүлэхээр анх удаагаа тас зөрөв. Дургүй байсан ч эрс шийдэмгий хүүгийнхээ сонголтыг хүндэтгэж, аав, ээж нь сүүгээ өргөөд цэргийн албанд мордуулжээ.
Жигдэрсэн жагсаал, цэгцэрсэн алхаа, оройн тоо, жагсаалын дуу, эрийн хийморь, цэргийн сүр жавхлан алтан соёмбот тугийн намираа... Монголынхоо уудам талд морин дэл дээр салхи татуулан давхихаас илүү үгээр хэлэмгүй тийм сайхан мэдрэмжийг цэргийн албанд ирээд мэдрэхдээ л тэр зөв зам руу тэмүүлж буйдаа бат итгэжээ. Хүсэж мөрөөдсөн цэргийн дүрэмт хувцсаа өмсөөд удаагүй байхдаа шалгалтад тэнцэж, ЗХУ-ын Москва хотын Хилийн цэргийн дунд сургуульд суралцахаар явсан байна. Алтан Москвад 3 жил суралцаад 1974 онд эх орондоо ирэв. Хээрийн галуу нисэн үл хүрэх газраас цэргийн эрдэм өвөртлөөд ирсэн шинэхэн дэслэгчийг Сүхбаатар аймгийн Онгон сумын хилийн отрядад Заставын даргаар томилжээ.
Эх орны тусгаар тогтнолын бэлгэ тэмдэг болсон сүлдэт баганын дэргэдээс мандах нарыг угтахад төрдөг мэдрэмжийг юутай ч зүйрлэх боломжгүй хэмээн Муратхан гуай шүүрс алдав. Хилийн застав гэх буйдхан атлаа хүний мөс чанар жинхэнэ утгаараа оршин байдаг хязгаарт тэрбээр Монгол хэмээх их айлын 8252.6 км урт алтан бүслүүрийг хамгаалж, чангалсаар гурван зуныг үджээ. Догь хувцсанд татагдаж, цэргийн хүн болохоор анх шийдсэн бяцхан жаал баатарлаг эрсийн халуун амь, бүлээн цусаараа хамгаалсан ширхэг чулуу хэчнээн үнэ цэнтэй болохыг ойлгож, эх орны дөрвөн зүг, найман зовхист Монгол хэмээх их айлын тулганы галыг бөхөөхгүй, мөнхөд бадамлуулахаар өвөл, зун, өдөр, шөнийг ялгахгүй нойр, хоолоо умартан зүтгэх хилчдээрээ бахархаж, омогшдог, онгирдог, омог бардам хилчин болжээ. 
Улс орны оршин тогтнох үндэс болсон дархан хилийг хамгаалахад хурд, хүч, тэсвэр тэвчээр, эр зоригоос гадна эрдэм шинжилгээ, судалгаа чухал болохыг ойлгосон Муратхан хил хамгаалах эрдэмд шамдахаар алтан Москваг дахин зорив. Тэрбээр ЗХУ-ын Цэргийн хими хамгаалалтын академид 5 жил суралцжээ. Мөн тус академийн дэргэдэх аспирантурын сургалтад 1989-1992 оны хооронд суралцан докторын зэрэг хамгаалсан байна. Муратхан гуай алтан Москвад нийт 12 жил цэргийн эрдэмд шамджээ.
Энэ үеэр түүний төрж өссөн Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын иргэдийн дунд “Асхарын Муратхан шиг сураач” гэх сургамж үг гарчээ. Энэ үг нөлөөлсөн үү, ямартаа ч түүний гаргасан жимээр нутгийнх нь оюунлаг залуус олноор алхаж, мөрдэс зүүн эх орны аюулгүй байдлыг хамгаалах үйлсэд хүчин зүтгэх болсон байна. Хүүгээ цэргийн хүн болоход дурамжхан байсан эцэг, эх нь Муратханаар бахархаж, дэмжих болжээ. Тэрбээр хаа нэгхэн төрсөн нутагтаа очихдоо холын сонин сонсох гэсэн түмний хөлд дарагдаж, идээ цагаа барих зон олныхоо хүндэтгэлд умбах болов.

Хил судлалын шинжлэх ухааныг үндэслэгчдийн нэг

ЗХУ-д цэргийн ухааны докторын зэрэг хамгаалаад ирсэн Муратханыг хилийн отрядын даргаар томилох тухай яриа гарчээ. Гэсэн ч түүн шиг эрдэм боловсролтой хүнийг хилийн анги руу явуулахад хайран санагдаж, эзэмшсэн 

боловсрол, эрдэм мэдлэгийг нь ирээдүй хойчдоо үлдээе хэмээн 1992 онд Цагдаагийн дээд сургуульд багшаар томилов.  Энэ цагаас хойш Цагдаагийн дээд сургуульд багш, Цэргийн их сургуульд Эрдмийн зэргийн сургалтын албаны дарга, тэнхимийн дарга, БХЯ-нд Хилийн цэргийг хариуцсан түшмэл, ХЦДС-д Эрдэм шинжилгээний төвийн дарга, дэд захирал, захирал, ХСИС-ийн Эрдэм шинжилгээний хүрээлэнгийн Хил судлалын төвийн дарга, ХХЕГ-ын Улсын хилийн түүх, стратеги судлалын секторт судлаач, эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан зэрэг албан тушаалыг хашжээ. Өдгөө ДХИС-ийн ЭШНХ-ийн Хилийн аюулгүй байдал судлалын хүрээлэнгийн захирлаар ажиллаж байна. Тэрбээр төрийн тусгай албад болон хил хамгаалах байгууллагын  боловсон хүчин бэлтгэх үйлсэд 50 гаруй жил зүтгэсний сүүлийн 29 жилийг эрдэм боловсролоо хойч үедээ өвлүүлэх ариун үйлсэд зориулжээ.
Тусгаар тогтносон улсын хил болон хил орчмын нутагт болж байгаа үйл явцын мөн чанар, шинж байдал, хилийн орон зайд хамаарагдах бие хүн, нийгэм, улс төрийн ашиг сонирхлыг хамгаалж буй төр, олон нийт, хүчний болон бусад байгууллагын үйл ажиллагааг харьцуулан судалдаг салбар шинжлэх ухааныг ОХУ-ын эрдэмтэн судлаачид “Погранология” хэмээн томьёолж, түүнийг шинжлэх ухааных нь хувьд дэлхий нийтээр хүлээн зөвшөөрүүлэх зорилгоор 1995 онд “Оюуны бүтээлийн олон улсын бүртгэлийн танхим”-д бүртгүүлжээ. 
Тухайн үед Монгол Улсад хил судлалыг цэргийн шинжлэх ухааны хүрээнд л авч үздэг байсан бөгөөд түүний бүрэлдэхүүн хэсэгт “Улсын хил хамгаалах” гэсэн индекс төдийхнөөр багтаж байв. Зэвсэгт хүчин улсын тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хамгаалах үндсэн үүргийг гүйцэтгэдэг бол хил хамгаалах алба тайван цагт улсын хилээ хамгаалж, байнгын байлдааны үүрэг гүйцэтгэдэг учраас үйл ажиллагаа, зэвсэглэл, арга тактик гээд бүх зүйл нь зэвсэгт хүчнээс өөр юм. Тиймээс орос эрдэмтдийн нээсэн хил судлалын шинжлэх ухааныг Монголдоо нутагшуулъя хэмээн зориглож, БХИС-ийн ХЦС-ийн хэсэг эрдэмтэд 2000 онд “Монголын хил судлалын үндэсний нийгэмлэг” ТББ-ыг байгуулжээ. Энэхүү байгууллагаа 2016 онд “Монголын хил судлалын академи” болгон өргөжүүлж, 21 дэх жилдээ үйл ажиллагаа явуулж буй аж. Хил судлалыг 2010 онд цэргийн шинжлэх ухаанаас салгаж, БСШУ-ны сайдын тушаалаар улсын бүртгэлд оруулан, магистр, докторын сургалт явуулах тусгай зөвшөөрөл авах, энэ чиглэлээр хамгаалалт зохион байгуулах ажилд мань хүн нэлээд үүрэг гүйцэтгэсэн байдаг.   
Доктор Муратхан бол дээрх эрдэм шинжилгээний ТББ-ыг байгуулахад идэвх санаачлагатай ажилласан, Монгол Улсад “Хил судлал”-ын шинжлэх ухааныг бий болгох үндсийг тавьсан эрдэмтдийн нэг юм. Түүнчлэн тус шинжлэх ухааныг хөгжүүлэх, мэргэжлийн ангилалд оруулах, энэ чиглэлээр их, дээд сургуульд бакалавр, магистр, доктор бэлтгэх сургалтын төлөвлөгөө, хичээлийн хөтөлбөр боловсруулах, гарын авлага, сурах бичгийг бий болгоход ихээхэн хувь нэмэр оруулсан эрдэмтэн билээ. Тэрбээр “Диссертаци бичих арга зүйн зөвлөмж”, “Хил судлал ба судалгааны арга зүй”, “Эрдэм шинжилгээ, судалгааны арга зүй”, “Хилийн манаа”, “Улсын хил хамгаалах ажиллагааны үндэс”, “Эрдэм судлалын цагаан толгой”, “Хилийн аюулгүй байдал” зэрэг 26 ном, сурах бичиг, гарын авлагыг дангаар буюу хамтран бичиж хэвлүүлжээ. Түүнчлэн  “Хилийн алба”, “Хилийн төлөөлөгчийн ажил”, “Судалгааны арга зүй” зэрэг хичээлээр 11276 цагийн хичээл зааж, “Хилийн албаны ажилтан”, “Шалган нэвтрүүлэх ажилтан”, “Эрх зүйч”, “Ар талын ажилтан” зэрэг мэргэжлээр 1597 офицер мэргэжилтэн төгсгөхөд хувь нэмрээ оруулсан, заах арга зүйг гарамгай эзэмшсэн тэргүүний багш, ДХИС болон ҮБХИС-ийн “Хүндэт профессор” юм. 
Түүний гавьяа зүтгэлийг төр үнэлж, “Цэргийн гавьяаны одон”, “Цэргийн гавьяаны улаан тугийн одон”, цэргийн хүндэт болон ойн бусад медалиудаар шагнасан байна.
А.Муратхан нь батлан хамгаалах ба улсын хилийн талаар төрийн бодлогын баримтлах үндсийг боловсруулах, хэлэлцэх, шинжлэх ухаан, технологийн дэвшлийг нэвтрүүлэх, тэдгээрийг хэрэгжүүлэх, үр дүнг тооцох болон эдгээр салбарт эрдмийн зэрэг, цолтой боловсон хүчинг бэлтгэхэд жинтэй хувь нэмэр оруулсан, нэр хүндтэй эрдэмтдийн нэг юм.
Эх орны тусгаар тогтнолын хамгийн дээд бэлгэ тэмдэг нь сүлдэт багана билээ. Эх орон, тусгаар тогтнол хилийн баганаас л эхэлдэг. Монгол Улсын хууль хилийн багана дотор л үйлчилдэг. Монгол хүн бүрийн амар амгалан, аз жаргалын цайз болсон улсын дархан хилийг хамгаалах үйл хэрэгт эрдэм оюунаа зориулан яваа цэргийн ухааны доктор, профессор, хурандаа А.Муратхан таны ажил үйлс сүлдэт багана шигээ өөдөө байхыг хүсэн ерөөе.

Ахлах дэслэгч Д.Дайрийжав 

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.31)
АНХААРУУЛГА: Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Facebook
Youtube
Instagram