Аливаа байгууллагад ил гардаггүй хэрнээ ихийг бүтээдэг эгэл даруу хүмүүс байдаг нь арын албаныхан. “Эрдмийн далай” сонин энэ удаагийн “Дугаарын зочин”-оор сургуулийн өдөр тутмын өнгө төрх, цэвэр цэмцгэр байдлыг тодорхойлогч үйлчлэгч нарынхаа төлөөлөл болгон Санхүү, ар талын газрын үйлчлэгч П.Даваажаргал эгчийг онцоллоо. Тэрбээр бид бүхний хоёр дахь гэр болсон Их сургуулийг өдөр бүр цэвэр цэмцгэр байлгах үйлсэд 27 дахь жилдээ зүтгэж байгаа манай ахмад ажилчдын нэг юм.
П.Даваажаргал эгч Улаанбаатарын уугуул иргэн. Найман хүүхэдтэй өнөр өтгөн айлын дөрөв дэх нь юм. Харин айлын хоёр дахь охин учраас гэр орноо цэмцгэр байлгах, дүү нараа асрах гээд багаасаа ажилд суралцжээ. Найман нас ч хүрээгүй жаалхан байхаасаа тусад орж, өглөө оройдоо дүү нараа харан бантанг нь халбагадаж, өмд гутлыг нь сольж, хайрлаж халамжлах сэтгэл нь эцэг эхээ баярлуулдаг байв. Өөрийн гэсэн мэргэжил эзэмшиж, төр, түмнийнхээ төлөө зүтгэх нууцхан мөрөөдөлтэй жаалхан охины хүсэл эцэг, эхдээ тус нэмэр болж, нэг сайхан амраах сан, баярлуулах сан гэх халгисан сэтгэлээр солигджээ. Ингээд наймдугаар ангиа төгсөөд аавыгаа даган төмрийн үйлдвэрт ширмэн пийшин хийх болсон байна. Эмэгтэй хүн битгий хэл эр хүн ч халширмаар хэцүү ажил боловч “Аав, ээждээ тустай охин болсон шүү” гэх бодол нь түүнд урам өгдөг байжээ. Ийнхүү аавтайгаа ажиллаад нэг жил болоод байтал амьдарч байсан хорооноос нь Сэлэнгэ аймгийн Техник мэргэжлийн сургуульд суралцах санал тавьж, суралцсанаар “Суурь машинч” мэргэжил эзэмшсэн байна.
Сургуулиа төгсөөд Улаанбаатар хотын мод боловсруулах үйлдвэрт нормчоор ажиллах болов. Хүн бүхний аз жаргал, амар амгалангийн цайз болсон өрх гэрийн хана, тооно, унь болон байшин, барилгын мод зэргийг бэлтгэх болсноо их л бэлгэшээн хичээн ажиллах болжээ. Удалгүй гэрийн эзэгтэй болж, өрх тусгаарлан ханийгаа даган Төв аймгийн модны үйлдвэр лүү шилжсэн байна. Том гуалинг нарийхан дранк болгон хувиргах ажлаа хэцүү хэмээн шантралгүй “Хөдөлмөр хүнийг үргэлж шагнадаг” хэмээн өөрийгөө хурцалж, “Дэм дэмэндээ дээс эрчиндээ гэдэг шиг хамт олныхоо тус дэмээр болдог байсан” гэв. “Би ер нь сайхан хамт олонтой учирдаг аз ерөөлтэй хүн” хэмээн даруухан инээмсэглэлээ.
Төв аймгийн модны үйлдвэрт ажиллаж байтал нь цагаан морин жилийн ардчилсан хувьсгал ялж, нийгэм солигдоход оёдолчин болоод, хувиараа ор хөнжлийн даавуу оёж явсаар 1994 онтой золгожээ. Гэтэл нэг өдөр тухайн үеийн Цагдаагийн дээд сургуульд үйлчлэгч авах гэж байгаа талаар эгч нь хэлснээр тэр нэг насны ажлаа олов. Буянтай ажилд оруулж, сайхан хамт олонтой учруулж, насны хоолтой нь залгуулсанд эгчдээ хэмжээлшгүй талархаж явдаг аж.
Хүн аливаа зүйлд тууштай байж, ажилдаа сэтгэл зүрхээ зориулбал үр дүн нь заавал гардаг нь П.Даваажаргал эгчийн ажил амьдралаас харагдана. Түүнийг олон жил байгууллагадаа тууштай, үр бүтээлтэй ажилласныг өндрөөр үнэлэн 2019 онд тухайн үеийн салбарын сайд Ц.Нямдорж “Цагдаа” хотхонд нэг өрөө байраар шагнажээ. Энэ тухай нь асуухад “Зүүд шиг л байсан. Үйлчлэгч хүн салбарын сайдтайгаа уулзах боломж тэр бүр тохиохгүй шүү дээ. Харин надад салбарын сайдаасаа орон байр гардан авах аз тохиосон юм. Байраар шагнуулна гэж мөрөөдөж, зүүдэлж ч байгаагүй. Хөл газар хүрэхгүй л баярласан” гэж хэлэхдээ хоолой нь зангирч байв. Тэр одоо ч байраар шагнасан байгууллагынхаа удирдлага, үргэлж дэмжин тусалж, өгөөмөр сайхан сэтгэл, хайр хүндлэлээр бялхуулж байдаг хамт олондоо талархаж, залбирч явдаг аж. “Хичээнгүйлэн ажиллаад ч тэр их ачийг хариулж барахгүй юм даа” хэмээн санаа алдах нь хайрламаар.
П.Даваажаргал эгч амьдралдаа олон янзын ажил хийж иржээ. Харин хүүхэд төрүүлснийхээ дараа л түр амсхийдэг гэнэ. Хүүхэд асрах энэ хорвоогийн хамгийн хэцүү, хариуцлагатай ажил. Харин арван мутартай юм шиг ажлыг гялалзуулдаг хүн огтоос ажирдаггүй байна. Тэрбээр хоёр хүү, нэг охинтой. Хоёр томыгоо ой хүргээд л ажилдаа орсон бол багыгаа ердөө дөрөвхөн сартай байхад нь хамаатны охиндоо харуулахаар Төв аймаг руу явуулаад ажилдаа орж байжээ. Үрээ санан сэтгэл нь эмтэрч, чинэрсэн хөх нь чулуу шиг зангирч, эвлэсэн сүүндээ энгэр нь норсон өдрүүдийнхээ шагналд байртай болсноо дурсахдаа нүд нь гэрэлтэнэ. Сэтгэл зүрхээ зориулан хөдөлмөрлөсөн нэгэн, түүнийг нь харах нүдтэй, магтах амтай, урамшуулж чаддаг өгөөмөр удирдлагатай байх яасан сайхан...
Өөдлөх айл үүднээсээ гэдэг. “Аливаа байгууллагын өдөр тутмын өнгө төрхийг тодорхойлдог үйлчлэгчийн ажил бол бахархалтай алба” хэмээн тэр хэлэв. Дээхнэ үед модон шалыг өнгө оруулах гээд лаагаар тослон тааран шуудайгаар зүлгэж, хар зураасыг баллуурдаж явснаа дурслаа. Харин цаг үеэ дагаад сүүлийн үед техник хэрэгсэл сайхан болж, цэвэрлэгээ хийхэд урамтай болсон тухайгаа ч ярив. Байгууллага өргөжин томрохын хэрээр үйлчлэгчдийн ачаалал нэмэгдэж, хоёр хүний ажлыг хийх болсон талаараа ч учирлана лээ. “Тэтгэвэртээ гартлаа хоёргүй сэтгэлээр ажиллана даа” гээд л дахин инээмсэглэв.
П.Даваажаргал эгч орчин цагийн залуусын ухамсар, сэтгэлгээ, хандлага өөр болсонд сэтгэл өег явдаг байна. Хүний хөдөлмөрийг үнэлж мэддэг, цэвэрлэж буй талбайгаар нь явахдаа гарч болох эсэхийг асуудаг, ухамсартай, цэвэрч залуусыг харахаар эх орны ирээдүй гэрэлтэй байгаа нь мэдрэгддэг гээд сонсогч, суралцагчдаараа бахархан ярив.
Энэ сайхан байгууллагад олон жил ажилласных хүүхдүүдээсээ аль нэгийг нь цэргийн дүрэмт хувцас өмсөж, офицер болохыг хүсдэг байсан нь биелээгүй ч өөрсдийнхөө хүслээр жигүүрлэн тус бүртээ сайхан амьдарч байгаад нь сэтгэл хангалуун явдаг аж.
Түмэн олныхоо амар амгалангийн төлөө эх орны өнцөг булан бүрт хууль сахиулж буй цагдаа нар, торгон хилээ манах хилчид, аврагчид, шүүхийн шийдвэр гүйцэтгэгчид, шинжээчид гээд төр, түмнийхээ төлөө зүтгэх ариун тангарагтай төрийн албан хаагчдыг цэвэр цэмцгэр орчинд сурч боловсрох боломжоор хангахаар өдөр бүр ажилдаа яарах ажилч хичээнгүй үйлчлэгчдийн төлөөлөл болсон “Хөдөлмөрийн хүндэт медаль”, “Албаны төлөө-2, 3” тэмдэгтэй П.Даваажаргал эгчдээ урт насалж, удаан жаргахыг хүсэн ерөөе.
Ахлах дэслэгч Д.Дайрийжав