L O A D I N G
logo
“Ногоон ном” буюу “Криминалистик” бүтээлийн оюуны өмчийн эрхийг Их сургуульдаа шилжүүллээ

“Ногоон ном” буюу “Криминалистик” бүтээлийн оюуны өмчийн эрхийг Их сургуульдаа шилжүүллээ

  • Nov 03, 2021
     Дотоод хэргийн их сургуулийн Эрдэм шинжилгээний нэгдсэн хүрээлэнгийн захирал, хууль зүйн доктор, профессор, цагдаагийн хурандаа Б.Бат-Эрдэнэ “Криминалистик” бүтээлийнхээ "Оюуны өмчийн зохиогчийн эрхийн гэрчилгээ"-г Дотоод хэргийн их сургуульд гардуулан өгөх хүндэтгэлийн үйл ажиллагаа өнөөдөр (2021.11.03) боллоо.
     Үе үеийн сонсогч, суралцагчдын дунд “Ногоон ном” хэмээн алдаршсан “Криминалистик” бүтээлийн зохиогчийн эрхийг Дотоод хэргийн их сургууль эзэмшиж, хэвлэн түгээж, захиран зарцуулж, үр шимийг нь хүртэх эрхтэй болж байгаа юм.

     Энэхүү хүндэтгэлийн үйл ажиллагаанд Дотоод хэргийн их сургуулийн захирал, хууль зүйн доктор, профессор, цагдаагийн хурандаа П.Батбаатар болон Захирлын зөвлөлийн гишүүд, багш, албан хаагчдын төлөөлөл оролцож, эрхэм багшид талархал илэрхийлж, хүндэтгэл үзүүллээ.

     Криминалистикийн шинжлэх ухааны үндсэн тулгуур ойлголтуудыг нэгтгэн цэгцэлж, системчлэн хураангуйлж бичсэн энэхүү бүтээл нь анх 2001 онд нийтийн хүртээл болж, 2017 онд дахин хэвлэгджээ. Тус бүтээлд анхлан томъёолсон цөөнгүй ойлголт, ухагдахуун, ангилал, шинээр дэвшүүлсэн нэр томьёог өдгөө судлаач, мэргэжилтнүүд хэрэглэж хэвшсэнд номын ач холбогдол оршиж байна. Түүнчлэн шинжлэх ухаан, практикт тулгамдаж буй олон асуудлыг тус бүтээлд нээн гаргаж, шийдвэрлэх, хөгжүүлэх шаардлагатай онол, хэрэглээний үндсүүдийг залуу судлаачдын өмнө дэлгэн тавьсан нь эл салбарын ойрын ирээдүйн хөгжлийн чиг баримжаа болж байгаа юм.

     Эрдэм шинжилгээний нэгдсэн хүрээлэнгийн захирал, хууль зүйн доктор, профессор, цагдаагийн хурандаа Б.Бат-Эрдэнэ:
     “Өнөөдөр миний амьдралд мартагдашгүй үйл явдал тохиож байна. Би 20-оод жилийн өмнө “Криминалистикийн техник зүй” хичээлийг заадаг байхдаа шавь нартаа зориулж сурах бичиг бичсэн нь хоёр удаа хэвлэгдсэн байдаг юм. Хамгийн их эрэлттэй, уншигчтай номын ангилалд ордог талаар номын санчдаас сонсож байсан. Энэ сурах бичиг цаашид ч шавь нарын минь оюуны хэрэгцээг хангах юм байна гэж ойлгосон учраас Их сургуулийнхаа эрдмийн хамт олонд оюуны өмч эзэмших эрхээ бэлэглэж байгаа юм. Эл бүтээлээс олсон орлогоор номын сангийн фондын баяжилт хийх болсонд баяртай байна. Эрдэмтэн судлаач, багш нартаа оюуны өмчийн эрхээ Их сургуульдаа шилжүүлж, ирээдүй хойч үедээ үнэтэй хувь нэмэр оруулаарай гэж уриалж байна” гэж хэллээ.
     Хүндэтгэлийн үйл ажиллагааны үеэр Дотоод хэргийн их сургуулийн захирал, хууль зүйн доктор, профессор, цагдаагийн хурандаа П.Батбаатар:
    “Эрдэм шинжилгээний нэгдсэн хүрээлэнгийн захирал, хууль зүйн доктор, профессор Б.Бат-Эрдэнэ багш өөрийнхөө оюуны хүч хөдөлмөрийн үр шимээр бүтсэн “Криминалистик” бүтээлийн зохиогчийн эрхийн гэрчилгээг төрөлх сургуульдаа хүлээлгэн өгч байгаад эрдмийн хамт олон бид баяртай байна.
    Энэхүү бүтээл нь сонсогч, суралцагчдын эрэлт хэрэгцээтэй номын жагсаалтыг жил бүр тогтмол тэргүүлж, зөвхөн нэг хичээлийн жилд 500-800 удаа эргэлтэд ордог.  Оюуны үнэ цэнтэй бүтээлийн өмчлөх эрхээ төрөлх сургуульдаа бэлэглэж буй нь багш хүний ёс суртахуун, эр хүний жудаг, эр зориг юм.

     Эрэлт хэрэгцээтэй, үнэ цэнтэй номын зохиогчийн эрх шилжүүлэн авах баярт мөч хоёр дахь удаагаа тохиож байна. Манай эрдмийн хамт олон хэдхэн сарын өмнө Эрдэм шинжилгээний нэгдсэн хүрээлэнгийн судалгааны арга зүйч, хууль зүйн доктор, профессор, цагдаагийн хурандаа Ч.Нямсүрэн багшийн “Эрх зүйн ерөнхий онол” номын зохиогчийн эрх эзэмших гэрчилгээг гардан авсан билээ. Бид үнэ цэнтэй, эрэлт ихтэй эдгээр бүтээлийг хэвлэн борлуулж, орлогоор нь номын сандаа баяжилт хийх шийдэлд хүрсэн. Зохиогчийн эрхээ шилжүүлсэн хоёр буянтай багшийнхаа ачаар эдгээр номыг тус бүр 1000 хувь хэвлэн борлуулж, сонсогч, суралцагч, багш, судлаачдад эрэлт хэрэгцээтэй 2000 ном худалдан авч, Их сургуулийн номын сангийн фондод баяжилт хийх боломж бүрдэж байгаад туйлын баяртай байна” гэж онцоллоо.
 
     Оюуны өмчлөх эрхээ бэлэглэсэн "Криминалистик" номын зохиогч, эрхэм багш, хууль зүйн доктор, профессор, цагдаагийн хурандаа  Б.Бат-Эрдэнэд талархал илэрхийлж, Их сургуулийн хамгийн үнэ цэнтэй, хүндтэй бэлэг баринтагласан  Монгол Улсын Үндсэн хуулийг гардуулсан юм.