L O A D I N G
logo
“Дүрэмт хувцас миний гоёл-дүрмээр өмсөх бидний соёл"  аян эхэллээ

“Дүрэмт хувцас миний гоёл-дүрмээр өмсөх бидний соёл" аян эхэллээ

  • Nov 01, 2021
     Дотоод хэргийн их сургуулийн Цэргийн албаны зохион байгуулалт, бэлэн байдлын газар, Сургалтын бодлого, төлөвлөлтийн газар, Олон нийттэй харилцах төв хамтран Их сургуулийн албан хаагч, сонсогч, суралцагчдын дунд  2021 оны 11 дүгээр сарын 01-нээс 12 дугаар сарын 01 хүртэлх хугацаанд  “Дүрэмт хувцас миний гоёл-Дүрмээр өмсөх бидний соёл” аяныг зарлалаа. Тус аяны нээлтийн үйл ажиллагаа өнөөдөр (2021.11.01) Дотоод хэргийн их сургуулийн хичээлийн төв байранд болж, багш, албан хаагч, сонсогч, суралцагчдын төлөөлөл оролцов.

     Энэхүү аян нь албаны дүрэмт хувцсыг дүрмийн дагуу өмсөх, жигдрэлтийг хангах, хувцасны зөрчилгүй хамт олон болох үндсэн зорилготой юм.
     Аяны үйл ажиллагааг нээж, Дотоод хэргийн их сургуулийн Цэргийн албаны зохион байгуулалт, бэлэн байдлын газрын дарга, хурандаа Я.Давааням үг хэллээ. Тэрбээр:
“Монгол Улсад тусгайлсан чиг үүрэгтэй байгууллагын алба хаагчдад дүрэмт хувцсаа хэрхэн өмсөхийг заасан эрх зүйн хоёр акт бий. Цагдаагийн алба хаагчид Засгийн газрын 2017 оны 150 тоот тогтоолын дагуу дүрэмт хувцсаа өмсөж байгаа. Харин бусад тусгайлсан чиг үүрэгтэй алба хаагч Зэвсэгт хүчний жанжин штабын даргын 2021 оны 167 тоот тушаалыг мөрдөж байна. Дүрэмт хувцсаа зөв, цэвэрхэн сайхан өмсөх нь хувь хүний ухамсрын асуудал юм. Нөгөө талаар Цэргийн албаны тухай хууль болон “Цэргийн дүрэмт хувцас өмсөх дүрэм”-д зааснаар зөв өмсөх нь та бүхний үүрэг учраас энэхүү аянд идэвхтэй оролцохыг уриалж байна” хэмээн хэллээ.

     Тус аяны хүрээнд дүрэмт хувцсаа зөв өмсөхийг уриалан Их сургуулийн бүрэлдэхүүн сургууль, бүтцийн нэгжүүд тус бүрдээ цахим өдөрлөг зохион байгуулах аж. Мөн гэрэл зургийн уралдаан, дүрэмт хувцасны үзэсгэлэн зэрэг үйл ажиллагаа болох юм.
     Дашрамд дуулгахад, аяны хугацаанд албан хаагч, сонсогч, суралцагчдын үсийг хөнгөлөлттэй үнээр засах болон дүрэмт хувцасны иж бүрдэл худалдаалах түр цэг ажиллах юм байна.
     “Дүрэмт хувцас миний гоёл-Дүрмээр өмсөх бидний соёл” аян нэг сарын турш үргэлжилнэ.